| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/206 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/206
2025 01 17 2025/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч Н.А******* нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 2406 04774 3978 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.А-, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 93А байрны гадна талбайд 2024 оны 7 дугаар сарын 03-оны шөнө 22 цагийн үед хохирогч М.Ө-той “хүмүүс цуглуулж амгалан тайван байдал алдагдууллаа, шөнө хүртэл унтуулж амраасангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өчигдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шөнө 22:20 цагийн орчимд би өөрийн оршин суух байрны гадна автомашин ил зогсоол дээр би өөрийнхөө автомашиныг янзлаад байж байсан. Надтай хамт тэр үед найзууд маань байж байгаад явчихсан бөгөөд яг явсны дараа тэр хүмүүсийг хашаагаар гарч байх үед манай байрны 104 тоотын оршин суугч байнгын архи согтууруулах ундаа хэрэглэдэг, согтуу байж байдаг 60 гаран настай эрэгтэй хүн согтуурсан байдалтай гарч ирсэн. Тэгээд над руу чиглэж харчихаад юу гээд байгаа нь мэдэгдэхгүй гараараа заагаад орилоод байсан ба яг тийм байдалтайгаа наашаа хүрч ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад амьтан хүмүүс цуглуулж амгалан тайван байдал алдагдууллаа, шөнө хүртэл унтуулж амраасангүй гэх мэтийн зүйл ярьж байсан, би 21 хоногийн өмнө нь мотоциклийн осолд ороод бэртэлтэй байсан учраас огт гадаа гарч ирж машин тэрэг янзлаагүй талаараа түүнд хэлсэн. Тэгсэн чинь дандаа шуугидаг гэх мэт зүйл яриад зогсохгүй миний хажууд зогсож байхад нь тэр үед хашаагаар орж ирж байсан миний хөрш 105 тоотод оршин суудаг найз Ж хүрч ирээд хажуу талынх нь айл нь учраас түүнд хандаад “та өөрөө архи дарс ууж, хүн амьтан цуглуулж байдаг шүү дээ” гэж хэлэхэд нөгөө хөгшин шууд уурлаад манай найз Ж-ны нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд би дундуур нь орж салгаж байтал миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд зууралдаад ноцолдож байгаад салаад би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг нүүр лүү нэг удаа цохиход миний хамар шархирч дугараад шууд цус гарч эхэлсэн, 103-т үзүүлэхэд хамар хугаралтай байна гэж хэлсэн. Тухайн гэмтлийг надад 103 тоотын өвгөн учруулсан өөр хүн учруулаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
Хохирогч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “Энэ гэмтэл 2024 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 22:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 93а байрны гадаа орцны үүдэнд орцноос миний хамрыг цохисон хүн согтуу гарч ирээд байрны үүдэнд машин тэрэг цуглууллаа гэж хэлсэн. Тухайн үед манай найзууд байрны гадаа ирж надтай уулзаад явсан. Хамгийн сүүлийн хүн явахад тухайн хүн гарч ирсэн. Хамгийн гол нь шал согтуу байсан. Яг тухайн үед энэ гарч ирсэн хүний хажуугийн хөрш айлын залуу ирж таарсан. Энэ хүн бид хоёр луу агсам тавьж эхэлсэн. Бид хоёртой маргасан. Энэ хүн эхлээд чи хүн амьтан цуглууллаа гэж надад хэлсэн чинь хөрш айлын залуу нь чи өөрөө хүн амьтан цуглуулдаг биз дээ гэж хэлсэн. Согтуу нөхөр нь хөрш айлын залууг нэг удаа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Хөршийн залуу нь гараараа нэг удаа цохиход нь цохиулсан. Өшиглөхөд нь зайлсан санагдаж байна. Тэгээд би салгах гээд дундуур нь ортол миний хамар хэсэгт гараараа цохисон. Надад хамар хугарсан гэдэг нь өөрт шархирч мэдэгдсэн. Цус гарсан. Хамар хугарсан гэсэн чинь тухайн хүн гүйцээгээд өгнө, алаад өнгө гэх байдалтай байсан. Тэгээд бид хоёр бас ноцолдсон. Тэр хүнийг газар унагаж дарж байгаад би цагдаад дуудлага өгсөн. Тэгэхгүй бол үргэлжлээд агсам тавиад байсан. Цагдаад дуудлага өгсөн чинь энэ хүн согтуу хүн сохор ухаантай гэгчээр босож ирэхгүй байсан. Цагдаа нар ирсний дараа бас босохгүй байсан. Тэгээд цагдаа нар түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн эмч надад үзлэг хийгээд намайг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүл гэсэн. Нөгөө нөхөрийг зүгээр байна гэсэн чинь тэр нөхөр босоод ирсэн. Цагдаа нар тухайн хүнийг авч явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж рентген зураг авхуулсан. Тэгээд толгой өвдөөд байсан тул гэртээ ирсэн. 2 өдөр гэртээ хэвтсэн. Хамар нармыгаад орсон амьсгалж болохгүй байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хувийн эмнэлэг дээр КТГ-д үзүүлсэн. 7 хоног миний бие өвдсөн. Би авто клубд харьяалагддаг байсан. Тэгээд тэмцээнд зориулан автомашин сэргээн засаж байсан. Тэр ажил маань зогссон. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжпэнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийхн 20-21 дүгээр хуудас),
Гэрч П.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өчигдөр орой буюу 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22:00 цагийн орчимд байрныхаа автомашины зогсоол руу орж ирэхэд байрны үүдэнд хөрш Ө нь грашын ойролцоо гадаа зогсчихсон мөн хөрш А нь орцны үүдэнд нь орилоод байж байсан. Тухайн маргааныг сонсоход Ө хүн цуглуулж дуу чимээ ихээр гаргалаа гэх мэтээр ярьж Ө нь үгүйсгэсэн байр суурьтай маргаан болж байсан. Би машинаа байрлуулчихаад бууж ирэхэд Ө руу А нь очиж байсан ба А нь энүүгээр дүүрэн хүн цуглууллаа гэхэд нь би түүнийг согтуу үедээ яагаад дандаа ойр орчмынхоо хүмүүс рүү дайраад байдаг юм гэхэд над руу дайраад эхэлсэн ба нэлээн согтуурсан байгааг тэгэхэд мэдсэн. Намайг янз бүрээр хэлээд хараагаад над руу дайраад байхад нь түүнийг дандаа ийм ааш зан гаргаж байдаг талаар нь хэлэхэд шууд намайг цохих гэхээр нь би эхлээд түүний гарыг нь хаасан, үргэлжлээд дахиж намайг цохих гэж хүрч ирээд гараараа 1 удаа цохиход нь гараараа хаасан боловч гүйцэт хаагаагүйн улмаас зүүн шанаандаа цохиулсан. Тэр үед нь би зөрүүлээд өшиглөх гэхэд оноогүй бөгөөд Ө босож ирээд дундуур орж салгах гэхэд шууд Ө-ын нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд л Ө буцаагаад түүнийг цохих гэхэд нь би Ө барьж авч болиулаад Ө руу А нь дахиж дайраад хоорондоо зууралдаад грашын ойролцоох зууралдаж байгаад А нь цохих гэхэд Ө түлхэх гэхэд тэнцвэрээ алдаад уначихсан. Улмаар Ө А-ны дээр гарч сууж байгаад түүнийг хөдөлгөөнгүй хэсэг болгоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний биед учирсан гэмтэл байхгүй, зүүн шанааны орчимд хөндүүрлэж байна. Өөр зүйлгүй. Би түүнийг огт цохиж зодоогүй, түүнд шанаандаа цохиулчихаад түлхсэн. Би энэ байранд олон жил болж байна. Харин А нь нүүж ирээд 4-5 жил л болж байна. Энэ хугацаандаа байнгийн архи согтууруулах ундаа хэрэглэдэг, дийлэнхидээ согтуу таардаг. Би түүний хажуугийн айл бөгөөд А нь гэртээ байхдаа бас үе үе хүмүүс цуглуулаад гэрт нь нэг удаа нэгнийгээ хутгалсан хэрэг хүртэл гарч байсан. Заримдаа түүний гэрийг сураад согтуу хүмүүс манай гэрийн хаалгыг нүдэж байсан үе хэд хэд гарч байсан. А нь согтуу байхдаа өмнө нь түүнд шаардлага тавихад уурлаж бухимдсандаа 2 удаа агсам согтуу тавьж дайрч давшилж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1132 дугаар: “...1.М.Ө-ын биед хамар яс, таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),
Шүүгдэгч Н.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Гол юмыг хэлбэл дандаа граш дотор машин тэрэг засаад төмөр хөрөө тачигнуулаад байдаг тул тэрнээс маргаан үүссэн. Өөр юм бол байхгүй. Өөр надад ямар нэг нэмж ярих зүйл байхгүй байна. Архи уусан байсан нь миний буруу. Манай эхнэр тухайн хохирогч гэх залуутай нэг удаа уулзсан гэж байсан. Шүүх нь мэднэ биз дээ гэж тухайн залуу хэлсэн гэж байсан. Нэг орцны хөрш байж гэж манай эхнэр тиймэрхүү зүйл ярьсан гэсэн. Шүүх нь шийднэ биз дээ гэж хэлсэн гэсэн. Би гэмтэл учруулсан л байх даа. Намайг л гээд байгаа юм чинь. Уг нь тухайн өдөр болсон үйл явдаас хойш зүгээр л явж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),
Эрүүл мэндийн даатгалын санд 174.770 төгрөгийг төлсөн Хасбанкны төлбөрийн баримт (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 73-82, 85-86 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 93А байрны гадна талбайд 2024 оны 7 дугаар сарын 03-оны шөнө 22 цагийн үед хохирогч М.Ө-той “хүмүүс цуглуулж амгалан тайван байдал алдагдууллаа, шөнө хүртэл унтуулж амраасангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 93А байрны гадна талбайд 2024 оны 7 дугаар сарын 03-оны шөнө 22 цагийн үед хохирогч М.Ө-той “хүмүүс цуглуулж амгалан тайван байдал алдагдууллаа, шөнө хүртэл унтуулж амраасангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан байна.
Хохирогч М.Ө-од Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1132 дугаар дүгнэлтээр “хамар яс, таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.А-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Н.А нь хохирогч М.Ө-ыг гараараа цохиж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч М.Ө-од Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1132 дугаар дүгнэлтээр “хамар яс, таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.А нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.А-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэт хэрэглэснээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч М.Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх боловч түүнд хамар яс, таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар “хоёрдугаар зэрэглэлийг тогтоов” гэснийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хохирогч М.Ө өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо гэм буруутай этгээд болох Н.А-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Н.А-ны гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хамар яс, таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт хавсаргагдаж ирсэн толгойн КТГ-ийн бичлэг бүхий нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.А-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч М.Ө- өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо гэм буруутай этгээд болох Н.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт хавсаргагдаж ирсэн толгойн КТГ-ийн бичлэг бүхий нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ