Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/114

 

 

 

 

 

 

  2021              1              26                                        2020/ДШМ/114

 

 

 

Б.Г-, Б.Ж- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

шүүгдэгч Б.Ж- өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/904 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 49 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Г-, Б.Ж- нарт холбогдох эрүүгийн 2009007890303 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хамар овгийн Баасанжавын Г-, 1....... оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............. хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл хэрэглэхгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 27 дугаар шүүх /Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь/-ийн 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан; 

2. Хамар овгийн Баасанжавын Ж-, 19........... оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ............. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... нарын хамт ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Б.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 6-9 тоотод оршин суух иргэн Д.Т-гийн байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн аяга 8 ширхэг, хазаар, хөөрөг, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 5-2 тоотод оршин суух иргэн Л.Б-ийн гэрт нэвтэрч, 27 кг мах, хайрцагтай 1 хос гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт,

 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 12-6 тоотод иргэн Ө.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16-639 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан, насанд хүрээгүй хохирогч Ч-т хутга тулгаж буюу зэвсэг хэрэглэн бэлэн мөнгө, нэгж, тамхи зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт,

Б.Ж- нь Б.Г-ыг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16-639 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Ч-т хутга тулгаж буюу зэвсэг хэрэглэн бэлэн мөнгө, нэгж, тамхи зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэний улмаас олсон нэгж, мөнгө, тамхи зэргийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, эзэмшсэн гэмт хэрэгт,

мөн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гарын үсэг зурсны дараа “...тэр дэлгүүр нь үйлчлүүлэгч байхгүй болохоор нь худалдагч гээд нэг охиныг мөнгөө өг гээд хутга гаргасан. Тэгсэн тэр худалдагч эмэгтэй орлогын мөнгөнөөсөө өгсөн. Би тамхи, утасны нэгж өг гэж хэлтэл тэр худалдагч нь надад гаргаж өгсөн. Би тухайн үед дэлгүүр рүү орох үедээ нүүрэндээ маск зүүсэн байсан. Би дэлгүүрээс гараад такси бариад гудмаар орж сүлжиж байгаад буцаад 32-ын автобусны буудал дээр очиж зогссон” гэж өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Ж- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ж-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Ж- гэмт хэргийн улмаас олсон орлого, хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Ж- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан 3 жил 5 сарын хорих ял дээр тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 6 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 6 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж- нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 218 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-аас 4.966.900 төгрөг гаргуулан хохирогч Д.Т-д олгож, хохирогч Ө.Д-гийн нэхэмжилсэн 100.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, жи мобайлын 5000 төгрөгийн нэгжийн карт 8 ширхэг, юнителийн 3000 төгрөгийн нэгжийн карт 10 ширхгийг иргэний нэхэмжлэгч Б.Болормаад буцаан олгож, шүүгдэгч Б.Ж- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас 118 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэний дараа “РС” тоглоомын газраас Б.Г-, Б.Ж- нарыг олж тогтоон мэдүүлэг авсан. Б.Г- нь цагдаагийн байгууллагад Бөхчулууны Лхагвасүрэн гэх нэрээр, Б.Ж- нь өөрийн нэрээр тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд хэн аль нь төрсөн ах, дүү гэж мэдүүлээгүй, танил хэмээн мэдүүлсэн байна. Иймд Б.Г-, Б.Ж- нарыг төрсөн ах, дүү нар мөн гэж мэдэх нөхцөл байдал тухайн цаг хугацаанд үгүйсгэгдсэн байна. Мөн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч Б.Батсүхийн хамт гэрчээр Б.Ж-ас мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлгийн тэмдэглэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүрэг болон худал мэдүүлэг өсгөн тохиолдолд хуулийн дагуу ямар хариуцлага тооцох талаар тайлбарлан өглөө. Асууж тодруулах зүйл байна уу?, Хуулийг ойлгосон уу? гэж мөрдөгчийн асуусан асуултанд тайлбарлан өгсөн хуулийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй гэж хариулан болсон үйл явдлын талаар тэрээр мэдүүлэг өгснийг тусгажээ. Эдгээр баримтаас үзвэл, хэрэгт авагдсан Б.Ж- гэрчээр өгсөн мэдүүлэг буюу уг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Б.Ж-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүхээс “шүүгдэгч Б.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Прокуророос Б.Г-ын үйлдлийг “хутга тулгаж буюу зэвсэг хэрэглэж, бусдын эд хөрөнгийг авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “... зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэж үйлдлийн аргыг хуульчилж, энэ талаар “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарласан байхад шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг хутгыг тусгайлан бэлтгэж зэвсэг болгон хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолдоо хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Б.Г- нь урьд 3 удаа хулгайлах гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан, мөн Хөвсгөл аймагт шалгагдаж байсан хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлах явцдаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь хувийн байдалд хамаарч байгаа бөгөөд түүний хувийн байдалд нь ял хөнгөрүүлэх үндэслэл хамаарахгүй байна. “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол”-ын хувьд шүүгдэгч Б.Г- нь 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан 4.966.900 төгрөгийн хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байна. Мөн 18 насанд хүрээгүй эмэгтэй хүүхдийг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад нь “Худгаас ус авч байна, түр дулаацмаар байна” гэж итгүүлэн дэлгүүрт хүнгүй болох үед дэлгүүрийн хаалгыг дотроос нь цоожилж, насанд хүрээгүй хохирогчид хутга тулгаж, тамхи, нэгж, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй нөхцөл байдлыг үүсгэж, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би залуу насны алдаанаасаа болж шоронд орсон нь үнэн. Гэхдээ би амьдрах гэж хичээж эхнэр, хүүхэдтэй болж, сайхан амьдарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Би хохирлоо нөхөн төлнө. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Б.Чулуунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд шүүх Б.Г-ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин прокурор хутга тулгаж буюу зэвсэг хэрэглэж бусдын эд зүйлийг авахаар довтолж дээрэмдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн. Мөрдөн байцаалтын шатанд дээрэмдэх гэмт хэргийн хохирогч Ч- “тэр ах миний урд зогсоод энгэрээсээ хутга гаргаад “ахад нь зүгээр л мөнгө хэрэгтэй байгаа” гээд лангуу тойрч ирээд “бэлэн мөнгөө өг” гэж хүзүүнд хутга тулгасан” гэж мэдүүлдэг. Прокурорын хувьд, шүүх хутга болон тусгайлан бэлтгэсэн зүйлийг хэрэглэсэн гэж бичээгүй гэж байгаа боловч шүүх шийтгэх тогтоолдоо дээрэмдэх гэмт хэрэг нь өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамааран хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг хүнд төрлийн гэмт хэрэг гэж дүгнэсэн. Мөн прокурор “хутгыг тусгайлан бэлтгэсэн зэвсэг болгож хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар” гэж бичсэн байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад ийм заалт байхгүй. Шүүх Б.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхдээ “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг харгалзан үзсэн. Б.Г- нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хулгайлах гэмт хэрэг, хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд шүүхийн шатнаас оролцохдоо Мөрөн суман дахь Д.Т-гийн гэрээс хийсэн хулгайн хэрэг хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэсэн байр сууринаас оролцсон боловч анхан шатны шүүх гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Шүүх хуралдааны өмнө хохирогч Б.Болормаад дээрэмдэх гэмт хэргийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн. Хоёр хулгайлах гэмт хэргийн нэгийнх нь хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж- өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, үнэн зөв гарсан гэж үзэж байна. Б.Ж- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад; 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “... шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтуудад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”, “урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга” зэргийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байх заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Б.Ж- нь шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэг буюу хорих ялын доод хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг болохыг мэдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болохыг мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн байна” гэх дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Учир нь, хууль тогтоогч мөнгө угаах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж” үйлдсэн байхаар тодорхойлжээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Ж- нь төрсөн дүү Б.Г-ын зэвсэг хэрэглэн үйлдсэн дээрмийн гэмт хэргийг өмнөөс нь хүлээж, би энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлснээр прокуророос түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн ба тухайн гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш нь буюу 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ийнхүү гэрч /1 хх 106/-ээр мэдүүлсэн байхад анхан шатны шүүх “тухайн хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болохыг мэдээгүй, мэдсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж хууль ёсны зарчмыг тогтоосныг судлан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт /факт/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаарах эсэх, хамаарч байгаа бол хууль тогтоогчийн үзэл баримтлалын хүрээнд тайлбарлан хэрэглэж байх нь зүйтэй бөгөөд харин шүүгдэгчийг гэм буруутайд болон хууль тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ төрвөл ашигтайгаар шийдвэрлэж болох зарчим яригдах учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Ж- холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэл нь буруу болжээ гэж дүгнэхэд хүргэж байна.

Харин шүүгдэгч Б.Ж- холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэжээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч Ч-ээр “зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн” тэмдэглэл /1 хх 46/-ээр хутга гарган дээрэм хийсэн хүнийг Б.Ж- гэж заасан байхад шүүгдэгч нарын төрсөн дүү Б.Золжаргалаар таньж олуулах ажиллагаа хийж /1 хх 73/, яллагдагч Б.Ж-ас дахин мэдүүлэг авч, тухайн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Б.Г- гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх эрс зөрүүтэй нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөөгүй ба аль нотлох баримтыг нь үнэлж байгаа бол нөгөөг нь няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заасан хэм хэмжээг давж заалдах шатны шүүх хэрэглэх үндэслэлийг бий болгож байна.

Улмаар, анхан шатны шүүхийн “хэргийн бодит байдалтай нийцээгүй” дүгнэлтийг давж заалдах шатны шүүх тогтоолд өөрчлөлт оруулах хэлбэрээр зөвтгөж болох эсэхийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-, Б.Ж- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох /насанд хүрээгүй хохирогч Ч-, гэрч Б.Золжаргал нарын аль нэгний мэдүүлгийг няцаан үгүйсгэх/ чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Хэргийг дээрх үндэслэлүүдээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байгаа тул прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/904 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-, Б.Ж- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Г-т цагдан хорих, шүүгдэгч Б.Ж-д хувийн баталгаа гаргах тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ