Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн  туслах Г.Нямаа

Улсын  яллагч Д.Баянмөнх

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Хохирогч: О.Сүрэнхүү, Л.Цогт, Л.Лувсанням

Гэрч: Ц.Сайндорж

Шүүгдэгч Э.Цэнд-Аюуш нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Э.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн  201712000214 тоот  хэргийг  2017 оны  4 сарын 26-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 7-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,  Боржигон овгийн  Энх-Амгалангийн Цэнд-Аюуш /РД:ЗК94031711/

Яллагдагч Цэнд-Аюуш нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор  2016 оны 11 сарын эхээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн  нутгаас иргэн Л.Лувсаннямын улаан буурал зүсмийн соёолон насны морийг тээврийн хэрэгсэл ашиглан, хулгайлж 812500 төгрөгийн хохирол учруулсан, 

2016 оны 11 сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн  нутгаас иргэн О.Сүрэнхүү, Л.Цогт нарын 4 тооны адууг давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, О.Сүрэнхүүд 8300000 төгрөгийн, Л.Цогтод 7750000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Э.Цэнд-Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хохирогч Л.Цогт, О.Сүрэнхүү, Л.Лувсанням нарын адууг Ц.Сайндорж, Б.Амармэнд нартай  бүлэглэн  хулгайлсан. Бид нар хоорондоо хэн түрүүлж  баригдсан  нь хэргээ  даана  гэж  тохирсон  байсан.  Бид нарыг хулгай  хийх  талаар ярилцаж  байхад Сайндорж, Амармэнд нарын  эхнэрүүд нь  байсан. Сайндоржийнд мөнгөө  хувааж авч байхад Нараа  гэдэг  залуу  орж  ирсэн. Тэр  мэдэж  байгаа. Хийсэн  хэрэгтээ  гэмшиж байна. Хөнгөн ял  оногдуулж  өгнө үү ” гэв.

             2.Хохирогч Л.Лувсанням шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ    “ Манайх адуунаасаа  улаан буурал зүсмийн  соёолон  насны  морь алдсан.  Энэ хүн  манай  адууг ганцаараа  авсан  гэж түрүүчийн  шүүх хурал дээр хэлж байсан. Үнэлгээгээр гарсан  812.500 төгрөгийн  хохирлоо нэхэмжилж байна. Миний алдсан  адуу удам ярих  юм  бол  хурдан  удамтай. Гэхдээ өөрийн  унаган  адуу юм даа гэж  бодоод л үнэлгээчний  үнэлгээгээр нэхэмжилж байна.  Мөн  үнэлгээ  гаргуулахад  төлсөн 20.000 төгрөгийн  зардлыг нэхэмжилнэ...” гэв.

             3. Хохирогч Л.Цогт шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 сард адуунаасаа соёолон насны  хар гүү, хээр  гүү алдсан.  Миний  алдсан  хоёр гүү бол  хоёулаа хурдны удамтай адуунууд байсан.  Би уг  гүүнүүдийг  өөрийн  эрлийз азаргандаа хураалгасан, төл авах зорилготой  байсан. Би үнэлгээрээр  гарсан  7.750.000 төгрөгийн  хохирлоо  нэхэмжилж  байна. Мөн  үнэлгээчинд төлсөн 25.000 төгрөгөө  нэхэмжилж байна ...” гэв.

           4. Хохирогч О.Сүрэнхүү шүүхийн  хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлэгтээ: “...2016 оны 11 сард  хул морь,  өсгий  цагаан  сартай хонгор  үрээгээ  алдсан. Хул морийг нь би Өндөршилийн Дашдэмбэрэл  гэдэг  хүнээс худалдаж  аваад уях гэж  байсан  юм.  Хонгор үрээг  нь би Анхбаяр гэдэг залуугаас  худалдаж  авсан. Даагандаа их  хурдан  байж  байгаад  Дэлгэрийн  наадамд уралдуулж  чадаагүй. Сүүлд  нь Луус суманд овооны  наадамд нэг  уралдаад  айрагдаж  байсан.  Түүнээс  хойш уяж чадаагүй  байж байгаад  алдсан.  Үнэлгээгээр  гарсан  8.300.000 төгрөгөө  нэхэмжилж  байна.  Хохирлоо  олж  авч  чадахгүй  байгаа юм  чинь үнэлгээчний  хөлс 25.000 төгрөгийн  нэхэмжлэхгүй...” гэв.

5. Гэрч Ч.Баасанжавын   “...2016 оны 11 сарын  эхээр би Цэргийн  ангийн 3-3 тоотод байх  гэртээ  байж  байтал 1 мотоцикльтой  залуу  хаалга тогшоод байсан. Тэгсэн  манай  эхнэр  хаалга  тавьж  өгөхөөр  гараад явсан  ба буцаж  ирээд чи очоод уулзаадах гэсэн.  Би гэрээс гарч  очиход нэг  мотоцикльтой  залуу  10 гаран  тооны  адуу  тууж ирсэн  байсан. Тэр  залуу  надад  хэлэхдээ би  хүнд  морь барьж өгөх  гэсэн  юм. Танай  хашаанд адуугаа  оруулаад нэг  морь баримаар байна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэр  залуу  манай  хашаанд 10 гаран  тооны  адуу  оруулаад  улаан  буурал зүсмийн  адуу  барьж аваад, хашаанд уяж үлдээгээд  бусдыг нь  гаргаж  явуулчихаад нөгөө  залуу буцаж  ирээд  авья гэсэн. Тэгээд би төв орж  2-3 цагийн  дараа  ирэхэд нөгөө  залуу  манай гэрийн  баруун  урд  талын  жалганд хоёулаа  бололтой  нөгөө адуугаа  нядлаж  байсан... ” гэх  мэдүүлэг  /хх-ийн 33-34-рт/

6.Гэрч А.Бадамцэцэгийн “...2016 оны 11 сарын  эхээр  нөхөр Баасанжавын хамт  Цэргийн  ангийн  3-3 тоотод байх  гэртээ байж байтал  нэг  мотоцикльтой  залуу  хаалга  тогшоод байсан. Тэгэхээр  нь  би  хэн  бэ  гэхэд унаа  барих  гэсэн  юм. Хашаанд чинь  адуу  оруулаад нэг  морь баримаар  байна  гэсэн. Тэгэхээр  нь би  нөхрөөс  асуу  гээд  нөхрөө  дуудсан. Нөхөр  гараад  зөвшөөрөөд  манай хашаанд 10 гаран  тооны  адуу оруулаад  улаан  буурал зүсмийн  адуу  барьж  аваад хашаанд уяж үлдээгээд  бусдыг нь  гаргаад  явуулчихсан. Нөгөө  залуу  буцаж  ирээд  авъя гэсэн.  Манай  нөхөр  төв орох  ажилтай  явсан. 1-2 цагийн  дараа  нөгөө  залуу  ганцаараа  ирээд нөгөө  адуугаа  манай  хашаанд нядлах  талаар ярихаар  нь  зөвшөөрөөгүй. Тэгээд тэр  залуу  адуугаа  хөтлөөд  явсан ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 32-рт/

7.Гэрч  С.Отгонцэцэгийн  “... 2016 оны 11 сарын  дундуур  өдрийг  нь  сайн  санахгүй  байна. Нэг  танихгүй  залуу  ганцаараа  ирээд  нэг   адуу  зарах гэсэн  юм. Нядлаад авах  хүн  байна  уу гэхээр нь  би  тухайн  үед ажил  сийрэг  байсан  тул туслах ажилтан Батмөнхийг  нөгөө  залуутай  хамт  яваад  адууг  нь  нядлаад хөлсөө  ав гэж  хэлээд  явуулсан.  Тэгээд Батмөнх нөгөө  залуутай  хамт  яваад  мах  арьсыг нь  надад  авчирч өгсөн...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 26-рт/

8. Гэрч Б.Батмөнхийн “... 2016 оны 11 сарын дундуур  байх, өдрийг  нь  сайн  санахгүй  байна. Би ажлаа  хийгээд байж  байтал  Отгонцэцэг  эгч  дуудсан. Тэгэхээр нь  хүрээд очтол нэг  залуутай уулзаад  байж  байсан. Тэр залуу нэг  адуу  байгаа юм, мөнгөөр  нь нядлаад  өгөөч  гэж   гуйгаад  байсан. Тэгсэн  Отгонцэцэг  эгч  чи завтай байгаа  юм  чинь хийгээд  өгөхгүй  юу гэж  хэлсэн. Би тэр  залуутай  хамт  яваад цэргийн ангийн  наад  талд  байх  улаан  хүрэн  өнгийн  хашаатай  айлд очсон. Хашаанд нь  байсан  нэг морийг  бид хоёр хөтлөөд тухайн  айлаас баруун  урагш байх  нэг жалганд аваачаад  адуугаа  янзлаад Отгонцэцэг  эгчид тэр  залуу  махаа  зарсан.  ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 25-рт/

9. Гэрч Х.Мөнх-Очирын “... 11 сарын 21-ний  өдөр  бойн дээр мал хийгээд  байж  байтал 20 цагийн  үед   сундлаатай  мотоцикльтой  2 залуу  ирээд нэгийгээ  буулгачихаад  нөгөөх нь  адуугаа  наашлуулна  гээд явсан. Тэгээд бууж үлдсэн  залуу  нь Бүрнээгээс  адуу  авах уу  гэж  асуухаар  нь  би авна гэж  хэлсэн.  Тэгсэн тэр залуу адуу  ямар  үнэтэй авдаг юм гэхээр  нь бүдүүн адуу 500.000, бага  адуу 300.000 гэж хэлсэн. Тэгсэн  тэр  залуу  би 4 адуу  зарах  гэсэн  юм гэсэн.  Тэгэхээр  нь би эзэн  Цэцэг рүү залгаад  адуу  зарах  хүн ирчихлээ, авах уу  гэхэд  авна гээд 5-10 минутын дараа  ганцаараа  ирээд нөгөө  залуутай  ярьж  байгаад 4 адуу авахаар болсон. Тэгээд нөгөө  залуугийн  тууж ирсэн  адууг бойны арын  хашаанд оруулж   байгаад 2 морь, 2 соёолон гэмээр  адуу барьсан.  Хар зүсмийн гүү, хээр зүсмийн  гүү,  хонгор, хул зүсмийн  морьд байсан ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 27-рт/

10.Гэрч Б.Цэцэгдэлгэрийн  “...2016.11.21-ний  орой 19-20 цагийн  үед  манай  бойн дээр ажилладаг Мөнх-Очир  залгаад  хүн  амьдаар  нь  адуу зарна  гэнэ, та авах уу гэж  асуусан. Тэгэхээр  нь байж  бай, би хүрээд  очъё гэсэн.  Тэгээд 5-10 минутын дараа  очсон. Тэгсэн  бойн дээр 20 гаран  тооны  адуу  туусан  нэг  мотоцикльтой  сундлаатай 2 залуу байсан. Тэгээд нэг  намхан биетэй залуу  нь  над дээр  ирээд 4 тооны  адуу  зарах гэсэн  юм гэсэн. ..Тэгээд  адууг нь бойны арын  хашаанд  оруулж  байгаад 4 тооны  адууг бариад бусдыг нь гаргасан. Тэгээд адууны  үнийг  нь  манай туслах Мөнх-Очир тогтоож 1.450.000 төгрөг болсон. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 28-рт/

11. Гэрч Ц.Бүрэнтогтохын “... 2016.11.21-ний  орой 19-20 цагийн  үед бойн  дээр Мөнх-Очир, Одончимэг  бид гурав мал хийгээд  байж байтал  нэг  мотоцикльтой 2 залуу 20 гаран  тооны  адуу  тууж ирээд нэг  нь  адуу  авах хүн  байна  уу гэсэн. Тэгсэн  Мөнх-Очир  адуу  авч  байгаа, би  даргадаа  хэлье гэсэн...Цэцэгдэлгэр  дарга  5-10 минутын  дараа  машинтай  ирсэн.  Бойн арын  хашаанд  адууг нь хашиж   байгаад 4 тооны  адуу  барьж үлдээд үлдсэнийг  нь  гаргасан...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 30-рт/

12.Гэрч  Д.Одончимэгийн  “...2016.11.21-ний  орой 19-20 цагийн  үед бойн  дээр Мөнх-Очир, Бүрнээ  бид гурав мал хийгээд  байж байтал  нэг  мотоцикльтой 2 залуу 20 гаран  тооны  адуу  тууж ирээд нэг  нь  адуу  авах хүн  байна  уу гэсэн. Тэгсэн  мөнх-Очир  адуу  авч  байгаа, би  даргадаа  хэлье гэсэн ...Цэцэгдэлгэр  дарга  адуу  авна  гээд 5-10 минутын  дараа  машинтайгаа  ганцаараа ирсэн. Бойн  арын  хашаанд адууг  нь  хашиж байгаад 4 тооны  адуу  барьж  үлдээд  үлдсэнийг  нь гаргасан. Мөнх-Очир  барьж  үлдсэн 4 адууг үзэж  байгаад үнэ хөлсийг нь  хэлээд Цэцэгдэлгэр  дарга мөнгийг нь өгсөн...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 31-рт/

13. Гэрч Ц.Сайндоржийн мөрдөн  байцаалтын  шатанд болон шүүх хуралдаанд өгсөн  “... Цэнд-Аюуш 13 цагийн  үед хоёулаа  ойрхон  хөдөө  явж  адуу  хамаад  ирье. Би хэдэн  адуу  алдчихлаа  гэж  хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Мотоциклийг  Цэнд-Аюуш  унаж  явсан.  Тухайн мотоцикль миний  эзэмшлийн “Даюун” маркийн  улсын дугааргүй  мотоцикль байсан. Тэгээд аймгаас  урагш 5-6 км яваад нэг овоон дээр гараад Цэнд-Аюуш манай хэдэн  адуу энэ  урд дор байна гэсэн. Тэнд 4 тооны  адуу байсан. Тэгсэн  Цэнд-Аюуш азаргатай  адуу нь  алга  байна  гээд цаашаагаа  Хөрхийн  хадны урд байх  уулан дээр  гараад дурандсан. Тэгсэн  тэр  уулнаас баруун  тийш  байсан 20 гаран  тооны  адууг хараад манай  адуу  байна гэсэн. Тэгээд тэр  азрага  адууг  туугаад  замд байсан 4 тооны адууг  нийлүүлж  туугаад  аймгийн  урд ирсэн.  Тухайн  үед  гадаа харанхуй болсон   байсан. Тэгсэн  аймгийн  урд бойны гэрэл асаалттай байсан.  Тэгсэн Цэнд-Аюуш тийшээ  очно  оо хэдэн  адуу зармаар  байна, мөнгөний  хэрэг  байна гэсэн...Адуугаа  бойны  хашаанд хашаад 4 тооны  адуу  барьж аваад  амьдаар нь зарсан. ... Би Цэнд-Аюушаас 60.000 төгрөг  зээлээд буцааж өгсөн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 188-189, шүүх хуралдааны  тэмдэглэл/

14.Уваа-Уул ХХК-ийн үнэлгээний   тайлангууд /хх-ийн 45, 48-49, 56-57/,

15. Гэрч  Ө.Анхбаярын “...Би 2012 онд Хэнтий аймгаас худалдаж авсан хурдан удамтай гүүний  төл  болох өсгий  цагаан, сартай, хонгор даагаа Сүрэнхүү  гэх  хүнд  2.200.000   төгрөгөөр 2015 онд  зарсан....” гэх  мэдүүлэг /хх-ийн 38-рт/

16. Гэрч Б.Дашдэмбэрэлийн “... 2015 оны хавар би Сүрэнхүү гэх  хүнд соёолон насны хул зүсмийн  хурдан  удмын  адуугаа 2.500.000 төгрөгөөр зарсан юм. Хул морины эцэг нь 2009 онд  4 аймаг  нийлсэн говийн  бүсийн  наадамд түрүүлсэн, Дорноговь аймгийн  Айраг  сумын  наадамд 2009 онд  түрүүлсэн  зэрэг амжилт үзүүлж  байсан,   хурдан  азарганы  маань төл  байгаа юм. Уяж сойх юм бол  амжилт үзүүлэх нь  тодорхой  удамтай адуу  байгаа юм...” гэх  мэдүүлэг /хх-ийн 39-рт/

17. Б.Дашдэмбэрэлийн  хонгор зүсмийн  соёолон  түрүүлсэн  тул  түүнд  олгосон   өргөмжлөл  3 ширхэг /хх-ийн  58-59/

18. Гэрч Б.Дэлгэрсайханы “... 2014 оны 6 сарын  10-ны үед Дундговь  аймгийн  төвд байх  Цогт гэх  хүнд  хурданы  удамтай хонгор халзан  гүү, охин  хар  даагатай  нь  хамт 4.000.000 төгрөгөөр зарсан. Цогт нь хар даагаа 2016 оны  намар соёолон насны  гүү болсон  байхад нь хулгайд алдсан  гэж   байсан. Тухайн  адуу  нь  Сайхан-Овоо  сумын наадамд 2006, 2007, 2008 ондуудад айрагдаж  байсан  манай  саарал  азарганы  төл  байгаа юм...”  гэх  мэдүүлэг /хх-ийн 41/,

19. Б.Дэлгэрсайханы  саарал  зүсмийн  азарга  нь Сайхан-Овоо  сумын  наадамд 3 удаа  айрагдаж  байсныг тодорхойлсон  Сайхан-Овоо  сумын 1-р багийн  засаг  даргын  2016.12.23-ны  өдрийн тодорхойлолт,  өргөмжлөл /хх-ийн 54-рт/

20. Гэрч Б.Даваахүүгийн  “... 2015 оны хавар Цогт гэх хүнд хурдан удмын хүрэн  хээр  байдсыг 2.500.000 төгрөгөөр зарж  байсан юм. Тухайн байдасны  эцэг нь манай  удмын хурдан хонгор халзан азарганы  төл байгаа юм. Тухайн азарга нь Дорнод аймгийн  Эрээнцав суманд 2015 онд 3-р байр, Гурванзагал суманд түрүү байр, 2016 онд Хэрлэн  суманд 2-р байранд тус тус орж  байсан  адуу байсан.  Цогт нь Дорнод аймгаас  манай  ахын адуунаас  очиж  авч байсан юм.  Би хамт явж худалдсан юм ...” гэх  мэдүүлэг /хх-ийн  42-рт/

21. Дорнод аймгийн  Хэрлэн  сумын  8-р багийн  Борхүүгийн  адуунаас улаан  хээр  зүсмийн   2 настай байдсыг 2015 оны 2 сарын 27-ны  өдөр  73-92 ДУА  улсын  дугаартай портер маркийн  тээврийн  хэрэгслээр  жолооч Даваахүү  тээвэрлэн  Дундговь аймгийн  Сайнцагаан  суманд хүргэхээр  тээвэрлэсэн  талаархи мал  эмнэлгийн  ариун цэврийн  үйлчилгээний  төлбөрийн  хуудас,  мал  амьтны  эрүүл мэнд, гарал үүслийн  гэрчилгээний  хуулбар /хх-ийн   52-р  тал/

22. Хэрэгт цугларсан  бусад бичгийн   баримт  зэргийг  шинжлэн  судлав.

Шүүхийн  хэлэлцүүлэгт  судлагдсан  дээрхи баримтуудаар  шүүгдэгч  Э.Цэнд-Аюуш нь  давтан  үйлдлээр, тээврийн  хэрэгсэл ашиглан  бусдын  5 тооны  адууг  хулгайлсан  болох  нь нотлогдож  байна.

 Иймд  шүүгдэгч  Э.Цэнд-Аюушийг   тээврийн  хэрэгсэл  ашиглан, давтан  үйлдлээр  бусдын 5 тооны  адууг  хулгайлж үлэмж  хэмжээний  хохирол  учруулсан   гэмт  хэргийг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан  хорих  ялыг сонгож  оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн эд хөрөнгийн  байдлыг  харгалзан  түүнд  эд  хөрөнгө  хураах  нэмэгдэл ял  хэрэглэх  шаардлагагүй  гэж  шүүх  үзлээ.

Шүүгдэгчид  ял  оногдуулахад хүндрүүлэх  болон  хөнгөрүүлэх  нөхцөл  байдал  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч  Э.Цэнд-Аюуш нь мөрдөн  байцаалтын  шатанд болон шүүх хуралдаанд энэ хэргийг  Ц.Сайндорж, Б.Амармэнд нартай бүлэглэн   үйлдсэн, бид нарыг  хулгай  хийх талаар  ярьсныг болон  мөнгөө хувааж  авч байсныг Ц.Сайндорж, Б.Амармэнд нарын  эхнэрүүд, мөн  Сайндоржийн  айлынх нь  залуу  Нараа  нар мэднэ гэж  мэдүүлжээ.  Гэвч  хэрэгт   гэрч Э.Наранцацралт /хх-ийн 201-рт/ , Р.Энхчимэг /хх-ийн  193-рт/, Э.Лайжинхад /хх-ийн 183-рт/, гэрч Б.Амармэнд /хх-ийн 184-185-рт/, Ж.Мөнхбат /хх-ийн 187-рт/  нарын  мэдүүлэг  авагдсан ба дээрхи  нэр  бүхий  гэрчүүд нь  шүүгдэгч  Э.Цэнд-Аюушийн мөрдөн  байцаалтын  шатанд  болон  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг  нь  үгүйсгэсэн  мэдүүлэг  өгсөн  байна.

Мөрдөн  байцаалтын  шатанд  дээрхи  нэр  бүхий  гэрчүүдээс гэрчийн  мэдүүлэг  авахдаа  Эрүүгийн   байцаан  шийтгэх  хуульд  заасан  журмын  дагуу  мэдүүлэг  авсан  байх  тул нотлох  баримтаар  үнэллээ.

Шүүгдэгч нь  хүндэвтэр  гэмт  хэрэг  үйлдсэн байх  тул  түүнд  оногдуулсан  хорих  ялыг   жирийн  дэглэмтэй  хорих   ангид  эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нь  Дундговь аймаг  дахь сум   дундын  шүүхийн  2009 оны 12 сарын  18-ны  өдрийн 76 дугаар  шийтгэх  тогтоолоор Эрүүгийн  хуулийн  Ерөнхий  ангийн  621 дүгээр  зүйлийн  621.1  дэх хэсэгт заасныг   журамлан мөн  хуулийн Тусгай  ангийн  145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар  эд хөрөнгө  хураахгүйгээр  1 жил  1 сарын  хугацаагаар  хорих    ялаар  шийтгүүлж,  шийтгэх тогтоол биелүүлэхийг  7 сарын  хугацаагаар  хойшлуулж байсан болох  нь шийтгэх  тогтоолын  хуулбараар /хх-ийн  84-87/

Сум дундын  11 дүгээр  шүүхийн  2014 оны 10 сарын  9-ний  өдрийн  77 дугаар  шийтгэх  тогтоолоор Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт  зааснаар  эд хөрөнгө  хураахгүйгээр 6 сарын  хугацаагаар  баривчлах  ялаар  шийтгүүлсэн болох  нь  шийтгэх  тогтоолын  хуулбараар /хх-ийн 88-90-рт/,  шүүхээс  оногдуулсан  ялыг  эдэлж 2015 оны 4 сарын 7-ны  өдөр  суллагдсан  болох  нь  хэргийн  151-р талд  авагдсан  Дундговь  аймаг  дахь Шийдвэр  гүйцэтгэх  албаны 2015 оны 4 сарын 10-ны  өдрийн 239 тоот  албан  бичгийн   хуулбар зэргээр  тус  тус  тогтоогдож  байна.

Эрүүгийн  хуулийн  78 дугаар  зүйлийн  78.1, 78.2.3 дахь хэсэгт  зааснаар  шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн  ялтай  байдал  нь 2015 оны 4 сарын 7-ны өдрөөс 2020 оны 4 сарын  7-ны  өдөр  хүртэл  үргэлжилэхээр  байна.

2015 оны 8 сарын  11-ний   өдөр батлагдсан Анхны  ардчилсан  сонгууль болж  байнгын  ажиллагаатай  парламент байгуулагдсаны  25 жилийн  ойг  тохиолдуулан  өршөөл  үзүүлэх  тухай  хуулийн  6 дугаар  зүйлийн  6.1, 6.1.1 дэх  хэсэгт  “Эрүүгийн  хуулийн  78 дугаар  зүйлд заасан   ялгүй болох  хугацаанаас  үлдсэн  хугацааг  хэрэгсэхгүй  болгоно”  гэж  заасан    байх  тул шүүгдэгчийн  ялтайд  тооцогдох  хугацаанаас  үлдсэн  хугацааг хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэв.

Шүүгдэгч  нь  энэ  хэргийн  улмаас цагдан  хоригдоогүй,  хэрэгт   эд мөрийн  баримтаар  хураагдсан  зүйлгүй,  битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй  болохыг  дурдав.

Шүүгдэгч  Э.Цэнд-Аюушийн  үйлдсэн гэмт  хэргийн  улмаас  хохирогч  Л.Лувсаннямд 812.500 төгрөгийн  хохирол, хохирогч Л.Цогтод 7.750.000 төгрөгийн  хохирол, хохирогч О.Сүрэнхүүд 8.300.000 төгрөгийн   хохирол  тус  тус   учирсан байх тул  шүүгдэгчээс  16.862.500 төгрөгийг  гаргуулан  хохирогч нарт  олгох нь  зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын  шатанд  хохирогч  Л.Лувсанням нь 20.000 төгрөгийг, хохирогч Л.Цогт  нь  25.000 төгрөгийг, хохирогч  О.Сүрэнхүү  нь  25.000 төгрөгийг  тус тус  байцаан  шийтгэх  ажиллагааны  зардал   буюу  үнэлгээчний  хөлсөнд төлсөн  болох  нь   хэргийн  62-64-рт  авагдсан  кассын  орлогын   ордер гэх  баримтаар  нотлогдож  байна.

Хохирогч Л.Лувсанням, Л.Цогт  нар  нь  дээрхи зардлаа   гаргуулна  гэж   байх  тул  шүүгдэгчээс   байцаан  шийтгэх  ажиллагааны  зардалд 45.000 төгрөгийг  гаргуулан  хохирогч Л.Лувсаннямд 20.000 төгрөгийг, хохирогч Л.Цогтод 25.000 төгрөгийг  тус  тус олгохоор  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлгийн  шатанд хохирогч О.Сүрэнхүү шүүгдэгчээс  байцаан  шийтгэх  ажиллагааны  зардал  нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгч  Ц.Сайндорж нь  шүүгдэгчээс  нэхэмжлэх  зүйлгүй  гэснийг  тус тус дурдав.

Шүүгдэгч  нь гэмт  хэрэг  үйлдэхдээ  Ц.Сайндоржийн  эзэмшлийн гэх  улсын  дугааргүй, цагаан  өнгийн  “Даюун”  маркийн  мотоциклийг   ашигласан  болох  нь  шүүгдэгч, иргэний  нэхэмжлэгч  Ц.Сайндорж  нарын  мэдүүлгээр  нотлогдож  байна. Иргэний нэхэмжлэгч  Ц.Сайндорж  нь  уг   тээврийн  хэрэгслийг  хураалгахад  татгалзах  зүйлгүй,  шүүгдэгчээс  нэхэмжлэх  зүйлгүй  гэж мэдүүлсэн  байх  тул  Эрүүгийн  хуулийн  49 дүгээр  зүйлийн  49.2 дахь  хэсэгт  зааснаар хурааж  улсын  орлого болгов.

 

            Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283-286, 290 дүгээр  зүйлийн 290.3,   291 дүгээр  зүйлийн  291.1, 293, 294, 295, 296, 297, 298, 299, 301,302,303 дэх хэсгүүдэд тус тус заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламет байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн ялтайд тооцогдох хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Боржигон овгийн Энх-Амгалангийн Цэнд-Аюушийг тээврийн хэрэгсэл ашиглан, давтан буюу 2 удаагийн үйлдлээр бусдын 5 тооны адууг хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэнд-Аюушид эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн  хуулийн  52 дугаар  зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэнд-Аюушид оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Э.Цэнд-Аюуш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн  хуулийн  49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500000 /таван зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, цагаан өнгийн “Даюун” маркийн /арал №*L7GCKLY4061903*,мотор №160FMK*2B000077*/ мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.

7. Иргэний  хуулийн  497 дугаар  зүйлийн  497.1, 510 дугаар  зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэнд-Аюушаас 16.862.500 /арван зургаан  сая найман зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Л.Лувсаннямд 812.500 /найман зуун арван  хоёр мянга таван зуун/ төгрөг, хохирогч О.Сүрэнхүүд 8.300.000/найман сая гурван зуун мянган/ төгрөг, хохирогч Л.Цогтод 7.750.000 /долоон сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэнд-Аюушаас байцаан шийтгэх ажиллагааны зардалд 45.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Лувсаннямд 20.000 /хорин мянган/ төгрөгийг, хохирогч Л.Цогтод 25.000 /хорин таван мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

9. Иргэний нэхэмжлэгч Ц.Сайндорж нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч О.Сүрэнхүү шүүгдэгч Э.Цэнд-Аюушаас байцаан шийтгэх ажиллагааны зардал  нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цэнд-Аюушид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь,  иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.МӨНХБАТ