Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0649

 

 

 

  

      2022           09           08                                        128/ШШ2022/0649

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ж.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч:  Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Б.О,

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4760 м.кв, нэгж талбарын 17081100826 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Ж.Д нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4760 м.кв, нэгж талбарын 17081100826 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

          2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Ж.Д нь Н.Баас Хан-уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 4760 м.кв 17081100826 дугаартай газрыг 2017 оны 5 дугаар сарын 14-ний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Газрын төлбөр болон холбогдох татвар хураамжийг төлсөн.

          Бидний гаргасан хүсэлтийн дагуу Хан-уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 захирамжид байршил шилжүүлэх, зориулалт өөрчлөх талаар тусгаагүй гэж тайлбарлан газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Д миний нэр дээр гаргахгүй, эс үйлдэхүй гаргаж ирсэн.

          Н.Бын нэр дээр байх үеийнх нь байршил, зориулалтаар нь шилжүүлж авсан. Газар шилжүүлэн авах үедээ хороо хариуцсан мэргэжилтнээр шалгуулахад Хан-уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын аманд байрлалтай, нэгж талбарын 17081100826 дугаар нь таарч байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан "Хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмаа зөрчсөн үйлдэл юм. Ж.Дын итгэл хамгаалагдах ёстой.

          Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу Хан-уул Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар би газраа эзэмших эрх 23.4.2-д гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоос дүүргийн Газар зохион байгуулалтын алба татгалзаж байгаа хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм.

          Иймд Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хан-уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон, Хан-уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 4,760 м.кв, нэгж талбарын 17081100826 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү.

          Миний зүгээс байршил, зориулалт өөрчилсөн ямар ч үйлдэл хийгээгүй, өөр хэн нэгэн ч тийм зүйл хийгээгүй гэж бодож байна. Хариуцагч Газрын албаныхан тийм үйлдэл хийсэн бол өөр хоорондынх нь үйлдлийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй. Газрын албаны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16/459 тоот мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэх заалтыг бичжээ.

          Хэрэв тийм үйлдэл болсон бол хууль хяналтын байгууллагаар тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Гэтэл хууран мэхэлсэн, айлган сүрдүүлсэн, авлига өгсөн, авсан асуудлаар хууль шүүхийн байгууллагаар тогтоогдсон талаар баримт байхгүй байна.

          Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаартай захирамж гаргах гэж байгаа талаар надад огт мэдэгдээгүй. Хариуцагчаас ирүүлсэн Газрын албаны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16/459 тоот мэдэгдэл надад огт ирж байгаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчиж байна. Мөн 3 жилийн өмнөөс огт шийдвэр гаргахгүй байж байснаа шүүхэд хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд яаравчлан 2019 оны А/152 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа нь тухайн газар дээр хариуцагч тал илт ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ж.Д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах Жаргалантын аман дахь газрыг 4760 м.кв газрыг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс шилжиж авахаар тохиролцож гэрээ хийгээд 2019 оны А/255 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай захирамж гарсан. Үүнээс хойш газар зохион байгуулалтын албанаас гэрчилгээ гаргаж өгөхгүй байсаар шүүхэд гэрчилгээ гаргахыг даалгах нэхэмжлэл шаардлага гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсээд явж байсны дараа 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр А/235 дугаар захирамж гарч үндэслэл нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан гарсан. Ямар үндэслэл шаардлагаар хүчингүй болгосон бэ гэвэл А/152 дугаар захирамжийг иргэн Ж.Дд шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрын байршлыг өөрчилсөн байх тул А/152 дугаар захирамжийн иргэн Ж.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Маргааны хүрээ нь Ж.Дд шилжихдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй шилжсэн эсэх, давхацсан эсэх, Ж.Дын хууль бус үйлдэл байгаа эсэхэд шүүх хяналтын хүрээгээ тогтооно гэж үзэж байна. Н.Б нь өмнө байхдаа 2015, 2014 онд газрын байршил нь хэрхэн өөрчлөгдөж байсан талаарх асуудал нь маргааны хүрээлэлд хамааралгүй. Гэхдээ шүүх тэр хүрээнд дүгнэлтээ өгөх байх. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, эс үйлдэхүйгээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож таслан зогсооно гэж заасан байдаг.

Энэ заалтаар өөрөө шийдвэрийг хүчингүй болгосон гэсэн. Энэ хуулийн заалтаас үзвэл Газрын тухай хуулийг зөрчсөн, хууль бус байх ёстой, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх гэсэн 2 нөхцөл бүрдсэний үндсэн дээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг хэрэглэж өөрийн захирамжийг хүчингүй болгоно. Захирамж дээр Газрын тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн нь байхгүй, өөр ямар газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй. Ж.Д нь Н.Баас маргаан бүхий газраа шилжүүлж авахдаа 8 дугаар хорооны хариуцсан байцаагчаар шалгуулж, байршил нь таарч байсан тул Жаргалантын ам дахь газрыг авахаар үнэ, хөлсөө төлж авсан байдаг. Өөр ямар нэгэн байршил дээр газар эзэмшигчээр байх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

          4.Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

          “Тус дүүргийн Засаг даргын 2015 оны А/489 дүгээр захирамжаар иргэн Н.Бад 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Айцын даваанд амины орон сууцны зориулалтаар 4760 мкв газрын эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Иргэн Н.Б Газрын албаны холбогдох албан тушаалтнууд дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Дд шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчлөн шилжүүлсэн байсан. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасан.

          Хариуцагчийн зүгээс дээрх асуудлыг нягтлан шалгаж дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/235 дугаар захирамжаар Ж.Дд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, захирамжийн 3 дугаар заалтаар иргэн Ж.Дд амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газрын байршлыг судалж танилцуулахыг дүүргийн Газар, зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн "Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай" А/235 дугаар захирамжийг захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан хууль ёсны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          5.Хариуцагч Хан-уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгчтэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан Н.Б өөрийн 2015 онд 7200 м.кв газраас 3000 м.кв газрын Петровис ХХК-д шилжүүлж, үлдсэн 4760 м.кв газрыг эрх шилжүүлэхээр эзэмших эрх шилжсэн байдаг. 2019 оны А/152 дугаар захирамжаар Ж.Дд шилжүүлэхдээ газрын байршлыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр байршлыг шилжүүлсэн асуудал байдаг. Байршил шилжүүлэх асуудал нь Газрын тухай хуулийн 27 зүйлд заасан газар эзэмшүүлэх зохицуулалтаар шинээр газар эзэмшиж байгаа.

          Нэгж талбар нь шилжээд өөр шинэ нэгж талбар үүсэх зохицуулалтаар зохицуулагддаг. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль зөрчсөн байна гэсэн асуудлын хувьд өөрийн зөвшөөрөлгүй байршлыг шилжүүлсэн асуудал нь хяналт шалгалтын үед тодорхой болсон тул 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжаар газрын эрхээ шилжүүлсэн А/152 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн маргаан бүхий захирамжаар 2022 онд газар эзэмшүүлэх, ашиглуулах байршлыг сонгож шийдвэрлэх асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан хууль тогтоомжид нийцсэн хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

          6.Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

          “Дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 4760 м.кв газрын эрхийг иргэн Ж.Дд шилжүүлэхдээ газрын байршлыг эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр шилжүүлсэн байх тул дүүргийн Засаг даргын 2022 оны А/235 дугаар захирамжаар 2019 оны А/152 дугаар захирамжийн иргэн Ж.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийг үндэслэн гэрээ, гэрчилгээ олгох боломжгүй.“ гэжээ.

          7.Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Хүчингүй болсон Засаг даргын 2022 оны А/235 дугаар захирамж дээр дүүргийн Засаг даргад үүрэг болгож газрын асуудлыг шийдвэрлэнэ. Газар зохион байгуулалтын албанаас анх 12 дугаар хорооноос байршил шилжиж 8 дугаар хороонд буюу анхны байршил Айдсын даваан дээр буцаагаад үлдсэн 4760 м.кв газрыг байршуулах саналтай байна. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын даргад үүрэг болгосон. Тухайн байршил нь анх 12 дугаар хороонд байсан боловч 2015 онд А/284 дүгээр захирамжаар байршил шилжиж 8 дугаар хороонд ирсэн байршилд буцаагаад одоо Жаргалантын ам гэсэн болохоос биш Айдсын даваан дээрх байршил дээр нь өгөхөд татгалзах зүйлгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Дд газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэрийг гаргахдаа газрын байршлыг тодорхой заагаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тул газрын байршлыг тогтоож, дахин шийдвэрлэх хүртэл  Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжийн Ж.Дд холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар /1-р хавтасны 222 дахь тал/ Н.Бад 7760 м.кв газрыг 8 дугаар хороонд эзэмшүүлсэн.

Дээрх газраас 3000 м.кв газрыг мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар /1-р хавтасны 217 дахь тал/  Н.Баас  нь П  ХХК-д шилжүүлж, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18630296890641 нэгж талбар бүхий 4760 м.кв газрыг Н.Б эзэмших болжээ.

3.Мөн дүүргийн Засаг даргын 2019 оны  А/152 дугаар захирамжаар /1-р хавтасны 85 дахь тал/ Н.Бын эзэмшлийн 4760 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.Дд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч дээрх шийдвэрийн дагуу Ж.Дд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй.

4.Ингээд мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжаар /1-р хавтасны 72 дахь тал/ дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу Н.Баас Ж.Дд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчлөн шилжүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

5.Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/1404, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01-11/2461 дугаар албан бичгээр ...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/152 дугаар захирамжаар иргэн Ж.Дд газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлсэн ... байршил шилжүүлэх, зориулалт өөрчлөх талаар тусгаагүй байна гэжээ./1-р хавтаст хэргийн 9 дүгээр тал/

6.Н.Бын 2015 оны А/284 дүгээр захирамжийн дагуу эзэмшсэн газар эзэмших эрхийн 0000594714 дугаар гэрчилгээнд /1-р хавтасны 105 дахь тал/ 4760 м.кв, 17081100826 дугаар бүхий нэгж талбар газар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байршилтай болохыг дурджээ.

7. Мөн Н.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд “...тус дүүргийн 12 дугаар хороонд эзэмшдэг 7760 м.кв газрыг  8 дугаар хорооны нутаг дэвсгэр байршлыг өөрчлөх...” хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар Н.Бад 7760 м.кв газрыг 12 дугаар хорооноос 8 дугаар хороонд байршил өөрчлөн эзэмшүүлсэн байж болохоор байна.

8.Мөн Н.Б нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанд “... 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0000594714 дугаар гэрчилгээтэй, 4760 м.кв ... газар нь шинэ нисэх онгоцны буудлын авто замын трасст орсон тул байрлалыг шилжүүлж...” өгөх талаар хүсэлт тус тус гаргаж байсан боловч уг хүсэлтийн дагуу байршил өөрчилсөн захирамж гараагүй. /1-р хавтасны 114, 185 дахь тал/

9.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар Н.Баас Ж.Дд шилжүүлэн эзэмшүүлсэн 4760 м.кв газрын байршил дээр дурдсан байдлаар тодорхойгүй байх тул Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1709 дүгээр албан бичгээр /1-р хавтасны 233 дахь тал/ ирүүлсэн лавлагааг нотлох баримтаар үнэлэн үзсэн болно.

10. Дээрх  зургаар нэхэмжлэгч Ж.Дд шилжүүлсэн эзэмшил газрын байршил буюу Н.Бад 2015 оны А/284 дүгээр захирамжийн дагуу олгосон 0000594714 дүгээр гэрчилгээнд бичигдсэн  нэгж талбарын  гэсэн дугаар нь А/284 дүгээр захирамжийн хавсралтад бичигдсэн /1-р хавтасны 217 дахь тал/ 18630296890641 гэсэн дугаар нэгж талбараас зөрүүтэйгээс шалтгаалан нэхэмжлэгч Ж.Дд 2019 оны А/152 дугаар захирамжаар шилжүүлсэн 4760 м.кв газрын байршил тодорхойгүй болжээ.

11.Тодруулбал, Н.Бад 4760 м.кв газар эзэмшүүлсэн 2015 оны А/284 дүгээр захирамжид заасан нэгж талбар нь уг захирамжийн дагуу олгосон 0000594714 дугаар гэрчилгээн дэх нэгж талбарын дугаараас зөрүүтэй бөгөөд огт өөр байршилд байна.

Үүнээс үзэхэд Хан-уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/284 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.”Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 31 дүгээр зүйлийн  31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 32 дугаар зүйлийн 32.2.2. “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 34 дүгээр зүйлийн 34.6.3. “газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар;” гэж заасныг зөрчжээ.

12.Харин нэхэмжлэгч Ж.Дын Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 4760 м.кв, нэгж талбарын 17081100826 дугаар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах үндэслэлгүй байна.

13.Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Ж.Дд газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэрийг гаргахдаа газрын байршлыг тодорхой заагаагүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тул газрын байршлыг тогтоож, дахин шийдвэрлэх хүртэл  Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжийн Ж.Дд холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.6.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамжийг газрын байршлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/235 дугаар захирамж хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН