Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/MA2017/0410

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0410

Улаанбаатар хот

 

Х.Золбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Золбатын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга, Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид, Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Золбатын “Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэн Тохой багийн Засаг даргаар томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болсон Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааныг болон хуралдаанаас гарсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Золбатын “2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааныг товлон зарласан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн тул дээрх шүүхийн шийдвэрийн 1 дэх заалт болох “нэхэмжлэгч Х.Золбатыг Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэн Тохой багийн Засаг даргаар томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж доорх үндэслэлээр давж заалдаж байна.

Үүнд: 1. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Тохой багийн иргэдийн Нийтийн Хурал болж түүнд 185 иргэд оролцож 4 иргэн Тохой багийн Засаг дарга болохоор өрсөлдөж алин ч олонхийн санал аваагүй тул олонхийн санал авсан Х.Золбат, Г.Чимэд-Очир нарын хороонд дахин санал хураалт болж Х.Золбатын төлөө 93 иргэн санал өгч Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлаас 02 тоот тогтоол гаргаж, иргэд баталснаар Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргад Х.Золбатыг томилуулахаар Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүйд уламжилсан. Энэ нь хуулийн дагуу явагдсан шударга санал хураалт байсан бөгөөд энэ хуралд Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй өөрөө оролцож, мэдээлэл хийж хурлын шийдвэрийг  баталгаажуулахаа ч амласан байдаг. Энэ хуралд сумын Засаг дарга Д.Нэргүйгээс гадна сумын Засаг даргын Тамгын Газрын дарга .........  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Өлзийтогтох нар өөрөө оролцож хурал хийсэн нь хэний ч маргаад байх асуудал биш бөгөөд Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар Х.Золбат иргэдийн олонхийн санал авсан нь тогтоогдсон байхад өнөөдрийг хүртэл томилохгүй байгаад харамсаж байна. Тийм учраас шүүхийн шийдвэр хуулийн дагуу гараагүй гэж үзэж байна.

2. Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлыг эсэргүүцэж, яагаад шүүх дээр маргаан бүхий захиргааны акт байхад дахин хурал хийж байгаа юм гэхэд сумын Засаг дарга Д.Нэргүй “...хурал хийх талаар албан тоот ирүүлсэн тул хурлыг хийж байна” гэж танилцуулсан ба энэ нь Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй өөрөө захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татагдсан мөртлөө хууль бус хурал хийхийг Тохой багийн Иргэдийн Нийтийн Хуралд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр тоотоор хүргүүлсэн байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг харуулж байгаа төдийгүй шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн маш бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна. Тохой багийн иргэдийн Нийтийн Хурал хийж болохгүй гэдгийг ч шүүхээс анхааруулсан. Бид ч тэр өдөр нь шүүхэд мэдэгдсэн. Ер нь аливаа иргэдийн олонхийн саналыг ямарч албан тушаалтан хүндэтгэн үзэх учиртай, тийм ч хуультай. Тийм учраас Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй нь Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар Х.Золбатыг томилохоосоо хууль бусаар татгалзаж  байна гэж үзэж байна.

Тиймээс шүүхэд Х.Золбатын гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж гомдол гаргаж байна.

3. Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар тоотоороо ирүүлсэн тайлбартаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбар ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 25-нд болсон Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын ирц хангалттай байсан.

4. Тохой багийн иргэдийн Нийтийн хуралд Х.Золбатыг сонгож баталсан нь ямарч хуулийн заалт зөрчөөгүй бөгөөд ялангуяа иргэн Х.Золбатын хувьд хууль зөрчсөн томилогдохгүй байх боломжгүй юмаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нь “...багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтад нийт 184 иргэн оролцсон талаар нэрс бичигдсэн боловч саналын хайрцгаас нийт 185 саналын хуудас гарсан, үүнээс 1 саналын хуудсыг хүчингүй тооцож Х.Золбат 93, Г.Чимэд-Очир 91 иргэний саналыг авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуралдааны тэмдэглэл гэрч С.Баттогтох, Ц.Марта, Ж.Тунгалаг Е.Жаргал нарын мэдүүлэг зэргээр тогтоогджээ”  гэж зөв дүгнэлт хийсэн мөртлөө бодит байдалд нийцүүлэн асуудлыг хуулийн дагуу шийдээгүй гэж үзэж байна.

Хэргийн оролцогчдын дунд маргаан бүхий өөр багийн харьяалалтай Ш.Цэрмаа, Ш.Долгор, Н.Халзанхүү, Б.Цэцэгмаа, А.Цэцэгмаа, Ц.Тэрбиш, Ц.Ууганбаяр нар байсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан лавлагаа, 2016 ооны ээлжит сонгуулийн 114/.. хэсгийн буюу Тохой багийн сонгогчдын нэрсийн жагсаалтад байхгүй байсан. Мөн дээрх иргэд 2017 оны 01 дүгээр сарын 20-нд Зүүнговь сумын Тохой багт шилжин ирсэн лавлагаа зэргээр тогтоогддог. Түүгээр ч зогсохгүй дээрх 7 иргэнээс 5 иргэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хуралд ирж Г.Чимэд-Очирын төлөө саналаа өгсөн байдаг. Ийм маш тодорхой нотлох баримт дээр шүүх бодит байдалд нийцсэн, үнэн зөв дүгнэлт хийгээгүй гэж гомдол гаргах үндэслэл болсон. н.Халзанхүү нь Г.Чимэд-Очирын ээжийн дүү, Ш.Долгор, Ш.Цэрмаа, Ц.Тэрбиш нь Г.Чимэд-Очирын худ байх жишээтэй. Үүнийг тоон үзүүлэлтээр бодоод үзвэл 184 иргэн оролцсон Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын үед Х.Золбат 93, Г.Чимэд-Очир 91 хүний санал авсан гэсэн тооноос Г.Чимэд-Очирын гуйлтаар ирж санал өгсөн төрөл, садангийн 7 хүнийг хасвал Г.Чимэд-Очир 84 иргэн санал өгч Г.Чимэд-Очир 184-100 хувь, 84-45.6 хувийн саналыг Г.Чимэд-Очир авсан гэх тоо гарч байгаа юмаа.

Г.Чимэд-Очир нь сонгуулийг ингэж будлиантуулаад зогсохгүй хуучин багийн Засаг даргатайгаа нийлж, архи, пиво, тамхи, бусад бараа зарж, хүмүүсийг архидуулж байсныг багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон хүмүүс шүүмжлэн ярьж, зэвүүцэж байсан. Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэв Г.Чимэд-Очир өөр багийн иргэдийг авч ирээгүй бол дахин 2017 оны 01 дүгээр сарын 27-нд өөрийнхөө төлөө санал өгүүлэхэд дээрх иргэдийг шилжүүлэн ирүүлээгүй бол Х.Золбат 55 орчим хувийн санал авах байсан ба ийм бусармаг хууль бус буруу үйлдлийг өрсөлдөгч Г.Чимэд-Очир хийсэн боловч Х.Золбат нь 184 иргэнээс 93 иргэний буюу 51 хувийн санал авч Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар сонгогдсон нь бодит үнэн учраас Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д өөрчлөлт оруулж, Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргад Х.Золбатыг томилсон шийдвэр гаргахыг Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүйд даалгуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж энэхүү гомдлоо гаргаж байна. Тохой багийн хуучин Засаг дарга одоо ч хийж байгаа Самбуугийн Баттогтох нь Г.Чимэд-Очиртой ах дүүгийн хүүхдүүд байдаг.

5. Увс аймгийн Зүүнговь сум нь Улаанбаатараас 1500 орчим км хол, аймгийн төвөөс Тохой баг нь 206 км алс, 401.3 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, Улаангомоос Зүүнговь сум нь 134 км хол оршдог тархай бутархай, мал аж ахуй голлон эрхэлдэг, аймгийн хамгийн хүйтэн цэг гэж нотлогдсон газар бөгөөд 1 сумын 1 багийн Засаг даргыг томилох ганцхан асуудлаар .... иргэдийг олон дахин цуглуулаад хууль бус хурал хийгээд намчирхаад байх боломжгүй бөгөөд үүнд Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй өөрөө шууд буруутай гэж дүгнэж болохоор байгаа юм.

Увс аймгийн бүх сум өнөө жилийн орон нутгийн сонгуульд МАН ялсан бөгөөд ганцхан Зүүнговь суманд АН ялсан энэ амжилтааа багт бататгахын тул Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй, Х.Золбатыг хувийн ашиг сонирхлоор батлахгүй байна гэж үзэж байна. Төрийн анхан шатны нэгж ийм байх ёсгүй гэдгийг хэлмээр байна. Ийм бусармаг үйлдлийг шүүхийн шийдвэр гаргах байдлаар ..... боломжгүй учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар Х.Золбатыг томилсон шийдвэр гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж энэхүү нэхэмжлэлээ дэмжсэн гомдлыг гаргаж давж заалдаж байна. Иргэдийн хууль ёсны сонголтыг бид хүндэтгэх ёстой.

6. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тогтоол байдаггүй бөгөөд 1 агуулгатай 2 тогтоол байх боломжгүй.

Тохой багийн хуучин Засаг дарга С.Баттогтох нь ах дүүсийн хүүхэд болох Г.Чимэд-Очирыг Тохой багийн Засаг дарга болгохын тулд шүүхэд өгсөн тайлбартаа илтэд худлаа ярьж төрөл, садангийн холбоогүй хэмээн хэнэг ч үгүй мэдүүлж, Тохой багт байдаггүй иргэдийг мэдсээр байж хуралд оруулж, түүгээр ч зогсохгүй манай багт байдаг иргэд юм гэж тайлбар өгсөн нь үндэслэлгүй байдаг ба өвөл, хаврын хэцүү улиралд олон км тархан байрласан малчин ардыг дахин дахин хурал хийж, хутган үймүүлж байгаад дүгнэлт хийж, ийм бусармаг үйлдлийг шүүхийн бодит үнэнд нийцсэн шийдвэрээр таслан зогсоох учиртай гэж бодож байна.

 Үүний нотлох баримтын зэрэглэлээс хасаж өгөхийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр бид ярьсан. Ийм байдлаар засаг захиргааны анхны нэгжийн удирдлага тухайлбал Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргын асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байгаа нь харамсалтай байна. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хуралд Тохой багийн 184 иргэн оролцсон бол 2016 оны 01 дүгээр сарын 27-ны хуралд дөнгөж 89 иргэн оролцсон. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хуралд Зүүнговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга нар бүгд оролцсон . Үүнээс илүү ямар хурал, ямар сонгууль хэрэгтэй юм бэ? Тийм учраас Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар Х.Золбатыг томилсон шийдвэр гаргахыг даалгаж шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэх гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Золбат нь Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга, Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус хуралд холбогдуулан “Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргаар томилохыг Зүүнговь сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Зүүнговь сумын Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоосон 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах...” гэж заасан,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргасан тул  уг гомдлын хүрээнд хэргийг хянав.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Тохой багийн иргэд багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр багийн Засаг дарга С.Баттогтохын гэрт хийсэн байх ба цаг үеийн байдлын талаарх сумын Засаг даргын мэдээлэлтэй танилцаад, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтад нийт 184 иргэн оролцсон талаар нэрс бичигдсэн боловч саналын хайрцгаас нийт 185 саналын хуудас гарсан, үүнээс 1 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Х.Золбат 93, Г.Чимэд-Очир 91 иргэний саналыг авсан болох нь тогтоогджээ. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас 02 дугаартай тогтоол гарч Х.Золбатыг Тохой багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-д заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх” гэж заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл дээд шатны Засаг дарга нь нэр дэвшүүлсэн хүн бүрийг заавал томилох үүрэггүй бөгөөд 1 удаа татгалзах эрхийг хуулиар олгосон байна.

Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй “Х.Золбатыг Тохой багийн Засаг даргаар томилох” тухай шийдвэрийг гаргаагүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр Тохой багийн иргэдийн Нийтийн Хуралд Х.Золбатыг томилох боломжгүй байгаа талаар мэдэгдсэнийг томилохоос татгалзсан гэж үзэхээр  байна.

Өөрөөр хэлбэл өөр багийн харьяалалтай иргэд Тохой багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон эсэхээс үл хамааран Х.Золбатыг /тэрээр 99.99%-ийн санал авсан байсан ч/ томилохоос татгалзах эрх нь Зүүнговь сумын Засаг даргад олгогдсон байна.

Нөгөө талаар өөр багийн харьяалалтай мөртлөө Ш.Цэрмаа, Ш.Долгор, Н.Халзанхүү, Б.Цэцэгмаа, А.Цэцэгмаа, Ц.Тэрбиш, Ц.Ууганбаяр нарын иргэд Тохой багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн болох нь тогтоогдсон, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр...” оролцож болох талаар зохицуулсныг зөрчсөн, өөр багийн харьяалалтай 7 иргэн оролцсон нь багийн Засаг даргын сонгуулийн дүнд нөлөөлөхүйц байна гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР