Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 543

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Б, Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан хийж, С.Э-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0613 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0715 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0613 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч С.Э-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0715 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж дараах үндэслэлээр үзэж байна. Үүнд:

1. С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцож, өмгөөллийн үйл ажиллагаа бие даан, хараат бусаар явуулах эрхийг хангаагүй, шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан зэрэг үндэслэлээр гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдолд анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй талаар дурдаагүй байна.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 буюу шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх, нэхэмжлэгчийн гомдолд дурдагдаагүй хүрээг шүүх өөрөө тогтоон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах” гэж заасныг зөрчиж байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “...анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр... шууд дүгнэн хэргийг шийдвэрлэсэн” гэж үзжээ. Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр зохицуулсан ч мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэх зохицуулалттайг давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ орхигдуулсан байна.

Түүнчлэн дээр дурдсан зохицуулалтын дагуу давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд холбогдох нотлох баримт буюу Засгийн газар нэхэмжлэгч /С.Э/-ийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг тухайн нотлох баримт байгаа эх сурвалжаас гаргуулах хүсэлт нэхэмжлэгч талаас гаргаж байсан эсэхийг хэргийг шийдвэрлэхдээ магадлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0715 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор С.Э нь Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдон ажилласан байх бөгөөд Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Ерөнхий консулын дипломат албан тушаалаас  эгүүлэн татаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Э нь дээрх Засгийн газрын 118 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “хуульд заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах боломж олгохыг хүссэн миний хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүйгээр төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...хууль бус шийдвэрийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж маргасан нь үндэслэлгүй байна. 

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд ...гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж тус тус заасан.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 60 нас буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх ба тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Гадаад харилцааны яаманд “65 нас буюу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд тухайн ажиллаж буй албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж өгөхийг хүссэн” хүсэлтийг гаргасан байна.   

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. ...” гэж хуульчилжээ.   

Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж,  тухайн албан тушаалд 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах, эсвэл чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь Засгийн газар байх бөгөөд хариуцагч нь 118 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Э-ийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр, цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж төрийн дипломат албанаас чөлөөлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, уг тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасантай нийцсэн байна.     

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримт дутуу цуглуулсан гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Дипломат албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 131 дүгээр зүйлийн 131.3.1-д зааснаар Ерөнхий консулын дипломат албан тушаал нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарч байх ба нэхэмжлэгч С.Э-ийн хувьд тухайн төрийн тусгай албан тушаалд сонгон шалгаруулалтын журмаар томилогдоогүй учир эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр түүнийг төрийн тусгай албанаас эгүүлэн татаж шийдвэрлэсэн нөхцөлд хуульд заасан тодорхой шалгуур тавих ёстой, 3 жилийн хугацаатай томилогдсон гэж маргасан нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Гадаад харилцааны сайд Ц.М-О-д хандан “...намайг эгүүлэн татах тухай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоол гарсныг 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авлаа. Иймээс тухайн шийдвэрийг үл маргах журмаар хүлээж авахаас өөр аргагүй болж байна. ...миний буцах хугацааг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож өгнө үү. ...” гэсэн хүсэлт гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрч хариу илгээсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хууль болон  Дипломат албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж,  маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.   

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...анхан шатны шүүх ...актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон. ...анхан шатны шүүхийн шүүгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаж, маргаан бүхий тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ёстой байтал энэ талаар зохих шийдвэрийг гаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 122 дугаар зүйлийн 122.7-д заасныг зөрчсөн ...” гэж дүгнэжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан ...нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар буюу АНУ-ын 17 мужид явуулах Монгол Улсын төрийн дипломат албаны үйл ажиллагаа, энэ бүс нутагт оршин суугаа төрийн үйлчилгээг хүртэх ёстой Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдлыг харгалзан, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасан “ард түмэнд үйлчлэх”, 4.2.5-д заасан “төрийн алба ..., тогтвортой байх” зарчмыг хэрэгжүүлэн актын биелэлтийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Учир нь, Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт хууль бус болох нь шүүхээр тогтоогдвол зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой юм.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0715 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

                                        ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА