| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/287 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/287
2025 01 24 2025/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч М.Ханджав /томилолтоор/,
хохирогч Э.Э,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э холбогдох эрүүгийн 2406 06542 2813 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.Э , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 14-61 тоотод Н.Э-тэй “манай ээжийг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа нэгээс хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь тархины 2 тал бөмбөлөгийн завсраар ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би чанасан махаа хадам ээжид аваачиж өгөхөөр очсон. Гэрчийнхээ үүдэнд Э.А-ийн ээж нэг хүнтэй архи уугаад сууж байсан. Э.А-ийн ээж намайг нэг шил архи аваад өгчих, тамхи байна уу гэхээр нь би архи зөндөө л авч өгдөг шүү дээ, одоо чадахгүй гэж хэлээд тамхи алга, тамхи дуусчихлаа гээд ойр зуурын маргаан болсон. Тэгтэл юу ч ойлгож мэдээгүй байж Э.А гарч ирээд над руу дайрсан. Би хоолойг нь багалзуурдаж хүрээгүй. Гал тогооны хаалганы босго дээрээс үсэрч ирээд цохисон. Миний хамар цөмрөөд битүү хавдсан. Тухайн үед цус нь гоожоод тогтохгүй байсан. Би том охин, хүү хоёроо дуудсан. Э.А-ийн хамаатны нэг залуу хоёр намайг газар дээр нь алчихъя гээд дайраад байсан. Манай эхнэр ирсэн байсан. Би цусаа тогтоогоод гэртээ очоод цагдаа дуудсан. Цагдаа 20 минутын дараа ирэхэд тэд нар зугтаагаад явсан байсан. Түүнээс хойш 9 хоног би ажилдаа явж чадаагүй. Гурван газар ээлжилж ажилдаг байсан. Нүдний даралт ихсээд эм уусан. Сансарын тойрогт машинтайгаа явж байгаад нүд бүрэлзээд брожуур давж гарсан. Маргааш нь очиж гомдол өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ хаалгыг солиулчхаад хадам ээждээ чанасан мах оруулж өгөхөөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 14-161 тоотод ганцаараа очиход... Нэргүй, Г хоёр архи уугаад сууж байсан. ...гадаа үүдэнд сууж байтал Н тамхины хайрцаг над руу шидэхээр нь би зөрүүлээд шидтэл гэр лүү ороод хүүхдээ дуудтал гэрээс Э.А юу болсон нь мэдэхгүй... хаалганы босго дээрээс үсэрч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохиж, намайг араас өшиглөх гэхэд эхнэр дундуур орж болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй гэрч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.А-ийн гэрт утсаараа тоглож байсан. ...Э ах гаднаас нэлээн согтуу орж ирж байсан. Тэр үед Э.А унтаж байсан би утсаар тоглож байх үедээ тэд нар маргалдаад байсан болохоор чихэвчээ аваад босоод үүдний сандал дээр очоод сууж байтал Э ах Н эгчийг цохиод авсан. Үүнийг ус ууж байсан Э.А хараад Э ах тэр хоёр маргалдаж Э ах Э.А-г “чи хэзээ ингэдэг болчихсон юм” гээд хоолой хэсгээс багалзуурдаж нүүр хэсэгт цохих үед Э.А Э ахын нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би очиж салгах үед Э ахын хамраас цус гоожиж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Н эгчээр тоглоод эргүй авгай гээд тамхины хайрцаг шидсэн чинь Н эгч гэр дотор унтаж байсан Э.А дуудаад удалгүй Э.А гарч ирээд манай нөхрийг давраад байгаараа гэхээр нь манай нөхөр Э.А битгий маяглаад бай гээд цааш түлхсэн чинь Э.А гараараа Э зохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11794 дугаар: “...1. Н.Э биед тархины 2 тал бөмбөлгийн завсрын ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Солонгийн Б.Н-ээс ... тайлбар мэдүүлэг авахаар дуудсан боловч Б.Н нь хэлэхдээ “Би Төв аймгийн Заамар суманд байна. Улаанбаатар хот руу очих боломжгүй, тухайн өдөр Э намайг цохисон нь үнэн. Гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, мэдүүлэг өгөхгүй боломжгүй” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Хохирлын баримт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Г-ын тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дугаар хуудас)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч С.Э нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 14-61 тоотод Н.Э-тэй “манай ээжийг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа нэгээс хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь тархины 2 тал бөмбөлөгийн завсраар ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Э нь хохирогч Н.Э нар нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий этгээдүүд байх ба, хэрэг болсон гэх 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 14-61 тоотод шүүгдэгч Э.А , түүний эх Н.Н , эмээ н.О , үеэл Ш.Э , мөн Г нар байжээ.
Хохирогч Н.Э-, түүний эхнэр Б.Б нар нь эх н.О д мах өгөхөөр ирсэн ба, Н.Э эхнэр, шүүгдэгч С.Э-А-ийн авга эгч Б.Б сүүлдэж ирсэн байна.
Хохирогч Н.Э-д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11794 дугаар дүгнэлтээр “тархины 2 тал бөмбөлөгийн завсрын ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Э.А-ийн гэрт утсаараа тоглож байсан. ...Э ах гаднаас нэлээн согтуу орж ирж байсан. Тэр үед Э.А унтаж байсан би утсаар тоглож байх үедээ тэд нар маргалдаад байсан болохоор чихэвчээ аваад босоод үүдний сандал дээр очоод сууж байтал Э ах Н эгчийг цохиод авсан. Үүнийг ус ууж байсан Э.А хараад Э ах тэр хоёр маргалдаж Э ах Э.А-г “чи хэзээ ингэдэг болчихсон юм” гээд хоолой хэсгээс багалзуурдаж нүүр хэсэгт цохих үед Э.А Э ахын нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би очиж салгах үед Э ахын хамраас цус гоожиж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэгээр тогтоогддог.
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Н эгчээр тоглоод эргүй авгай гээд тамхины хайрцаг шидсэн чинь Н эгч гэр дотор унтаж байсан Э.А дуудаад удалгүй Э.А гарч ирээд манай нөхрийг давраад байгаараа гэхээр нь манай нөхөр Э.А битгий маяглаад бай гээд цааш түлхсэн чинь Э.А гараараа Э зохиод авсан...” гэх мэдүүлэгээр хохирогч Н.Э- шүүгдэгч рүү халдсан болохыг үгүйсгэдэггүй.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Э.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.А-г Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж тус тус заасан.
Бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгаргасан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй боловч нийгэмд ашигтай, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй үйлдлийг аргагүй хамгаалалт гэдэг.[1]
Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгтэй ижил хэдий ч бодит агуулгаараа өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл.[2]
Аргагүй хамгаалалтын агуулга нь аргагүй хамгаалалт хийж өөрийгөө хамгаалах жам ёсны эрх ба аргагүй хамгаалалтын хэм хэмжээний мөн чанар нь иргэдийг гэмт явдалтай хийх тэмцэлд татан оролцуулахад бус, харин аргагүй хамгаалалтын эрхийг амьдралд хэрэгжүүлэх иргэдийн субьектив эрх бөгөөд үйлдэгдэж буй нийгэмд аюултай халдлагуудаас үүсэж бий болдог ба амьд явах, эрх чөлөөтэй байх эрхийг хангах жинхэнэ баталгааг бий болгоход оршино.[3]
Халдлага үйлдсэн этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон[4].
Аргагүй хамгаалалт хууль ёсны байхад гэмт халдлага нийгэмд аюултай байх, бодитой байх, хамгаалалт зөвхөн довтлогч руу чиглэсэн байх, хамгаалалт цаг үеэ олсон байх зэрэг нөхцөлүүд хангагдсан байж хууль ёсны аргагүй хамгаалалт хийгдсэн гэж үздэг.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаас гадна халдашгүй байх эрхтэй.
Тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хохирогч Н.Э- нь иргэн н.Н рүү чиглэж “эргүү авгай” гээд тамхины хайрцаг шидэж, нүүрэн хэсэгт нь цохиж, шүүгдэгч С.Э нь “давраад байгаарай” гэхэд хохирогч Н.Э- “чи хэзээ ингэдэг болсон юм” гээд хоолой хэсгээс багалзуурдаж нүүр хэсэгт цохиж довтолсон байх бөгөөд уг хохирогчийн үйлдэл нь нийгэмд аюултай ба бодитой халдлага хийгдсэн гэж үзэхээр байна.
Хохирогч Н.Э- нь шүүгдэгч С.Э.А-ийн төрсөн эхтэй хэрүүл маргаан үүсгэж, түүнийг цохиж, үүнийг харсан шүүгдэгч С.Э төрсөн эхийгээ өмөөрөхөд хохирогч шүүгдэгчийг хоолой хэсгээс багалзуурдаж нүүр хэсэгт цохисны дараа шүүгдэгч хохирогчийн нүүр хэсэгт цохиж байгаа үйлдлийг хохирогчийн халдлага довтолгоон төгсөөгүй үргэлжилж байх үед довтолгооны дуусаагүй байхад уг халдлага довтолгооныг зогсоох зорилгоор халдлага үйлдэгч этгээд рүү чиглэж буюу уг халдлагыг зогсоосон байх тул дээрх аргагүй хамгаалалт хууль ёсны байх шаардлагууд хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.Э.А-ийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэгт тооцохгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э холбогдох эрүүгийн 2406 06542 2813 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэж, мөн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1233 дугаар яллах дүгнэлт, тус прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2406065422813 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Н.Э, мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.А д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 06542 2813 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1233 дугаар яллах дүгнэлт, тус прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2406065422813 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Н.Э, мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.А д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1]Г.Гантөмөр, С.Гантулга, Б.Энхболд, Л.Бат-Очир, Ж.Төгс-Очир, “Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, Анхны хэвлэл, (2020), х.283,
[2] УДШ-ийн 2007.03.27 өдрийн Зөвлөмж https://legalinfo.mn/mn/detail/11166
[3] Г.Гантөмөр, С.Гантулга, Б.Энхболд, Л.Бат-Очир, Ж.Төгс-Очир, “Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, Анхны хэвлэл, (2020), х.284,
[4] Л.О-д холбогдох 201419000281 эрүүгийн хэрэг, УДШ, (Эрүүгийн хэргийн танхим), 2019.09.25-ын №436 тогтоол, https://shuukh.mn/single_case/1813?daterange=2019-01-01%20-%202023-05-30&id=3&court_cat=2&bb=1