| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2025/0050/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/288 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/288
2025 01 24 2025/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч М.Ханджав /томилолтоор/,
шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Адалбек нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г д холбогдох эрүүгийн 2406 05955 3490 тдугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Г , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах авто засварын газарт байхдаа согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ иргэн Б.М-той “манай эхнэр лүү мессежт бичлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, баруун чамархай хуйханд зөөлөн эдийн няцрал, дух цохонд зулгаралт, зүүн суга, мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед У над руу залгаад Г, С бид гурав С-ын засварын газар дээр нь байна гэж хэлхээр нь за би яваад очъё гэж хэлээд С-ын кузов засварын газар дээр нь очсон юм. Засварын газар нь бол Их засаг их сургуулийн урд талын Маахуур дэлгүүрийн барууд талд байдаг. ...намайг очиход Г , С , У гурав уугаад сууж байсан. Өөр хүн байгаагүй. Ууганбаяр, С хоёр хоорондоо тоглоод барилдъя гээд болиод сууж байсан. Тэр үед нэлээн халсан согтсон байдалтай байсан. Тэгээд нэг мэдэхэд Г миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохиод авсан. Тухайн үед би Г тай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. ...намайг очиход Г , С , У нар нэг шил виски хуваагаад уусан ууж байсан. Тэгээд би нэг шил Тайга гэх нэртэй архи аваад очоод хувааж уугаад сууж байсан. Г хэр их согтуу байсныг бол сайн санахгүй байна. Би өөрөө нэлээн муудсан байсан. ..Миний санаж байгаагаар бол Г миний нүүр лүү цохиод авсныг санаж байна. Хэдэн удаа юугаар цохисныг бол санахгүй байна. Ямар ч байсан гараараа цохиод авсан. ...С тасраад унтаж байсан. Ууганбаяр, Г хоёр сууж байсан... Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Би үнэлгээ гаргуулахгүй. Эмнэлгийн байгууллагын анхан шатны тусламж аваагүй. Маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд нүүр хэсэг чинь хавантай байна гээд эм бичиж өгсөн. Тухайн эмүүдийг Г надад авч өгсөн. Хэдэн төгрөгийн үнэтэй болсныг нь мэдэхгүй байна. Би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г ас хохирол мөнгө болох 500.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),
Гэрч М.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г бид хоёр Г-ын засварын газар ажилдуулдаг найз нь гэх С гэх найзын засварын газар дээр нь өдрийн 12 цагийн үед очсон. Тэгээд тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад Г гараад дэлгүүрээс “Ягир” гэх нэртэй виски авчирсан байсан. Тэрийн хувааж угаад сууж байгаад би найз М руу залгаж Г бид хоёр хотод ирсэн байгаа. Бид хэд С-ийн засварын газар дээр нь уугаад сууж байна. Чи хүрээд ирэх үү гэж дуудсан чинь найз М за би яваад очъё гэж хэлээд утсаа тасалсан. Тэр үед өмнө ууж байсан вискиг дуусгаад найз нь С дахиад нэг шил виски авчирсан задлаад уух гэж байхад найз М ирсэн. М ирэхдээ бас нэг шил Тайга гэх нэртэй архи авчирсан байсан. Тэгээд бид дөрөв хувааж угаад сууж байхад С-ийн найз гэх залуу бас орж ирээд нэг шил виски авчирч өгөөд явсан. Тэгээд юм ярингаа сууж байсан чинь Г найз М д хандаж чи өмнө манай эхнэр луу мессеж бичиж, ярьсан байна гэж эхнэрээ хардаад М д хандаж нэг юм хэлээд байсан. Би тэр үед бас нээх тоогоогүй нэлээн согтсон байдалтай сууж байсан. Тэгээд эргээд харсан чинь Г , М ын нүүр хэсэг рүү нь цохиж аваад заамдаж зодолдож байхаар нь би очиж салгасан. М нь доошоо тонгойгоод нүүрээ дарсан Г ас уучлалт гуйгаад байсан. Тэгээд би салгасан чинь М гараад яваад өгсөн. Тэгээд сууж байсан чинь цагдаа нар орж ирээд бид Г бид хоёрыг авч яваас эрүүлжүүлсэн. Маргааш нь Г бид хоёр М дээр очиж уулзахад М ын нүүр нь хөхөрч, хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11683 дугаар: “...1. Б.М биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, цохонд зулгаралт, зүүн суга, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэх механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хохирогчийн 500.000 төгрөгийг авсан гэх гар бичмэл (хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),
Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 72-109 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах авто засварын газарт байхдаа согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ иргэн Б.М-той “манай эхнэр лүү мессеж бичлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, баруун чамархай хуйханд зөөлөн эдийн няцрал, дух цохонд зулгаралт, зүүн суга, мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах авто засварын газарт байхдаа согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ иргэн Б.М-той “манай эхнэр лүү мессеж бичлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж гэмтэл учруулсан байна.
Хохирогч Б.М д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11683 дугаар дүгнэлтээр “баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, баруун чамархай хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, цохонд зулгаралт, зүүн суга, мөрөнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Т.Г нь хохирогчийн биед халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.М д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11683 дугаар дүгнэлтээр “баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шанаа, баруун чамархай хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, цохонд зулгаралт, зүүн суга, мөрөнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Г нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан.
Хохирогч нь 500.000 төгрөгийг авсан ямар нэгэн гомдол, саналгүй гэснийг дурдаж, харин шүүгдэгч Т.Г-аас 174.682 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өгөөлөгчөөс “Шүүдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой. Шинэ эрүүгийн хуульд давтан гэх ойлголт байхгүй. Шүүгдэгч Т.Г-ыг хувий байдалдаа дүгнэлт хийх нь зүйтэй. Энэ хүн 2024 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс хойш архи уухгүй байгаа. Гэр бүлийн байдлаасаа болж архи ууж байсан. Одоо эхнэрээсээ салж байгаа. Өөртөө өөрчлөгдөх зорилго тавиад амьдарч байгаа. Шүүгдэгчийн эдийн засгийн байдлыг харгалзан 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Т.Г нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч хэрэгт түүний ажил эрхлэлтийн талаарх баримт авагдаагүй байна.
Түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тэрээр 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Г-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г ас 174.682 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М нь 500.000 төгрөг авсан, гомдол, саналнгүй гэсэн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ