| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 102/2018/00828/И |
| Дугаар | 182/ШШ2018/01746 |
| Огноо | 2018-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2018/01746
| 2018 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 182/ШШ2018/01746 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******-иас 2011 оны 11 сарын 15-ны өдөр Ц.Уранбилэг нь өөрийн ажиллуулдаг цагаан хоолны газраа засварлах, шинээр тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор 4.000.000 төгрөгийг 7,5 хувийн хүүтэй, дахин 8.000.000 төгрөг, дахин машин авахад нь зориулж 3.500.000 төгрөг тус тус зээлсэн, зээлийн гэрээний батлан даагчаар Ц.Уранчимэг нь зээлийн гэрээгээр нийт төлөх хэмжээ нь 19.500.000 төгрөг болсон.
Улмаар 2014 онд 10 сарын 23-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Ц.Уранчимэг, Ц.Уранбилэг нарт холбогдуулан 19.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Тухайн үед хариуцагч Ц.Уранбилэг нь олдохгүй байсан тул Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас лавлагаа авахад 2014 оны 10 сарын 03-ны өдөр Монгол улсаас гарч явсан байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу түүнд холбогдох 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан.
Харин Ц.Уранчимэг нь өөрт ногдох хэсгийг төлөхөө илэрхийлсэн тул эвлэрлийн гэрээ байгуулж 2014 оны 12 сарын 03-ны өдөр 5888 дугаартай захирамж гарсан.
Ц.Уранбилэг нь Япон улсаас 2017 онд ирсэн байх тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч Цэрэндаваагийн ******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа. Харин дараах байдлаар тодруулж тайлбарлаж байна.
Ц.Уранбилэг нь 2012 оны 3 дугаар сарын 25-нд 3.000.000 төгрөгийг хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна гээд Кинг тауэр хоолны газарт Ц.Уранбилэгийн ээжийнх нь дүү Т.Нарантуяаг хамт байхад зээлэн авсан, 2012 оны 9 сарын 23-ны өдөр Удирдлагын академид сурч байхдаа төлбөр төлөх болчхоод байна гээд 5.000.000 төгрөг /4.000.000 төгрөгийг Уранчимэгтэй хамт зээлснийг шүүхээр шийдвэрлүүлсэн/, нийт 8.000.000 төгрөгийн зээлийг тус тус *******-иас авсан.
Ц.Уранбилэгийн зээлийн барьцаанд түүний Ниссан лавурел маркийн автомашин байсан, тэр машинаа зараад өрийг чинь төлье гэх нь Точлэйнд ХХК-иас тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлж өгсөн. Тэгтэл авсан зээлээ төлөөгүй худал ярьсан.
Ниссан лавурел машинаа зараад 67-60 улсын дугаартай Ниссан примера маркийн автомашин авсан байсан, тэгэхээр нь энэ автомашинаа Точлэйнд ХХК-ийн нэр рүү шилжүүл гэхэд зарчихсан, авсан хүнээсээ мөнгөө авч чадахгүй байна гэж хэлсэн.
Ингээд авсан хүнийг хайж очоод уулзахад би аль хэдийн автомашин авсан өдрөө бэлэн мөнгөө өгөөд авсан... гэж надад уурласан ба тэр цагаас хойш Ц.Уранбилэг нь утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаар холбогдох үедээ дандаа худлаа ярьдаг байсан.
Ц.Уранбилэгийг эрж сураглан хайж олоод дээрх 2 зээлийг нэгтгээд 2013 оны 01 сарын 24-ний өдөр 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болгож, нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гэрээг Ц.Уранбилэг нь өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийг эргэн төлөхөө илэрхийлж гэрээг байгуулсан бөгөөд тухайн үед Ц.Уранчимэгийн хамт шүүхэд нэхэмжлэл гаргахад тэрээр Япон улс руу явсан байсан.
Иймд Ц.Уранбилэгээс 12.000.000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Уранбилэг шүүхэд гаргасан тайлбартаа:
*******-ийн захирал Д.Батмандахаас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн агуулга тодорхойгүй, ямар хэмжээний мөнгийг яг хэн нь нэхээд байгаа нь ойлгомжгүй. Тэгээд ч хөөн хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Миний бие Д.Батмандахтай 2011 онд түүнийг Солонгосын хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхад нь танилцсан. Удалгүй Д.Батмандах найзтайгаа хамтарч Тойчлэйнд ББСБ-ын даргаар ажиллаж эхэлсэн. Энэ үед би түүнээс тэдний банк бус санхүүгийн байгууллагаас дүү н.Уранчимэгээр батлан даалгуулж 4 сая төгрөгийг зээлж авсан болно. Үүнээс 2 удаа 500.000 төгрөгөөр төлөлт хийсэн. Энэ үед бид хоёрын харьцаа дотноссон байсан бөгөөд Д.Батмандах би энэ мөнгөний чинь учрыг олно, чи төлөөд яахав, бусад юмандаа зарцуул гэж хэлж байсан, би төлөөгүй орхисон. Ингээд удалгүй бид миний хөлсөлж байсан 3 өрөө байранд хамтран амьдарч эхэлсэн. Энэ үед Д.Батмандахын зан харьцаа энгийн сайхан байсан. Их хартай болж эхэлсэн, хамаатан, найз нөхөдтэй хардаж, элдвээр хэлдэг байсан. Би хүмүүсээс холбоогоо тасалж эхэлсэн, удалгүй байрны эзэн Америкаас ирж, би 2 хүүхдийн хамт Д.Батмандахын түрээсэлсэн 2 өрөө байранд нүүж очсон. Гэр доторх ихэнх тавилга, гар ахуйн хэрэглэлүүд минийх байсан. Энэ байранд нүүж ирээд түүний ааш зан, дээрэнгүй байдал, хүнийг гүтгэн доромжилж байгаа байдал маш их өөрчлөгдөж, сүүлдээ гар хүрч эхэлсэн. Найзынхаа байгуулсан банк бус санхүүгийн байгууллагын мөнгийг өөрийн мөнгө шиг маш буруу зарцуулж, хэрэглээ нь эрс ихсээд ирсэн. Би хүний юмыг ингэж болохгүй гэж хэлж байхад чамд хамаагүй, өөрөө мэдэж байна, шуналтай хүүхэн энэ тэр гэж доромжилдог байсан. Би энэ хүнийг ганц бие, татлаа түлхээгүй юм гэж ойртож дотноссон. Ингээд байнга хөөж туудаг болоод сүүлдээ гэртээ оруулахаа больж, бид 3 гадуур хонож эхэлсэн. Гэрийнхэндээ хэлэхээс айж ичиж, 2 хүүхэдтэйгээ машинд голцуу хонож, заримдаа дүүгийндээ хоног төөрүүлдэг байсан. Энэ үед би Ниссан примера /Nissan primera/ машинтай байсан бөгөөд Д.Батмандахаас машины үлдэгдэл мөнгө хүрэхгүй байна гэж 3 сая төгрөг зээлсэн нь үнэн болно. Үүний дараа миний машин, мөн барьж байгаа машины дугаар хоёрт маш их санаархаж, машиныг маань зарж өгье, том машин болгож өгье гэж худлаа авах гэдэг байсан. Би машинаа найзынхаа эгчид зарсан болно. Надад өгч байсан мөнгө, авч өгч байсан 2 ширхэг ноолууран цамц, өөр бусад зүйлийг маш сайн санаж нэхдэг шигээ тэднийд үлдсэн миний тавилга /ханын стенк, булангийн буйдан, унтлагын ор, гал тогооны ширээ, сандал, аяга, таваг, бас бусад зүйлүүд/ бүгдийг үгүйсгэж 400.000 төгрөгөөр үнэлж одоо надад өгөх мөнгөнөөсөө наад 400.000 төгрөгөө хасаад өг гэж тавлаж утсаар ярьсан. Хамт амьдарч байхдаа хэрэгцээндээ хэрэглэж байсан, хамт идэж ууж байсан мөнгөнүүдээ нэхнэ гэж санасангүй явсан. Ингээд энэ хүний хүүхэн, шууханы асуудал хэрээс хэтэрч нялх хүүхдийн минь орон дээр хүртэл хүүхэн авчирч хэд хэдэн удаа уг оронд заваарч байсан үйлдэл зөндөө. Гэртээ нэг орж ирсэн 00 дотроос үрийн шингэнтэй бэлгэвч хүртэл олж байсан. Энэ хүний ийм үйлдлийг бичиж байгаадаа ичиж байгаа ч бүгдийг бичихээс өөр аргагүй байдалд хүрч байна. Нэг өдөр согтуу ирж чамтай ярих юм байна гэж хэлсэн зүйл нь чамаас өмнө нэг хүүхэнтэй явдаг байсан, миний хүүхдийг гаргасан байна, чи одоо явж болно, ойлгоорой гэж байсан. Үүнээс гадна энэ хүүхдийн гаргасан хүүхэн, бас бус хүүхнүүдэд найзуудтайгаа нийлж маш их мөнгөний зарлага гаргаж байсан. Өөрийгөө дарга гэж маш их биеэ тоож, компаниа нээгээд удаагүй байхдаа надаар батлан даагч хийлгэж 20-30 сая төгрөгөөр машин авч унаж бодлогогүй хэрэггүй хэрэглээ зардал маш их гаргаж, сүүлдээ компани нь дампуурах дээрээ тулсан. Энэ хүнтэй амьдарч байсан нь би болохоор надаас энэ хүн өгсөн мөнгөө /зарим мөнгийг нь би санахгүй байна нэхээд байх шиг байна. Хамт амьдарч байхдаа хэрэглээндээ зарцуул, тэг, ингэ гэж буцааж авна гэж баримт, гар хөлийн үсэггүй өгч байсан байж одоо нэхээд байгааг ойлгохгүй байна.
Энэ хүнд итгэж найдаж, хамт амьдарна гэж бодож, нэг нэр, 2 хоч зүүн амьдралаа холбох гэж үзээд бүтээгүй. Гэр орон, ээж, эгчдээ харьцаж байгаа харьцаа маш ширүүн байсан. Ингээд тэр гэртээ оруулахаа байж, би түүний найзын жижиг машиныг хэдэн өдөр гуйж унаж байсан, тэр машинд нь 2 хүүхэдтэйгээ хонож, өлсөхдөө өлсөж, даарч байсан удаа цөөнгүй. Энэ хүнийг гэрийнхээ үүдийг онгойлгож өгөхгүй, цоожныхоо нүхийг 3 удаа сольж, бид 3 гэртээ орох ямар ч боломжгүй болж, түүний нэг нөүтбүүкийг, нэг зүүж болохоо байсан бөгжний хамт ломбарданд 2 хүүхэдтэйгээ буудалд орж хонож, байсан. Одоогоор намайг нөүтбүүк, бөгж хулгай хийсэн гэж хулгайч гэж дуудаж билээ. Би аргагүй эрхэнд тавьж, хонох газар, идэх хоолоо хэд хоног залгуулж байсан болно. Удалгүй дүүгийндээ байж эхэлсэн бөгөөд Д.Батмандах байнга гадаа тагнаж, цонхны дор сонсож утсаар дарамталж, доромжилдог хэвээр байсан. Би маш их жигшиж, сүүлдээ айдаг болсон. Сэтгэл санааны маш их өөрчлөлт, цочролд орж, тэднийд байхдаа амиа хорлох гэж хүртэл үзсэн. Хүүхдээ бодоод чадаагүй. Охиноос чинь мөнгөө авмаар байна, олж өг, ингэ, тэг гэж ээж, дүү рүү минь маш муухай үг хэллэг хэлж, доромжилж байсан. Миний гэр бүл, найз нөхөд Д.Батмандахын ааш авир, надад ханддаг байсан бүх үйлдлүүдийг мэддэг гэрчилнэ. Сургууль дээр хүртэл тагнаж, хардаж машинаа сольж унан очиж, ангийнхан руу дайрч доромжилдог байсан. Өглөө босож ангидаа орохоор чинь араас чинь очиж булайг чинь дэлгэнэ, чамайг байхгүй болгоно гэх мэт үгээр дарамталдаг байсан. Маш их сэтгэлийн хямралд орж байсан. Хүнийг гүжирдэж, доромжилж, гутаахдаа гаргууд сайн хүн. Солонгосын хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байгаад уг компани нь дампуураад больсон хойно зээлээ төлж барагдуулаагүй байсан зээлдэгч нараас компанийн нэр барьж, тэр хүмүүсийг маш их дарамталж мөнгө авч, хувьдаа авдаг байсан. Компанийн зөвшөөрөлгүйгээр бусдыг дарамталж, харааж зүхэж, хувьдаа ашиглаж, ийм арганд гаргууд гаршсан хүн.
Би өөрийн эд хогшлыг үнэлж, энэ хүнээр төлүүлж, сэтгэл санааны хохирол, гар хүрч, дээрэлхүүлж доромжлуулж, байсныхаа хариуд нэхэн гомдолтой байгаа бөгөөд энэ хэргээр далимдуулж энэ хүнтэй бүх харьцааг дуусгамаар байна.
Одоог хүртэл асар их стресс, сэтгэл санаа тогтворгүй, дарамттай байна. Энэ хүн намайг Япон улс руу зугтаж явсан гэж гүтгэж байгаа. Миний хилээр орсон, гарсан, Монгол улсад байгаа үгүйг байнга мэдэж байдаг. Уг мэдээллийг өгч байдаг хүнийг тогтоож, яагаад энгийн нэг иргэн миний хэдийд хаашаа орж, гарсныг дагаж, мөшгөж байдаг талаар мөн ******* одоогоор байгаа эсэх, компанийн нэр барьж, надаас мөнгө нэхэж, өөртөө ашиглах гэж байгаа эсэхийг шалгаж өгөх.
Би энэ хүнтэй амьдарч байсан, энэ хүн надад мөнгө өгч байсан. Надаас тэгвэл буцааж авна гэж гар хөлийн үсэг зуруулж өгөхгүй яагаад хамт амьдарч байх хугацаандаа амьдаръя, баръя, бүтээе гэж байсан мөнгөө ямар ч гар хөлийн үсэггүй, одоо надаас нэхээд байгааг эрс эсэргүүцэж байна. Энэ хүнд надад өгөх мөнгө байхгүй, би одоо хүртэл 2 хүүхдийн хамтаар түрээсийн байр хөлсөлж амьдардаг. Би үр хүүхдийнхээ хэрэглээг дийлэхээ байсан. Бид гуравт ямар нэгэн нэмэлт орлого, хүнд илүүчлэх мөнгө үнэхээр байхгүй, би сарын 650.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Энэ хүний хэлж байгаа шиг би Япон улс руу зугтаж яваагүй. Надад хэлний бэлтгэлд сурах боломж олдож, материалаа бүрдүүлж өгсөн, виз гарсан. Энэ хүн араас маш их дарамталж, доромжилсон. Гэрийнхэн рүү маань дайрч, давшилж, шүүхдэж, дүү н.Уранчимэгээр батлан даалгаж авсан 4 сая төгрөгийг 5 сая төгрөг болгож шүүхээр дуусгасан. Надаас нэхээд байгаа энэ их мөнгийг би заримыг үнэхээр санахгүй байна. Гарын үсэг надыг лифтнээс чирж буулгаж ирж өрөөндөө хорьж байгаад юуг мэдэгдэхгүй гэрээн дээр /13 сая төгрөг/ гарын үсэг зуруулсан. Би маш их айж байсан учир гарын үсэг зураад явсан болно. Энэ их мөнгийг өгсөн гэж байгаачлан нэг бүрийн гарын үсэгтэй баримтыг нэхэж болно. Одоо өөр намайг юу гэж гүжирдэж, доромжилж, юу нэхэж шаардахыг би мэдэхгүй байна. Миний 2 хүүхэд болон надад ямар нэгэн дарамт, шахалт, хохирол, учруулахгүйгээр энэ хүнтэй энэ харьцааг шийдвэрлэмээр байна гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Уранбилэгээс зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Уранбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзлээ.
Зохигч болон хамтран зээлдэгч нар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр TL11050006 дугаар зээлийн гэрээ байгуулж, Ц.Уранбилэг 4.000.000 төгрөгийг, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 7.5 хувийн хүү тооцож авахаар ******* шилжүүлэхээр тус тус тохирсон, мөн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр TL1201008 дугаар зээлийн гэрээ байгуулж, 13.000.000 төгрөгийг, 2013 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар тохирсон байна. Энэ гэрээний дагуу Ц.******* мөнгө шилжүүлээгүй байна. Үүнд нэхэмжлэгч маргаагүй буюу өмнөх 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ 5.000.000 төгрөг /үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг/ болон 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр машин авах зориулалтаар авсан 3.000.000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дээрх 2 гэрээг нэгтгээд 13.000.000 болгож гэрээ байгуулсан болохыг тайлбарласан.
Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 5-9, 47-49 дэх тал/
Дээрх 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасанд тус тус нийцсэн, бичгэн хэлбэртэй, хүчин төгөлдөр гэрээ байх ба зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл болон хүүг шаардах эрхтэй.
Харин 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ. Иймээс 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд заасаар зээлдэгч үүргээ хэрэгжүүлж хариуцагчийн өмчлөлд 13.000.000 төгрөгийг шилжүүлээгүй тул энэ гэрээний дагуу шаардах эрхгүй.
Мөн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасанд дээрх гэрээ нь нийцэхгүй байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний алданги шаардах эрхгүй.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5888 дугаар захирамжаар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр TL11050006 дугаар зээлийн гэрээний хамтран зээлдэгч Ц.Уранчимэг нь уг гэрээний үүргийг биелүүлэхийг зөвшөөрч үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч *******-тай эвлэрсэн байна. /хх-ийн 10-11 дэх тал/
Хариуцагч нь 3.000.000 Ниссан примера /Nissan primera/ машинтай байсан бөгөөд нэхэмжлэгчээс машины үлдэгдэл мөнгө хүрэхгүй байна гэж 3 сая төгрөг зээлсэн талаар маргаагүй тул зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй, хариуцагч нь шилжүүлэн авсан зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үндэслэлтэй.
Хариуцагч гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзлээ.
Учир Ц.Уранбилэг нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан 2014 онд гадаад улсад дунд хугацаагаар байсан талаар хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иймээс Ц.Уранбилэгээс 3.000.000 төгрөгийг гаргуулж *******-д олгож, *******-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.000.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Уранбилэгээс 3.000.000 төгрөгийг гаргуулж *******-д олгож, *******-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.НАРАНЦОГТ