Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0823

 

 

                                      

 

 

   

    2022          11            09                                  128/ШШ2022/0823

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О**** ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, О.М*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М****** нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/711 дүгээр захирамжийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, О.М******* хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан  “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/711 дүгээр захирамжийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч компани нь анх А***** дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, экспогийн баруун урд талд, 00 дугаар байрны зүүн талын 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн барилгыг 2016 оны 01 дүгээр сард худалдан авч, тус барилгын суурийн болон орчны 877 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/882 дугаар захирамжаар манай газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан.

4. Нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийн дагуу үл хөдлөх хөрөнгөө буулгаж, зэргэлдээ баригдах орон сууцны барилгын оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн эзэмшил газрынхаа хэмжээг багасгаж 2 урсгал бүхий авто зам гаргаж, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу барилга барих үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан.

5. Гэтэл хариуцагчаас манай компанийг ойр орчмын оршин суугчдын ая тухыг алдагдуулсан, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

6. Нэхэмжлэгч компани нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хариуг авч, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай О**** ХХК-ийн зүгээс маргаан бүхий 2022 оны Нийслэлийн Засаг даргын А/711 дүгээр захирамжийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. О ХХК-ийн хувьд холбогдох хууль тогтоомж болон бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Тухайн маргаан бүхий захиргааны актаар О**** ХХК-д олгосон газар эзэмших эрхийг болон тухайн компанид олгосон барилгын ажил гүйцэтгэх барилгын зөвшөөрөл А даалгаврыг хүчингүй болгуулахаар хэд хэдэн захиргааны актуудыг шийдвэрлэсэн. Энэ нь өөрөө хууль тогтоомж зөрчсөн болон бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна гэсэн үндэслэлээр захиргааны зүгээс тухайн актыг гаргасан байдаг.

Нэхэмжлэгч компанийн хувьд үйл ажиллагааг явуулахдаа газар ашиглах эрхийг авахдаа холбогдох байгууллагуудаас зөвшөөрлийг авахгүйгээр ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Газар эзэмших эрх болон барилга байгууламж барих зөвшөөрөл нь хэн нэгний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Манай компанийн хувьд хуучнаар А***** дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа экспогийн баруун талд 00 дугаар байрны зүүн талд 877 метр квадрат талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байсан.

Энэ нь өөрөө 1993 оноос хойш тухайн газрыг ашиглаж яваад 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байдаг. Тухайн газар дээр өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн барилга байдаг. Бид үйлдвэрийн барилгыг ашиглаж байгаад 2016 онд үйлдвэрийг худалдаж аваад өөрийн компанийн нэр дээр захирамжаа гаргуулж байсан.

2016 онд хөрш О***** ХХК-ийн зүгээс өөрийн эзэмших газартаа нийтийн зориулалтаар орон сууц баригдсан. Энэ барилга нь манай үйлдвэрийн барилгатай  хэт ойрхон баригдсанаас болоод үйлдвэрийн барилга цууралт өгөөд цаашид ашиглах боломжгүй болсон. Компанийн зүгээс тухайн үйлдвэрийн барилгыг нураагаад орон сууц ашиглах зориулалттайгаар газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх тухай хүсэлтийг газрын албанд гаргаад хүсэлтийн дагуу 2016 онд газрын зориулалтыг өөрчлөөд 2021 оны А/882 дугаар Нийслэлийн Засаг захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Ингээд компани өөрийн эзэмшлийн газартаа зориулалтын дагуу орон сууц барих болон холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас авахын тулд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5/14 тоот тогтоолоор батлагдсан журмын дагуу хөрш үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд  аж ахуй нэгжээс санал авсан. Нэр бүхий компаниудаас зөвшөөрөл авсны дагуу барилгаа урд хэсэг рүү шахаад 15:15 хэмжээтэй нэг орцтой 9 давхар 22 айлын орон сууцны барилга барих зөвшөөрлийг авсан. Цах тахлын улмаас барилга угсралтын ажил гүйцэтгэх боломжгүй болж барих хугацааг хойшлуулж 2021 оны 3 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж газар шорооны ажлыг хийж эхэлсэн. Энэ үед 00, 00 дугаар байрны оршин суугчдын зүгээс бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэсэн агуулгатай гомдол гаргадаг. Түүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээр хяналт шалгалтыг хийж, хяналт шалгалтын хариу О**** ХХК-ийн барьж байгаа барилга нь холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлөө авсан байна. Барилга хооронд хэмжилт хийж үзэхэд барилгын норм дүрэмд заасан хэмжээг хангасан. Холбогдох зөвшөөрлийг авсан байгаа учраас ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсонгүй гэдэг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч н.Ж**** гэх хүн Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гээд олон газруудад гомдол гаргаж явдаг. Гомдлын хариуд үйл ажиллагаа хуульд нийцсэн байна. Орц дүрэм журам зөрчөөгүй байна гэж хариу өгсөн байдаг. Энэ талаар оршин суугчдад мэдэгдсэн байдаг.

Манай компани газар эзэмших гэрээний дагуу зохих ёсоор төлбөрөө төлөөд хууль ёсны дагуу гэрээнд заасан үргээ биелүүлээд явж байтал Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Ямар нэгэн хууль тогтоомжид заасан журмыг зөрчөөгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Захиргааны байгууллагын зүгээс шийдвэр гаргахдаа хууль тогтоомжийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зарчмуудыг баримтлах ёстой байтал энэ зарчмуудыг баримталж шийдвэр гаргаагүй.

Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гаргахдаа урьдчилж бид нарт мэдэгдээгүй, урьдчилсан байдлаар сонсох ажиллагаа явуулаагүй. Газар эзэмших эрхийг цуцалсан талаар мэдэгдлийг ч өгөөгүй, бид өөрсдөө олж мэдсэн. Захиргааны байгууллага нь хуульд заасан шийдвэр үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй, компанийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хангаагүй.

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. Энэ тохиолдолд тухайн газар эзэмших эрхийг цуцлахдаа бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа дүгнэлт гаргах байтал дүгнэлт гаргаагүй. Гэтэл огт дүгнэлт байхгүйгээр захиргааны зүгээс өөрийн үзэмжээр газар эзэмших эрхийг цуцалж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн талаар хэд хэдэн зүйл үндэслэж шийдвэр гаргах байтал үүнийг тогтоосон ямар нэгэн дүгнэсэн зүйл огт байдаггүй. Энэ нь өөрөө шийдвэр үндэслэлтэй байх нөхцөлийг биелүүлээгүй.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 56.3, 56.4, 57.3, 57.4-т заасан үндэслэлээр цуцалсан байгаа.  Гэтэл энэ заалтууд нь шийдвэрийн зорилго болон бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Учир нь энэ зохицуулалтууд нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдээд газар эзэмшиж, ашиглаж байсан этгээдэд хамааралтай зохицуулалт байдаг. 

Гэтэл бид хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр газар эзэмших эрхийг эзэмшиж байсан. Энэ зохицуулалтууд нь зорилго агуулгатайгаа нийцээгүй байна. Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан. Маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байна” гэжээ

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны акт гаргахыг ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус зөрчиж байна гэж үзэж байна. Тухайн хүчингүй болгосон захирамж нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 48.1, 48.2-т заасан заалтуудыг хамтатган үндэслэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, 48.2-т сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт үйлчилдэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлийг үндэслэсэн боловч хүчингүй болгосон захирамжид гомдол гаргах эрхтэй ч юм шиг гомдлын дагуу хариу авах эрхтэй ч юм шиг эсрэг заалтуудыг үндэслээд байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хууль болон Барилгын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн маргаан бүхий актыг баталсан байгаа. Маргаан бүхий актын холбогдох гол үндэслэл нь иргэдийн эрүүл аюулгүй орчин ажиллаж амьдрах нөхцөлийг хангах, тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн авто зогсоолын асуудлыг шийдвэрлэхийн тулд гаргасан байгаа. Тухайн шийдвэрийг батлан гаргахдаа Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 14.1.2, Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 40.1.2 дахь заалт, Гаалийн аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5/14 тоот тогтоол, Барилгын норм, дүрэм стандартын 30.1, 2.14-т заасныг тус тус үндэслэсэн байдаг. Шийдвэрийг гаргахдаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор А***** дүүргийн 00 дугаар хороонд байрлах газрын хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг хүчингүй болгоод мөн архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчингүй болгосон. Сонсох ажиллагааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 8 дугаар сард хийсэн байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын шийдвэр холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О ХХК нь “...манай компанийг ойр орчмын оршин суугчдын ая тухыг алдагдуулсан, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж бидэнд мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилга барих зөвшөөрлийг цуцалсан нь хуульд үндэслэх, бодит нөхцөл байдалд тохирсон байх, урьдчилан мэдэгдэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн” гэж хариуцагч нийслэлийн Засаг даргаас “...маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. 876 м.кв газарт 9 давхар орон сууцны барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын 00, 01, 02, 03 байрнуудын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан, хууль тогтоомжийг зөрчсөн...” гэж тайлбарлан маргажээ.

2. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгчөөс бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч О ХХК нь А***** дүүргийн 00 дугааp xopooны нутaг дэвсгэрт /хуучнаар 00 дугаар хороо/ 00 дугаар байрны зүүн талд байрлах өргөн чөлөө 00 тоот хаягтай 235 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Н*** ХХК-аас 2016 оны 01 дүгээр сард худалдан авч, улмаар 1998 оноос эзэмших эрх үүссэн 876 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар саpын 15-ны өдрийн A/207 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон, өөрөөр хэлбэл эрхийн улсын бүртгэлийн Y-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлдвэрлэлийн барилгатай, нэгж талбарын 0000000000000 дугаарт бүртгэлтэй 876 м.кв газрыг 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 318340 дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байгаа, газрын шинэчилсэн бүртгэлээр нэгж талбарын дугаар 00000000 болж, эрхийн улсын бүртгэлийн Э-********* дугаарт бүртгэгдсэн ба 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17062 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр, 0000/0000 дугаартай гэрээгээр үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 876 м.кв газрыг эзэмшиж байна.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж маргаж байгаа бөгөөд хариуцагчаас эдгээр үндэслэлүүдийг няцаах баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.

5. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсох ажиллагаа явуулах, саналыг авах, үүрэгтэй байжээ.

6. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгогдсон 0.087 га газарт О ХХК-иас барилга барих зөвшөөрөл хүссэнээр нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр МЗХ2016/00-00 тоот сууриараа 15.70мx15.70м хэмжээтэй нэг орцтой 9 давхар орон сууцны барилгыг эзэмшил газрын зүүн урд хэсэгт байршуулан барих архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 00/2017 тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдож, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгагдсан, барилгын эскиз зураг 2017 онд батлагдсан, улмаар орон сууцны барилга барихаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй үйлдвэрлэлийн барилгыг буулгасан байдаг.    Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх болон түүн дээрх эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буулган тухайн газар дээр баригдах барилгын холбогдох зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр байхад хүчингүй болгосноор Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагджээ.

7. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/711 дүгээр захирамжийг батлан гаргахдаа тухайн орчмын иргэдийн эрүүл аюугүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор дээрх захиргааны актыг баталсан, мөн Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 01/0000 дүгээр албан бичгээр А***** дүүргийн Засаг даргад дээрх газарт тохижилт, ногоон байгууламж зэргийг хийх чиглэл хүргүүлсэн...” гэж тайлбар гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 02-03/0000, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02-02/0000 дүгээр албан бичгүүдэд О ХХК-ийн зоорь бүхий, үйлчилгээний 9 давхар 22 айлын орон сууцны барилга нь тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар барилгаас 30 метр, 00А дугаар барилгаас 19 метрийн зайд төлөвлөгдсөн нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан /Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 9 давхар хүртэл 15 метр зайтай байх/ заалтыг болон Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т /эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх/ заасныг тус тус хангаж байна гэсэн тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

8. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 00/22 дугаар албан бичигт “...барилга барихын тулд манай компани нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Тус бүс нутагт бохир зайлуулах шугам сүлжээ огт байхгүй тул Ус сувгийн Удирдах газрын хүсэлтээр ф300мм хоолойгоор /1 барилгад ф100мм байхад болдог/ 460 метр урттай, өргөтгөлийн насос станцтай шугамыг 200,000,000 төгрөгөөр өөрийн хөрөнгөөр хийсэн, цахилгаа хангамжийн дэд өртөөг 216 000 000 төгрөгөөр “О*****” ХХК-тай хамтарч шинээр барьсан. Мөн барилгын зураг хийлгэх, үл хөдлөх хөрөнгөө буулгах, шугам сүлжээний зураг хийлгэх, техникийн нөхцөлүүд авах, тус газраар дайран өнгөрч байсан 6000 кв.т-ын цахилгааны шугам зөөж шилжүүлэх, газрын төлбөр, хянан баталгаа хийлгэх, байгаль орчны үнэлгээ хийлгэх, тус барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил хийлгэх зэрэгт 100 гаруй сая төгрөг зарцуулсан...” талаар дурдсан, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2 дугаар хавсралтын 2.6 дахь хэсгийн 56 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх тус заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 9. Эдгээр үндэслэлээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/711 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохоор байна гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч О ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/711 дүгээр захирамжид заасан Газар эзэмших эрх дуусгавар болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл журмыг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-тгазрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж заасныг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

11. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний холбогдох хэсгийг шүүх илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/711 дүгээр захирамжийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                       ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ