Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ  УЛСЫН  НЭРИЙН  ӨМНӨӨС

 

Дундговь  аймаг  дахь Сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн  шүүгч  Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “Б” танхимд нээлттэй   хийсэн  хуралдаанаар 

Нарийн бичгийн  дарга И.Түвшинжаргал

Шүүгчийн  туслах Г.Нямаа

Улсын  яллагч  Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч А.Туяацэцэг нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос  Эрүүгийн  хуулийн 215  дугаар зүйлийн  215.3 дахь  хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн А.Туяацэцэгт холбогдох  эрүүгийн  201712000052  тоот  хэргийг  2017 оны  5 сарын 29-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч:  Монгол  Улсын  иргэн, 1978 оны 1 дүгээр  сарын 26-ны  өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айргийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан  гавьяа  шагналгүй, ял  шийтгэлгүй,  ухаан  мэдрэл бүрэн хэрэг  хариуцах чадвартай Булга овгийн  Адъяачулууны Туяацэцэг /РД:ЗЮ78012606/

Шүүгдэгч А.Туяацэцэг нь 2017 оны 3 дугаар  сарын  13-ны  өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн “Төгсийн хонхор” гэх газарт 54-15 ДУА улсын  дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Адъяачулууны биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, зорчигч Ц.Цэндсүрэнгийн амь насыг хохироосон гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч А.Туяацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  Дэлгэрцогт сум өнгөрөөд явж байгаад бид хэд зогсоод бие зассан. Тэгэхэд хажуугаар том машин өнгөрсөн. Том машины араас 40 км цагийн хурдтай явж байтал арай удаан яваад байхаар нь гүйцэж түрүүлэх санаатай замын эгнээ заагласан цагаан зураас даваад гарах гэтэл л машин дайвалзаад замын хажуу руу шидэгдсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хөнгөн  ял  оногдуулж өгнө үү гэв.

2. Хохирогч  А.Отгон-Эрдэнийн “...Намайг 2017.03.13-ны өдөр гэртээ байхад эгч Туяацэцэгийн нөхөр Болдбаатар утсаар залгаад Дэлгэрцогт сумаас урагш засмал замд явж байгаад онхолдсон байна, ирээд аваач гэхээр нь би машинтай очиж Болдбаатар, Анандбаяр, Мөнхдэлгэр нарыг авч аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би талийгаач Цэндсүрэнгийн  төрсөн хүү нь байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12/

  1. . Хохирогч Л.Адъяачулууны: “...Туяацэцэг миний төрсөн охин  байгаа юм. Би эрхээ эдлэнэ. Мэдүүлэг  өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14/

4. Гэрч О.Балжиннямын “...Намайг Дэлгэрцогт сумын 1-р баг Эмтийн 3-1 тоотод байх гэртээ байхад 19 цаг 04 минутанд ажлаас утсаар залгаад сумаас урагш машин  унасан  байна гэж хэлэхээр нь түргэний машинтай, сувилагчаа аваад сумаас урагш 5 орчим км-т байх осол болсон газарт очиход засмал замын зүүн талд жолоочийн  эсрэг талаараа хажуу тийшээ харж унасан  жижиг  суудлын машин байсан. Машины хойд талд 5-6 метрийн зайд эрэгтэй нь зүүн хойшоо хажуу талаараа, эмэгтэй нь баруун урагшаа харсан хажуу талаараа харж хэвтсэн хоёр хүн байсан. Тэр 2 хүн дээр очиж үзлэг хийхэд эрэгтэй дээд даралт 60, доод даралт байхгүй амьсгална, ёолно, шокийн  байдалтай, асуусан асуултанд хариулахгүй. Эмэгтэйгийн  толгойноос их цус гарсан, баруун хөмсөгний дээрээс зүүн  зулай болон гавал хэсгийг  дайрсан  урагдалттай цус гарсан  даралт хэмжигдэхгүй, үл ялиг амьсгаатай хааяа нэг ёолно. Эрэгтэй эмэгтэй хоёуланд нь өвдөлт намдаах, цус тогтоох тариа хийсэн. Эмэгтэйн толгойд даралттай боолт хийж аймаг руу тээвэрлэсэн. Аймгийн  Нэгдсэн эмнэлэгт 19 цаг 55 минутанд хүргэж очсон. Аймаг руу тээвэрлэх явцад амин  үзүүлэлт өмнөхтэй ижил шокийн  байдалтай байсан. Ослын газарт очиход шокийн  байдалтай 2 хүнээс гадна нэг эмэгтэй, хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн  байсан  ба тэд нарыг харахад биеийн байдал дунд зэрэг харахад өвөрмөц шинж илрээгүй учраас тэд нарыг орхиод хоёр шокийн байдалтай хүн, бас нэг эмэгтэйг аваад аймгийн  эмнэлэг рүү явсан. Аймаг руу явахдаа сумын  эмч Лувсандагвыг хүмүүсийг ирж үзээрэй гээд явсан. Би машинд хэдэн хүн явж байсан талаар асуухад нэг эмэгтэй 5-6-уулаа явж байсан гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хх-15/

5. Гэрч Ж.Болдбаатарын: “...би 2017.03.13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Дундговь аймгийн  чиглэлд хадам аав Адъяачулуун, ээж Цэндсүрэн, ах Мөнхдэлгэр, эхнэр Туяацэцэг, хүү Анандбаяр нарын хамт гарч явсан. Тэгээд Дэлгэрцогт сум өнгөрөөд уруудаж явж байхад урд талд том ачааны машин явж байхад жолоо барьж явсан  Туяацэцэг гүйцэж түрүүлэх гээд машины хажуугаар нь орох гээд урдаас тээврийн хэрэгсэл ирж байгаа үгүйг харах гээд эсрэг талын урсгал руу ортол миний сууж явсан машин дайвалзаад засмал замын зүүн тал руу далан руу ойчсон. Гэнэт сэргэтэл өвөр дээр байсан  хүү байхгүй, тэгээд би машинаас гараад хартал машины ард талд хүү сууж байсан. Машинаас хойш  хадам ээж, аав 2 газарт хэвтэж байхаар нь очиход тэр хоёр ёолоод байсан. Тэгээд эргэж машин дээр очоод замын хүмүүстэй нийлж хаалгыг нээж Туяацэцэг, Мөнхдэлгэр 2-ыг машинаас гаргаад байж байхад түргэн тусламж ирээд хадам аав, ээж, Туяацэцэг гуравыг аймаг руу аваад явсан. Машиныг Туяацэцэг бариад урд талын  суудал дээр би хүүгээ тэврээд сууж явсан.  Ард талын суудал дээр жолоочийн ар талд Мөнхдэлгэр ах, голд нь талийгаач хадам ээж Цэндсүрэн, зүүн гар талд хадам аав Адъяачулуун нар сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

6. Гэрч Ц.Мөнхдэлгэрийн: “... би Улаанбаатар хотод айлын ажил явдалд оролцоод 2017.03.13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд засмал замаар Адъяачулуун, Цэндсүрэн, Болдбаатар, Туяацэцэг, Анандбаяр нарын  хамт машинтай гарч явсан. Тэгээд би машинд явж байхдаа унтсан байсан Гэнэт машин  дайвалзах шиг  болсон, би ухаан  алдаад эргээд ухаан  ороод хартал машин онхолдсон  байсан. Туяацэцэг миний төрсөн эгч талийгаач Цэндсүрэнгийн  охин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-18-19/

  1. . Дундговь аймгийн  шүүхийн  шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №170200100 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

- Л.Адъяачулууны биед зүүн 2,3,4-р хавирганы далд хугарал, зүүн сарвуунд баруун  сарвуунд зулгарсан гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.

- 2,3,4-р хавирганы далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтэл нь зам тээврийн  осолд орсон  гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-36/

8. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.04-ний №170100019 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэд:

- Үндсэн  гэмтэл, эмгэг өвчин: Авто осол: Цээж, хэвлийн битүү гэмтэл: Баруун  бөөрний өөхөн эдийн няцрал, цус хуралт, бөөрний шок, Баруун  уушигний дээд дэлбэнгийн няцрал, зүүн талын 2,3-р хавирга суганы арын шугамаар, нуруу орчмын шугамаар хоёрлосон, 4,5-р хавирга суганы урд шугамаар шууд болон шууд бус хугаралтай, хугарал орчмын булчинд цус хурсан, баруун талын 1-р хавирга толгой, 2-р хавирга суганы дунд шугамаар, нуруу орчмын шугамаар 3,4,5,6,7,8,9,10-р хавирга нуруу орчмын шугамаар шууд хугаралуудтай, хугаралуудын түвшинд хавирга завсрын булчинд голомтлог цус хуралтуудтай.

- Дагалдах ба хавсарсан гэмтэл, эмгэг өвчин: Баруун хөмсөгний доод хэсгээс дагзны зүүн  дээд хэсэг хүрсэн 19.5 см урт шархтай, гархаар гавал яс ил гарсан, баруун талдаа хуйх чих хүртэл бүрэн хууларч яснаас хөндийрсөн, баруун хацрын булчин хацар яснаас хууларч хөндийрсөн, баруун нүдний гадна булан хэсэгт 2х1.5 см язарсан шархтай, зүүн хацарт 8х2.4см талбайд олон тооны жижиг зулгаралт, баруун  ташаан  толгойн дээд хэсэгт 16х10 см, зүүн ташаан толгойн урд дээд хэсэгт 17х13см  талбайд хөхөлбөр өнгийн цус хурсан, зүүн ташаан толгойн урд дээд хэсэгт 17х13см талбайд хөхөлбөр өнгийн  цус хурсан, зүүн ташаан толгойн  урд дээд хэсэгт 3,5х1,2см зулгаралт зөөлөн эдийн гэмтэлтэй.

- Дээрхи гэмтлүүд нь  зам  тээврийн  осолд орсон  гэх цаг  хугацаанд  хүний  хүчнээс давсан хатуу, мохоо  зүйлийн 1-2 удаагийн  үйлчлэлээр үүссэн  байх  боломжтой  байна.

- Ц.Цэндсүрэн нь цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /хх-41-43/

9. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн  тасгийн  шинжээчийн  2017 оны 3 сарын 16-ны өдрийн 04 тоот  дүгнэлтэнд:

- T.IST маркийн  54-15 ДУА улсын дугаартай машины жолооч А.Туяацэцэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг  мэдсэн үед тээврийн  хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  заалтыг зөрчсөн. 

-  Зам тээврийн осол нь T.IST маркийн  54-15 ДУА улсын дугаартай машины жолооч замын хөдөлгөөний дүрмийг  зөрчсөний улмаас гарсан байна” гэжээ. /хх-ийн 21/

10. Дундговь аймгийн  Авто тээврийн үндэсний  төвийн Дундговь аймаг  дахь салбарын шинжээчийн  2017 оны 3 сарын 17-ны өдрийн техникийн дүгнэлтэнд:

-  “ 54-15 ДУА улсын  дугаартай IST маркийн тээврийн  хэрэгсэл нь 2016.06.31-нд Дундговь аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдсан  байна.

 - Тухайн тээврийн  хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцох боломжгүй эвдрэл гэмтэл учирсан байна. 

- Ослын улмаас урд гүфр хэмхэрсэн, зүүн урд крило цөмөрсөн, толь хугарсан, хаалга хэмхэрч шил нь хагарсан, урд салхины шил хагарсан, копуд цөмөрсөн, радиатор хэмхэрсэн, урд их гэрэл дохионы гэрлүүд хамт хагарч, хэмхэрч ойчсон, баруун урд крило урагдсан, баруун  урд обуд цөмөрч дугуйны хий гарсан, хойд гүфр хагарсан, зүүн хойд гэрэл дохио хагарч кабины зүүн хойд хэсэг  дотогш  цөмөрсөн, зүүн  хойд хаалга цөмөрч гажсан, шил нь хагарсан, кабин  цөмөрсөн, хойд хаалга гажсан, кабины баганууд муруйсан тос масло гоожсон  зэрэг эвдрэл гэмтэл илэрлээ.

- Дээрх эвдрэл, гэмтэл нь ослын улмаас үүссэн  бөгөөд хөдөлгүүр цохисон  байх

магадлалтай.

            - Осол гарахад техникийн талаас шууд шалтгаалаагүй болно” гэжээ.  /хх-ийн 27/

11. Хэрэгт цугларсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн  судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч А.Туяацэцэг нь 2017 оны 3 дугаар  сарын  13-ны  өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн “Төгсийн хонхор” гэх газарт 54-15 ДУА улсын  дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Л.Адъяачулууны биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж,  зорчигч Ц.Цэндсүрэнгийн амь насыг хохироосон болох  нь  тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч А.Туяацэцэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироох гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд   Монгол Улсын Эрүүгийн  хуулийн  215 дугаар  зүйлийн  215.3 дахь  хэсэгт заасан  хорих ялыг  оногдуулахаар шүүх  шийдвэрлэлээ.

            Эрүүгийн  хуулийн  215 дугаар  зүйлийн  215.3 дахь  хэсэгт тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасахаар заасан байх тул шүүгдэгч А.Туяацэцэгийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар  хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл болох ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт  хэрэг үйлдсэн байх  тул  түүнд  оногдуулсан  хорих ялыг  жирийн  дэглэмтэй эмэгтэйчүүдийн  хорих  ангид  эдлүүлж,  шүүгдэгч нь  энэ  хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдаж   шийдвэрлэлээ.  

 Хохирогч А.Отгон-Эрдэнэ нь   оршуулгатай холбоотой гарсан  болон  хохирогч  нас  барснаас учирсан  гэм  хорын хохирлын талаархи, хохирогч Л.Адъяачулуун нь өөрийн эмчилгээтэй холбогдон гарсан зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх  эрхтэй  болохыг  тус тус дурдав.

            Мөрдөн байцаалтын  шатанд иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч  А.Туяацэцэгийн өмчлөлийн 5 ханатай гэрийг мөрдөн байцаагчийн 2017 оны 4 сарын 27-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, битүүмжлэгдсэн  эд  хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн  байлгах үүргийг  шүүгдэгч А.Туяацэцэгт хариуцуулан  шийдвэрлэсэн  байна.  Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул дээрх гэр битүүмжилсэн тогтоолыг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж  үзэж  хүчингүй  болгож  шийдвэрлэлээ.

            Хохирогч А.Отгон-Эрдэнэ, Л.Адъяачулуун нар  нь гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй гэсэн  байх тул шүүгдэгчийн  хувийн  байдлыг  харгалзан  түүнд оногдуулсан  хорих  ялыг  биечлэн  эдлүүлэлгүйгээр  тэнсэж  хянан  харгалзах нь  зүйтэй гэж  үзээд.

           

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283-286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301,303, 304 дэх хэсгүүдэд тус тус заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булга овгийн Адъяачулууны Туяацэцэгийг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын болон  ашиглалтын  журам  зөрчсөний  улмаас  осол гарган Ц.Цэндсүрэнгийн амь насыг нь хохироосон, хохирогч Л.Адъяачулууны биед хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн  215  дугаар  зүйлийн  215.3 дахь хэсэгт  зааснаар   шүүгдэгч А.Туяацэцэгийн  тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  3 /гурван/ жилийн хугацаагаар  хасч, 3 /гурван/ жил  1/нэг/ сарын  хугацаагаар   хорих ял оногдуулж  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн  52 дугаар зүйлийн  52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  А.Туяацэцэгт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих  ялыг  жирийн  дэглэмтэй  эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, хохирогч А.Отгон-Эрдэнэ, Л.Адъяачулуун нар  хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг  тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Отгон-Эрдэнэ оршуулгатай холбоотой  болон хохирогч нас барснаас учирсан хохирлын талаархи, хохирогч Л.Адъяачулуун өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаархи нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Туяацэцэгээс нэхэмжлэх  эрхтэй болохыг заасугай.

6. Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Туяацэцэгийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн  тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Туяацэцэгт оногдуулсан 3 жил 1 сарын  хугацаагаар хорих  ялыг  тэнсэж 1 жил 6 сарын  хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт  даалгасугай.

             8. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Туяацэцэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах нэмэгдэл ялын хугацааг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Туяацэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх  таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн  дотор  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч төлөөлөгч  нар давж заалдах гомдол  гаргах, улсын  яллагч  дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.МӨНХБАТ