Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 132/ШШ2019/00065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К******* банк ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 34 настай эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ хороо, 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, 

Хариуцагч: 1984 онд төрсөн, 35 настай эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ хороо, 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, С нарт холбогдох,

үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 9 843 156,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00021/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Энхнаран оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "К******* банк" ХХК нь иргэн Бадам овогтой О*******тэй 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 434 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй олгосон.

Иргэн Б.О*******, Д.Н******* нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 1,753,057.47 төгрөг, зээлийн хүүнээс 1,947,791.69 төгрөг нийт 3,700,849.16 /гурван сая долоон зуун мянга найман зуун дөчин есөн төгрөг мөнгө 16 мөнгө/ төлсөн.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч иргэн Б.О*******, Д.Н******* нар нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүний төлөлтийг төлөхгүй 1058 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл үндсэн зээл 6,646,942.53 төгрөг, зээлийн хүү 2,795,922.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 559,184.52 төгрөг зэргийг төлөөгүй ба "К******* банк" ХХК нь иргэн Б.О*******, Д.Н******* нарын хооронд байгуулсан 434 тоот "Зээлийн гэрээ"-ний заалтуудыг зөрчин банкинд хүндрэл учруулаад байна.

Иймд зээлдэгч Б.О*******, Д.Н******* нараас зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 9,843,156.20 төгрөгийг Бзээлдэгч нарын эд хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж К******* банк-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: К******* банк ХХК нь зээлдэгч Бадамын О******* /РД:АР85040208/-тэй 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 434 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 8,400,000 төгрөгийг /найман сая дөрвөн зуун мянган/ 36 сарын хугацаатай, сарын 1,5%-ийн хүүтэй олгосон. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй банкинд хүндрэл учруулж байсан тул 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч Б.О*******ээс үндсэн зээлийн төлбөр 6.646,942.53 төгрөг, зээлийн хүүний төлбөр 2,722,223.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 473,990.20 төгрөг нийт 9,843,156.20 төгрөг, улсын тэмдэгтийн хураам 172,441 төгрөг гаргуулахаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.О*******т холбогдох иргэний хэргийн шүүх хурал 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт товлогдсон. Банк зээлдэгч Б.О*******тэй уулзаж зээлийн хугацааг сунгаж сар бүр төлбөрийн хуваарийн дагуу тусгаж өгсөн зээл, зээлийн хүүг зээлдэгч төлөхөөр тохиролцож эвлэрч байгаа болно.

Иймд тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Борхүүгийн А******* /РД:ФЖ83121801/ намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О*******, Д.Н******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Бадмын О******* нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус банкнаас 8 400 000 төгрөг авч байсан. Цаг тухай бүрт нь төлж байсан боловч 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан ажлаас чөлөөлөгдөн төлөх чадваргүй болсны улмаас зээлийн хүү болох 2 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сард хүнээс зээлж төлж байсан. Үүнээс хойш 6 сарын дараа 750 000 төгрөгийг төлж байгаад нөхөр мөн ажилгүй болж банкны зээлийг төлөх чадваргүй болсон. Иймд банкны хохирлыг барагдуулах гэж банкнаас зээл хүсэвч чанаргүй зээлдэгч болсон тул зээл олгох боломжгүй гэсэн хариу авч хувийн өмч орон сууц байхгүй учир өдий хүрсэн болно.

Миний бие 2018 оны 09 дүгээр сард Булган аймгийн Бугат суманд дотуур байрны багш хийж 5 сар боломж бололцоогоороо төлж байгаа учир олж байгаа орлогоороо төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* банк ХХК нь хариуцагч Б.О*******, Д.Н******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 9 843 156,20 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.О*******, Д.Н******* нар нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч К******* банк ХХК-иас 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийг эргэн төлөх хурваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 5-7/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээ, зээл төлөх хуваариас үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч нар нь зээлээ төлөлгүй 1058 хоног хугацаа хэтрүүлэн харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 3.1.5-д зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөх гэж заасныг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Д.Н*******, Б.О******* нараас үндсэн зээл 6,646,942.53 төгрөг, зээлийн хүү 2,795,922.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 559,184.52 төгрөг бүгд 9 843 156.20 төгрөгийг гаргуулж К******* банканд олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

К******* банкны Булган салбар нь Д.Н*******, Б.О******* нарт холбогдуулан үндсэн зээл 6,646,942.53 төгрөг, зээлийн хүү 2,795,922.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 559,184.52 төгрөг бүгд 9843156.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн. К******* банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/04 дугаартай тушаалаар Булган салбарын үйл ажиллагааг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон татан буулгахаар шийдвэрлэж К******* банкыг төлөөлөн тус банкны мэргэжилтэн Б.А*******д итгэмжлэл олгосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30, 35, 36 дугаар зүйлүүдэд заасныг зөрчөөгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О*******, Д.Н******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 9 843 156,20 /есөн сая найман зуун дөчин гурван мянга нэг зуун тавин зургаан төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К******* банк ХХКолгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 440 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 172 440 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН