Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Т.Гүнжлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414001360291 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,

                                 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”,

Авлигын эсрэг хуулийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан ”...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”,

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолын 1.1 “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгах” гэж заасныг тус тус зөрчиж 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “” зохион байгуулалттай нөхөрлөлийн дарга *******тэй Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багт орших “Түүхийн хөндий” нэртэй газарт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулж бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг хэрэг болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 09/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 71-72/, гэрч *******ийн мэдүүлэг / 1 хх-ийн 77/, гэрч *******ийн мэдүүлэг /1 хх-ийн 83-85/, гэрч ын мэдүүлэг /1 хх-ийн 89-92/,  гэрч гийн мэдүүлэг /1 хх-ийн 94-96/, гэрч ын мэдүүлэг / 1 хх-ийн 101/, гэрч ын мэдүүлэг / 1 хх-ийн 104/, гэрч гийн мэдүүлэг / 1 хх-ийн 242/, болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.

Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

Иймд шүүгдэгч *******г нийтийн албанд ажиллах эрхийг гурав жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5-д зааснаар  шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  мэдэгдэж, 

Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******гийн нийтийн албанд ажиллах эрхийг гурав жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг гурав жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

7. Шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА