Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 132/ШШ2021/00160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******ын ******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймгийн ******* -д  холбогдох, 

 

Төрийн албаны 36 сарын тэтгэмж болох 17.234.712 төгрөг гаргуулах тухай 132/2020/00051/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012-2021 онд Булган аймгийн *******д үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байсан. Ажилласан хугацаа болон хүүхэд төрүүлсэн хугацаа, улсаас өгсөн ажилласан жилийг оруулаад нийт 22 жил ажилласан. Би *******д төрийн үйлчилгээний 1-3  албан тушаалын  зэрэглэлээр ажилладаг байсан ба 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Төрийн албаны 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжээ авахаар 2019 оноос өндөр насны тэтгэвэрт  гарах хүмүүсийн судалгааг авч, төсөвтөө тэтгэмжийг суулгаж өгнө гэдэг байсан.  Ингээд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 36 сарын тэтгэмжээ авах гэсэн боловч *******йн дарга болон нягтлан бодогч нар “Төсөвт суулгасан өгнө” гэж удаа дараа хэлж байсан боловч төсөвтөө суулгаагүй, төсөвт суулгуулах хугацааг хэтрүүлсэн болохыг сүүлд мэдсэн. Үүнээс үүдэж би төрийн албаны 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй хохирч байна.

Иймд Булган аймгийн *******ас төрийн албаны 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 17.234.712  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол улсын Их хурлын 80 дугаар тогтоолын 2.3 дахь заалтаар бүх аймгуудын “Хот тохижолтын албыг Аж ахуйн тооцооны зарчмаар ажиллах нөхцөл боломжоор хангах” гэж заасан. Энэ тогтоолын дагуу Булган сумын *******д 2019 оноос эхлэн улсаас хог хаягдал ачиж, тээвэрлэж буулгах зардал, Булган хотын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг доголдуулахгүй бүрэн байлгах, нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ засвар, ногоон байгууламжийн арчилгаа тордолт, золбин нохой, муур устгал зэрэгт улсаас татаас өгдөг болсон. Энэ татаасанд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэмжийг суулгаж өгөөгүй. 2020 онд тэтгэвэрт гарах 5 ажилтны материалыг бэлдэж аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч Монгол Улсын Их хурлын 80 дугаар тогтоолыг үндэслэн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

2018 оныг дуустал манай байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүст төсөвт суулгуулсаны дагуу үндсэн цалин 7 сартай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгосон.

2019, 2020 оны төсвийн төсөлд тэтгэвэрт гарах ажилтны авах тэтгэмжийг тусгаж өгсөн боловч батлагдаагүй.

Иймд манай байгууллагын төсөв хүрэлцээгүй тул тэтгэмжийг олгох боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Булган аймгийн Булган сумын *******д холбогдуулан, төрийн алба хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж  болох 17.234.712  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* нь төрийн өмчит үйлчилгээний газар болоогүй, би ТҮ-1-3 шатлалаар цалинждаг. Хариуцагч нь өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүсийн материалыг хугацаа хэтрүүлж хүргүүлсэн тул тэтгэмжийг төсөвт суулгуулаагүй гэж тайлбарласныг хариуцагч Булган аймгийн ******* нь манай байгууллага нь аж ахуйн тооцооны зарчмаар үйл ажиллагаа явуулдаг, төсөв хүрэлцээгүй тул тэтгэмжийг олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь Булган аймгийн *******д тус ангийн даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай “Ажилд томилох” тухай тушаалаар Булган сумын Хүүхэд залуучуудын паркийн сахиулын ажилд томилогдож, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар нийтийн эзэмшлийн зам, талбайн үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 21, 4/

 

 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна”, 15.3-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ” гэж тус тус заасан байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 470001139, регистрийн 3186024 дугаартай гэрчилгээнээс үзвэл Булган аймгийн ******* нь хариуцлагын хэлбэрийн хувьд “Улсын төсөвт үйлдвэрийн газар” байх ба үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “Төрийн байгууллагын туслах үйл ажиллагаа” гэж бүртгэгдсэн байна. /хх-ийн 32/

 

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”  гэжээ.

 

Монгол Удсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1.4-т  “Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тооцно” гэж заасан байна.

 

Хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Булган аймгийн ******* нь улсын төсөвт үйлдвэрийн газар байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь дээр дурдсан тогтоолд заасан хугацаа буюу 1996-2008 онд *******д ажиллаж байгаагүй болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны 36 сарын тэтгэмж болох 17.234.712 төгрөг гаргуулах тухай Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмж талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1 зааснаар Булган аймгийн *******д холбогдох, төрийн албаны 36 сарын тэтгэмж болох 17.234.712 /арван долоон сая хоёр зуун гучин дөрвөн мянга долоон зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ