Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

 Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414006440362 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 17 тоот хашаанд хүүхдийн биед халдсан гэх шалтгаанаар иргэн *******тай маргалдаж, улмаар газарт байсан шилэн пааланг авч, түүн рүү чиглэлтэй шидэж, биед хөмсөгний голд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 

 Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би хүлээн зөвшөөрч байна. Гаргасан алдаандаа харамсаж байна..." гэх мэдүүлэг/хх-ийн 69-70/,

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ..Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу явах гээд хувцсаа угаагаад гадаа тохсон байж байгаад хувцаснуудаа гэртээ оруулсан. Тэгээд ******* гэдэг хүний хүүхэд нь манай хашаа руу орж ирээд зогсож байхаар нь би юу ч хэлэлгүй гэр лүүгээ орсон. Тэгээд манай найз залуу айлаас мод хагалах гээд сүх авч ирээд модоо хагалаад байж байсан чинь манай хашаан дээр ******* гэдэг хүний хүүхэд нь сууж байсан. Тэгснээ “нааш ир муу алаа, гичий минь” гээд манай найз залууг дуудахаар нь цаашаа буу яах гээд байгаа юм гээд манай найз залуу хэлсэн чинь уйлсан. Тэгээд удалгүй ээж нь гарч ирээд манай найз залуу руу “яагаад хүүхэд зодоод байгаа юм тарган гичий минь” гэж хэлсэн. Манай найз залуу очоод та юу гээд хүн доромжлоод байгаа юм гэж хэлсэн чинь, урдаас нь орилж хашхираад хогийн шүүрээр манай найз залуугийн гар руу нь цохиж байсан. Тэгээд би урдаас нь очоод та яагаад байгаа юм гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод ******* гэх эмэгтэй над руу газраас нэг юм аваад шидсэн чинь миний дух хэсэгт оноод цус гарсан...” гэх мэдүүлэг(хх-ийн 23-25),

 Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... би авто угаалга дээр байх үед манай охин над руу залгаад ******* гэх эмэгтэй миний толгойг хагалчихлаа гэхээр нь гэртээ очсон чинь, манай охин дух хэсгийн хөмсөгний голд нь шарх үүссэн байсан. ******* газраас нэг юм аваад шидсэн тэр шидсэн зүйл нь миний дух хэсгийн хөмсөгний голд нь оносон гэж хэлсэн...гэх мэдүүлэг(хх-ийн 39-40),

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...би Улаанбаатар хот руу явах гээд явахаасаа өмнө гэрийнхээ түлээг бэлдэж өгөх гээд гадаа мод хагалаад байж байсан чинь ******* гэдэг хүний хүүхэд нь манай хашаан дээр гарч ирээд намайг “май алаа, гичий минь нааш ир” гээд дуудаад байхаар нь ахын дүү буучих, наад хашаан дээрээсээ” гэж хэлсэн чинь “үгүй буухгүй, нааш ир алаа” гээд орилоод байсан. Би дахиад “чи буу л даа наад хашаан дээрээсээ” гээд чанга дуугарсан чинь уйлсан удалгүй ээж нь гэрээсээ гарч ирээд хашааны завсраар намайг “бэндийсэн тарган пизда минь яах гээд хүүхэд нүдээд байгаа юм” гэж хэлэхээр нь та яах гээд хүн хэл амаар доромжлоод байгаа юм гээд очсон чинь, миний гар руу хогийн шүүрээр цохисон. Тэгээд миний гарыг барьчхаад тавихгүй байсан би гараа татсан чинь унасан. Тэгээд би буцаад хашаа руугаа орсон чинь ******* гэх эмэгтэй манай хамтран амьдрагч ******* руу газраас нэг юм аваад шидсэн дух хэсгийн хөмсөгний голд нь оносон..гэх мэдүүлэг(хх-ийн 42-43),

Иргэний нэхэмжлэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш нийт 217,356 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн, гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг(хх-ийн 36-37),

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Маралын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 580 дугаартай

1.*******-н биед хөмсөгний голд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт(хх-ийн 55-56),

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 64-66/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 59-60/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76/,шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 79/, депозит дансны хуулгууд /хх-ийн 80-85/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 17 тоот хашаанд хүүхдийн биед халдсан гэх шалтгаанаар иргэн *******тай маргалдаж, улмаар газарт байсан шилэн пааланг авч, түүн рүү чиглэлтэй шидэж, биед хөмсөгний голд шарх гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн...Би хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг/хх-ийн 69-70/,

Хохирогч ...******* гэх эмэгтэй над руу газраас нэг юм аваад шидсэн чинь миний дух хэсэгт оноод цус гарсан...духандаа 7 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг(хх-ийн 23-25)

Гэрч .. . ******* гэх эмэгтэй миний толгойг хагалчихлаа гэхээр нь гэртээ очсон чинь дух хэсгийн хөмсөгний голд нь шарх үүссэн байсан...гэх мэдүүлэг(хх-ийн 39-40),

Гэрч *******ын..******* руу газраас нэг юм аваад шидсэн зүйл нь дух хэсгийн хөмсөгний голд нь оносон..гэх мэдүүлэг(хх-ийн 42-43)

Иргэний нэхэмжлэгч*******ын...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш нийт 217,356 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул  гэм буруутай этгээдээс гаргуулах...гэх мэдүүлэг(хх-ийн 36-37) болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Маралын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 580 дугаартай.. биед хөмсөгний голд шарх гэмтэл тогтоогдлоо.. хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт(хх-ийн 55-56),

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******г  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч биед хөмсөгний голд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 55-56/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******  нь  хохирогч   бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч  нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 217,356 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс  217,356 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000  төгрөгөөр торгох ял оногдуулах... гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингис.. шүүгдэгчийн асрамжид 2 хүүхэд нь байдаг, асаргааны мөнгө сар бүр 300000 төгрөгийг авдаг,  гэм буруу, хэргийн зүйлчлэл маргахгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаж байгаа тул тухайн зүйл ангид заасан торгох ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлж өгнө үү ... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх , хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал,  /түүний төрсөн хүү нь онош F73, оюуны маш гүнзгий хомсдол  өвчний учир байнгын асаргаа шаардлагатай, төрсөн хүү нь онош F727, G402, өвчний учир хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай, мөн бага насны 2 хүүхэдтэй, гэр бүлийн хүн нь барилгын ажил хийдэг тодорхой орлоготой / *******гийн асаргаанд түүний 2 хүүхэд байдаг талаар Халамжийн нэгдсэн систем лавлагаа, тодорхойлолтын маягт, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд ба иргэний тодорхойлолт, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хурц ирмэгтэй 4х7 см цагаан шаазан зүйлийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

Шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гээс 217,356 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хурц ирмэгтэй 4х7 см цагаан шаазан зүйлийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Ч.БАЙГАЛМАА