2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар  2025/ШЦТ/303

 

 

 

 

 

 2025          01        27                                         2025/ШЦТ/303

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Э.Булганчимэг шүүгдэгч  Х.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эд холбогдох эрүүгийн “ххх”   дугаартай, 185/2024/1180/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, ххх  тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.Э,

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Х.Э нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ххх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” тайчих баараны лифтэнд  хохирогч А.Гыг  муухай харлаа гэх шалтгаанаар  маргалдаж, зодож түүний биед зүүн, дээд, доод зовхи, хамар, нуруу, зүүн мөр, өгзөг, шилбэнд цус хуралт, баруун зулай, духны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар хүзүүнд зулгаралт  гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                            

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1. Шүүгдэгч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Гын:…2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21:00 цагийн орчим ххх дүүргийн 1 дүгээр хороо ххх тайчих бааранд ажил дээрээ ирсэн. Тэгээд хамгийн сүүлийн үйлчлүүлсэн хүмүүс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд гарсан байх тэгээд бид нар тарах гээд би хувцас солих өрөөнд хувцсаа солиод харих гээд байж байсан. Удалгүй 08 цаг 20 минутын орчим 21 давхар ххх тайчих баарнаас доош лифтээр буух гэж байхад манай ажлын газрын Э гэх бүжиглэдэг нэртэй эмэгтэй юундаа муухай харсан. Гэхээр нь би хэн чам руу муухай харсан юм гэж хэлэхэд чи Н өмөөрөөд чамд ямар ч хамаагүй асуудал, чи тэгж болохгүй шүү дээ гэх мэтээр лифтэнд маргалдаж байгаад би сүүлд нь менежер чамд сайн хандаад байгаад нь битгий хөөрөөд байгаарай гэж хэлээд лифтнээс буугаад цуг алхаж явж байснаа гэнэт миний баруун талаас үснээс зулгааж унагаад, дээр суугаад хэл амаар доромжлонгоо миний нүүр толгой хэсэгт хоёр гараараа ээлжлэн 10 гаран удаа цохьсон. Тэгээд хажуугаас нь хэнийг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч нэг эмэгтэй андаа одоо боль, босоо гээд босгосон. Тэгэхээр би босож ирээд толгой аймар өвдөөд толгойндоо хүрэхэд баруун нүднээс хойш хуйх хэсэгт хавдсан байсан гэх мэдүүлэг. /хх-н 10 дугаар тал/,

  2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Аны:...би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай ажил дээр Н, Э гэх 2 эмэгтэй хоорондоо үл ойлголцоод маргалдаж байсан. Тэгээд би очоод Н.Э хоёрын маргааныг зогсоогоод тек ороод хувцсаа аваад буцаж иртэл Г, Э 2 маргалдаад үсдэлцсэн. Тэр үед би очоод салгаад болсон зүйлийг лавлахад Н, Э маргаанаас болоод Г, Э 2 маргалдаж зодолдсон байсан. Би тэгээд салгаад явуулсан. Г болохоор уйлаад цагдаа дуудна гээд үлдсэн. Тухайн үед Э, Гхоёр согтуу байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

          2.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын         24-ний өдрийн №13766 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

           1. А.Гын биед зүүн дээд, доод зовхи, хамар, нуруу, зүүн мөр, өгзөг, шилбэнд цус хуралт, баруун зулай, духны хуйханд зөөлен эдийн няцрал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

           5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт. /хх- ийн 26-27 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч А.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн  10 дугаар тал/, дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  19 дүгээр тал/, гэрч Б.Аны мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ххх дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/-д авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

          3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.

     Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

    Шүүгдэгч Х.Э нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ххх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх тайчих баараны лифтэнд  хохирогч А.Гыг  муухай харлаа гэх шалтгаанаар  маргалдаж, зодож түүний эрүүл мэндэд зүүн, дээд, доод зовхи, хамар, нуруу, зүүн мөр, өгзөг, шилбэнд цус хуралт, баруун зулай, духны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар хүзүүнд зулгаралт  гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч А.Гын:…Нинаг өмөөрөөд чамд ямар ч хамаагүй асуудал, чи тэгж болохгүй шүү дээ гэх мэтээр лифтэнд маргалдаж байгаад би сүүлд нь менежер чамд сайн хандаад байгаад нь битгий хөөрөөд байгаарай гэж хэлээд лифтнээс буугаад цуг алхаж явж байснаа гэнэт миний баруун талаас үснээс зулгааж унагаад, дээр суугаад хэл амаар доромжлонгоо миний нүүр толгой хэсэгт хоёр гараараа ээлжлэн 10 гаран удаа цохьсон. Тэгээд хажуугаас нь хэнийг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч нэг эмэгтэй андаа одоо боль, босоо гээд босгосон. Тэгэхээр би босож ирээд толгой аймар өвдөөд толгойндоо хүрэхэд баруун нүднээс хойш хуйх хэсэгт хавдсан байсан гэх мэдүүлэг. /хх-н 10 дугаар тал/,

  - гэрч Б.Аны:...би 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай ажил дээр Н, Э гэх 2 эмэгтэй хоорондоо үл ойлголцоод маргалдаж байсан. Тэгээд би очоод Н, Э хоёрын маргааныг зогсоогоод тек ороод хувцсаа аваад буцаж иртэл Г, Э 2 маргалдаад үсдэлцсэн. Тэр үед би очоод салгаад болсон зүйлийг лавлахад Н, Э маргаанаас болоод Г, Э 2 маргалдаж зодолдсон байсан. Би тэгээд салгаад явуулсан. Г болохоор уйлаад цагдаа дуудна гээд үлдсэн. Тухайн үед Э, Г хоёр согтуу байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

          2.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын         24-ний өдрийн ххх дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

           1. А.Гын биед зүүн дээд, доод зовхи, хамар, нуруу, зүүн мөр, өгзөг, шилбэнд цус хуралт, баруун зулай, духны хуйханд зөөлен эдийн няцрал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

           5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт. /хх- ийн 26-27 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгааг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

           Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Х.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Х.Эд нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүхээс шүүгдэгч Х.Эыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

           Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлахад  хохирогч А.Г нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт, гаргаж өгөөгүй тул хохирогч А.Гыг цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй нь болохыг дурдах нь зүйтэй байна.

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Х.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

       2. Шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5.Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

            6. хохирогч А.Г нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ