Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/138

 

 

 

 

 

 

   2021             2              2                                          2021/ДШМ/138

 

 

Б.Б-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг  даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

цагаатгагдсан этгээд Б.Б-ын өмгөөлөгч П.Дэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/765 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-од холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгуулж, энэ өдөр шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Баяраагийн Б-, 19....... оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, ..........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .................../;

2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Б.Б- нь 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд Т.Тийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ыг цагаатгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- нь нийт 1343 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж, Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болсон шөнө хоригдол Б- гадуур сэлгүүцэж, архидан согтуурч, хүүг минь банзаар цохиж алсан болох нь мөрдөн байцаалт, шүүх эмнэлгийн анхны дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, гэмтлийн ул мөр зэргээр нотлогдож байгаа гэж ойлгосон. Төмөр замтай холбож осол болгох боломжгүй байхад тэр шөнө явсан галт тэрэгнүүд тэр замаар туулж өнгөрсөн л бол осол болоогүй гэдэг нь ганцхан өгүүлбэрээр тайлагдана. Хэн, хаанаас, яаж миний хүүхдийг хөнөөв. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 716 дугаартай цагаатгах тогтоол гарахад шүүх хуралдаанаа хийж чаддаггүй, хариуцлагагүй анхан шатны шүүхийн шүүгч нараас татгалзаж 2 удаа гомдол гаргасан. Энэ нь хэргийн хувь заяанд муугаар нөлөөлжээ гэж ойлгож байна. Гэмт хэрэгтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ч 4 жилийн хорих ял авсан хүн гадуур ажилд гарсан байсан нь хуулийн дагуу зөв зүйл үү. 2012 оны 8 дугаар сарын 30-ын өдөр хүн амины хэрэгт холбогдуулан 1343 хоног цагдан цагдан хоригдсон гэж тэмдэглэсэн байна. Өнөөх эдлэх ёстой 3 жил 6 сар нь хаачсан юм бэ. Анхан шатны шүүх удаа дараа цагаатгах тогтоол гаргаад байгаа нь хэргийг үнэн зөв шийдүүлэхгүй шалтгаан, ашиг сонирхол давамгайлж байна гэж үзэхээр хардлага төрүүлж байна. Эсхүл санамсаргүй үйлдэл үү. Энэ цагаатгах тогтоолыг уншаад ч ойлгохгүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож мөн хэргийн харьяалал өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 765 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийг урьд нь шийдвэрлэж байсан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 716 дугаартай мөн шүүхийн цагаатгах тогтоолыг хуулбарлан 1 гэрчийн мэдүүлэг болох шинжээч Б.Бадрахын мэдүүлгийг хасаж, Л.Эрдэнэбилэг, С.Энхтуяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг, шинжээч Даваасүрэн, Цэцэгмаа нарын мэдүүлгийг нэмснээс өөрөөр ямар нэгэн өөрчлөлт байхгүйгээр үг өгүүлбэр, үсэг, цэг бүгд ижил байдлаар хуулбарлан бичиж хэргийг цагаатгасан байна. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан шүүх хуралдаанаас гарсан шийдвэр хуульд заасан хугацаанд гараагүй төдийгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэл ам хийж байж 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгч надад шуудангаар илгээснийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ыг цагаатгасугай” гэжээ. Тогтоолын тодорхойлох хэсэгт: “... хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдал бий болгож, няцаагдаж байна. “Б.Б- нь амь хохирогч Т.Тийг цохиж, зодсоны улмаас нас барсан гэх үйлдэл тогтоогдохгүй, хүнийг алах гэмт хэргийн шинжгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ. Шүүхийн дүгнэлтээр хүнийг цохиж зодож болно гэдгийг зөвшөөрч, “зодуулсан нь хохь, амь насаа аврахгүй яасан юм бэ” гэдэгтэй утга нэг өгүүлбэр бичиж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Хүний эрхийг дэндүү хөсөрдүүлж, бараг зугтаагаад гэртээ харихгүй яасан юм бэ гэсэн байдлаар хандсанд хохирогч болон түүний гэр бүлийн гишүүд шүүхэд итгэх итгэл алдарч хууль хяналтын байгууллага өндөр албан тушаалтны ах дүү нарт ингэж үйлчилж, жирийн нэг ядарсан хүний хүүхэд ийм үйлдэл хийсэн бол аль хэдийн яллаад явуулчихсан байгаа гэж гомдоллож байгаа нь үнэний ортой гэж өмгөөлөгчийн хувьд сэтгэл эмзэглэж байна.

Гэмт хэргийн шинжгүй гэдэг ойлголт нь огтоос гэмт хэрэг гараагүйг ойлгохоос эргэлзээтэй гэж үзэж гэмт хэргийн шинжгүй гэж тайлбарлаж хууль хэрэглэж байгаа нь алдаатай болсон гэж үзэж байна. Учир нь, Б.Б- нь 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ял эдэлж байх хугацаандаа согтуугаар 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Т.Тийг зодож амь насыг нь хохироосон үйлдэл хэрэгт авагдсан гэрч, хохирогч Эрдэнэбилэг, гэрч Соёмбо, гэрч, яллагдагч С.Дөлгөөн, гэрч, яллагдагч Б.Ганзориг, гэрч Батжаргал нарын мэдүүлгээр “...хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан, намайг харахад Б- талийгаачийг цохиод авсан, Эрдэнэбилэгийг илүү гэмтээж нас барах байх гэж тэгж бодох нөхцөл байсан” гэх мэдүүлэг, “Т-ийг миний харснаар Б- дээр нь гараад суучихсан байсан нь үнэн, Б-ыг салахад талийгаач хэвтээд үлдсэн, Б- 1 удаа очоод алгадсан, анх Б-ыг салгахад талийгаач дээшээ харсан байдалтай үлдсэн, чи намайг таньж байна уу” гээд Т-ийг эргэж харахад Б- нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон, дээр нь суугаад нүүр рүү нь цохиж байсан, талийгаачийг нэг удаа толгойн тус газар цохиод, угсруулаад толгой, нүүр орчим цохиод авсан” гэх маш олон удаагийн үйлдэл энд яригдаж байна гэтэл шүүх энэ болгоныг тогтоолдоо бичсэн атлаа эргэлзээтэй нөхцөл байдал бий болгож няцаагдаж байна гэсэн дүгнэлт хийсэн нь өрөөсгөл ташаа дүгнэлт болсон. Т-ийг Б- зодсон, зодуулсан газраа хөдөлгөөнгүй хэвтэж байсан, түүний дэргэд хашааны банз сугарсан байсан, “чи бос” гээд нүүр рүү алгадаад байсан гэх мэдүүлгүүд нь дээрхи олон удаагийн зодуураас болж өөрийгөө хамгаалах боломжгүй байдлыг илтгэж зодуулсан газартаа амь насаа алдсан гэж үзэхээр байгаа юм. Зодооныг их хурдан хугацаанд буюу 10-15 минутад болсон гэж мэдүүлдэг. Гэтэл Б-, Соёмбо, Ганзориг, Дөлгөөн нар үүрийн 04 цаг 50 минут хүртэл хаана байв гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй. “Энэ хугацаанд тэд үлдсэн архиа хуваан ууж зодоон болсон гэх “Соёмбо” дэлгүүрийн гадаа нилээн удаа хугацаанд ярилцаж суусан” гэх мэдүүлгийг Дөлгөөн өгдөг. Энэ хугацаанд талийгаачийн талаар юу гэж ярих талаар тэд ярилцаж эцэстээ Сэлэнгэ явах үедээ суудлын цагийг тааруулж цогцос олдсон газар аваачсан байх үндэслэлтэй. Гэтэл ямар үндэслэлээр цогцос тээвэрлэгдсэн байх үндэслэлгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэс болгоод байгааг ойлгохгүй байна. Учир нь, цогцос 18-25 км газар зөөвөрлөгдөж аймгийн нэгдсэн эмнэлгийн цогцос хадгалах газар авчирч задлан хийсэн байгаа. Тэгвэл зөөвөрлөгдөөгүй гэсэн дүгнэлт ор үндэслэлгүй болох нь үүгээр давхар нотлогдож байна.

П.Энхбатын “... 04 цаг 50 минутын үед Шаамараас гарч 5 цаг 30 минутын үед Сэлэнгэд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Отгонбаатарын “... 5 цаг 10 минутад вагон өнгөрсөн, 6 цаг 36 минутад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүд хоорондоо цаг хугацааны хувьд нарийн холбоотой, тэр тусмаа талийгаачийн цогцсыг төмөр замд осолдсон болгож тэнд тавьж өөрсдөө Сэлэнгэ рүү явсан байх логик уялдаа холбоотой юм.  Тус сумын хэсгийн цагдаа П.Буяндэлгэр   4 дүгээр хавтас хэргийн 148 дугаар талд “... ямар ч байсан нэг гар нь дэлгээстэй байсныг биеийнх нь дагуу болгосон...” гэж мэдүүлдэг. Хэрэв хүүр хөшсөн байсан бол хэзээ ч гар биеийг нь дагуулж тавих боломжгүй. Энэ байдал нь талийгаачийн бие хөрөөгүй дөнгөж авчирч тавьсан байх нөхцөл байдлын талаар анхаарч үзээгүй. Тэгвэл шүүх гол гол гэрчүүдийн мэдүүлгийг тогтоолд огт дурьдаагүй, өмнөх цагаатгах тогтоолд бичигдсэн байсан. Шинжээч Бадрахын мэдүүлгийг энэ тогтоолд бичээгүй хассан, гэрч Буяндэлгэр, Батчимэг, Ганцэцэг нарын мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлж байгааг тодорхойгүй үлдээсэнд гомдолтой байна. Аливаа зүйлс хийсвэрээр бус хүний ам дамжсан яриа үнэний ортой гэж үздэг. Ганцэцэг, Батчимэг нарын мэдүүлгээр “үүр цайх үеэр хэдэн хүн нэг хүнийг дамжилж явж байсан” талаар мэдүүлдэг. Гэтэл гэрчүүдийг хамгаалаагүйгээс болж өмнө нь мэдүүлж байсан зүйлээ дам сонссон мэтээр хэлдэг боловч энэ нь үнэний ортой. Яагаад гэвэл талийгаачийн өмсөж явсан пүүзэнд цус илэрсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хэрэв талийгаач зөөвөрлөгдөөгүй байсан бол бороотой, шавар шавхайтай тийм газар цус арилах боломжтой. Мөн 2 дугаар хавтас хэргийн 159 дүгээр талд авагдсан 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2/003/179 тоот байцаагчийн дүгнэлт, 10 дугаар хавтас хэргийн 5 дугаар талд Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн Яамны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10/-а/1082 шинжээчийн дүгнэлтийн тухай, 2 дугаар хавтас хэргийн 45 дугаар талд байгаа Улаанбаатар төмөр замын хяналтын албаны 2013 оны 2 дугаар сарын 2/21 дүгнэлтүүдийг хэрхэн үнэлж байгаа талаараа дүгнэлт өгөөгүй, тогтоолд огт дурьдаагүй орхигдуулсан. Энэ дүгнэлт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт мөн юм. Төмөр замын дэргэд цогцос олдсон цаг хугацаа суудлын болон бусад галт тэрэг явж өнгөрсөн хугацаатай огт авцалдахгүй байгаа нь вагонд мөргүүлэх, шүргүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нотолж байна. Тиймээс шүүх хэрэгт авагдсан 1 хавтас хэргийн 14 дүгээр талд авагдсан галт тэрэгний хувиарыг үнэлээгүй төдийгүй энэ талаар нэг үг, үсэг ч дурьдаагүй. Шинжээч Б.Даваасүрэнгийн 2 удаагийн дүгнэлтээр “... талийгаачийн толгойн оройд үүссэн гэмтэл нь босоо, эсвэл хэвтээ хөдөлгөөнгүй байдалд толгойн чанх дээрээс тэгш гадаргуутай зүйлээр цохиж үүсгэсэн. Хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” гэсэн байна. Хэрэв гэлт тэргэнд дайрагдсан болон шүргүүлсэн, мөргүүлсэн тохиолдолд хүн галт тэрэгний рэйс төмөр дээр гараа дэлгээд хэвтэх боломжгүй. Галт тэрэг явах үед ямар ч саад тотгор болох зүйл байгаагүй гэж галт тэрэгний машинч Дархансүх гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Төмөр замын мэргэжлийн шинжээч Бадрахын 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2/003/179 тоот дүгнэлтэд 80км/цаг хурдтай явж байгаа галт тэргэнд хүн мөргүүлэх%, шүргүүлэх тохиолдолд ийм байдалтай үлдэх боломжгүй гэж дүгнэсэн байдаг. 1 дүгээр хавтас хэргийн 167 дугаар талд шинжээч эмч Даваасүрэнгийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Толгойн оройн хэсгийн шарх язарч урагдсан, зах ирмэг нь тэгш бус салбарсан нь юманд цохигдож огил татагдсан байх боломжтой, гавал ясны цөмрөлт нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, харин толгойн оройн хэсэгт үүссэн цөмрөлт нь дахин нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтэл нь эхний гэмтлийн дараа үүсгэгдэх үндэслэлтэй. Учир нь цөмөрсөн хугарлын завсар зүүн болон урд хэсгээрээ ус болон шороорхог зүйл хавчуулагдан бохирлогдсон байсан” гэжээ.

Үүнээс үзэхэд талийгаачийн зодуулсан, зодуулаад тэндээ хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэх газарт маш их шавар шалбаагтай байсан нь хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Харин цогцос олдсон гэх газар шавар болон шороорхог зүйл байхгүй нь фото зургаас тодорхой харагдана. Б-од зодуулсан газраа амь насаа алдсан гэдэг нь тодорхой байна. 1 дүгээр хавтас хэргийн 191 дүгээр талд Б.Ганзоригийн “... талийгаачийг Б- л цохьсон, хаашаа зугтсан талаар мэдэхгүй...”, 45 дугаар талд Соёмбын “... Т-ийн дээр Б- сууж байхаар нь сугадаад холдуулсан. Т- дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан. Буцаж ирэхэд Т- доошоо харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтээд байсан...”, 53 дугаар талд “... нөгөө хэдийг салгачихаад ирэхэд хашааны дэргэд дээшээ хараад хэвтээд байсан...”, 54 дүгээр талд “... дээшээ хараад хэвтээд үлдсэн шүү дээ...” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтас хэргийн 75 дугаар талд Батжаргалын “... Б- замын хажууд байж л байсан. Талийгаач ч гэсэн байсан газраасаа хөдлөөгүй...” гэх мэдүүлэг зэргээр талийгаачийг шөнийн 3 цаг гэхэд алга байсан гэж мэдүүлдэг анхны галт тэрэг үүрээр 04 цаг 50 минутад Шаамар сумын галт тэрэгний станцад ирж хөдөлсөн байдаг. Б- нар Энхбат гэдэг айлд 04 цаг 50 минутад очсон талаар мэдүүлдэг. Тэгэхээр вагоны цагын хувиарыг шүүх анхаарч үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан нь дээрхи байдлыг тогтооход ач холбогдолтой байсан. 4 дүгээр хавтас хэргийн 148 дугаар талд П.Буяндэлгэрийн “... ямар ч байсан нэг гар нь дэлгээтэй байсныг биеийнх нь дагуу болгосон...” гэж мэдүүлдэг. Хүүр хөшсөн байсан бол тухайн үйлдлийг хийх боломжгүй болно. Энэ нь талийгаачийн бие хөрөөгүй, дөнгөж авчирч тавьсан байх боломжтой нөхцөл байдлыг харуулж байна. 1 дүгээр хавтас хэргийн 70 дугаар талд “... хашаа налаад хөл дээрээ явган сууж байсан, хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан. Тэр банзны урд талд нь сууж байсан талийгаачийн доошоо хараад хэвтэж байсан газрыг Соёмбо заав” гэсэн байгаа. Энэ мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн 14 дүгээр хуудаст “... Т- биедээ хүнд гэмтэл авсны дараа бие даан хөдөлгөөн хийх, ухамсарт зорилтот хөдөлгөөн хийх “Соёмбо” дэлгүүрийн урдаас талийгаачийн цогцос олдсон гэх хүртэл зайд зорчин явах боломжгүй болох нь тогтоогдож байна. ...” гэжээ. Шүүх талийгаачийн өмсөж явсан баруун талын хөлийн пүүз дээр цус илэрсэн байгааг анхаарч харьцуулан дүгнэлт хийх ёстой байсан. Хэрэв талийгаач өөрөө явсан бол тухайн өдрийн бороо болон шавар шалбаагт цус арилах боломжтой байсан. Үүгээр талийгаач зөөвөрлөгдсөн болох нь тодорхой батлагдаж байна. Шинжээч Ганболдын мэдүүлэгт “... гэмтэл аваад уначихсан, хэвтээ байрлалд байхад хохирогчийн пүүк цусаар бохирлогдох боломжгүй...” гэсэн мэдүүлэг болон цогцос олдсон газарт цус илрээгүй нь мөн цогцос зөөвөрлөгдсөн болохыг илэрхийлж байна. Талийгаачийн хувцсанд үүссэн гэмтлийн талаар 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2897 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... хэргийн эд мөрийн баримтын талаар анхаарч шалгах зайлшгүй шаардлагатай...” гэж заасан боловч үүнийг шалгаж тогтоогоогүй нь магадлалын заалтыг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Цагаатгах тогтоолд эд мөрийн баримтын талаар нэг ч үг дурьдаагүй. Тогтоолд дурьдагдсан олон гэрчүүдийн мэдүүлгийг шүүх яаж, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа, эсхүл үнэлэхгүй байгаа шалтгаанаа дэлгэрэнгүй бичих ёстой атал гэмт хэргийн шинжид тохирохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг цагаатгасанд гомдолтой байна. Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Б-ыг нийт 1343 хоног цагдан хоригдсон талаар дурьджээ. Б- нь 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэгдээд энэ ялаас 6 сарыг эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар 5 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан тогтоол байдаг. Өөр шүүгчийн захирамжийг олж хараагүй. Б- өөрийн урьд үйлдсэн хэрэгтээ гэм буруутайд тооцогдон 4 жил хорих ял шийтгүүлсэн ялаа эдэлсэн болохоос биш цагдан хоригдоогүй. Энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ хүнд ял завшуулсан гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, гэм буруутайг тогтоолгохоор буцааж өгнө үү. ...” гэв.  

Цагаатгагдсан этгээд Б.Б-ын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан байдаг. Иймд хуулийг ямар нэгэн байдлаар зөрчиж цагаатгах тогтоол гаргаагүй гэж үзэж байна. Өмнө нь уг хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэхэд эд мөрийн баримт алга болсон талаар хэлэлцсэн байдаг. Ямар шатанд яаж алга болсон, ямар арга хэмжээ авсан талаар албан ёсны албан бичгүүд хэрэгт авагдсан байгаа. Эд мөрийн баримтыг алга болгосон хүмүүст нь хариуцлага оногдуулсан байдаг. Мөн Б.Б-ын цохилтын улмаас талийгаач нас барсан, цогцос хөдлөөгүй гээд байдаг. Цогцсыг олсоноос хойш Улаанбаатар хот руу тээвэрлэж авчирсан асуудал дээр шинжээчийн дүгнэлт гараагүй. Амь хохирогчийг гэмтэл авснаас хойш цогцос олдсон хүртэл тээвэрлэгдээгүй талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Энэ хэрэгтэй холбоотой 3 дүгнэлт гарсан. Ямар нэгэн хууль зөрчөөгүй гарсан дүгнэлтүүд байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд Т.Тийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар шүүхийн харъяалал тогтоосны дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, “Б.Б- нь амь хохирогч Т.Тийг гараараа нүүр, толгой орчимд нь цохиж зодсон үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх боловч амь хохирогч Т.Тийн амь нас хохироход хүргэсэн гэмтлийг гараар цохих, зодох зэрэгт учруулах боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэнд тусгасан, мөн гэмтэл авсны дараа ухамсарт, зорилтот хөдөлгөөн хийх, дурьдсан зайд бие даан зорчих боломжгүй зэрэг дүгнэлтүүд гарсан байх тул ... хүнийг алах гэмт хэргийн шинжгүй байна” гэж дүгнээд цагаатгах тогтоол гаргаж, Б.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

Энэ хэргийг урьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй байхад хэргийг шийдвэрлэж, цагаатгах тогтоол гаргасан нь буруу гэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ДШМ/181 дугаартай магадлалын заалт биелэгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, дахин цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй болсон байна.

Уг магадлалд хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоогоогүй тухай зааж, зарим шаардлагатай ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Сүхбаатарын чиглэлийн төмөр замын хашаан дотор рейс төмрийн дэргэд нас барсан хүний цогцос олдсноор мөрдөн шалгах ажиллагаа эхэлж, хэргийн газрын анхны болон нөхөн үзлэг хийж /1 хх 15-22, 4 хх 130/, шинжээчээр цогцсонд үзлэг хийлгэсэн боловч “хүүрийн толбо”-ыг дурьдаагүйгээс нас барсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй болсон, энэ талаар шинжээч Б.Даваасүрэн “гэмтлийг хүн өөрийн гараар цохиж үүсгэх боломжгүй хүчтэй мохоо хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн, гол нь маш хүчтэй зүйлийн үйлчлэл. Энэ гэмтлийн тохиолдол биеэ аваад өөрөө явах боломжгүй, энэ үхэлд хүргэх гэмтэл, амьд байх хугацааны хувьд хүний биеийн онцлогоос шалтгаалж янз бүр байдаг, амьд байх хугацааг тодорхойлох боломжгүй” гэж мэдүүлсэн /1 хх 167/, улмаар зарим шаардлагатай хүмүүсийг олж мэдүүлэг авахад Л.Эрдэнэбилэг хохирогчоор “талийгаачтай 21 цаг 30 минутын үед вокзал дээр Улаанбаатар явах вагон явахад тааралдаад хамт пиво уухаар болж, хоёр том пиво уусан. Бадам-Очир, Шинэбаяр хоёртой тааралдаад Ганзам дэлгүүрээс хоёр пиво авч уусан. Нэг үлдэхээр нь талийгаач бид хоёр авч явж талийгаачийн хашааны гадаа уусан. Гадаа талийгаач шээж байтал Б- ирээд чи намайг таних уу гээд шанаа руу нь хоёр удаа цохьсон. Би салгасан. Ганаа, Дөлгөөнөө хоёр ирээд намайг зодож эхэлсэн. Арваад минут болсон. Энэ үед Соёмбо ирж бас салгаж байсан. Тэгээд эвлэрээд тал шил архи уусан. Би Соёмбоос талийгаачийг асуутал төмөр зам гараад явсан гэхээр нь гэртээ харьсан гэж ойлгосон” /1 хх 29/, Б.Соёмбо гэрчээр “...Т- нь шууд босоод хар зам дагуу чиглэлтэй гүйж явснаа даялаад төмөр замын тор даваад явчихсан. Тэгээд удаагүй төмөр замын чулуунууд хүн явахаар дуугардаг шиг дуу гарсан. Тэгээд цаашаа ямар нэгэн чимээ сонсоогүй” /1 хх 49/ гэж мэдүүлсэн ба Б.Соёмбын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийж /1 хх 55, 4 хх 121/, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах /1 хх 100, 102/, цогцсонд задлан шинжилгээ болон хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор дүгнэлт гаргуулж /1 хх 159, 165, 172, 214, 2 хх 146, 172, 5 хх 162, 7 хх 119/, Б.Б-ыг танхайн сэдэлтээр хүнийг алах, Б.Ганзориг, С.Дөлгөөн нарыг бүлэглэн танхайрах гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан мэдүүлэг авах зэрэг тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хийх явцдаа Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой талийгаач нас барсан эсэхийг холбогдох гэрч нарын мэдүүлгийг авах, шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд гаргуулах /1 хх 81, 85-100, 107, 108-117, 181, 193, 2 хх 159, 170, 174, 5 хх 48, 7 хх 20/ зэргээр шалгасан байна.

Эдгээр нотлох баримтуудыг үндэслэж прокуророос шүүгдэгч Б.Б-ыг “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг байрлах Соёмбо дэлгүүрийн урд  Т.Тийг алсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангаагүйгээс гадна тухайн хэрэгт нотолбол зохих зүйлийг нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б- нь амь хохирогч Т.Тийг тухайн дэлгүүрийн урд зодсон, үүний улмаас хохирогч нас барсан бол яагаад 180 метрийн зайд төмөр замын хажуугаас олдсон, зөөвөрлөгдсөн эсэх, нас барсан шалтгааныг гавал тархины хүнд гэмтлийн улмаас шууд үхэлд хүргэсэн гэж шинжээчийн дүгнэлтийг хэрхэх, нэр бүхий гэрч нар худал мэдүүлэг өгсөн эсэх, цогцсонд үзлэг хийхдээ яагаад хүүрийн толбыг тодорхойлоогүй болох, эд мөрийн баримт хэзээ аль шатанд хэрхэн яаж алга болсон зэрэг тодорхойгүй, үр дүн муутай мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна.

Түүнчлэн хорих ял эдэлж байсан этгээд яагаад сул чөлөөтэй гадуур явж байсан эсэх, энэ талаар хянагч П.Батбаяр “хоёр хүнтэй уулзаж байснаа өөрөө алга болсон байхаар нь  буцаад орсон байх гэж бодсон, би чөлөө өгөөгүй” /1 хх 84/ гэж, хорих ангийн дэд дарга С.Отгонбаяр “хянагч П.Батбаяр дур мэдэн чөлөө өгсөн байсан” /1 хх 83/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны /684 дугаар тушаалаар хянагч П.Батбаярыг ажлаас халсан /2 хх 203/ зэрэг баримт авагдсанаас гадна тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ДШМ/181 дугаартай магадлалд иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татан оролцуулах талаар заасан байхад үл хайхарч, иргэний хариуцагчаар татах тухай тогтоол хавсаргаснаас өөр ажиллагаа яагаад хийхгүй байгаа, эд мөрийн баримтыг мөн өмнөх магадлалд хэрхэхийг тодорхой заасан байхад хуулийн байгууллагууд өөр хоорондоо албан бичиг шилжүүлсэн төдийгөөр магадлалд заасныг биелүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргахдаа өмнө гаргасан хүчингүй болсон цагаатгах тогтоолд заасан үндэслэлээ дахин зааж, “Б.Б-ыг амь хохирогч Т.Тийн амь насыг хохироосон, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй” гэсэн утга агуулгын зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй төдийгүй цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасныг ханаагүй гэж үзнэ.

Энэ хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 94 дугаартай тогтоолоор “...Б.Б-, Б.Ганзориг, С.Дөлгөөн нар нь амь хохирогч Т.Т, хохирогч Л.Эрдэнэбилэг нарыг бүлэглэн зодсон, хохирогч Т.Т нь төмөр замын хашаан дотор нас барсан байдалтай олдсон үйл баримт тогтоогдсон атал уг хэргийг Б.Б- нарт холбогдох хэргээс тусгаарласан байна. Гэтэл мөрдөн байцаагчийн хэрэг тусгаарласан тогтоол үндэслэлтэй эсэх, энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад учруулах эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзнэ” гэж заасан болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, Б.Б-ын гэм буруутайг тогтоолгох” талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болохыг тэмдэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/765 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-од холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ