Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 27

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр

Иргэдийн төлөөлөгч Ч.Наранчимэг

Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогч Б.Зоригт

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шинжээч Т.Сэлэнгэ, Ж.Ганцэнгэл, С.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, О.Баярбаясгалан, Д.Дарьсүрэн

Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 139201600044/Э/ индекстэй, эрүүгийн 201612000113 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1958 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар баг “Өвөр-Угтаал” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЗП58031012/ Агант овгийн Цэрэнгийн Эрдэнэ-Очир нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн Өвөр-Угтаалын “Давсны хошуу” гэх газар хохирогч Б.Зоригттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж аймхай тус газар нь 3 удаа өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/                                                                                                                  

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр намайг малаа хариулаад явж байхад Б.Зоригт манай гэрт машинтайгаа ирээд эхнэрт агсам тавьсан. Би түүнийг нь хараад гэртээ ирсэн. Мотоциклиосоо буухад машин нь асаалттай, хөгжим нь дуугараад юу хэлж байгаа нь дуулдахгүй өөдөөс агсраад

 

 

 

байсан. Мотоциклио унтраагаад буугаад очтол бүгдийг чинь ална, овоохойг чинь дайрна

гэхэд нь би чи юу ярьж байгаа юм гэж хэлсэн. Б.Зоригт намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан. Эхнэр дундуур орж ирээд салгах гэж байгаад гурвуулаа ойчсон. Б.Зоригтыг цагдаад мэдэгдсэн боловч цагдаа ирээгүй. Би хонио ялгах гээд айлынхаа хүнтэй хамт хонио туугаад хорооруу явсан. Б.Зоригт манай гэрийн гадна эхнэртэй ярьж сууж байгаад явсан. Явахад нь чи зүгээр үү, явж чадах юм уу гэхэд чадна, зүгээр гээд явсан гэж эхнэр надад хэлсэн. Оройны 10 цаг болж байхад буюу цагдаа дуудсанаас хойш цаг гаруй болоод явсан гэв.

 

            Хохирогч Б.Зоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр суман дээр хоёр найзтайгаа 0.75 литрийн нэг шил архи уусан. Базындаа очиж жоохон унтаж байгаад гэрлүүгээ явсан. Очиход гэр цоожтой эхнэр байхгүй байсан болохоор Ц.Эрдэнэ-Очир гуайнд очсон. Очиход Д.Алтанцэцэг эгч гэрээс гараад ирэхээр нь та нар намайг яахаараа хулгайд харддаг юм гэх мэтээр гэрийн баруун талд суугаад юм ярьж байтал Ц.Эрдэнэ-Очир гуай гарч ирээд намайг гурван удаа өшиглөсөн. Би Ц.Эрдэнэ-Очиртой барилцаж аваагүй. Босох гэтэл босож чадахгүй, бөглөчих гээд байсан болохоор нэг цаг гаруй сууж байгаад гэрлүүгээ явсан. Очоод хэвтэх гэсэн хэвтэж чадахгүй байсан. Манай эхнэр түргэн дуудахад түргэний тэрэг дуудлаганд явсан, ойрхон юм чинь өөрсдөө машинтайгаа хүрээд ир гэж хэлсэн. Эмнэлэгт очиход сувилагч өвчин намдаах тариа хийж, эм уулгасан. Тэр орой эмнэлэгт хоносон. Өглөө нь Ч.Дондог эмч үзээд “гэдэс чинь их цанхагар байна ЭХО-д харуул” гэсэн боловч дээшээ харж хэвтэж чадахгүй байсан. Саруул эмчээр ахиж өвчин намдаах тариа хийлгээд 27-ны орой аймагруу ирж, 11 цагт хагалгаанд орсон. “28-ны өглөө 3 цагт хагалгаанаас гарсан. Элгэнд чинь оёдол тавьсан 200000 төгрөг болсон” гэж Г.Бат-Орших эмч надад хэлсэн. Хохирлоо гаргуулж авбал гомдол саналгүй. Баримтаар 641600 төгрөг нэхэмжилж байгаа. Баримтгүйгээр их зардал гарсан. Надад 100000 төгрөг өгсөн. Түүнийг нь нэхэмжилсэн мөнгөнөөсөө хасна гэв.

 

            Хохирогч Б.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад би саахалт айл болох Ц.Эрдэнэ-Очирын гэрт халамцуу очиход эхнэр Д.Алтанцэцэг гараад ирсэн. Би түүнд “манай мал танай малтай нийлэхээрээ тоо нь дутдаг гэж та өчигдөр утсаар ярихдаа хэлсэн. Би танай малыг үрсэн зүйл байхгүй, тийм зүйл байгаа бол хэлдэг газар нь хэл” гэж хэлээд гэрийнх нь баруун урд сууж байтал Ц.Эрдэнэ-Очир гуай гэрээсээ миний хэлснийг сонссон бололтой уурлаж гарч ирээд миний аймхай руу гурван удаа хар өнгийн гутлынхаа хоншоор хэсгээр өшиглөсөн....” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 23-25/

 

            Гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед би гэрийнхээ хойно хонио хураагаад явж байтал манай айлын хөгшин Д.Алтанцэцэг намайг дуудахаар нь очиход гэрийнх нь зүүн урд хаяанд Б.Зоригт суучихсан, Ц.Эрдэнэ-Очир гуай хажууд нь зогсчихсон, Д.Алтанцэцэг гуай Б.Зоригтын дэргэд сууж байсан. Д.Алтанцэцэг эгч надад Ц.Эрдэнэ-Очирыг аваад гэрлүү ор гэж хэлсэн. Би Ц.Эрдэнэ-Очир гуайг гэрлүү оруулчихаад хоньруугаа явсан..намайг очиход Б.Зоргт дуугүй л сууж байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-р хуудас/

 

            Гэрч Х.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр... намайг хороонд ишиг тавьж байхад Б.Зоригт ирээд зогссон боловч машиндаа 5 минут орчим суусан. Намайг тугалаа угжиж байхад Б.Зоригт гэдсээ дарж атийсан байдалтай гэрлүү аажуухан орсон. Би гэрт ороод яасан гэхэд Ц.Эрдэнэ-Очир гуай сууж байхад өшиглөсөн, дээшээ юм бөглөх гээд байна гэхээр нь би түргэн дуудахад “түргэний машин эзгүй байна, өөрсдөө ямар нэгэн аргаар ир” гэхээр нь Б.Зоригтыг түшиж

 

машинд суулгаад эмнэлэг орж сувилагчид үзүүлэхэд өвчин намдаах тариа хийсэн… Маргааш Ч.Дондог эмчид үзүүлэхэд аймаг явж үзүүл гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/

 

            Гэрч Ч.Дондогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би Б.Зоригтыг үзсэн, үзэхэд Б.Зоригт хөдөлж чадахгүй, сууж хэвтэж чадахгүй, босоод явахдаа муухан бэгцгэр,

хөдөлгөөн муутай, хэвлий чээж хэсэгтээ зовиур ихтэй… би юу болсон талаар асуухад саахалт айлын Ц.Эрдэнэ-Очирын гэх айлынхантай маргалдаж гэдэс, аймхай хэсэгтээ өшиглүүлсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28/

 

            Гэрч Б.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б.Зоригтын биед ил харагдах гэмтэл байгаагүй, бие нь зүгээр л байх шиг харагдсан. Б.Зоригт дундын согтолттой байсан. Хэн нэгэнд зодуулсан гэж яриагүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29/

 

            Гэрч Я.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Зоригтын биед гэмтэлгүй байсан, хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй, бие нь зүгээр байгаа харагдсан, энд тэнд өвдөж байна гэж яриагүй...” гэх мэдүүлэг /1-рхх-ийн 30/

 

            Гэрч Г.Маналжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байхад манайд Б.Зоригт, Ө.Энхбаатар нар нэг шил архи барьчихсан орж ирсэн ба би тэдэнд “манайх архины оромж биш, гэртээ архи уулгахгүй” гээд загнаад гаргасан. Б.Зоригт манай хашаанд өөрийн машинаа тавьсан байсан. Машиных нь дугуйны хий суларсан байсныг өөрөө хийлээд, машинаа унаад гарсан... Б.Зоригт манайд ирэхдээ хэн нэгэнтэй зодолдсон, зодуулсан гэх зүйл яриагүй, гаднаас нь харахад биед нь гэмтэл, шарх байгаагүй, хөндүүрлэсэн, зовиурласан байдал ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31/

 

            Гэрч М.Батболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Ц.Эрдэнэ-Очир гуай надруу залгаад “Б.Зоригт ирж агсам тавиад байна, энийг ирж ав” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би өөр дуудлагатай явж байсан болохоор очиж чадаагүй. Маргааш өглөө нь би 9 цагийн үед Б.Зоригтыг гэрээс нь авч ирэхэд бие нь өвдсөн байдалтай байхаар  нь асуухад нэг их юм ярьж чадахгүй байсан. Эхнэр Х.Сувдаагаас асуухад өчигдөр Ц.Эрдэнэ-Очир гуайтай маргалдаад Ц.Эрдэнэ-Очир гуай өшиглөчихсөн гэсэн, гэдэс, чээж нь өвдөөд хөдөлж чадахгүй байгаа юм... эмнэлэгт үзүүлэхээс гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/

           

            Гэрч Г.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Б.Зоригтын биед хэвлийн дотуур цус алдсан, элэгний зүүн баруун дэлбэнгийн холбоос дагуу язарсан шархтай хэвлийн дотуур 1000 мл сул цус алдсан байсныг цус тогтоогч “гүбек” тавьж оёдлоор бэхэлж цус алдалтыг тогтоож, хэвлийн хөндийн дотор алдсан цусыг соруулж авч, угааж цэвэрлэн хэвлийн хөндийд 4 ширхэг гуурс тавьсан... Гэмтэл нь шинэ гэмтэл байсан... Б.Зоригт нь намайг сууж байхад өшиглөсөн гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

 

            Гэрч Ө.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өглөө 11 цагийн орчимд Б.Зоригттой таарсан. Би Б.Зоригтоос машины дугуй худалдаж авсан, тэгээд Б.Зоригтод нэг шил архи авч өгсөн. Түүнийгээ Засал Гамбаа ахынд очиж уусан. Тэндээсээ салаад орой 19 цаг өнгөрч байхад Б.Баярцэнгэлийн зүүн хойд талд Г.Очирын хашааны гадаа таараад байж байтал Ганбаа ирээд Б.Зоригттой муудалцсан. Хоорондоо барилцаж авахаар нь би “боль боль” гэж салгаад Б.Зоригттой хамт дэлгүүр орж нэг шил Ерөөл архи авсан. Архиа Б.Баярцэнгэл ахынд очиж ууя гээд очсон чинь Г.Маналжав эгч хөөсөн. Тэднийхээс гараад бид хоёр салаад гэр гэртээ харьсан. И.Ганбаатар, Б.Зоригт хоёр биенээ заамдаж авсан, бусдаар бол цохиж зодсон асуудал байхгүй..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-р хуудас/

            Шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 250 дугаартай дүгнэлтэд

 

1. Б.Зоригтын биед элэгний холбоос дагуу язарсан шарх хэвлийн хөндийн цус алдалт 1300 мл гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1-р хх-ийн 46/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 17 дугаартай шинжилгээний дүгнэлтэд

“1. Ц.Эрдэнэ-Очир нь сэтгэцийн ямар нэг өвчингүй.

 2. Ц.Эрдэнэ-Очир нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгч чадна.

 3. Ц.Эрдэнэ-Очир нь сэтгэц болон хөдөлмөрийн чадварын хувьд  үйлдсэн хэргээ хариуцах чадвартай”  гэжээ /1-р хх-ийн 49/

 

Шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаартай дүгнэлтэд

“ 1. Шинжээч эмч М.Баттүвшингийн гаргасан Шүүх эмнэлгийн 250  тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

  1. Б.Зоригтын зүүн гарын тохойн үений хугарал гэмтэл нь бороолж эдгэрсэн урьд нь үүссэн хуучин гэмтэл байна.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар мөчдийн ясны хугарал гэмтлүүдийг хүндэвтэр зэргийн гэмтэлд хамааруулдаг болно.
  3. Б.Зоригтын зүүн гарын хугарал нь эдгэрэл явагдаад удсан хуучин гэмтэл байна. Амбулаторийн картаас үзэхэд1990 онд групп тогтоолгосон байна.
  4. Хугарал гэмтэл бол хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгддэг болно.
  5. 7. Хугарал гэмтлийг авсан тухайн үедээ хөдөлмөрийн чадвар алдалтыг эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссоор хувь хэмжээг тогтоолгож группт орсон байна.

  8. Зүүн гарын тохойн үеэрээ хөдөлгөөнгүй бөгөөд биеэ хамгаалах үйл хөдлөлд нөлөөгүй болно.

  9. Б.Зоригтын биед учирсан хүнд гэмтэл нь бөгсөөрөө унах үед болон хажуу мөрөөрөө газарт унах зэрэг үйл хөдөлгөөний үед үүсэхгүй. Хэвлийн тус газарт өшиглөх, хүчтэй цохих зэрэг үйлдлийн үед үүснэ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 244-245/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 95/

 

             2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 200, 201, 204/ зэрэг уг хэрэгт холбогдуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэн үнэлж шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

 

            Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн Өвөр-Угтаалын “Давсны хошуу” гэх газар хохирогч Б.Зоригттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж аймхай тус газар нь 3 удаа өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь: Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн Өвөр-Угтаалын “Давсны хошуу” гэх газарт байх өөрийн гэрийн гадаа байсан хохирогч Б.Зоригтыг эхнэр Д.Алтанцэцэгт агсам тавьлаа гэх шалтгаанаар түүний чээж аймхай тус газар нь 3 удаа өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шинжээчийн 250 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 46/, шинжээчийн 185 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 244, 245/ хохирогчийн өвчний түүх ¹320 /1-р хх-ийн 76/, яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 77-90/, хохирогч, шинжээч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдлоо.

           

            Түүний гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн байна. Мөн хохирогч болон гэрчүүдийн хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо уялдаа холбоотой, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн эх сурвалж нь тодорхой байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир хохирогч Б.Зоригтын чээж, аймхай тус газарт нь өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Б.Зоригтын бие махбодид хүнд гэмтэл учирсан нь тухайн цаг хугацаанд үүссэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Болсон үйл баримтын талаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир, тухайн хэргийг харсан гэх гэрч Д.Алтанцэцэг нарын мэдүүлэг хохирогч Б.Зоригтын мэдүүлгээс зөрүүтэй тодруулбал: шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир болон Д.Алтанцэцэг нар “хохирогч Б.Зоригт агсам тавиад, эхлээд Ц.Эрдэнэ-Очирыг заамдаж авсан, зөрүүлээд Ц.Эрдэнэ-Очир Б.Зоригтыг заамдаж авахад гэрч Д.Алтанцэцэг тэднийг салгах гэж дундуур нь орохдоо газарт унахад түүний биед хохирогч, шүүгдэгч нар тээглэж хамт газарт унасан, хохирогч унахдаа хажуугаараа унасан” гэж, харин хохирогч Б.Зоригт “Ц.Эрдэнэ-Очир гуайнд очиход Д.Алтанцэцэг эгч гэрээс гараад ирэхээр нь та нар намайг яахаараа хулгайд харддаг юм гэх зэргээр гэрийн баруун талд суугаад юм ярьж байтал Ц.Эрдэнэ-Очир гуай гарч ирээд намайг гурван удаа чээж аймхай хэсэгт өшиглөсөн. Би Ц.Эрдэнэ-Очиртой барилцаж аваагүй. Өшиглүүлсний дараа босох гэтэл босож чадахгүй, амьсгаа авч болохгүй бөглөчих гээд байсан болохоор нэг цаг гаруй сууж байгаад гэрлүүгээ явсан. Очоод хэвтэх гэсэн хэвтэж чадахгүй байсан” гэж тус тус мэдүүлдэг.

 

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Одончимэг “хүн бөгсөөрөө юм уу, хажуу талаараа мөн арагшаа унахад элэг гэмтэхгүй. Учир нь элэг цуллаг эрхтэн. Сая хохирогчийн сууж харуулсан шиг байрлалд өшиглүүлэхэд энэ гэмтэл үүсэх боломжтой. Яагаад гэхээр аюулхайд элэгний холбоос хэсэг нь байдаг. Хавирганы ард, тодорхой хэмжээний цаана  байгаа ч гэсэн шууд хүч үйлчилвэл элэг язарч гэмтдэг. Элэг бол гадны хүч үйлчилж л гэмтдэг эрхтэн, хүч үйлчилсэн газартаа гэмтдэг онцлогтой. Хүч үйлчилж гэмтэл авангуутаа өвдөлт эхэлнэ. Хохирогч 2016.5.26-ны өдрөөс өмнө гэмтэл авсан гэх клиник байхгүй. Өвдөлт хэзээнээс мэдрэгдэж байна тэр хугацаанаас гэмтэл авсанд тооцно. Өөрөөр хэлбэл хохирогчийн амьсгал авч болохгүй байгаа хугацаанаас тооцож эхэлнэ. Энэ гэмтлийн гол шинж  нь амьсгал авч чадахгүй болох, хүчтэй өвдөлт өгөх шинж юм. Өрцийг агшаадаг, гэнэт хүчтэй өвдөлт эхэлдэг” гэж мэдүүлснээр шүүгдэгч болон гэрч Д.Алтанцэцэг нарын дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Хэрэг учрал болсон газарт гэрч Д.Алтанцэцэг байсан агуулгаараа түүний мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой байх нотлох баримт мөн боловч шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирын эхнэр болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би нөхөртэйгөө 1986 онд нэг гэрт орж суусан юм. Тухайн үед 2 дагавар хүүхдийн хамт сууж байсан” /1-р хх-ийн 106/ гэх мэдүүлгээр тогтоогддог бөгөөд гэрч Д.Алтанцэцэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ

 эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг эдлэх буюу эдлэхгүй байх эрхтэй ч энэ хэргийн хувьд шүүгдэгчийн болон түүний ашиг сонирхол хохирогчийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдалд байгааг үгүйсгэхгүй юм.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “… шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан, мөн хохирогч өөрийгөө өшиглөж гэмтээсэн хүн нь шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир мөн гэж нэр заан мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлгийг /1-р хх-ийн 241/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулан судлахад тухайлбал: гэрч Ө.Энхбаатарын “...2016 оны 5 дугаар сарын 26-ны Б.Зоригт И.Ганбаатар руу агсраад барилцаад авсан, тэгэхэд нь И.Ганбаатар Б.Зоригтыг түлхэхэд арагшаа унасан тэгснээ босож ирээд дахиж маргалдах гээд байхаар нь би Б.Зоригтыг аваад холдсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-р хуудас/, гэрч И.Ганбаатарын “… би түлхэхэд Б.Зоригт бөгсөөрөө газар суусан, босож ирээд дахиад дайрахаар нь түлхэхэд унаагүй арагш алхсан “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26/, гэрч Ё.Батдоржийн “…И.Ганбаатар Б.Зоригтыг нэг удаа түлхэж унагаасан нэг удаа түлхэж унагахыг харсан, нэг их хүчтэй түлхээгүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32/, гэрч Г.Маналжавын “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байхад манайд Б.Зоригт, Ө.Энхбаатар нар нэг шил архи барьчихсан орж ирсэн ба …Б.Зоригт манай хашаанд өөрийн машинаа тавьсан байсан. Машиных нь дугуйны хий суларсан байсныг өөрөө хийлээд, машинаа унаад гарсан...Б.Зоригт манайд ирэхдээ хэн нэгэнтэй зодолдсон, зодуулсан гэх зүйл яриагүй, гаднаас нь харахад биед нь гэмтэл, шарх байгаагүй, хөндүүрлэсэн, зовиурласан байдал ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31/, гэрч Б.Баярцэнгэлийн “...тэр өдрийн 18-19 цагийн хооронд манайд ирсэн, машинаа унаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29/, гэрч Х.Сувдаагийн “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед би аргал түүчихээд гэрийнхээ баруун талаас ирж байтал манай нөхөр Б.Зоригт сумаас ирээд гэрлүү орчихоод машиндаа сууж баруун урагш явсан. Тэрнээс хойш 40-өөд минутын дараа…Д.Алтанцэцэг манай гэрийн утасруу залгасан.… утсаар ярьснаас хойш 20-30 минутын дараа …Б.Зоригт гэдсээ дарж атийсан байдалтай гэрлүү аажуухан орсон. Би гэрт ороод яасан гэхэд Ц.Эрдэнэ-Очир гуай сууж байхад өшиглөсөн, дээшээ юм бөглөх гээд байна гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/, гэрч М.Батболорын “... 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Ц.Эрдэнэ-Очир гуай надруу залгаад Б.Зоригт ирж агсам тавиад байна, энийг ирж ав гэж хэлээд утсаа салгасан. Маргааш өглөө нь би 9 цагийн үед Б.Зоригтыг гэрээс нь авч ирэхэд бие нь өвдсөн байдалтай байхаар нь асуухад нэг их юм ярьж чадахгүй байсан. Эхнэр Х.Сувдаагаас асуухад өчигдөр Ц.Эрдэнэ-Очир гуайтай маргалдаад Ц.Эрдэнэ-Очир гуай өшиглөчихсөн гэсэн, гэдэс, чээж нь өвдөөд хөдөлж чадахгүй байгаа юм... эмнэлэгт үзүүлэхээс гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/, гэрч Ч.Дондогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би Б.Зоригтыг үзсэн, үзэхэд хөдөлж чадахгүй, сууж хэвтэж чадахгүй, босоод явахдаа муухан бэгцгэр, хөдөлгөөн муутай, хэвлий чээж хэсэгтээ зовиур ихтэй байсан…би юу болсон талаар асуухад саахалт айлын Ц.Эрдэнэ-Очирын гэх айлынхантай маргалдаж гэдэс, аймхай хэсэгтээ өшиглүүлсэн гэж хэлж байсан..” /1-р хх-ийн 28/ гэж мэдүүлжээ.

 

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Б.Зоригтын Ц.Эрдэнэ-Очирынд ирэх хүртэл болон Ц.Эрдэнэ-Очирын гэрээс гэрлүүгээ очих хүртэлх зарим үйл баримтын талаар мэдүүлэг хоорондоо зөрөөтэй байгаа хэдий ч тухайн өшиглүүлэх үедээ болсон үйл явдлын талаарх мэдүүлэг нь зөрөөгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Зоригт “намайг гэрийн гадна сууж байхад Ц.Эрдэнэ-Очир ирээд миний чээжин тус газарт 3 удаа өшиглөсөн” гэж тогтвортой мэдүүлжээ.

Иймд шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “хохирогчийн мэдүүлэг зөрөөтэй тул шүүгдэгч гэм буруугүй” гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хохирогч үнэн зөв мэдүүлээгүй тул худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгуулах” тухай хүсэлтээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь ач холбогдолгүй гэж үзлээ.

 

            Хэрэгт хийгдсэн шинжилгээнүүд хуульд заагдсан журмын дагуу явагдсан, эхний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг дараагийн дүгнэлт батлан нотолсон, хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий тухайн мэргэшлээрээ олон жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай, тэргүүлэх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг баримталж хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иймд шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт ял оногдуулахад харгалзан үзэх ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

             Шүүгдэгч нь хүнд гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Зоригт нь шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очироос эмчилгээний зардалд 508000 төгрөг /1-р хх-ийн 74/, шүүх хуралдаанд ирсэн замын зардалд 133600 төгрөг /1-р хх-ийн 184-187, 2-р хх-ийн 91-94/, нийт  641600 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “Ц.Эрдэнэ-Очир надад 100000 төгрөг өгсөн. Түүнийг нь нэхэмжилсэн мөнгөнөөсөө хасна” гэж мэдүүлж байх тул 100000 төгрөгийг хасч тооцон, нийт 541600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Зоригт нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 Мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирын эзэмшлийн “даюун” маркийн 2440 ДУЗ улсын дугаартай, арлын дугаар L7GPCKLY6C4051490, моторын дугаар DY162FMJ-2C1729619, спидометрийн заалт нь 295753-ыг заасан, улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очироос төлбөр гаргуулах тухай заалт биелэгдэж дуустал хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 289, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Агант овгийн Цэрэнгийн Эрдэнэ-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

           4. Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очироос 541600 /таван зуун дөчин нэгэн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж хохирогч Б.Зоригтод олгосугай.

 

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Зоригт нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очироос нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолын шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очироос төлбөр гаргуулах тухай заалт биелэгдэж дуустал мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирын эзэмшлийн “даюун” маркийн 2440 ДУЗ улсын дугаартай мотоцикль битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                      

   

 

   ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ

                               

 

                                        ШҮҮГЧИД                                  Г.МӨНХБАТ

                                                                    

 

                                                        Л.ОДОНЧИМЭГ