Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0660

 

 

 

  

      2022           09           12                                        128/ШШ2022/0660

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А******дъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Г******** ХХК /РД: /,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Г******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А******,

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгээс 106,447,772.23 төгрөгийн нөхөн татвар, 33,016,109,65 төгрөгийн торгууль, 20,185,508.91төгрөгийн алданги, нийт 159,649,390.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******, Ү.Г******, хариуцагч Б.А******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Г ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-23210000201 дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгээс 106,447,772.23 төгрөгийн нөхөн татвар, 33,016,109,65 төгрөгийн торгууль, 20,185,508.91 төгрөгийн алданги, нийт 159,649,390.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан.  

          2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2321802055 дугаар томилолтын дагуу Г ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-23210000201 дугаар нөхөн ногдуулалтын актаар Г ХХК-д 130,373,367.38 төгрөгийн нөхөн татвар, 40,420,047.49 төгрөгийн торгууль, 24,518,108.76 төгрөгийн алданги нийт 195,311,523.93 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

          3.Нэхэмжлэгч маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс нийт 3,167,634.27 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 192,143,889.65 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөл хянан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.

          Тус шүүх 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Хан-уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2321802055 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 2021 оны 8 дугаар сарын 08-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд  Г ХХК-ийн 2017-2020 татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт  хийж 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр НА23210000201 тоот нөхөн ногдуулалтын актаар 130,373,367.38 төгрөгийн нөхөн татвар, 40,420,047.79 төгрөгийн торгууль, 24,518,108.76 төгрөгийн алданги нийт 195,311,523.93 төгрөгийн төлбөрийг оногдуулсан.

          Татвар төлөгчийн зүгээс Татварын улсын байцаагчийн 23210000201 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан (Актын тэмдэглэх хэсгийн 1-т заасан) 2,262,595.91 төгрөгийн нөхөн татвар, 905,038.36 төгрөгийн торгууль нийт 3,167,634.27 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, актын тэмдэглэх хэсгийн 1-н алданги, 3, 4-т заасан зөрчилд ногдох 128,110,771.47 төгрөгийн нөхөн татвар, 39,515,009.43 төгрөгийн торгууль, 24,518,108.76 төгрөгийн алданги, нийт 192,143,889.65 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

          Уг гомдлын дагуу маргаан таслах зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, 08 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3-т заасан зөрчлийн 216,629,992.35 төгрөгийн зөрчилд ногдох 21,662,999.24 төгрөгийн нөхөн татвар, 6,498,899.78 төгрөгийн торгууль, 4,332,599.85 төгрөгийн алданги нийт 32,494,498.87 төгрөгийн төлбөрийг бууруулж, 1,584,488,644.57 төгрөгийн зөрчилд ногдох 108,710,368.14 төгрөгийн нөхөн татвар, 33,921,148.01 төгрөгийн торгууль, 20,185,508.91 төгрөгийн алданги нийт 162,817,025.06 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

          Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нөхөн ногдуулалтын акт болон түүнийг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 16 дугаар тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

          1.Актын тэмдэглэх хэсгийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн тухайд:

          Нөхөн ногдуулалтын актад 2019 оны 8-11 саруудын 1,172,929,915.85 төгрөгийн борлуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги хүлээлгэснийг Маргаан таслах зөвлөл хянаж үзээд 32,494,498.87 төгрөгийн төлбөрийг бууруулсан. Нэхэмжлэгч нь тус зөрчилд холбогдох үлдсэн 143,444,988.51 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлээ дараах байдлаар гаргаж байна. Татварын улсын байцаагчид уг зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19.4 дэх заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Тодруулбал, 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19.4-т "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж зааснаас харахад энэ зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийн тулд хүн, хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн байх хуулийн урьдчилсан нөхцөлтэй байна. Тус компани 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн ба мөн оны 8-11 саруудад Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлээгүй байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар гэрчилгээ олгосон буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн албан татварын суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулна. Захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх зарчим үйлчилдэг. Хууль зүйн үндэслэл нь холбогдох хуулийн заалтыг бичихийг шаарддаг. Энэ шаардлагын хүрээнд татварын улсын байцаагч нар хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалтыг актын тогтоох хэсэг болон тус актын хавсралт ХШ06/02 маягтын 2 дугаар мөрийн хариуцлага тооцсон хуулийн заалт баганад Зөрчлийн тухай хуулийн 11.19.4 дэх заалт гэж маш тодорхой бичсэн байна.

          Мөн тус компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д зааснаар тус компани 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэж, тус хуулийн 6.1-д зааснаар албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө 2019 оны 09 дүгээр сарын 04-нд багтаан гаргах, уг өргөдлийг тус хуулийн 6.1-д зааснаар харьяалах татварын алба хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 09-нд багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгох хуулийн зохицуулалттай. Татварын хуульд татвар төлөгчөөр бүртгүүлэхэд тодорхой хугацаа зааж өгсөн нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах бөгөөд энэ хугацаанд хуулийн ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сарын 21-нд 110,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-нд 151,800,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-нд 66,000,000 төгрөгийн борлуулалт нь е-баримтад тусгагдсан бол нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар ямар нэг зөрчилд тооцогдохгүй.

          Маргаан таслах зөвлөл 2019 оны 8 дугаар сарын 21-ний 110,000,000 төгрөгийн борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүссэн өдөр гэж үзэн зөрчлийн дүнг бууруулсан. Г ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 09-нд багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээтэй болох үүргээ зөрчиж, зөрчил гаргасан боловч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлж, 0061837 дугаар бүхий гэрчилгээтэй болсноор дээрх зөрчлийг арилгасан. Өөрөөр хэлбэл татвар төлөгч гаргасан зөрчлөө арилгаж, зөрчлийн шинжгүй болгосон. Нэгэнт энэ зөрчил нь зөрчлийн шинжгүй болсон бол 2021 оны 08 дугаар сарын 08-нд эхэлсэн татварын хяналт шалгалтаар татварын улсын байцаагч нар хариуцлага хүлээлгэхгүй байх нь Зөрчлийн тухай хуулийн шударга ёсны зарчимд бүрэн нийцэх юм.

          2.Актын тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн тухайд:

          Г ХХК нь Гахайн фермийн үйл ажиллагаа эрхэлдэг ба гахайн махыг үйлдвэрийн аргаар боловсруулж борлуулдаг. Тус компани зах зээлээ тэлэх зорилготой томоохон ресторан, сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажилладаг. Энэ үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.16-р зүйлд зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Тус бүтээгдэхүүнийг худалдан авдаг ресторан, нийтийн хоолны үйлчилгээ эрхчлэгч нарын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-р зүйлд зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эсэх талаар Татварын ерөнхий газраас тодруулахад бидэнд 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 10/3053 албан тоотоор тодорхой хариулт өгсөн.

          Тухайлбал манай үйлчлүүлэгч болох Ю К, Ю Р К, Ю г, Ю д, Ю п, И, Ж, В, Б т компанийн Y ресторанууд манай бүтээгдэхүүнийг худалдаж авдаг бөгөөд эдгээр компаниуд нь НӨАТ-ын тухай хуулийн 14.1.4.-т заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалтаар бүртгэдэг байсан. 2020 оны сүүлээр ТЕГ-аас нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч этгээдүүдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14.1.4 дэх заалтад хамаарахгүй байх чиглэл харьяа татварын албад руу гаргаж, холбогдох этгээдүүдийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд засвар оруулахыг шаардсан.

          Энэхүү шаардлагын дагуу манай зарим нэг үйлчлүүлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг бүтээгдэхүүнийг заавал Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, падаан өгөхийг шаардаж, бид үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд тэдний хүсэлтийн дагуу манай компани 2020 оны холбогдох саруудын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг засварлаж, Нэмэгдсэн өртгийн албан татвартай баримтыг нөхөж олгосон. Татварын албаны дээрх шийдвэрээс болж манай компани Нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөгдөх үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль бус, аргагүй нөхцөл байдалд орсон нь татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй юм.

          Татварын алба нь Г ХХК-д үүссэн итгэлийг эвдсэн, буруу шийдвэрээс болж Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахдаа хохиролгүй байх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалтыг хувь тэнцүүлэхгүйгээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдох орлоготой дүйцэх хэмжээгээр Нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тайлагнасан. Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 5.1.2-т заасан татвар ногдуулах, төлөх, суутган төлөх, тайлагнах нь тодорхой байх зарчим, татварын албаны удирдлага мөн хуулийн 77.7.2-т зааснаар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулснаас болж бид хохирч байна.

          Иймд Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална", 5.1.2 дахь заалт "тодорхой байх" зарчмыг баримтлан НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг хүчингүй болгох үндэслэлтэй.

          3.Актаар нөхөн ногдуулсан татварт алданги ногдуулсан тухайд:

          Нөхөн татварт алданги тооцох тухай хуучин Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох..." гэсэн маш тодорхой зохицуулалттай байсан.

Харин одоо мөрдөж буй Татварын ерөнхий хууль/2019/-ийн 73 дүгээр зүйлийн 73.1-т зааснаар татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцохоор хуульчилсан. Нөхөн татварт алданги тооцох тухай хуульчилж өгөөгүй атал татварын улсын байцаагч нар нөхөн татварт алданги тооцож байгаа нь хууль бус юм.

          Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэдэгт татварыг Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй байхыг ойлгодог. Үүнд: татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр:

тайлан боловсруулалтаар болон татвар төлөгчийн хүсэлтээр хийсэн залруулгын тайлангаар тодорхойлсон татварын хувьд залруулгын тайлан хүлээн авсан өдөр:

нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр татварын хуулиар тайлагнадаггүй татварын хувьд татвараа төлсөн байх ёстой өдөр. Иймд тус актын алдангийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Г ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээтэй болох үүргээ зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, №0061837 дугаар бүхий гэрчилгээтэй болж, зөрчлийг арилгасан. Өөрөөр хэлбэл татвар төлөгч гаргасан зөрчлөө зөрчлийн шинжгүй болгосон. Энэ зөрчил нь зөрлийн шинжгүй болсон бол 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хяналт шалгалт ороход аль хэдийн энэ зөрчлүүд арилсан байсан. Тийм учраас хариуцлага хүлээлгэхгүй байх хуулийн үндэслэлтэй байна гэж хуульд заасан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

          ...Мөн Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн тухайд Г ХХК нь гахайн фермийн үйл ажиллагаа эрхэлдэг, гахайн махыг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.16 дахь заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн; гэж заасан үйл ажиллагаа буюу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг үйл ажиллагаа юм. Гахайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг ресторан, нийтийн хоолны газрын үйлчилгээ эрхлэгч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар; гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийдэг байсан. Татвар төлөгч нь Татварын ерөнхий газраас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/3053 албан тоотоор хариулт өгсөн. Танайхаас мах худалдаж авсан нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч, ресторан үйлчлүүлэгч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтад мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар; зааснаар худалдан авалтын хасалт хийж болно гэдэг.

          ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно гэж зааснаар татвар төлөгчид хуулиар олгосон боломжийг илэрхийлж байгаа юм. Гэрчилгээ авсан өдрөөс тооцохгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө. гэж заасны дагуу татвараа үнэн зөв мэдүүлэх ёстой гэдэг үүнийг дагаж мөрдсөн гэж үзэж байна. Татвар төлөгч хууль заасан чөлөөлөгдөх үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд хасалт хийж болох юм байна гэж үзэж хасалт хийсэн. Хариуцагч бусдад боломж олгосон гэж тайлбарлаж байна. 2020 оны 09 дүгээр сараас өмнөх харилцаан дээр бүгд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтад заасны дагуу хасалт хийж байсан. Энэ бол боломж олгосон зүйл биш. Угаасаа л бүх байгууллагууд хасалт хийгээд явж байсан. Гэтэл гэнэт ресторануудад хамааралгүй гэж байгаа нь нийт иргэдийн хүнсний хэрэглээг зөрчиж байгаа юм. Нэхэмжлэгч компани маш их хэмжээний хөрөнгө оруулалтаар тус гахай фермийн үйл ажиллагааг явуулдаг. Эрүүл ахуйд нийцсэн гахайн махыг хөлдөөж үйлдвэрлэгчдэд өгдөг. Үүнээс болон нийтийн хоолны салбарууд хүнд байдалд орсон. Татварын албаны тодорхой байх зарчим алдагдсан байгаа юм. Хүнсний ногоо, мах, гурил, сүү гэх бүтээгдэхүүнийг чөлөөлж байгаа. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт гэж байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 73.1 дэх хэсэгт Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно: гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын татвар орж байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Энэ бол буруу тайлбар юм. Олон улсад татварын 2 систем үйлчилдэг. Энэ систем нь бол татвар төлөгч өөрөө, эсхүл татварын алба өөрөө тодорхойлно гэдэг. Татварын алба өөрөө тодорхойлдог хэрэг дээр татварын албад бүх холбогдох баримтыг өгдөг. Энэ баримтыг үндэслэж ногдуулалтын хийдэг. Энэ бол маш их хүн ордог ажил тул 1992 оны хуулиар татвар төлөгч өөрөө үүнийг тодорхойлъё гэдэг болсон. Бүрэн гүйцэт төлж байна уу гэдэг дээр харин хяналт шалгалтаа хийхээр болсон. Хяналт шалгалтаар зөрчил илэрвэл нөхөн ногдуулалт хийдэг болсон. Харин алданги тооцдог байхаа болсон. Хуулиар тогтоосон хугацаа гэж татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацааг хэлнэ гэж заасан.” гэв.

          6.Хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

          “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэг, Татварын ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтад 2021 онд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 901142*****тоот гэрчилгээ, 5732****тоот татвар төлөгчийн дугаартай Г ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ хяналт шалгалтыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2321802055 дугаар томилолтын дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч Б.А******, Д.Б****** нар хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын үр дүнгээр HA-23210000201 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

          Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 4-т заасан зөрчлийн тухайд: Тус компани 2019 онд 1,172,929,915.85 төгрөгийн реклам сурталчилгааны самбар хийж гүйцэтгэсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, тайлагнаж, төлөөгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон болно. Дээрх зөрчилд хариуцлага оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 3 дахь заалтыг хэрэглэх байсан боловч 11.19 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг хэрэглэсэн нь акт бичвэрийн хувьд механик алдаа гаргасан байна. Дээрх заалтыг хэрэглэснээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, эцсийн үр дагавар адилхан болно.

          Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3-т заасан зөрчлийн тухайд: Г ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь гахайн фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд гахайн махыг үйлдвэрийн аргаар боловсруулж борлуулдаг. Үндсэн үйл ажиллагааны орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас бүхэлдээ чөлөөлөгддөг. Үндсэн үйл ажиллагаанаас гадна реклам сурталчилгааны самбар хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого олсон.

          Уг орлого олохтой холбоотой худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн /2015 он/ 14.9-т “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно;” гэсэн заалтыг баримталж хасч тооцсон болно. Өөрөөр хэлбэл татвар төлөгч чөлөөлөгдөх борлуулалтад зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон үйлдлийг дээрх хуулийн үйлчлэлээр зөрчилд авагдсан.

          Нөхөн ногдуулалтын актаар нөхөн ногдуулсан татварт алданги тооцсон тухайд: Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасан. Энэхүү заалт нь татвар төлөгч орлого олсон бол хуульд заасан хугацаанд үнэн зөв тайлагнаж, татвараа мөн хуулийн хугацаанд төлөх ёстой гэсэн үүргийг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл тайлагнаж төлөх ёстой хугацаа дуусвал хугацаандаа төлөөгүй татвар болно. Олсон орлогоо /хөрөнгө/ хуульд заасан хугацаанд нь тайлагнаагүй эсхүл тайлагнасан боловч ногдсон татвараа төлөөгүй үйлдлүүдэд Татварын ерөнхий хуулийн 73.1-д зааснаар алданги тооцохоор хуульчилжээ. 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 болон 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтууд нь үзэл баримтлал, утга агуулгын хувьд ижил байна.” гэжээ.

          7.Хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Хуульд Албан татвар суутгуулагч гэрчилгээ авсан өдрөөс тооцно гэж заасан байгаа. Гэрчилгээг хэзээ авах ёстой вэ гэхээр босго хангасан буюу 50 сая төгрөгөөс дээр бараа үйлчилгээ борлуулсан бол өдрийг хэлж байгаа юм. Гэрчилгээг хуулийн этгээдийн ажлын 10 өдрийн дотор авах ёстой. Нэхэмжлэгч нь 60 хоногийн дараа гэрчилгээгээ авсан. Эн хугацаанд олсон орлогыг орхигдуулж албан татвар төлнө гэж ойлголт байхгүй. Нэхэмжлэгч өөрөө татварын алба, татварын байцаагч нэг л хуулийг баримталж байгаа. Татвар төлөгч анхан шатны баримтаа үнэн зөвшөөрүүл ирүүлснийг татвар алба буруутгасан зүйл биш. Үүнээс хугацаандаа төлөөгүй татварын асуудал үүсэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс чөлөөлөгдөх борлуулалт байсан боловч нөгөө талдаа орохоороо нэмэгдсэн өртгийн албан татварт тооцогдох борлуулалт болсон байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоод, улсад төлөгдөх татварын тооцох ёстой татварыг тооцох ёстой байтал нэмэгдсэн өртгийн албан татвар бичсэн байгаа нь улсын 108 сая төгрөгөөс 18 сая төгрөгийг төлөхгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм. Төлөх ёстой хугацаа нь нэгэнт өнгөрсөн учир хугацаандаа төлөөгүй татвар гэж үзэж байна.

          Татварын тухай хуулийг 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ, татварын төрөл, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан хяналт шалгалтын харьяаллыг тогтоож болно гэж заасны дагуу хяналт шалгалт явуулсан. Тухайн үед мөрдөгдөж байгаа хууль болон Олон улсын гэрээ, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу татвар төлөгчийн гаргаж өгсөн баримт материал, системд ирүүлж баталгаажуулсан тайланг үндэслэж акт тавьдаг. Тухайн төлөгчийн хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа. Энэ татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Нэхэмжлэгч Г ХХК-д шийтгэл ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг зөвтгөн шинээр гаргах хүртэл Хан-уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  НА-23210000201 дугаар нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх зүйтэй гэж үзлээ.

          2.Нэхэмжлэгч нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр:

          2.1.”Нөхөн ногдуулалтын актад 2019 оны 8-11 саруудын 1,172,929,915.85 төгрөгийн борлуулалтыг НӨАТ-н ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги хүлээлгэснийг Маргаан таслах зөвлөл хянаж үзээд 32,494,498.87 төгрөгийн төлбөрийг бууруулсан боловч Зөрчлийн тухай хуулийн 11.19.4-т зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй 143,444,988.51 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгох.

          2.2. Г ХХК нь Гахайн фермийн үйл ажиллагаа эрхэлдэг ба гахайн махыг үйлдвэрийн аргаар боловсруулж борлуулдаг. Тус компани зах зээлээ тэлэх зорилготой томоохон ресторан, сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажилладаг. Энэ үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.16 дугаар зүйлд зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Тус бүтээгдэхүүнийг худалдан авдаг ресторан, нийтийн хоолны үйлчилгээ эрхчлэгч нарын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дүгээр зүйлд зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эсэх талаар Татварын ерөнхий газраас тодруулахад бидэнд 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 10/3053 албан тоотоор тодорхой хариулт өгсөн.

          Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан татвар ногдуулах, төлөх, суутган төлөх, тайлагнах нь тодорхой байх зарчим, татварын албаны удирдлага мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.2-т зааснаар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулснаас болж бид хохирч байна.

          2.3.Татварын ерөнхий хуулийн /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох..." гэсэн маш тодорхой зохицуулалттай байсан.

          Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дүгээр зүйлийн 73.1-т зааснаар татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцохоор хуульчилсан. Нөхөн татварт алданги тооцох тухай хуульчилж өгөөгүй атал татварын улсын байцаагч нар нөхөн татварт алданги тооцож байгаа нь хууль бус юм.” гэж маргажээ.

          3.Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 4-т заасан зөрчлийн тухайд:

          3.1.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Г ХХК нь 2019 оны 8-11 дүгээр сарын 1,172,929,915.85 төгрөгийн борлуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги хүлээлгэснийг  Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаж үзээд 32,494,498.87 төгрөгийн төлбөрийг бууруулсан боловч нэхэмжлэгч нь уг зөрчилд холбогдох төлбөрийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж маргаж байгааг буруутгах боломжгүй байна.

          3.2.Учир нь нэхэмжлэгч Г ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн тул маргаан бүхий актад дурдсан 2019 оны 8-11 саруудад холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар  төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, эсхүл ...бол татварыг нөхөн төлүүлж, ... торгоно.” гэж зааснаар шийтгэл ногдуулахаар байна.

          3.3.Гэтэл маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн этгээдэд хамаарах Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-т "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж зааснаар хариуцлага хүлээлгэж хуулийг буруу хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

          3.4.Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн хоёр дахь хэсэгт нь “... Г ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүссэн өдөр” гэж, мөн “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу торгууль ногдуулах байтал 11.19 дүгээр зүйлийн 4-д зааснаар торгууль ногдуулжээ.” гэж дүгнэсэн атлаа хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөөгүй.

          3.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-т "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг;, 10 дугаар зүйлийн 10.1-т ”Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.” гэж зааснаар Г ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн үүрэг тус тус үүсэхээр байна.

          3.6.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т ”Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.”, 2.”Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.” гэж заасантай нийцээгүй тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг зөвтгүүлэх шаардлагатай гэж үзлээ.

          4. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3-т заасан зөрчлийн тухайд:

        4.1.Хариуцагчаас Г ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-т ”Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн;” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг үйл ажиллагаанаас гадна реклам сурталчилгааны самбар хийсэн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил гаргасан гэж үзсэн байна.

          4.2.Нэхэмжлэгч нь дээр дурдсан үйл ажиллагааны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно.” гэж заасныг зөрчжээ.

          4.3. Мөн нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 10/3053 дугаар /х.х-ийн 103 дахь тал/ албан бичгээр “... хуулийн 14.1.4.-т заасны дагуу ... тайлагнах үндэслэлтэй байна.” гэсний дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөгдөх бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахдаа хохиролгүй байх үүднээс нэмэгдсэн өртгийн албан татвар худалдан авалтын хасалтыг хувь тэнцүүлэхгүйгээр, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлоготой дүйцэх хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тайлагнасан гэж маргаж буй нь үндэслэлгүй.

          5.Нөхөн ногдуулалтын актаар Г ХХК-д нөхөн ногдуулсан татварт алданги тооцсон тухайд:

5.1. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Г ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 28 дугаар 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасныг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т ”Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох ...” гэж зааснаар алданги тооцсон.

          5.2.Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-т ”Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.

         Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 6 дугаар зүйлийн 6.1.13-т "нөхөн ногдуулалт" гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг; 6.1.14-т "нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг;  50 дугаар зүйлийн 50.1-т ”Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно:”, 50.1.1-т ”татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр;”, 50.1.3-т ”нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр;” гэж заасан.

          Дээрх хуульд зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нөхөн татварт алданги тооцох тухай хуульчилж өгөөгүй атал татварын улсын байцаагч нар нөхөн татварт алданги тооцож байгаа нь хууль бус” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

          6.Хэдийгээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Г ХХК-ийн гаргасан зөрчил тогтоогдсон боловч уг зөрчилд шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д заасныг буруу хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байх тул Г ХХК-д шийтгэл ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг зөвтгөн шинээр гаргах хүртэл Хан-уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-23210000201 дугаар нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 11.19 дүгээр зүйлийн 3, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хуулийн/2019 оны/ 6 дугаар зүйлийн 6.1.13, 6.1.14, 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.1, 50.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1.16, 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг тус тус баримтлан  Г ХХК-д шийтгэл ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг зөвтгөн шинээр гаргах хүртэл Хан-уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-23210000201 дугаар нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хүчингүй болох бөгөөд 3 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.А******ДЪЯАСҮРЭН