Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 132/ШШ2019/00096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Булган аймаг дахь Нисэх буудлын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1958 онд төрсөн, 61 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6б-12-18 тоотод оршин суух, Гэзэгт овогт д холбогдох,

хувь хүний орлогын албан татвар 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00030/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1978 онд төрсөн, 40 настай эрэгтэй, дээд боловсролтой, Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Булган аймаг дахь Нисэх буудлын дарга ажилтай, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6-б-3-6 тоотод оршин суух,  хариуцагч Б.Ц*******, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Булган аймаг дахь Нисэх буудал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган сумын 6 дугаар багийн иргэн Б.Ц******* нь Булган аймгийн Нисэх буудалд 32 жил ажилласан бөгөөд 2014 онд өндөр настны тэтгэвэрт гарсан. Ажиллаж байх хугацаандаа тухай үеийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх тухай А/529 дугаар тушаалаар 10 000 000 төгрөгийн тэтгэмж авсан бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар болох 1 000 000 төгрөгийн төлбөрийг тооцон суутгалгүй олгосон байдаг.

2018 оны 2 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газарт хийгдсэн Монгол Улсын Сангийн яамны аудитын шалгалтаар "Тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар суутгагдаагүй гэсэн зөрчил илэрсэн тул тухайн үед тэтгэмж авсан ажилтнуудаар хувь хүний орлогын албан татварыг буцаан төлүүлэх" тухай Сангийн яамны ахлах байцаагчийн албан шаардлага гарсан.

Албан шаардлагыг өндөр настан Б.Ц*******д танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй тул энэхүү асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оноос хойш Иргэний Нисэхийн ерөнхий газраас ажилчдынхаа тогтвор сууршилтай байдлыг хангах зорилгоор орон сууцны дэмжлэг үзүүлж байсан. Тухайн үед төрийн байгууллага гэдэг утгаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг ямар нэгэн суутгалгүй өгөх шийдвэр гарч байсан. Сангийн яамнаас аудитын шалгалт оруулж тус байгууллага төрийн байгууллага гэж үзэхгүй төсвийг бүрдүүлж байгаа учир аж ахуй нэгжийн зарчмаар нэг удаагийн тэтгэмж гэж олгохгүй зөвхөн дэмжлэг үзүүлж байгаа орлого гэдгээр нь татвар суутгах ёстой гэсэн шийдвэр гарсан. Үүнийг Иргэний Нисэхийн ерөнхий газар хүлээн зөвшөөрөөгүй тул Захиргааны хэргийн шат шатны шүүхэд хандсан боловч татварыг суутган төлөх үүрэгтэй гэсэн шийдвэр гарсан. 2010 онд Булган аймаг дахь Нисэх буудалд нярав, шатахууны нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Ц******* нь 10 000 000 төгрөгийн дэмжлэг авсан бөгөөд уг 10.000.000 төгрөгийн татвар 10 хувь болох 1.000.000 төгрөгийг суутган аваагүй байсан. Уг татварыг 1 дүгээр улиралд багтааж хэсэгчлэн төлөх боломжтой эсэх талаар асуухад Б.Ц******* нь хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Булган аймгийн Нисэх буудалд нярав, шатахууны нярав, лаборант, бичиг хэргийн ажилтнаар нийт 30 гаруй жил ажилласан. Тухайн байгууллагад олон жил ажилласныг үнэлж байгууллагаас 2010 оны 12 дугаар сард 10 000 000 /арван сая/ төгрөгийн орон сууцны тэтгэмж олгож байсан нь үнэн. Би 2014 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Одоо тэтгэвэрт байдаг. Булган аймаг дахь Нисэх буудал нь хувь хүний орлогын албан татвар суутгаж аваагүй шилжүүлсэн 1 000 000 /нэг/ төгрөгөө гаргуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Иргэний нисэхийн ерөнхий газар нь "Хөдөлмөрийн дотоод журам", "Хөдөлмөрийн хамтын гэрээ"-ний дагуу орон сууцны хөнгөлөлт дэмжлэг үзүүлсэн гэж ойлгосон, нөгөө талаар өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 8 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад надаас 1 000 000 /нэг/ төгрөг нэхэмжлэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Одоо би тэтгэвэрт гараад 4 жил гаруй болсон, банкны зээлтэй, ганц бие байгаа учир төлбөрийн чадваргүй, төлөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ актанд иргэн Ц*******г 1.000.000 төгрөг төл гэсэн зүйл байхгүй. Иргэний Нисэхийн ерөнхий газарт тавигдсан акт гэж ойлгож байна. Тухайн үед Иргэний Нисэхийн ерөнхий газарт ажиллаж байсан албан хаагч нар хариуцлага алдаад суутгаж аваагүй. Тэтгэмжийг олон жил өнгөрсөн байхад 3 сарын дотор төл гэхээр нь би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. 2013 онд гарсан актыг ажиллаж байх хугацаанд төл гэсэн бол төлөх боломжтой байсан бөгөөд ийм төлбөрт орохгүй байсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Булган аймаг дахь Нисэх буудал нь хариуцагч Б.Ц*******гээс хувь хүний орлогын албан татвар 1000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. /хх-ийн 1,17/

Иргэн Б.Ц*******д Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны хөнгөлөлт үзүүлэх тухай А/529 дугаартай тушаалаар 10 000 000 төгрөгийн тусламж олгосон үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 6-7/

Харин хариуцагч Б.Ц******* нь ...Иргэний нисэхийн ерөнхий газарт тавигдсан акт бөгөөд тус актанд миний нэр байхгүй, хариуцлага алдсан алба хаагч нар хариуцан төлнө гэж маргасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь Иргэний нисэхийн ерөнхий газрын 2008-2012 онуудын албан татварын ногдуулалт төлөлтийн байдлыг санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан тэнцэл, хувь хүний орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангуудад үндэслэн хэсэгчилэн татварын хяналт шалгалтыг хийж 232742 дугаартай актаар нийт 3420939,0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг тус газар эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргаж орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 14 034 500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2 317 327 төгрөгийг төлүүлэхээр хэвээр үлдээсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 14 034 500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2 317 327 төгрөгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 465 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус газар нь шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 20-33/

Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2016 онд шүүхийн шийдвэрийг биелүүлж орон сууцны хөнгөлөлтөнд олгосон 14 034 500 төгрөгийн 10 хувь болох 1 403 500 төгрөгийг байгууллагын хөрөнгөнөөс суутгаж төлснийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг зөрчсөн гэж Монгол улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 29/01-12 дугаартай албан шаардлагыг хүргүүлжээ. /хх-ийн 5/

Орон сууцны дэмжлэг-ийг /2002 он/ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж үзэх үндэслэлгүй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан албан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарахгүй, харин тухайн орлого нь тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна, 15.1.7-д энэ хуулийн 151.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого гэж заасанд хамаарч байх тул Иргэний нисэхийн ерөнхий газар нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу суутган авч төсөвт шилжүүлэх үүрэгтэй гэж шүүх үзжээ.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл хариуцагч Б.Ц*******гийн ...Иргэний нисэхийн ерөнхий газарт тавигдсан акт бөгөөд тус актанд миний нэр байхгүй, хариуцлага алдсан алба хаагч нар хариуцан төлнө гэж маргасан нь няцаагдаж байна.

Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т иргэн ... хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй гэж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Иймд хариуцагч Б.Ц*******гээс хувь хүний орлогын албан татвар 1000 000 төгрөгийг гаргуулж Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Булган аймаг дахь Нисэх буудалд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар төсөвт албан татвар, хураамж төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 28550 /хорин найман мянга таван зуун тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц*******гэс хувь хүний орлогын албан татвар 1000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Булган аймгийн Нисэх буудалд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 28550 /хорин найман мянга таван зуун тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН