| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2019/00057/И |
| Дугаар | 132/ШШ2019/00124 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 132/ШШ2019/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо “UB town” хотхон, 15 тоотод оршин суух Баяд овогт -ийн нэхэмжлэлтэй,
Эх байх эрх хязгаарлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00057/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Туяа,
Гуравдагч этгээд 1985 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт тоотод оршин суух, Дарцагт овогт түүний өмгөөлөгч М.Найдан, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Лхагвасүрэн нь миний төрсөн дүү Ванчинсүрэн овогтой Өсөхбаяртай хамтран амьдарч байхдаа 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Баярчимэгийг төрүүлсэн. Гэр бүлийн тогтворгүй таагүй харьцааны улмаас охиноо 2 настай байх үед буюу 2012 оноос эхлэн Өсөхжаргалтай хамт амьдрахаа больж, охин Баярцэцэг төрсөн эцэгтэйгээ үлдсэн. Түүнээс хойш нэг удаа 4 настай байхад нь төрсөн нутагтаа очихоор нь эхтэй хэд хоног цуг байлгахаар өгсөн боловч айлаар дагуулан явж зүй зохисгүй байдал гаргаж байсан гээд охин ээждээ сайн ханддаггүй. Түүнээс хойш төрсөн охиноо хайрлан халамжлах талаар ямар ч харилцаа холбоо тогтоогоогүй. Миний төрсөн дүү В.Өсөхбаяр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барж охин Баярцэцэгт асран хамгаалагч тогтоолгох шаардлагатай болсон. Ингэхэд ээж нь охиныг аавынх нь эгчийн асрамжид өгөхийг хүсч хүсэлт гаргасан. Тухайн үед өөрийн орон нутагтаа байсан талийгаач аавынх нь төрсөн эгч Бямбасүрэнг асран хамгаалагчаар тогтоолгосон боловч суурин газар байлгаж сургууль соёл төгсөх амьдралын шаардлагаар дүүгийнхээ охиныг би өөрийн асрамжид шилжүүлэн авсан. Миний бие 50 гаруй настай, охин Баярцэцэгтээ ирээдүйн мэргэжил боловсрол эзэмшихэд нь хэрэгтэй хуримтлал үүсгэх шаардлагатай тул төрөөс олдох боломж буюу асран хамгаалагчийн тэтгэмжийг авах хүсэлт гаргатал төрсөн эх нь байгаа юм байна өгөх боломжгүй харин эхийнх нь эх байх эрхийг хязгаарлуулаад ирвэл болно гэх юм. Иймд Лхагвасүрэн нь охин Баярцэцэгээ 2 настай байхад орхиод явсан одоо авах сонирхолгүй гэр бүлтэй болж амьдарч байгаа тул охин Баярцэцэг нь ээж дээрээ очих хүсэлгүй байдлыг нь харгалзан үзэж Лхагвасүрэнг Баярцэцэгийн ээж байх эрхийг нь хязгаарлаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Н.Лхагвасүрэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багт оршин суух Дарцагт овогт Нямсүрэнгийн Лхагвасүрэн би Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1985 онд төрсөн. 2009 онд Б.Өсөхжаргалтай гэр бүл болж 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Баярцэцэгийг төрүүлсэн. Охин Баярцэцэгийн аав В. Өсөхжаргал нь архи маш их уудаг, эрүүл байсанч, согтуу байсан ч байнга зоддог, тархи толгойруугаа маш олон удаа зодуулж гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд өртөж 4 жил гаруй хамт амьдарч байгаад аргагүйн эрхэнд охиноо аваад зугтаад явсан. Би охиноо бодоод хүүхдээ өнчирүүлээд яах вэ гээд хоёр ч удаа буцаж нийлсэн боловч эцэст нь гэрийн гаднаас бензин хийгээд гэртэйгээ шатаалгах шахсан. Тэгээд бүр салсан даа. Би охиноо 2 настай байхад нь эцэгт нь орхиод хаяаад яваагүй би охиноо төрсөн цагаас нь сургуульд ортол нь охинтойгоо хамт амьдарч асран хамгаалж явсан. Охиныг маань эгчтэйгээ Соёлын төвд тоглолт үзэж байхад нь эцэг нь булаагаад буюу хулгайлаад аваад явсан. Би охиноо авах гэж хэд хэдэн удаа очсон боловч надад өгөөгүй. Охинтой минь утсаар яриулдаг байсан боловч сүүлийн үед огт яриулахаа больсон. Би охиноо маш их санаж байна. Миний охин хамгийн сүүлд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олон удаа ээжрүүгээ залгаж "ээжээ таньд би танд маш их хайртай шүү, маш их санаж байна, маргааш сургуульдаа орно, хичээлээ хийж байна" гэж ярьсан тэрнээс хойш нэг ч удаа ярьсангүй ээ ямар шалтгааны улмаас ярихаа больсонг мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн "Охины эцэг В.Өсөхжаргал нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нас барж охин Баярцэцэгт асран хамгаалагч тогтоолгох шаардлагатай болсон. Ингэхэд ээж нь охиныг аавынх нь эгчийн асрамжинд өгөхийг хүсч хүсэлт гаргасан. Мөн эх Н.Лхагвасүрэнгийн хүүхдээ авах хүсэлгүй тухай Дэлгэрцогт сумын Засаг даргад гаргасан хүсэлтийн хуулбар хувь" гэсэн нь худлаа би тийм хүсэлт гаргаагүй. Миний бие бичиг үсэг мэдэхгүйг далимдуулж тайлбарлаж өгөлгүй гарын үсэг зуруулсан байна. Надад тайлбар хэлэхдээ "Нийгмийн халамжаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмж хүүхдэд олгох гэсэн чинь чиний гарын үсэг хэрэг болоод байна" гээд гарын үсэг зуруулсан. Хэдэн төгрөг тогтоогдвол охинд минь хэрэгтэй юм гэж бодож би гарын үсэг зурсан. Түүнээс биш би өөрийнхөө охиныг асран хамгаалагч нь та бол гэсэн хүсэлт, Дэлгэрцогт сумын Засаг даргад хүүхдээ авах хүсэлгүй гэсэн хүсэлт ч би огт гаргаагүй болно. Миний одоогийн амьдрал 2017 оноос эхлэн Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн иргэн Адишийн Пүрэвжавтай гэр бүл болон амьдарч байна. А.Пүрэвжав нь намайг охиноо аваад ир гэж Дэлгэрцогт сумруу явуулж байсан. Даанч би авчирч чадаагүй тэд нар охиныг маань надад өгөөгүй ээ. Би одоогоор нөхөр А.Пүрэвжавийн хамт хоёулаа өөрсдийн гэсэн хэдэн толгой малаа хараад хөдөө амьдарч байна. Би охиноо өөр дээрээ авах чин хүсэлтэй байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Туяа нь өөрийн хууль ёсны асрамжинд байгаа охин Ө.Баярцэцэгийн эх Н.Лхагвасүрэнгийн эх байх эрхийг хязгаарлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.12-т “эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх” тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Нэхэмжлэгч В.Туяа нь Н.Лхагвасүрэнгийн эх байх эрхийг хязгаарлуулах тухай нэхэмжлэл гаргасан шалтгаанаа Н.Лхагвасүрэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй, орхиж явсан, мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан асаргааны тэтгэмжийг хүүхдийн эх нь байгаа гэсэн шалтгаанаар Нийгмийн халамжийн байгуулаллагаас олгохгүй байна гэж тайлбарласан.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/47 тоот захирамжаар Ө.Баярцэцэгийн авга эгч В.Туяаг түүний асран хамгаалагчаар тогтоожээ.
В.Өсөхжаргал, Н.Лхагвсүрэн нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Ө.Баярцэцэгийг төрүүлсэн, хүүхдийг 2 настай байхад эх Н.Лхагвасүрэн эцэг В.Өсөхжаргалын асрамжид үлдээн орхин явсан, эцэг В.Өсөхжаргал нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь 0000203124/07 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 265 тоот тодорхойлолт, Ө.Баярцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1-д бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд асаргааны тэтгэмжийг олгохоор заасан, мөн Монгол Улсын Засгийн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.9.-д нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1, 13.2.2-т заасан иргэнд тэтгэмж олгохдоо сум, хорооны нийгмийн ажилтан нь тухайн иргэнтэй “Хүүхэд асран тэтгэх тухай гэрээ” байгуулна. Уг гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хяналт, гэрээ дуусгавар болох үндэслэлийг тусгана. Гэрээг сум, хорооны Засаг дарга батална гэж заасан бөгөөд В.Туяаг Ө.Баярцэцэгийн асран хамгаалагчаар тогтоосон Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын захирамж гарсан байх тул Н.Лхагвасүрэнгийн эх байх эрхийг хязгаарласан шийдвэргүйгээр асаргааны тэтгэмж олгогдохоор байна.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Лхагвасүрэнгийн эх байх эрхийг хязгаарлуулах тухай В.Туяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Лхагвасүрэнгийн эх байх эрхийг хязгаарлуулах тухай В.Туяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ