Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/158

 

 

 

 

 

 

 20211            2               9                                          2021/ДШМ/158

 

 

Т-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

цагаатгагдсан этгээд Т-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

хохирогч Ш.А-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1029 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.А-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т-ад холбогдох эрүүгийн 201626021397 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Халх овгийн Т.Ч-, 19... оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .................тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..........тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Т- нь өөрийн ажил хэргийн танил Ш.А-ийн барилгын ажилд их хэмжээний арматур төмөр авах хэрэгцээ шаардлагатай байдлыг далимдуулж, “хямдхан арматур төмөр байна, хүнээс арматур авах авлагатай юм. 50 хувьд нь бартер, үлдсэн 50 хувийг бэлэн мөнгөөр нь 500 тонн арматурыг 1 тонныг 920.000 төгрөгөөр тооцож худалдана. Очоод үзчих” гэж хэлээд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Баатар буюу Фу Пингийн эзэмшлийн, хашаанд хураалттай байсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн арматур төмрийг үзүүлж, өөрийнх хэмээн иргэн Ш.А-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ш.А-ээс 115.000.000 төгрөгийн арматур төмрийн урьдчилгаа төлбөр болгон аваад 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч гадаад улс руу явж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т-ыг цагаатгаж, энэ хэрэгт тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал Т-ын гадаад паспортыг тухайн хэрэгт хавсаргаж, хохирогч Ш.А-ийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Т-ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Ш.А- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Т- нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр надад амратур маш их хэрэгцээтэй байгаа байдлыг далимдуулан Хятад улсын иргэн Баатарын хашаанд байсан их хэмжээний арматурыг үзүүлэн 1 тонныг нь 920.000 төгрөгөөр /50 хувьд нь бартер оруулсан учир тухайн үеийн зах зээлийн үнээс 40-50 мянган төгрөгөөр илүү авахаар тохирсон. Энэ нь хэрэгт авагдсан албан ёсны, тухайн үед арматур худалдаж авсан НӨАТ-ын баримтаар тогтоогдоно/ тооцож 500 тонн арматур худалдахаар нийт 460.000.000 төгрөгийн гэрээ байгуулахаар тохирч 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаанд 115.000.000 төгрөг бэлнээр гарын үсэг зурж авсан бөгөөд “маргааш өглөө эрт арматураа аваарай” гэж хэлээд тэр өдрөө хилээр гарч залилах гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс хойш 1 сар гаруй хугацааны дараа уулзаад “арматур олдохгүй байна, мөнгийг нь өгье” гэж хэлж байснаа 2 удаагийн ачилтаар 80 тонн арматур өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 24.000.000 төгрөгийн хохирлоо барагдуулаагүй байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдээгүй хэмээн цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ч- нь надад арматур яаралтай хэрэгцээ шаардлагатай байгаа байдлыг ашиглан өөрт нь огт байхгүй арматурыг байгаа мэтээр надад ярьж үзүүлэн итгэл төрүүлсэн. Урьдын харилцаа болон өөрөө маш их хөрөнгөтэй арматур болон барилгын бусад материал зардаг гэдэг сэтгэгдэл итгэлийг удаа дараагийн үйлдлээр надад төрүүлсэн. Хэрэг үйлдсэнээс сарын дараа “арматур ерөөсөө олдохгүй байна, армарутаа болиод бэлэн мөнгийг чинь олж өгье” гэж хэлж байсан нь анхнаасаа арматургүй байсныг нотолно. Надаас мөнгө авахдаа маргааш над руу яриад машинаа явуулаад арматураа аваарай гэсэн атлаа тэр оройдоо гадаад руу явсан нь урьдаас төлөвлөж, намайг хуурч залилах зорилготой байсныг харуулж байна. Арматур өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж удаа дараа хэлснээс үүдэн арга буюу дотоодын хуучин, зах зээлээс асар үнэтэй / анх Хятадын улсын үйлдвэрийн шинэ арматур өгөхөөр тохирсныг гэрчүүд гэрчилнэ/ 80 арматурыг нийлүүлсэн нь хохирлыг хэсэгчлэн барагдуулсан гэж үзэж байна. Шүүгч С.Болортуяа нь Т-ыг гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгах тогтоол гаргасан үндэслэлдээ “... залилах гэмт хэргийн шинж болох эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүй байх, өгөх боломжгүй гэж үзэх шинж байхгүй байна...” гэж үзсэн нь хэрэгт авагдаж, нотлох баримтаар тогтоогдсон. Т- нь анхнаасаа өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, төөрөгдөлд оруулж зарахаар тохиролцон 115.000.000 төгрөг авсныг надад арматур өгөх зорилготой байсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Яагаад “маргааш шинэ арматур аваарай” гэсэн хүн 1 сар гаруй хугацааны дараа хуучин, зэвэнд идэгдсэн, размерын сонголтгүй үнэтэй арматур өгснийг “эд хөрөнгө өгөх” шинжтэй байсан гэж үзэж байна вэ. Мөн залилах гэмт хэргийн үндсэн шинжид хуурч эсхүл зохиомол байдлыг бий болгох, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах явдал байдаг. Ч- нь намайг хуурч төөрөгдөлд оруулан, бусдын арматурыг үзүүлэн итгэл төрүүлсэн, мөн урьд харилцаж байсан харилцаа бусад байдлыг далимдуулж надаас 115.000.000 төгрөг бэлнээр авч захиран зарцуулсан. Ингэснээрээ Ч- нь залилах гэмт хэрэг төгс үйлдэж дууссан. Харин 1 сарын дараа арматур хэсэгчлэн нийлүүлсэн нь хохирлоо барагдуулж байгаа явдал юм. Гэтэл Эрүүгийн хуульд заагаагүй атал “эд хөрөнгийг буцаан өгсөн нь залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний хэлцэл байгуулсан” гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Энэ хэргийн хохирлын хэмжээ нь 115.000.000 бөгөөд барагдуулж дуусаагүй хохирол нь 24.000.000 төгрөг гэж үзэж байна. Миний бие хавтас хэрэг болон шүүх хуралдаан дээр Ч- нь надад төлөх хохирлын үлдэгдэлтэй гэдгийг Ч-ын явуулсан зурвас болон өөрөө хэлсээр атал шүүх үүнийг авч хэлэлцсэнгүй. Зөвхөн надад өгсөн арматурын хэмжээ өөрчлөгдсөн талаар хэлэлцээр байгаад Ч-ын үйлдсэн залилах гэмт хэргийн үндсэн шинжийн талаар хангалттай хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг бүх талаас нь бүрэн бодитой авч хэлэлцэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, миний 24.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ш.А-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх цагаатгах тогтоолын үндэслэлдээ “...Залилах гэмт хэрэг гэж үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэд дурьдсан үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний эрх зүйн харилцаа буюу арматур төмөр худалдах, худалдан авах хэлцэл хийгджээ. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй байхаас гадна ирээдүйд авсан эд зүйлс, өмч хөрөнгийг буцааж өгөхгүй байх шинжээрээ иргэний эрх зүйн хэлцлээс ялгагддаг онцлогтой гэж заасан. Дээрхи шүүхийн үндэслэл нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тодруулбал, шүүгдэгч Т- нь өөрийн ажил хэргийн танил Ш.А-ийн барилгын ажилд их хэмжээний арматур төмөр авах хэрэгцээ шаардлагатай байдлыг далимдуулж өөрийгөө арматур олж өгөх боломжтой мөн өөрийгөө санхүүгийн эрсдэлгүй хэмээн ойлголтыг төрүүлж улмаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Баатар буюу Фу Пингийн эзэмшлийн хашаанд хураалттай байсан арматур төмрийг өөрийн мэтээр харуулж, хуурч мэхлэн тухайн өдрөө 115.000.000 төгрөг аван Солонгос улс руу ниссэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Т- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ш.А-ээс 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 115.000.000 төгрөг бэлнээр авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзэж байна. Шүүхийн үндэслэх хэсэгт дурьдсан шүүгдэгч Т- нь мөнгө авсны дараа 2 удаагийн ачилтаар арматур төмөр өгсөн нь залилах гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь хохирогчийн Үндсэн хуульд заасан хохирсон эрхээ сэргээлгэх эрхийг зөрчиж байна. Т- нь анхнаасаа Ш.А-ийг залилах гэмт санаа бодол агуулсан бөгөөд тухайн арматур төмрийг өгөхгүй байхаар төлөвлөсөн нь хэрэгт авагдсан гэрч А.Эрдэнэбаярын 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “... тэгээд би шөнө машинаа олоод таван шарын хойд талаас машиндаа ачаад арматураа зөөе гэж Ч- захиралд хэлтэл “орой болъё” гэж хэлсэн ба өглөө нь Ч- захирал над руу утсаар ярьтал утас нь холбогдохоо больчихсон байсан. ...” гэсэн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн хоёрт “... шүүгдэгч Т- дээрхи үйл баримтын дараа Солонгос улс руу эрүүл мэндийн шалтгаанаар яваад сарын дараа ирсэн байх ба 2015 оны 9 сараас 11 сарын хооронд Дархан төмөрлөгийн үйлдвэрийн 50 гаруй тонн арматурыг “Нийслэл өргөө” ХХК-ийн хашаа, Хятад улсад үйлдвэрлэсэн 28 размерын 12 метр урттай, 14 боодол арматурыг “Хар хун холдинг” ХХК-ийн Нүхтэд байрлах хашаанаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах “Говийн заяа” ХХК-ийн хашаанд буюу хохирогч Ш.А-т 2 удаагийн ачилтаар нийлүүлсэн үйл баримт нотлогдон тогтоогдов.” гэж заажээ. Гэтэл Т- нь мөрдөн шалгах явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мөнгө авсны дараа Солонгос улс руу явсан шалтгаанаа олон янзаар хэлж байсан. Тухайлбал, Б.Баатар буюу Фу Пинг хайхаар явсан гэж хүртэл мэдүүлсэн. Гэтэл шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харгалзаж үзэхгүй зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж Т- нь Солонгос улс руу эрүүл мэндийн шалтгаанаар явсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтас хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан зах зээлийн үнэлгээ 1.250.000 төгрөг гэсэн байдаг. Хохирогч 750.000 төгрөгөөр арматурыг худалдаж авна гэсэн удаа дараагийн өргөдөл гаргасан байдаг. 96 тонн арматур төмөр хүргэж өгсөн буюу 118.000.000 төгрөгийн арматур төмөр аваад барилгаа барьсан байдаг. Урьдын танилын харилцаа Ч- болон Ариунбилэг нарын хооронд бий болоогүй. Инженер Эрдэнэбаяр гэх хүн олдохгүй байсан арматур төмрийг нь Ч-аас авч хохирогчид өгсөн байдаг. Ч-ын хувьд хоёр удаа 44, 50 тонноор нийт 96 тонн арматур төмрийг буулгаад 118.000.000 төгрөгийн арматур төмрийг нийлүүлсэн. Энэ нь 24.000.000 төгрөгийг хохирогчид өгөх үндэслэлгүй болохыг харуулж байна. Хохирогчоос 115.000.000 төгрөг аваад 118.000.000 төгрөгийн арматур төмөр өгсөн гэх үндэслэл тогтоогдож байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Ч- арматур төмрөө нийлүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй. Хавтас хэрэгт уг хэргийг 3 удаа хэрэгсэхгүй болгосон тогтоол авагдсан. Эргүүлж эрүүгийн хэрэг үүсгэсэн эрх зүйн акт байхгүй. Иймд анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Т- нь хохирогчид их хэмжээний арматур төмөр хэрэгтэй байгаа байдлыг нь далимдуулж бусдын эзэмшлийн буюу Баатарын эзэмшлийн их хэмжээний төмрийг үзүүлээд “энэ миний төмөр” гэж итгүүлсэний улмаас хохирогч эхний ээлжинд 250 тонн төмөр авахаар урьдчилгаанд нь буюу 110.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Гэвч тухайн төмрийг нь тохирсон цаг хугацаандаа шүүгдэгчийн зүгээс өгөлгүй Солонгос улс руу ямар нэг шалтаг шалтгаангүйгээр явсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т- Солонгос улс руу явсан шалтгаанаа “Төмрийн эзэн Баатар нь Солонгос улс руу  явсан учраас би олж ирэхээр явсан” эсхүл “би эмчилгээ хийлгэхээр явсан” гэж янз янзаар мэдүүлдэг. Уг мэдүүлгүүдийг нь нотлох баримт байдаггүй. Шүүгдэгч Т-ад анхнаасаа их хэмжээний төмөр байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирогчийн зүгээс шүүгдэгчид мөнгийг өгснөөс хойш сарын дараа ч юм уу, жилийн дараа ч юм уу төмрийг авна гэсэн нөхцөл байдлыг яриагүй. Мөнгөө шилжүүлээд орой нь төмрийг авахаар тохиролцсон байдаг. Гэвч шүүгдэгч нь “өнөө орой амжихгүй юм байна. Маргааш өглөө эрт өгье” гэж хэлээд Солонгос улс руу явсан байдаг. Эрүүгийн хуульд бусдыг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг авахдаа бодит байдлыг гуйвуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар сайн дурын үндсэн дээр хохирогчоос шилжүүлж авсан нөхцөл байдлыг ойлгохоор байдаг. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ “хохирогчоос авсан 115.000.000 төгрөгөөр төмөр худалдаж аваад хохирогчид буцаагаад өгсөн” гэдэг. Энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Анхнаасаа залилах санаа зорилготой байсан болох нь тогтоогдож байдаг. Эргээд арматур төмөр өгсөн нөхцөл байдал нь зөвхөн хохирлын хувьд л яригдаж байгаа. Анхан шатны шүүхээс нийт 80 тонны төмөр өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хичнээн тонн төмөр хохирогчид төлөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх буюу ашигтай байдлаар хууль хэрэглэх нь нөлөөлж байна гэж цагаатгах тогтоолд тайлбарласан. Гэвч энэ нөхцөл байдал хохирлын хувьд л ийм байдаг. Хохирлыг шийдвэрлэх боломжгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлыг нэхэмжлэх боломжтой байгаа. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. Хохирлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс өмнө төлсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, шүүхийн хэлэлцүүлэгт ч мэдүүлэхдээ “шүүгдэгч янз янзын байдлаар хохирлыг төлнө гэж ярьдаг байсан. Хоёр, гурван удаа бусдын эзэмшлийн машиныг авчирч өгч “хохирлыг чинь төлье” гэж байсан боловч би тухайн үед аваагүй. Миний хохирлыг нөхөн төлөхгүй удсанаас болоод 2016 онд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэж тайлбарладаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т-ад холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос Т-ыг хохирогч Ш.А-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 115.0 сая төгрөгийг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “Залилах гэмт хэргийн шинжгүй, хохирогч шүүгдэгч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу арматур төмөр худалдах, худалдан авах хэлцэл хийгджээ. Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах зэрэг шинжтэй байхаас гадна ирээдүйд авсан эд зүйлс, өмч хөрөнгийг буцааж өгөхгүй байх шинжээрээ иргэний эрх зүйн хэлцлээс ялгагддаг онцлогтой” гэсэн дүгнэлт хийж, Т-ад холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, цагаатгагдсан этгээд Т- нь хохирогч Ш.А-ийн хувьд артамур төмөр яаралтай хэрэгцээтэй болохыг ашиглан түүнд “хямд үнээр арматур төмөр худалдана, хүнээс авах авлагатай юм, 50 хувьд нь бартер /арилжаа/, 50 хувийг нь бэлэн мөнгөөр худалдана” гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Фу Пингийн худалдаалж байсан арматур төмрийг үзүүлж, “өөрийнх” гэж итгүүлэн “маргааш машинтай ирээд ачаад аваарай” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдчилгааны 50 хувь болгон 115.0 сая төгрөгийг авч, Монгол Улсын хил гарч залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон байна.  

Гэтэл анхан шатны шүүх “Т-ын үйлдэлд залилах гэмт хэргийн нэг гол шинж болох эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүй байх, өгөх боломжгүй гэж үзэх буюу хохирогч Ш.А-ээс арматурын урьдчилгаанд авсан 115.0 сая төгрөгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах, арматур төмөр өгөхгүй байх шууд санаатай гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна”, “шүүгдэгч нь хохирогчид Дархан төмөрлөгийн үйлдвэрийн 50 гаруй тонн, Хятад Улсын 12 метр урттай 28 диаметр 14 боодол арматур төмөр тус тус хүлээлгэн өгсөн” гэж дүгнэж, цагаатгах тогтоол гаргасан нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй болсон төдийгүй хохирол нөхөн төлж байгаа явдал нь гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасан ба анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, цагаатгагдсан этгээдийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй байх тул хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг тус тус хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1029 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т-ад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Т-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ