| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414003740326 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн*******,******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын сүүл үед Баянхонгор аймгийн ******* сумын Буйлсан 3 дугаар багийн нутагт бэлчиж байсан иргэн *******ын эзэмшлийн галтай нар, саран тамгатай, 10 настай, хээлтэй, халтар гүү, саран тосгууртай дөл тамгатай, 7 настай, хээлтэй, хүрэн гүү, цагаан хос арвай тамгатай, 6 настай хээр морь нийт 3 тооны мал буюу олон тооны бод малыг өөрийн эзэмшлийн мотоциклийг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, мал хулгайлж, иргэн *******т 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Өмнө жилийн өвөл цас зудтай байсан бөгөөд манайх үхэр, адуугаа уруудуулж алдсан. Тухайн үед зудтай байсан тул би үхэр, хонь ямаагаа хариулаад адуундаа явж чадаагүй байсан. Тэгээд хавар манай адуунууд мэр сэр гарч ирээд байсан. Нэг өдөр хонио хариулаад явж байтал манай адуунууд гараад ирсэн. Тэгээд манай адуу дотор айлын хоёр гүү, нэг адуу орсон байсан. Тухайн айлын хээр морь нь манай гүүнүүд болон өөрийнхөө хоёр гүүтэй хамт хураасан байсан. Тухайн үед хээр морийг хоёр гүүтэй нь хамт адуунаасаа тастах гээд бараагүй. Тэгээд “ойр хавын айлын адуу байх, эзэн нь мэдэж байгаа байх” гэж бодоод адуундаа нийлүүлсэн. Дараа нь хээр нь морь нь алга болсон байсан. Харин хоёр гүү нь байсан. Хааяа дурандахаар манай адуунд байж байдаг байсан гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2024 оны өвөл буюу 01 дүгээр сарын сүүлээр 3 азарга адуу буюу 68 тооны адуугаа шуурганд уруудуулаад алдсан юм. 2024 оны 03 дугаар сарын сүүлээр би өдрөө сайн санахгүй байна, манай 3 азарга адуунаас хэд хэдээрээ гүйгээд ирээд байсан юм. Тухайн үедээ хэд хэдээрээ гүйж ирсээр байгаад 34 тооны адуу нь буцаад үлдсэн адуундаа гүйгээд ирсэн. Гэтэл манай 8 тооны адуутай хамт 2 гүү, нэг морь хамт ирсэн. Тухайн үед хээр зүсмийн морь хос арвай гэдэг тамгатай, хүрэн зүсмийн гүү дөлтэй сар тамгатай, халтар зүсмийн гүү дөлтэй сар тамгатай гээд нийт танихгүй 3 адуу хамт гүйгээд ирсэн байсан. Би тухайн 3 адууг гэрийнхээ адуунаас тастах гэж үзтэл хээр морь нь азаргасаад адуунаас салахгүй байсан юм. Тухайн үед танихгүй 3 тооны адууг би "ойрхон айлын адуу юм айлгүй, эзэн нь ирж авах байх" гэж бодоод адуундаа байлгасан. Тухайн 3 адуу нь манай адуутай хамт 2-3 сар орчмын хугацаанд хамт байсан. Харин хээр морь нь тэнгэр муухайрах үеэр буюу цасан шуурганаар алга болчихсон байсан, харин 2 гүү нь 2-3 сар орчим болсон. Манай адуу манай нутаглаж байсан газраас ******* сумын Бөөнцагаан нуур орчмоор бэлчдэг байсан. Манай байгаа газар болон Бөөнцагаан нуур нь бараг 2 сумын залгаа нутаг. Би адуугаа хаа нэг дурандчихаад адуунууд тухайн газраа байж л байдаг байсан. Манайх 2024 оны 03 дугаар сарын 10-д гарсны дараа манайх нутаглаж байсан Гашуун хөндий" гэх газраас нүүгээд Бууцагаан сумын 2-р багийн нутаг Долооны бор толгой" гэх газарт буусан байсан. 2024 оны 06 дугаар сар дөнгөж гарч байтал нэг өдөр манайд мотоциклтой сундалгаатай 2 танихгүй хүн ирээд дөлтэй саран тамгатай хүрэн, халтар зүсмийн 2 гүү үзэгдсэн Ү гэж асуусан. Тэгэхээр нь би тэр 2 хүнд “манай адуунд уг 2 гүү байгаа, харин 1 хээр морь нь гүйгээд алга болсон байгаа, уг нь 3 адуу ирсэн юм, 2 гүү нь унагалчихсан байгаа” гэж хэлсэн. Тэр хоёр гүү хээлтэй байсан ба тухайн үед унагалаад 4-5 л хонож байсан юм. Гэтэл "тэр 2 гүүг чинь хавраас хайгаад байна аа, Чандманы Өрнөх гэж хүн байна" гэж нэг хүн нь хэлсэн. Тэгээд тэр 2 гүүг "унагалсан бол 2 уулаа алаг зүсмийн унага гарсан уу" гэж асуухаар нь би "халтар гүү нь алаг зүсмийн, хүрэн гүү нь хүрэн зүсмийн унага гарсан байгаа" гэж хэлсэн. Тэгээд би тухайн 2 хүнийг дагуулаад гэрээсээ адуун дээрээ очоод 2 гүү, 2 унагыг нь тухайн 2 хүнд үзүүлээд тэр 2 хүнтэй хамжиж байгаад адуунаасаа арай хийж тастаж өгөөд тэр 2 хүн туугаад явсан. Тухайн үед азарга нь гүү, унагаа харамлаад арай хийж би өөрийн адуунаасаа тастаж өгч явуулсан. Тэгээд нөгөө "Өрнөх гэдэг хүн нь баярлалаа" гэж хэлээд яваад өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа миний утас дуугараад танихгүй дугаар залгаад "******* гэж хүн байна, танай адуунд байсан 2 гүүтэй хамт явсан эрлийз халзан байдсыг яасан" гээд надаас нэхсэн. Тэгэхээр нь би тухайн үед болсон зүйлийг хэлээд байсан адуу нь байгаа чигээрээ байсан, харин 2 гүү нь унагалсан байсан" гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 93-95/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
....2024 оны 03 дугаар сарын дундуур манай адуу гурван бургас гэдэг газар байсан. Хээлтэй халтар гүү, хээлтэй хүрэн гүү, хээлтэй шийр цагаан халзан байдас, хээр морь зэрэг 4 тооны адуу алдсан. Тэгтэл 2024 оны 04 дүгээр сарын 20-ний үеэр хээр морь гэрийн арын худгийн орчимд ирсэн байсан.Би нэг хүнийг сэжиглэж байгаа. Тэр хүн бол ******* гэх залуу байгаа яагаад хардаж байгаа гэхээр 2024 оны 06 дугаар сарын 09-ны өдөр буюу ******* гэх залуу надад алдсан гэх адуу чинь Бууцагаан сумын урд Хавчаар гэх газарт ******* гэх айлын адуунд байна, хоёр гүү чинь унагалчихсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* гэх хүн хавар Бууцагаан сумын Булган гэх газарт ирж байж байгаад зун 6 сард Хүрээмарал сумынхаа нутаг руу нүүгээд явсан. Түүнээс хойш ах над руу залгаад 2 гүү, 1 өсгий цагаан байдас харсан уу гэж надад асууж байсан. Тухайн үед Гэрэлмөнх ах сураглаж байсан адуунуудаа олон нийтийн сүлжээнд алдсан, олсон хүнд шагналтай гэж зар байршуулсан байсан. Би өвөл 5 морь *******оос худалдаж аваад хавар 5 гүү өгөхөөр болсон юм. Тэгээд би уг 5 гүүгээ хүргэж өгөх гээд аваад явсан. *******ын адуун дээр очиход ахын алдсан гэх халтар гүү нь унагалчихсан байсан. Тэгээд би ах болон нарт *******ын адуунд алдсан адуу чинь байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би *******ын алдсан гэх адууг хүн амьтнаас сураглаж байгаад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин гэх залуугаас *******ын адуунд *******ын алдсан гэх адуунууд байна гэж хэлсэн. Тэгээд би *******ын адуун дээр очиход Халтар гүү нь унагалчихсан байсан. Маргааш нь дахин адуун дээр нь очиход хүрэн гүү нь бас унагалчихсан байж байхаар нь *******ыг адуун дээр нь дагуулж очоод 2 гүүг унагатай нь авсан. ******* надад хэлэхдээ энэ хоёр гүү хэний, хаанахын адуу юм гэж баахан юм асууж байгаад, манай азарга хурааж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би *******оос шийр цагаан халзан байдас, хээр морь хоёр хаана байна гэж асуухад мэдэхгүй. Тийм адуу ирээгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Манайх Бууцагаан сумын 2 дугаар баг, Гашуугийн дэл гэх газарт байх үеэр ******* адуугаа хайхаар яваад ирэхдээ 11 тооны адуу тууж ирсэн. Тэдгээр адууны 8 нь манайх 3 нь танихгүй адуу байсан. Тэр гурван адуу нь том хээр морь, хээр гүү, хүрэн гүү байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* хоёр жороо морьтой 8-н тооны харсан уу гээд сураглаж байсан. Харин 2024 оны 05 дугаар сарын дундуур халиун үрээ харсан уу гэж асууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...******* бол цагдаад өргөдөл өгсөн. Харин би олон би нийтийн сүлжээнд 2024 оны 03 сарын дундуур байх сайн санахгүй байна. ******* сумын нэгдсэн сүлжээ, Баянхонгор аймгийн нэгдсэн сүлжээнд хос арвай тамгатай хээр морь, нар сар гал тамгатай хээр гүү, хүрэн гүү зээрд халзан байдас хүрээтэй Д үсэг нь тамгатай дээрх адуунуудыг алдсан болно гэж тавьсан. Бууцагаан сумын иргэн буюу ******* дүүд 2024 оны 06-р дундуур байх би залгаад хээр морь нь гүйгээд ирсэн байгаа, харин алаг унагатай гүү байх юм бол мөн шүү гэж хэлээд өнгөрсөн чи наагуур хайгаад сураг гаргаад өгч гэж гуйсан. Тэгтэл удалгүй 5-6 хонгийн дараа ******* залгаад таны алдсан адуутай адилхан адуу байна Хүрээмарал сумын *******ын адуунд байна ирээд авахгүй бол энэ айл маргааш нүүх гэж байгаа юм байна гэж хэлсэн. Би *******т ******* айлын адуунд байна, одоо чи өөрөө учрыг олоорой гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /
Энх-нахиа” ХХК-ны шинжээч Л.Наранцэцэгийн 2024 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн №203 дугаартай “...Бор хээр морь 1 ширхэг, 5 настай... 1,000,000 төгрөг, Хүрэн гүү 7 настай, хээлтэй 1 ширхэг, 1,500,000 төгрөг, Бор хээр гүү 10 настай, хээлтэй 1 ширхэг, 1,500,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 76-77/
Энх-нахиа” ХХК-ны шинжээч Л.Наранцэцэгийн 2024 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн №216 дугаартай “...у\лсын дугааргүй Мустанг-5 маркийг цэнхэр өнгийн мотоцикл, ...үнэ цэнэ 430,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 83-84/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 14/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 20-21/, шүүгдэгч Х.Хишигтогтохын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 100/,депозит дансны хуулганууд / хх-ийн 102-119/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 123/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******од нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Дээр дурдсан шинжүүд хангагдсан тул ******* нь бусдын алдуул мал буюу хохирогч *******ын өмчлөл, эзэмшлийн 3 тооны адууг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 27-28/, гэрч *******, , , , нарын мөрдөн байцаалтад мэдүүлэг /хх-ийн 35-36, 44-45, 48-48, 52-53, 39-40/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-95/, хохирогч *******ын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / хх-ийн 15-16/, мөрдөн шалгах ажиллагааг явуулах албаны даргын тогтоолууд / ххийн 16-17/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15/, “Энх-нахиа” ХХК-ны шинжээч Л.Наранцэцэгийн 2024 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 203 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77/ болон хэрэгт хууль ёсны дагуу авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.
Энэ нь хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө болох 3 тооны адууг шууд ижил сүргээс нь салган авч захиран зарцуулсан буюу хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох нууц далд, сэм аргаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Шүүгдэгч *******ыг 2024 оны 03 дугаар сарын сүүл үед Баянхонгор аймгийн ******* сумын Буйлсан 3 дугаар багийн нутагт бэлчиж байсан иргэн *******ын эзэмшлийн 3 тооны адууг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь өөрийн эзэмшлийн 3 тооны адууг биет байдлаар авсан тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Улсын яллагч ....шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч ...шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ
Иймд шүүгдэгч *******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирил, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон ар гэрийн байдал / малчин, мал маллаж амьдардаг/, улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан ...6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... дүгнэлтэд тусгасан ялыг шүүгдэгч *******ыг оршин сууж байгаа газарт эдлүүлэх боломжгүй, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч *******ын хувьд ноогдох хөрөнгө, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч *******ын эзэмшлийн...Мустанг-5, Арвайн хурд маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болох мотоциклийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг эзэмшигчид буцаан олгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч ******* овогт *******ийн*******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
8.Шүүгдэгч *******ын эзэмшлийн...Мустанг-5, Арвайн хурд маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болох мотоциклийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг эзэмшигчид буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА