| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Э.Уламбаяр
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******,******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 8 дугаар баг Бөөрийн урт Жалгын ар гэх газар малаа бэлчээж байсан. *******тай хаваржааны бэлчээр малд идүүллээ гэх шалтгаанаар маргалдан зодолдож улмаар *******н толгойн тус газар чулуугаар 1 удаа цохиж биед дагз ясанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм тэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Би зодолдъё гэсэн бодол байгаагүй, ******* өөрөө над руу дайрсан. Хавар төл малаа 500 метр газар явуулна гэж хэлсэн. Тэгээд дайраад байхаар нь хүнтэй харьцаж сураагүй юм уу гэхэд над руу чулуу бариад дайраад байсан гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би тухайн хүнтэй хэрэлдэх, зодолдох ямар ч сонирхол байгаагүй очоод хүн шиг ярилцсан чинь ******* хэрүүл зодооныг өөрөө эхлүүлж чулуу барьж босож ирээд дайраад байхаар нь урдаас нь ганц нэг үг хэлсэн чинь намайг босож ирээд шууд цохиод авсан. Тийм учраас ийм асуудал үүссэн юм. Би *******н толгой руу чулуугаар цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед Баянхонгор аймаг ******* 8 дугаар баг Бөөрний урт жалгын ам гэх газарт эхнэр *******ийн хамт манай хонь ******* гэдэг айлын хаваржааны урд хэсэгт орсон байхаар нь бид хоёр хонио эргүүлчхээд утсаар яриад сууж байсан чинь ******* гэх залуу эхнэртэйгээ хамт мотоциклоор хүрээд ирсэн. Тэгээд бид хоёрт хандаж “яахаараа хаваржаан дээр хонь хариулаад байгаа гэхээр нь манай эхнэр ******* хонь наашаа цуваад орж ирэхээр нь эргүүлчхээд сууж байна гэсэн чинь эхнэр нь надад хандаж та одоо настай хүн байж айлын хаваржаан дээр хонь хариулаад гээд байхаар нь бэлчээр хувьчлаагүй бид хоёр танай хаваржаан дээр байна, манай хонь урд байна. Чи ер нь зунаас хойш хонь мал хөөгөөд давраад байгаарай гэсэн чинь ******* урдаас хэрэлдээд намайг энэ хоёр ажил алба хашчихаад эргүү цагаачин пизда байна гээд байхаар нь айлгах гээд газраас чулуу бариад хэрүүл хийж байгаад гэнэт чулуу мод барьж болохгүй гэж бодоод чулуугаа хаясан. Бид хоёр хоёр талаасаа заамдалцаж авчхаад би заамдсан гараа тавьсан чинь ******* тавихгүй байхаар нь би тавь гэж 2-3 удаа хэлээд гарыг нь цохиход тавихгүй, хөл рүү өшиглөхөөр нь хөлийг нь хамж аваад дээр нь дараад нүүр ам руу цохихгүй гээд цээжээрээ нүүрийг нь дараад хэвтэж байсан чинь хоёр гараа сугалж гаргаж ирээд чулуу аваад миний толгой руу 1-2 удаа хүчтэй цохиод авахаар нь толгойг нь сугандаа хийгээд толгойг нь дарчихсан чинь эхнэр нь араас боогоод алчихъя гээд миний хүзүүвчнээс татаад байсан. Манай эхнэр болиоч та нар гээд *******ын эхнэрийг салгаад чулуугаар цохиод, нэг нь боож алах гээд байна уу гээд хэрэлдээд байсан. Би *******ыг дарсаар л байсан чинь ******* за хоёулаа больё ярилцъя, эсвэл алалцъя гэхээр нь арай тайвширсан байна гээд босгоод толгойгоо бариад үзсэн чинь маш том хагарсан 2 хуруу орж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...13 цагийн үед нөхөртэйгөө хамт мотоциклтой бригад орох гээд явж байсан манай хаваржаан дээр ******* ах эхнэртэйгээ сууж байхаар нь бид хоёр явж очоод мэндлээд манай хаваржаа хавар мал иддэг юм гэсэн чинь “хэний ч мал иддэг юм гээд чулуу барьж босож ирснээ чулуугаа хаячхаад манай нөхрийн нүүр лүү нэг удаа цохиод тэр хоёр барьцалдаж аваад манай нөхрийг дарж аваад, эхнэр нь цохиод байсан. Тэгэхээр нь би салгах гээд хойноос нь татсан чинь дийлээгүй. Тэгээд манай нөхөр чулуугаар *******н толгой руу нэг удаа цохиод тэгээд босож ирээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р /,
Гэрч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 13 цагийн үед нөхөр *******н хамтаар мотоциклтой хонио эргүүлэх гээд явж байсан чинь манай хонь ******* гэх айлын хаваржаа руу орчихоор нь хонио эргүүлж гаргачхаад бид хоёр утсаар яриад сууж байсан чинь ******* гэх залуу эхнэртэйгээ ирсэн. Тэгээд хаваржаа руу хонио яагаад оруулаад байгаа гэхээр хонь орчихоор нь эргүүлээд сууж байна. Танайх яагаад зунаас хойш манай малыг эргүүлээд мотоциклоор хөөгөөд байгаа юм гээд *******, ******* хоёр маргалдаад манай нөхөр чулуу бариад авахаар нь би боль гэсэн чинь чулуугаа хаячихсан. Тэгж зууралдаж байгаад ******* доороо оруулаад хэвтчихсэн чинь *******ыг 2 гар нь сул байж байгаад газраас чулуу хайж байгаад аяганаас том чулуу барьж аваад манай нөхрийн дагз руу цохисон. Би очоод *******ын гараас том чулуу аваад шидсэн. Тэгээд босоод *******н толгойг бариад үзсэн чинь цус гараад байхаар нь оёдол тавиулахгүй бол болохгүй гээд бригадын эмнэлэг рүү явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 611 дугаартай
1.*******н биед дагз ясанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой.
З.Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 47-48/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 06/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 07/, Баянхонгор аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж үйлчилгээ авсан тухай зардлын тодорхойлолт /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, малчны тодорхойлолт /хх-ийн 63/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66/, депозит дансны хуулга /хх-ийн 67-72/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 8 дугаар баг Бөөрийн урт Жалгын ар гэх газар малаа бэлчээж байсан. *******тай хаваржааны бэлчээр малд идүүллээ гэх шалтгаанаар маргалдан зодолдож улмаар *******н толгойн тус газар чулуугаар 1 удаа цохиж биед дагз ясанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын...Ц.*******гийн толгой руу чулуугаар цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Хохирогч *******н...хоёр гараа сугалж гаргаж ирээд чулуу аваад миний толгой руу 1-2 удаа хүчтэй цохиод авахаар нь толгойг нь сугандаа хийгээд толгойг нь дарчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч ын... манай нөхөр чулуугаар *******н толгой руу нэг удаа цохиод тэгээд босож ирээд салцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Гэрч С.*******ийн... *******ыг 2 гар нь сул байж байгаад газраас чулуу хайж байгаад аяганаас том чулуу барьж аваад манай нөхрийн дагз руу цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 611 дугаартай...*******н биед дагз ясанд шарх гэмтэл тогтоогдлоо,...хөнгөн зэрэг хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 47-48/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ын гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь бэлчээрийн асуудлаас болж хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед дагз ясанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 47-48/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтйэ талаар бүртгэгдсэн боловч Улсын Дээд шүүхийн 2021 оны 02 дугаарсарын 02-ны өдрийн № 86 дугаар тогтоолоор Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр магадлалд “Прокуророос Ш.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэсэн тул түүний өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж бичих боломжгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ..... дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг... буруугаа ойлгож байна, хоорондоо эвлэрсэн, торгох шийтгэл оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү... гэх дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн болон ар гэрийн байдал / малчин, хувьд ноогдох хөрөнгөтэй/, хохирогчтой эвлэрсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж , уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тотгоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хохирогч ******* нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА