Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2020/00374

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн******* сумын 05 дугаар багт оршин суух Боржигон овогтой Дүүжийгийн ******* /...................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр анх ажилд орж, 7 жил үйлчлэгчээр тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2018 оны 03 дугаар сард эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж, эмнэлэгт хэвтэх гэсэн боловч оргүй гээд хойшилсон, энэ хугацаанд сургуулийн захирал Ц.Мөнхсоёлтой очиж уулзахад Та эмнэлгийн ажлаа дуусгаад ир гэсэн. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд 2018 оны 5 дугаар сарын 10-ны орчим ажилдаа орохоор очиход захирал Сургууль амрах гэж байхад ороод яхав нэг мөр намар ир гэсэн юм. Намар 2018 оны 08 дугаар сарын сүүлээр ажилдаа орохоор очиход захирал байгаагүй ба харин бичээч Таныг өөрийн тань хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна гэж хэлсэн. Ингээд намайг яасан нь мэдэгдэхгүй байгаад байхаар нь захирал Ц.Мөнхсоёлтой ажилдаа оръё гэж уулзсан. Тэгсэн захирал Та шүүх, хуулийн байгууллагаар янз бүр болов дэмий байх шүү гэсэн. Тэгэхээр нь би ажлын нөхцөл өөрчилж, өөр ажлаар хангах байх гэж хий горьдон хүлээсэн. 2018 оны 11 дүгээр сард дахин захиралтай уулзахаар очиход захирал өөрчлөгдсөн байсан бөгөөд шинэ захирал нь би өмнөх захирлын ажлыг мэдэхгүй, таныг ажлаар хангах боломжгүй шүүхээр яваад таныг ав гэсэн шийдвэр гарвал авна гэсэн хариу өгсөн. Ингээд 2019 оны 03 дугаар сард дээрх асуудлаар Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид хандсан ба түүнээс өгсөн хариуг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Мөн 2019 оны намар хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахаар өмгөөлөгч, хуульч Дагвадорж гэж хүнтэй уулзаж бүх бичиг баримтаа өгсөн боловч тэрээр нас барсан байсан. Ажлаас чөлөөлснийг сургуулийн бичээчээс анх 2018 оны намар мэдсэн бөгөөд тушаалаа 2019 оны 12 дугаар сард архиваас хуулбарлан авсан тул шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Хөвсгөл аймгийн******* сумын ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёл шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

...Д.******* нь 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн******* сумын ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн ба ажиллаж байх хугацаандаа саван, вокны харшил хөдөллөө, самранд явлаа гэх мэтээр цалинтай, цалингүй чөлөөг удаа дараа авч, тогтвор сууршил муутай ажилладаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сард эмчилгээ хийлгэнэ гэж чөлөө авсан боловч акт авчирч өгөөгүй. Мөн эмнэлэгт ч хэвтээгүй байсан. Өөртэй нь утсаар ярьж холбогдоход цаашид ажиллах боломжгүй байгаа тул өөрийн хамаатан болох хүнийг ажилд аваач гэж хэлсэн. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.*******ыг ажллас чөлөөлж, оронд нь хамаатных нь хүнийг ажилд авсан. 2018 оны намар ажилдаа эргэж орох байх гээд холбогдох гэсэн боловч чадаагүй ба тэрээр сумын төвд байх хашаа байшингаа зараад аймгийн төв рүү нүүсэн, Аймагт Ану гэх дэлгүүрт ажиллаж байгаа гэж өөрийнх нь оронд орсон хүн нь хэлсэн тул 2018 оны 08 дугаар сард Д.*******ын оронд ажилд нь орсон хүнийг жинхэлсэн тушаал гаргасан. Ингэхдээ бичиг хэргийн алдаа гаргаж тушаалд Д.*******ыг ажлаас чөлөөлж буй мэтээр буруу бичигдсэн байна. Д.******* нь ажлаасаа гарна гэж надад болоод ах дүүгийнхээ хүмүүсээр дамжуулан удаа дараа хэлж байсан тул тушаал өөрийнх нь хүсэлтээр гэж гарсан. Уг тушаалыг бичиг хэргийн ажилтан Д.*******д гардуулах гэтэл самар, жимсэнд явсан гээд олдоогүй тул төрлийнх нь Нансаа гэдэг хүн тушаалыг өгсөн бөгөөд уг хүн Д.*******д тушаалыг өгсөн гэсэн. Д.******* ажлаас чөлөөлөгдсөнөө эрт мэдсэн. Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээд Ану худалдаа үйлчилгээний төвд ажилласан байдаг. Гэтэл 2019 оны 12 дугаар сард тушаалаа алга болгочихлоо хуулбарлаад өгөөч гэж архиваас хуулбарлуулж аваад шүүхэд уг хугацаанаас тооцон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй ба нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт нотлох баримтаар Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай , 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/24 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалууд авагдсан байх ба нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн маргаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёл нь шүүх хуралдаанд ...Д.*******ыг Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Түүний оронд түр томилогдсон хүнийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар жинхэлсэн. Тушаал гаргахдаа өмнө гаргасан тушаалын загвар дээр дарж бичихдээ бичиг хэргийн ажилтан алдаа гаргаж Д.*******ыг ажлаас чөлөөлж гэж буруу бичсэн байна... гэж тайлбарлаж байх ба Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/24 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал нь маргааны үйл баримт болоогүй, зохигч маргаагүй болно.

Д.******* нь Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон ниймгийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.*******ыг ажиллаж байх хугацаанд биеийн байдал, өөрийн хүсэлт өргөдөл гаргасан зэрэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, ...Биеийн байдал өөрийн хүсэлт өргөдлийн дагуу үйлчлэгч Д.*******ыг 2018.04.10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн Г.Батжаргалыг сургуулийн дотуур байрны гал тогооны үйлчлэгчээр түр томилон ажиллуулсугай..." гэх тушаалын хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдлоо.

Ажилтан Д.*******ыг ажлаас халсан 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/18 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангахгүй байна.

1.Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.*******ыг Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө тушаалд Монгол Улсын бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7-р заалтуудыг баримталсан байх боловч тушаалын 1 дэх заалтад ...биеийн байдал, өөрийн хүсэлт өргөдлийн дагуу... гэсэн нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл ажилтны өөрийнх нь санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан байх ёстой.

2.Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд ...биеийн эрүүл мэнд муу, эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай байсан тул 01 сарын чөлөөг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс авсан. Энэ хугацаанд эмнэлэгт ор байхгүй гэх шалтгаанаар хэвтэж чадаагүй тул чөлөөний хугацаагаа сунгахаар захиралтай уулзахад та эмнэлгийн ажлаа дуусгаад ирж ажилдаа ор гэсэн тул би эмнэлэгт хэвтээд 2018 оны 5 дугаар сарын 10-нд ажилдаа орохоор очсон. Гэтэл захирал Ц.Мөнхсоёл сургууль тарах гэж байна. Та нэг мөр намар ир гэхээр нь явсан юм. Тухайн үед намайг ажлаас чөлөөлсөн байсныг мэдээгүй байсан...гэх мэдүүлэг, тайлбар өгч байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчоос шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгох бөгөөд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Д.******* нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл бичгээр гаргаагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн зэрэг зөрчлүүд байна.

Гэвч Д.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчиж, хугацаа хэтрүүлж гомдол гаргажээ. Үүнд: тэрээр хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдлыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасныг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/224 дугаартай...танай сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан Д.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргалгүй, ямар нэгэн шийдвэргүйгээр 2018 оны 12 дугаар сараас хойш ажилгүй хүлээлгэж байгаа гэсэн гомдол удаа дараа ирж байна. Д.*******ыг өмнө гүйцэтгэж байсан ажлыг нь гүйцэтгүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож манайд мэдэгдэнэ үү...гэх хариу ирүүлснийг гардан авсан талаар мэдүүлсэн бөгөөд уг албан бичгийг авснаас хойш 8 сарын дараа шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байх ба энэ талаар маргаагүй.

Мөн нэхэмжлэгч нь....ажлаас халагдсан тухайгаа 2018 оны 8 дугаар сард ажилдаа оръё гээд сургууль дээр очиход захирал байхгүй бичээч таныг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна гэж хэлсэн, би ажлын нөхцөл өөрчлөөд өөр ажлаар хангах байх гэж хий горьдон хүлээсэн ба 2018 оны 11 дүгээр сард захиралтай уулзахаар очиход захирал өөрчлөгдсөн байсан бөгөөд шинэ захирал нь би өмнөх захирлын ажлыг мэдэхгүй, таныг ажлаар хангах боломжгүй шүүхээр яваад таныг ав гэсэн шийдвэр гарвал авна гэсэн хариуг өгсөн... гэх тайлбарыг өгч байгаа ба энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гомдол гаргагч нь гомдол гаргах хугацааны дотор хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр архиваас хуулбарлан авч, шүүхэд нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан гэж үзнэ хэмээн тайлбарлаж байх боловч хуулиар тусгайлан тогтоосон шаардах эрхийн үндэслэл нь хэн нэгэн буруутай этгээдийн улмаас өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж, ашиггүй байдал үүсэх талаар мэдсэн, мэдэх боломжтой үеэс эхлэх ба нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой шүүхэд өргөдөл, нэхэмжлэлийг цаг тухайд нь гаргаж шийдвэрлүүлээгүй орхисноос гадна хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Д.******* нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлж гомдол гаргасан тухайгаа нотолж чадаагүй, энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй.

Иймд Д.*******ын урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ