Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/159

 

 

 

 

 

 

   2021             2              9                                          2021/ДШМ/159

 

 

  Г.Т-ад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

                                                                                               

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

яллагдагч Г.Т-ын өмгөөлөгч О.Алтанчулуу,

 нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2500 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Т-ад холбогдох эрүүгийн 2008000001114 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөх чоно овгийн Ганболдын Г.Т-, 1.. оны 8 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ......... хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........................ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Яллагдагч Г.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 9 цагийн үед өөрийн хамтран амьдрагч А.Р-г найз Т.Г-тэй хардан маргалдаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шанд” 10 дугаар гудамжинд Т.Г-ийн хэвлийн тус газар нэг удаа, А.Р-гийн цээжин тус газар хоёр удаа хутгалж, онц, харгис хэрцгийгээр, хоёр хүнийг алахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр, томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилжээ.

Иймд, хууль ёсны зарчмын дагуу Эрүүгийн хуульд тусгагдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн нэр томьёог тайлбарлан хэрэглэхэд Монгол Улсын Их хурлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тусгайлан тодорхойлсон байна.

Прокурор шүүхийн хэлэлцүүлэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгайлан заасан “байнга” гэх шинжийг хангаагүй тул гэр бүлийн хүчирхийлэл гэж үзээгүй юм...” гэж тайлбарласан нь үндэслэл муутай байх бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс ялган зүйлчлэх зорилгоор “байнга” гэсэн тооны шалгуур тогтоосныг Эрүүгийн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад тусгасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёог тайлбарлахад иш татах нь өрөөсгөл юм. Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх чөлөөнд халдсан нэг удаагийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчилд хамаарах, харин уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан, эсхүл амь нас нь хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10, 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх учиртай. Энэ хэргийн тухайд Г.Т-, хохирогч А.Р- нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч эхнэр, нөхрийн харилцаатайгаар 7 жил хамтран амьдарч, 2 хүүхдийн эцэг, эх болсон байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар тэднийг хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ. Г.Т-ын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулж, прокурор хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр гэмт хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. ...” гэжээ.

Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.Т-, А.Р- нар нь гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан хамаарах этгээдүүд мөн боловч яллагдагчийн үйлдсэн “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.Р-г өөрийн найз болох Т.Г-тэй хардаж, улмаар А.Р-, Т.Г- нарын цээжин тус газар нь 1-2 удаа хутгалж, хоёр хүнийг алахаар завдсан” гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундаанаас гадна хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэхээр нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангагдсан хоёр хүнийг алахаар завдсан санаатай гэмт хэрэг юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан хамаарах этгээдүүд гэсэн үндэслэлээр нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинж нь гэмт этгээдийн балмад зан авир, түүний илрэл, тарчлаан зовоосон харгис хэрцгий арга, тарчилган зовоосон, зовж зүдрэхээр байдлыг зориуд бий болгосон, тарчилгах зорилгоор зориуд тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнынх нь хүмүүсийн дэргэд тухайн үйлдлээ гүйцэтгэсэн зэргээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлийг хамааруулахаас гадна тухайн хүндрүүлэх нөхцөлийн гол шинж нь “байнга” гэсэн давтамж хамаарахаар байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрхи нөхцөл байдлууд тогтоогдохгүйгээс гадна Г.Т- нь хамтран амьдрагч А.Р-г бусадтай байнга хардах, бие махбодид халдах, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Г.Т-ын өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Г.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд уг нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Г.Т-ад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Г.Т-ыг онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алахаар завдсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн  дэх  хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд Г.Т-ын үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлтээс үзэхэд, Г.Т- нь хохирогч А.Р-тай гэр бүлийн харилцаатай 7 жил хамтран амьдарч, 2 хүүхдийн эцэг, эх болсон тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн 2.8 дахь заалтад заасныг нэмж зүйлчлэх нь зүйтэй гэсэн утга агуулгатай шийдвэр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Г.Т- нь хохирогч А.Р-тай гэр бүлийн харилцаатай байсан боловч 2020 оны 2 дугаар сараас салж, тус тусдаа амьдарч байгаа, энэ хооронд хохирогч А.Р- нь хохирогч Г.Гандөштэй гэр бүлийн харилцаатай болсон, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Г.Т-, А.Р-, Г.Гандөш нар нь хамтран архи ууж согтуурч байгаад маргалдан, улмаар Г.Т- нь хоёр хохирогчийг хутгалж алахыг завдсан гэмт хэрэгт холбогдсоноос гадна хохирогч А.Р-гийн “хардалтаас болсон байх, урьд нь цагдаад архи уулаа гэж л дуудлага өгч байсан, өмнө нь намайг зодож байгаагүй”, яллагдагч Г.Т-ын “Г.Гандөшийг айлгах гэж байгаад хутга авсан” гэсэн мэдүүлэг зэргээс гадна хэрэгт аюулын зэргийн үнэлгээ болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийгдээгүй зэргээр тухайн хэрэгт гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах үндэслэл болов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2500 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.Т-ад холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд шилжтэл Г.Түвшинтөртбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ