| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/00204/И |
| Дугаар | 155/ШШ2020/00375 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2020/00375
| 2020 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2020/00375 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд ............онд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, монгол хэлний багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн .............. тоотод оршин суух, РЮ............... дугаар регистртэй, Барнууд овогт Гомбосүрэнгийн Цэдэндамбын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт суманд .............. онд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, түүхий эд, бэлтгэл судлал мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 1.....................тоотод оршин суух, РЭ.................. дугаар регистртэй, Хар дархад овогт Аюушжавын Батаад холбогдох
Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны Батчандмань ХХК-ий конторын барилга, түүний доорх 3213м2 газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2019/01512/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Г.Цэдэндамба, түүний өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч А.Батаа, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэдэндамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Лхамсүрэнтэй 1991 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёр 20 гаруй жил хамтран амьдарч байгаад нөхөр маань 2014 онд өвчний улмаас насан өөд болсон. Миний нөхөр Б.Лхамсүрэн нь Хөвсгөл аймгийн Хэрэглээний хоршоодын холбооны орлогч дарга байхдаа Хөвсгөл аймгийн Хэрэглээний хоршоог Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №100 дугаар тогтоолоор 523 тасалбараар дуудан авсан болно. Өмч хувьчлалын комисс нь миний нөхрийг Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны орлогч даргаар ажиллаж байсан байдлыг харгалзан эд хөрөнгийг худалдсан үнийн 10 хувь буюу 52 тасалбараар хөнгөлөлт үзүүлснээр 471 ширхэг ягаан тасалбарыг Аймгийн Өмч хувьчлах комисст хүлээлгэн өгч улмаар 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дуудлагаар худалдан авсан үнийг тушаасан. 1990 оны эхээр Худалдааны байгууллагыг орон даяар хувьчилж эхэлсэн энэ үед Худалдаа бэлтгэлийг удирдах газрын хийж хэрэгжүүлж ирсэн ажил үүргийг тэр хэвээр нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохицуулан авч явахын тулд аймгийн Хэрэглээний хоршоодын холбоо нь эд хөрөнгө бусад зүйлийг өмч хувьчлалын дагуу дуудлагын худалдаагаар авч "Чандмань бүрэн бус хариуцлагатай компани байгуулсан. Энэ компани нь толгойлох компанийхаа хувьд сумдын хувьчлагдсан хэрэглээний хоршоодыг мэргэжлийн удирдлагаар хангах, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, боловсон хүчнийг сургах, давтан сургах, бараа материалаар хангах. түүхий эд бэлтгэх зэрэг Худалдаа бэлтгэлийг удирдах газрын хийж хэрэгжүүлж ирсэн ажил үүргийг гүйцэтгэж байсан.
Тус Чандмань ББХК нь 1996 онд шинэчлэгдсэн хуулийн дагуу Батчандмань ХХК- ний болгон өөрчлөгдөж, 2002 он хүртэл 10 гаруй жилийн турш үйл ажиллагаа амжилттай явуулж, компанийн дүрмийн дагуу олсон ашгийнхаа 40 гаруй хувийг жил тутам гишүүддээ хуваарилж ирсэн бөгөөд эргэлтийн хөрөнгөгүй улмаас компаний үйл ажиллагаа зогсонг байдалд орсон тул үлдсэн үндсэн хөрөнгөө ягаан тасалбараа нийлүүлсэн 20 гаруй хүмүүст тараан өгсөн юм. Ингээд конторын барилга болон түүний доорх газрыг миний нөхөр Б.Лхамсүрэнгийн хувьчилж авсан өмч юм. Нэгэнт "Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо-ны нэр 30 жилээр газар эзэмших гэрээ хийж, газар эзэмших гэрчилгээг шинэчлэн гаргуулсан боловч тус холбооны гишүүн толгойлох компани БатчандманьХХК , ЭХХХ 2 нь нэг эзэнтэй, нэг газартай, нэг контортой нэг байгууллага болно.
Нөхөр Лхамсүрэнг нас барсаны дараа би гэр бүлийнхээ эд хөрөнгийг өвлөж авсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар би "Батчандмань ХХК-тай холбоотой нөхрийнхөө өвийг хүлээн авсан гэж ойлгож байтал нягтлан бодогч асан М.Дашлэгцэг, нярваар ажиллаж байсан А.Батаа нар миний өвлөх эрхэд халдан намайг өвлөх эрхгүй этгээд гэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар маргаан үүссэн. Тэд хөгшнийг маань өөд болсноос хойш конторын барилга болон түүний доорх газрын бичиг баримтыг үзнэ гэж ирэхээр нь би байгаа бүх баримтаа үзүүлсэн, үүний дараа хэд хэдэн удаа ирж бид хуралдаж, н.Дагвадоржийг Аймгийн ЭХХХ-ны даргаар томилж тэмдэглэл үйлдсэн түүн дээр тамга дарж өг гэхэд нь би зөвшөөрөөгүй. Гэтэл надад тамга тэмдэг бүх юм хадгалагдаж байгааг мэдсээр байж 2018 оны 9 дүгээр сард Улсын бүртгэлийн хэлтэст хандаж энэ байгууллагын тамга тэмдэг бичиг баримт алга болсон гэж намайг хэлсэн гэж гүтгэж тэндхийн ажилтнуудыг төөрөгдүүлж, 1998 онд Хууль зүйн яаманд хандаж бүртгүүлсэн гэрчилгээний 1018337 тоот регистрийн дугаар дээр давхардуулж улсын бүртгэл хийлгэж авахдаа 2-уул хуралдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан нь хууль бус, хүчингүй хурал гэж би үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа.
Компани байгуулахад нягтлан бодогч асан М.Дашлэгцэг нь нийлүүлсэн 5 ширхэг ягаан тасалбарынхаа оронд үндсэн хөрөнгө болох мал нядалгааны газарт ашиглаж байсан дүнзэн байшинг авч 4-16-22 тоотод Тулга нэртэй худалдаа үйлчилгээний төв байгуулан олон жил ажиллаж байгаа, нярваар ажиллаж байсан А.Батаа 3 ширхэг ягаан тасалбар нийлүүлсэн боловч компанид 800.000 гаруй төгрөгийн өртэй байсан энэ талаараа компанитай тооцоо нийлээгүй байсан. "Батчандмань ХХК нь дүрмийнхээ дагуу ажиллаж тайлан тэнцлийг цаг тухайд нь гаргаж ирсэн.
Хуулийн этгээдтэй холбоотой өвд өвлөх эрхиин гэрчилгээ авах гэтэл нотариат өвийн гэрчилгээ олгохгүй, шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн асуудлыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн боловч иргэний хэргийг шийдсэний дараа захиргааны хэргийг шийдэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа болно.
Би Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо-ны газар болон конторын барилгыг 10.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар би Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо-ны Батчандмань ХХК-ий конторын барилга, түүний доорх 321Зм2 газрыг хувьчилж авснаас хойш буюу 1991 оноос хойш эзэмшин ашиглаж ирсэн тул уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй гэж үзэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардаж байна. Иймд Батчандмань ХХК-ий дүрмийн 2.10-т зааснаар би хувьцаа эзэмшигч Б.Лхамсүрэнгийн эхнэр, хууль ёсны өвлөгч мөн.
Г.Цэдэндамба намайг Батчандмань ХХК-ий 100 хувийн хувьцаа эзэмшигч нөхөр Б.Лхамсүрэнд оногдох Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо-ны Батчандмань ХХК-ий конторын барилга, түүн доорх 3213м2 газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Батаа шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Цэдэндамбаагийн зүгээс Аюушжавын Батаа надад холбогдуулан Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны Батчандмань ХХК-ий конторын барилга, түүний доорх 3213м2 газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Г.Цэдэндамбаа өмчлөхөөр тогтоолгохыг хүсэж буй 3213мкв газар нь Хөвсгөл аймгийн Эд Хэрэглэгчдийн Хоршооллын холбоо-ны эзэмшилд хууль ёсоор бүртгэлтэй, өмчлөөгүй газар юм. Түүнчлэн газар дээр байрлах конторын барилга нь мөн л Эд Хэрэглэгчдийн Хоршооллын холбоо-ны нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлтэй хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл Цэдэндамбаагийн гаргаж буй нэхэмжлэлд дурдсан 3213мкв газар болон конторын барилгад А.Батаа миний иргэний өмч эзэмшилд байдаггүй. Хөвсгөл аймгийн Эд Хэрэглэгчдийн Хоршооллын холбоо нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын, өмч эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгө юм. Г.Цэдэндамбаагийн нэхэмжлэлд А.Батаа миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг бус, Хөвсгөл аймгийн Эд Хэрэглэгчдийн Хоршооллын холбоо, НҮТББ-ын эрх ашиг сонирхлыг хөндөхөөр байна. Иймд Г.Цэдэндамбаагаас А.Батаа надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Харин Хөвсгөл аймгийн Эд Хэрэглэгчдийн Хоршооллын холбоо, НҮТББ энэхүү хэрэгт хариуцагчаар татагдвал миний бие удирдах зөвлөлийн албан тушаалтайн хувьд тус ТББ-г төлөөлөн тайлбар гаргаж оролцож болох юм.
2. Г.Цэдэндамбаагийн нэхэмжлэл бүхэлдээ огт үндэслэлгүй юм. Г.Цэдэндамбаагийн талийгаач нөхөр Б.Лхамсүрэн нь Батчандмань ХХК-ий 100 хувь хувьцаа эзэмшигч биш. Хуучнаар Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бүх хөрөнгийг өмч хувьчлалын үед тус газар ажиллаж байсан нийт ажилчдын ягаан тасалбарыг нийлүүлэн улмаар өөрсдийн ажилчин, албан хаагчид нь хувьчлан авч байгаа явдалд 10 хувь хөнгөлөлт үзүүлэн Аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 сарын 11-ний өдрийн дуудлага худалдаанд 471 ширхэг ягаан тасалбараа нийлүүлж давуу эрхтэйгээр өмч хөрөнгийг хүлээн авсан үнэн түүхтэй. Г.Цэдэндамбаа талийгаач нөхөр Б.Лхамсүрэнд ноогдвол зохих хувийг эзэмших /өв залгамжлах/ эрхтэй байх болох ч тухайн компанийг Б.Лхамсүрэн амьд сэрүүн ахуйдаа дампуурсан хэмээн бүртгүүлснээр өнөөдөр компани эрх зүйн хувьд идэвхигүй болсон юм. Гэвч Г.Цэдэндамбаагийн хувьд талийгаач нөхөр Б.Лхамсүрэнд ноогдох хувь байхаас илүү компаний 100 хувь хувьцаа эзэмшигч байх ёстой гэж гүжирдэн зүтгэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Өнөөдрийн байдлаар Цэдэндамбаагийн өмчлөгчөөр тогтоолгох гэж буй хөрөнгө болон газар нь Хөвсгөл аймгийн Эд Хэрэглэгчдийн Хоршооллын холбоо-ны өмчлөл, эзэмшилд байгаа болно. Хэрвээ тухайн төрийн бус байгууллагын хариуцагчаар татаж иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажиллагаанд оролцуулбал Б.Лхамсүрэнгийн хувьдаа завшсан хөрөнгүүдийн жагсаалтыг гаргаж өгөх боломжтой гэжээ.
Нэхэмжлэгч Г.Цэдэндамба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны Батчандмань ХХК-ий 100 хувийн хувьцаа эзэмшигч нөхөр Б.Лхамсүрэнд оногдох тус компаний конторын барилга, түүний доорх 3213м2 газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Цэдэндамбын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг дэмжиж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч А.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар нэг санал хүсэлт байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар нэг тайлбар байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэдэндамба нь хариуцагч А.Батаад холбогдуулан Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны Батчандмань ХХК-ий конторын барилга, түүний доорх 3213м2 газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Цэдэндамба шүүхэд болон шүүх хуралдаанд ...Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны Батчандмань ХХК-ий 100 хувийн хувьцаа эзэмшигч нөхөр Б.Лхамсүрэнд оногдох тус компаний конторын барилга, түүний доорх 3213м2 газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч А.Батаад холбогдох Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны Батчандмань ХХК-ий конторын барилга, түүний доорх 3213м2 газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Г.Цэдэндамбын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА