Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2019/00017/И |
Дугаар | 132/ШШ2019/00143 |
Огноо | 2019-03-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 132/ШШ2019/00143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Булган сум, 5 дугаар баг Магсаржавын гудамж, хувийн 10 дугаар байранд оршин суух, Тайж овогт
Хариуцагч: Булган аймгийн Булган сум, 5 дугаар баг Магсаржавын гудамж, хувийн 10 дугаар байранд оршин суух, Тайж овогт нарт холбогдох,
Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эзэмшлийн 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга /хуучнаар улаан булан/, аж ахуй агуулах /шавар байшин/-ыг Т.Ц*******, Ц.Л*******л нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500000 төгрөгийг Т.Ц*******гоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00017/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга ажилтай, Булган аймаг Бугат сум дугаар баг 8-812 тоотод оршин суух,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүргэнбулаг баг, 11 дүгээр хороолол, 17А-46 тоотод оршин суух, Дээд чуулгант овогт нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар сонгогдсон. Ажил хүлээлцэх явцад газрын гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байсан болохоор Ц******* гуайгаас та надад эх хувиар нь өгөх үү гэхэд өгнө гэсэн. 2018 оны 10 дугаар сард ломбарданд байна гэдгийг олж мэдсэн. Ц******* гуайг авч өг гэхэд ломбарданд 893000 төгрөг төлөөд тэгээд танайх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ ав гэсэн шаардлага тавьсан. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхий зөвлөлийн тогтоолыг гаргуулахдаа Ц******* гуай 1996 онд Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн дарга байсан Төмөрбаатарын Эрдэнээ даргыг Булган сумын дарга болсон хойгуур нь дэд дарга буюу нарийн бичгийн даргаар үлдэж байх хугацаандаа Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд цагаан байшин авья гэж хүсэлт хүргүүлсэн. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хүсэлтийн дагуу тогтоол гаргасан боловч Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч нарын хурлаар хэлэлцэгдэж хамтын шийдвэр, тогтоол гараагүй байхад ганцаарчилж шийдсэн. Тэгээд улмаар өөрийнх нь гэр бүлийн хүн Дамдинсүрэнгийн Бадамсүрэнд 800 метр квадрат газар олгож байсан. Тиймээс уг тогтоол хүчин төгөлдөр бус нарын нэрийн өмнөөс гарын үсэг зурж хуурамч тогтоол үйлдсэн. Үүнийг би нотлох баримтаар гаргаж өгсөн. Нөгөө талаар Аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны үл хөдлөх хөрөнгө газрын асуудлыг Аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүлэгч нарын хурлаар хэлэлцээд шийдвэр гаргаад Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд хүргүүлэх ёстой байсан боловч хүргүүлээгүй. Ц******* гуай 54, 64 тоотуудыг Аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт хүргүүлж өөртөө эзэмшлийн газар авсан. Аж ахуйн зориулалттай 375 метр квадрат газар дээр зуслангийн байшин байсныг буулгаад өөрөө дур зоргоороо газрыг нь авсан байсан. 375 метр квадрат газрыг Аймгийн Засаг даргын шийдвэрээр авсан байна. Ц******* гуай олгогдоогүй цалин дээрээсээ мөнгө төлнө гэсэн боловч цалинд тооцож газар өгсөн нь хууль, дүрэм зөрчсөн байна гэж үзэж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн байгууллага анх 0,3 га газар байсан бол одоо 0,2 га газар нь хууль бус эзэмшилд шилжсэн байна. Ц******* тухайн үед нягтлан бодогч байсан Чулуунбат гэх хүн хоёр хууль бусаар газрыг эзэмшилдээ авсан. Үйлдвэрчний эвлэлүүдийн гишүүд Үйлдвэрчний эвлэлүүдийн газар, барилга бол хувьчлагдах, эзэмшлэгдэх, бусдад ашиглагдах ёсгүй гэсэн гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлт ирүүлсэн. Ц******* гуай барилгын үнийг төлөөгүй 1000000 төгрөг төлөх байсан боловч цалингаасаа суутгана гэсэн ч цалингаасаа суутгаагүй гэдгийг нягтлан Б.С******* хэлсэн байгаа. Цалингаасаа суутгасан бол цалингийн зэсийг нь аваад ир гэхэд өгөөгүй. 2018 онд би Ц******* гуайд барилгын үнэ төл гэсэн тоот хүргүүлсэн. 2015 онд өөрөө миний цалингаас суутгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байсан ч төлөөгүй. Конторын барилга, газрын хувьд байгууллагын дарга Ц*******, нягтлан бодогч Чулуунбаатар нар нь дуудлага худалдаанд оруулалгүйгээр өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн газрыг авсан. Ц******* гуайд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Үйлдвэрчин хороонд 2 өрөө байр өгсөн. Тиймээс Ц******* гуай агуулах, барилга зэргийг өгөх нь зөв гэж бодож байна. Одоо нэр дээр байгаа 800 метр квадрат газар, аж ахуйн зориулалттай Ц******* гуайн өөрийнх нь эзэмшиж байгаа газар 375 метр квадрат газар, нийт 1175 метр квадрат газар, хурлын заалны барилга буюу цайны газрын барилга, агуулахын байр скалад, улсын бүртгэлийн хэлтсээс манайд торгууль тавигдах гэж байгаа 14 хоногийн дотор байгууллагын дарга өөрчлөгдсөн бол улсын бүртгэлийн гэрчилгээний ард тэмдэглэл хийгдэх ёстой байсан газрын гэрчилгээ зэргийг цаг хугацаа алдаж өгсөн учир ийм байдалд хүргэсэн гэж Ц******* гуайгаас торгуулийн 500000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Т.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Б*******ан нь тус шүүхэд хандаж Т.Ц*******, Ц.Л*******л бидэнд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус ойлгомжгүй боловч бид дараах байдлаар ойлгож тайлбар гаргаж байна.
1. Аймгийн ҮЭ-ийн холбооны аж ахуйн зориулалтын шургааган шохойдож шавардсан шавар байшинг худал хуурмагаар 1998 оны 12-р сарын 22-ны өдрийн 54 тоот тодорхойлолтоор газрын албанаас 375м2 газрыг нь байшинтай нь хуурамчаар авсан гэжээ. Аймгуудын ҮЭ-ийн холбооны барилга, байшингууд нь бүгд МҮЭ-ийн төв зөвлөлийн өмч хөрөнгө байдаг байсан. Т.Ц******* миний бие Булган аймгийн ҮЭ-ийн холбоонд нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өмнө нь 1000000 төгрөгөөр худалдан борлуулах шийдвэр гарсан байсан клубын барилгыг надад цалингаас суутгал хийж тооцохоор өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөлгөөний 1998 оны 02-р сарын 20 өдрийн 18-р тогтоолоор баталж тогтоосон үнээр надад өгөхөөр Булган аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн 1998 оны 04 дүгээр сарын 05 дугаар хурлын протоколоор шийдвэрлэсэн юм. Тэгээд эхнэр Д.Бадамсүрэнгийн нэр дээр /эхнэр маань аймгийн ҮЭ-ийн холбоонд үйлчлэгч сахиулаар ажиллаж байсан юм/ газрыг эзэмшүүлэхээр 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган сумын Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн ажилтан Д.Одонтунгалагтай гэрээ хийсэн. Энэ гэрээг Булган сумын Засаг даргын 1998 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай захирамжийг үндэслэн хийсэн юм. Энэ 20x40=0,08га буюу 800 метр квадрат газрыг эзэмших гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн энэ эзэмшил газартай үргэлжлээд Т.Ц******* миний эзэмшлийн 375 метр квадрат газар байгаа энэ 375 метр квадрат газар нь хэний ч эзэмшилд байдаггүй тул Булган аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/166 дугаартай шийдвэрээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших болсон. Хугацаа нь 13 жилийн хугацаатай. Ингээд 1175 метр квадрат газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа учиртай. Гэр бүлийн хамтын хэрэщээний зориулалтаар эзэмшиж байгаа газар дээр аймгийн ҮЭ-ийн холбооны өмчлөлд байж байгаад блансаас хасагдсан ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1947 онд баригдсан нурж унах шахсан шавар агуулах байгаа.
2. 2017 онд "Энх-Мөнх" гэдэг ломбарднаас 5000000 төгрөг аваад ҮЭХ-ны байранд иж бүрэн засвар хийсэн. Энэ засварын ажлын гүйцэтгэлийн баримтууд нь санхүүгийн баримтанд байгаа. Энэ 5000000 төгрөг ҮЭ-ийн холбоонд төлсөн. Гэхдээ 500000 төгрөг дутуу төлсөн гээд Цагдаагийн газрын эдийн засгийн албаны ажилтан хүүтэй нь 891000 төгрөг төл гээд байхаар нь би хувиасаа төлсөн. Тэгээд тухайн үед гэрчилгээнүүд лобарданд тавьсныг мэдсэн. Дэслэгч гэдэг хүн нь намайг гэрчилгээг ав гэхээр нь Д.Б өөрт нь өг гээд орхисон. Үүнээс болж улсын бүртгэлийн газарт гарын үсгийн баталгаа хийлгэх хугацаа хэтрүүлсэн гэж 500000 төгрөгөөр торгуульсанд би буруугүй, би байгууллагын засвар хийхэд зориулж ломбарднаас мөнгө авахад гэрээ хийгээгүй ня-бо Б.С******* гарын үсэг зурсан гэсэн. Байгууллага энэ лобарднаас авсан мөнгийг төлөх ёстой байсан. Намайг цагдаагаар дарамтлуулж байгаад 500,000 төгрөгийг хүүтэй нь 891000 төгрөг болгож төлүүлсэн. Би гэрчилгээг барьцаанд тавьсныг мэдээгүй. Гэрчилгээ нь ня-бо Б.С*******т байдаг байсан. Би ажлаа 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэтэл гэнэт 2018 оны 10 дугаар сард цагдаагаас дуудсан. Энэ хүртэл надад хэн ч юу ч хэлээгүй. Ялангуяа гэрчилгээний талаар би юу ч мэдээгүй, тийм ч учраас торгууль төлөх ёсгүй. Иймд нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргарсан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зэмшлийн газар, хурлын заалны барилга, аж ахуй агуулах эгүүлэн авах, улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэгдүгээрт 1175 метр квадрат талбай бүхий эзэмшлийн газар, хурлын заалны барилгыг тухайн үед буюу 2003 онд Дамдинсүрэнгийн Бадамсүрэн гэх хүнтэй сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтний байгуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Одоо энэ эзэмшил газартай холбоотой, өмчлөлийн газартай холбоотойгоор Булган аймгийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамжууд гарсан. Энэ захирамжууд хүчин төгөлдөр байгаа цагт Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Булган аймаг дахь салбар газар болон барилгыг шаардах эрх байхгүй. 375 метр квадрат газар бол төрийн өмч уг газрыг төрийн байгууллага өөрөө бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байна, үүнийг зөвшөөрөхгүй байж болохгүй. Барилгын хувьд Л*******лд өмчлүүлээд газрыг бол эзэмшүүлсэн. 800 метр квадрат газрыг Л*******лд 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Булган аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн шийдвэрээр, 375 метр квадрат газрыг, мөн Булган аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр эзэмшүүлсэн. Бадамсүрэн гэх хүнд өмнө нь эзэмшүүлж байсан газрыг өв залгамжлах эрхийн гэрчилгээний үндсэн дээр Л*******лд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 90 метр квадратт хувийн сууцыг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээ олгосон байна. Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо манай эзэмшлийн газар, манай хурлын заал гэж шаардах эрх байхгүй. Энэ газрыг эзэмшиж байсан гэсэн нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Торгуулийн 500000 төгрөгийг Ц*******гоос нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Ц******* өгөх ёстой гэсэн нотлох баримт байхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь өөрийн эзэмшлийн 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга /хуучнаар улаан булан/, аж ахуй агуулах /шавар байшин/-ыг Т.Ц*******, Ц.Л*******л нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500000 төгрөгийг Т.Ц*******гоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Булган аймгийн Булган сумын Засаг даргын шийдвэрийн дагуу Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд тус сумын нутаг дэвсгэрт 0.3 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 050400037 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон байсныг Булган сумын Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрийг үндэслэн мөн өдөр байгуулсан Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ-ээр Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны албан конторын зориулалтаар эзэмших газрын хэмжээг 0.2 га болгон өөрчилжээ. /хх-5-7/
Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2003 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны үйлчлэгч сахиул Д.Бадамсүрэнд Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эзэмшил газраас 20х40 хэмжээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэр гарчээ. /хх-11/. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөлгөөний 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот Зөвшөөрөл олгох тухай тогтоолын дагуу Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 1950 онд ашиглалтад орсон шургааган барилгыг иргэн Т.Ц*******д 1000000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус барилгыг Т.Ц******* нь дутуу олгогдсон цалиндаа тооцож авсан болох нь Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 54 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-20/ Мөн Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны даргаас аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хашаанд байгаа шавар байшинг Д.Даваасүрэнд худалдаж, төлбөр нь хийгдсэн тул зохих газрыг холбооны газраас хасч иргэн Д.Даваасүрэнд эзэмшүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг Булган сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна. /хх-19/ Д.Даваасүрэн нь Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ар талд байрлах 0.0,8 газрыг 2003, 2010 онуудад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан байна. /хх-89-90/
Хариуцагч Ц.Л нь 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 25 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж, Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/94 тоот захирамжаар Булган сумын 5 дугаар баг Магсаржавын гудамж, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны урд байрлах нэгж талбарын 6308003703 дугаар бүхий 800 метр квадрат талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшиж, улсын бүртгэлийн Ү-0405002137 дугаартай Булган сумын 5 дугаар баг Магсаржавын гудамж Хувийн 10 дугаар байранд байршилтай 90 метр квадрат талбай бүхий хувийн сууцны өмчлөгч, хариуцагч Т.Ц******* нь Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/166 тоот захирамжаар Булган сумын 5 дугаар баг Магсаржавын гудамж, 303 тоотод байрлах нэгж талбарын дугаар бүхий 375 метр квадрат талбай бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа болох нь нотлогдож байна. /хх-91-94/
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга /хуучнаар улаан булан/, аж ахуй агуулах /шавар байшин/ зэрэг нь нарын хууль ёсны эзэмшил, өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500000 төгрөгийг Т.Ц*******гоос гаргуулахаар нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь өөрийн эзэмшлийн 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга /хуучнаар улаан булан/, аж ахуй агуулах /шавар байшин/-ыг Т.Ц*******, Ц.Л*******л нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500000 төгрөгийг Т.Ц*******гоос гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Ц*******, Ц.Л*******л нарт холбогдох, Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эзэмшлийн 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга /хуучнаар улаан булан/, аж ахуй агуулах /шавар байшин/-ыг Т.Ц*******, Ц.Л*******л нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500000 төгрөгийг Т.Ц*******гоос гаргуулах тухай Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85850 /наян таван мянга найман зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ