Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

 Улсын яллагч: Э.Уламбаяр

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000004 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******, регистрийн дугаар

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай шалтгаангүйгээр маргалдан зодолдож түүний нүүрэн тус газар гараараа цохисны улмаас *******ын биед доод баруун үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн хохирол учруулсан миний буруу хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/,       

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  орой хажуу айлын залуутай гэрт нь орж 2 ширхэг 2.5 литр Сэнгүр пиво хувааж уугаад тус айлд тог тасарсан байсан. Нэг мэдсэн чинь цагдаа нар гэрт орж ирсэн байхаар нь гайхаад байж байсан чинь манай хүүхэд ******* нь надад ааваа би цагдаа дуудсан. Таныг хажуу айлын ах доороо оруулсан нүдээд байж байсан гэж хэлсэн. Манай хүүхэд намайг үүдний доод шүд нь байхгүй байна гэхээр нь үзсэн чинь байхгүй байхаар нь цагдаа нарт хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ....найз *******ын гэрт байж байсан чинь манай найз нэг танихгүй залуутай гэрт орж ирээд хаалганы хажууд нэгнийгээ барьж аваад гэрээс гарахаар нь араас нь гараад хартал  дээр доороо ороод ноцолдож байхаар нь очоод салгасан чинь *******ын хамраас цус гарсан, нөгөө танихгүй залуугийн амнаас нь цус гарсан байдалтай байсан... 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орой  *******ын найз охиныд байж байсан чинь манай найз ******* хажуу айлын залуутай цуг орж ирээд тэр хоёр маргалдаад нэг нэгнийхээ цамцнаас заамдаад гэрээс гарсан. Манай найз охин ******* гараад ирээч, энэ хоёр зодолдоод байна гэхээр нь гэрээс гараад харсан чинь манай найз ******* хажуу айлын залууг газар унагаасан доороо оруулаад хоорондоо цохилцож байсан...гэх мэдүүлэг, хх-ийн 10-12, 21-22/,

Насанд хүрээгүй гэрч Т.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... орой би гэртээ байж байсан чинь хажуу айлын ******* ах гэрт орж ирээд манай аавыг хоёулаа ганц юм уух уу гээд гэртээ авч орсон. Төд удалгүй манай аав намайг аллаа гээд орилоод байхаар нь гайхаад гэрээс гарч харсан чинь хажуу айлын ******* ах аавыг газарт унагасан дээр нь гарсан гараараа нүүр лүү нь цохиод зодож байсан. Мөн ахын найз гэх ах “та хоёр болиоч” гээд орилоод аавыг өшиглөөд байсан. Би очоод аавыг салгаж аваад гэртээ дагуулж ороод нүүр лүү нь харсан чинь амнаас нь цус гарсан үүдний доод шүд нь унасан байхаар нь цагдаа дуудсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... орой би ажлаасаа тараад гэртээ ирсэн чинь нөхөр ******* нь гэртээ хүнд зодуулсан гээд хүүтэйгээ цуг сууж байсан. Манай хүү Т.******* аавыг хажуу айлын ах зодоод шүдийг унагаасан, хажуу ахын найз болох нэг ах баруун чих болон шанаа руу өшиглөөд байсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Шүүх шинжилгээний шинжээч эмч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...тус хэлтэст шинжээч томилсноор 08 дугаартай дүгнэлтээр *******ын биед үзлэг хийхэд баруун үүдний шүдний булгарал нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1 дахь заалтад зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун доод зовхи баруун хацар, баруун чихний дэлбэнд зулгарал гэмтэл нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны 08 дугаартай шинжээчийн

1.*******ын биед доод баруун үүдэн 1-р шүдний булгарал, баруун доод зовхи, баруун хацар, баруун чихний дэлбэнд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулан гэх дүгнэлт /хх-ийн 49-50/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 95-97/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65/,шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, депозит дансны хуулгууд /хх-ийн 76-80/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 83/,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт өөрийн гэртээ  *******тай шалтгаангүйгээр маргалдан зодолдож түүний нүүрэн тус газар гараараа цохисны улмаас *******ын биед доод баруун үүдэн 1-р шүдний булгарал  гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын... хүний биед хөнгөн хохирол учруулсан миний буруу хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/,

 Хохирогч *******ын... таныг  хажуу айлын ах доороо оруулсан нүдээд байж байсан гэж хэлсэн, манай хүүхэд намайг үүдний доод шүд нь байхгүй байна гэхээр нь үзсэн чинь байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

Гэрч *******...манай найз нэг танихгүй залуутай гэрт орж ирээд хаалганы хажууд нэгнийгээ барьж аваад гэрээс гарахаар нь араас нь гараад хартал  дээр доороо ороод ноцолдож байхаар нь очоод салгасан чинь  *******ын хамраас цус гарсан, нөгөө танихгүй залуугийн амнаас нь цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг, хх-ийн 10-12, 21-22/,

Насанд хүрээгүй гэрч Т.*******ын...манай аав намайг аллаа гээд орилоод байхаар нь гайхаад гэрээс гарч харсан чинь хажуу айлын ******* ах аавыг газарт унагасан дээр нь гарсан, гараараа нүүр лүү нь цохиод зодож байсан....амнаас нь цус гарсан, үүдний доод шүд нь унасан байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42/

Гэрч гийн...манай хүү ******* аавыг хажуу айлын ах зодоод шүдийг унагаасан, хажуу ахын найз болох нэг ах баруун чих болон шанаа руу өшиглөөд байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

 Шүүх шинжилгээний шинжээч эмч гийн“...*******ын биед үзлэг хийхэд баруун үүдний шүдний булгарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны 08 дугаартай шинжээчийн...*******ын биед доод баруун үүдэн 1-р шүдний булгарал, баруун доод зовхи, баруун хацар, баруун чихний дэлбэнд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 49-50/,

Шүүх шинжилгээний шинжээч эмч гийн“...тус хэлтэст шинжээч томилсноор 08 дугаартай дүгнэлтээр *******ын биед үзлэг хийхэд баруун үүдний шүдний булгарал нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1 дахь заалтад зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун доод зовхи баруун хацар, баруун чихний дэлбэнд зулгарал гэмтэл нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******,  хохирогч *******ын нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед доод баруун үүдэн 1-р шүдний булгарал, баруун доод зовхи, баруун хацар, баруун чихний дэлбэнд зулгарал гэмтэл бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 49-50/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг нүүр хэсэг рүү гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүдний үнэ болох 300000 төгрөг, бэлнээр 100000 төгрөг, нийт 400,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...дүгнэлтийг,

Шүүгдэгч *******аас.., торгох шийтгэл оногдуулж өгнө үү.... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/,   шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал / малчин, хөдөө мал маллаж амьдардаг, тодорхой орлоготой, 300 толгой бог малтай/ шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА