Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Э.Уламбаяр

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314002260215 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт ******* *******, регистрийн дугаар *******,

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а / энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Мөн дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино ..гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бичгийн цагаан” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн жолооч *******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгаас ээлжийн амралт дуусаад Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр болон хамаатны дүү нарын хамтаар өглөө 08 цагийн үед гараад тухайн өдрөө шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн төвд ирээд хоносон. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад Баянхонгор аймгаар дайраад өдөр 14-15 цагийн үед явж байхад миний урд талд цагаан өнгийн суудлын жижиг тэрэг явж байсан ба түүний урд мотоциклтой хүн явж байсан. Би яаж мэдсэн гэхээр миний урд явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан мотоциклыг гүйцэж түрүүлсэн тэр үед би тухайн мотоциклыг харсан юм. Тэгээд миний урд явсан машин уг мотоциклыг гүйцэж түрүүлээд явчихаар нь би араас нь мөн тухайн мотоциклыг гүйцэж түрүүлэх гэхэд мотоцикл миний тээврийн хэрэгслийн баруун талын урд гупер хэсэг рүү /дугуй руу/ ирж мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад нөгөө мотоциклтой хүүхдийг газраас босгох гэсэн боловч босож чадахгүй байсан. Удалгүй эмнэлэг ирээд гэмтсэн хүүхдийг ирээд авч явсан. Араас нь цагдаа нар ирж ослын хэргийн газрын үзлэг хийсэн. Замын нөхцөл байдал үзэгдэх орчин хэвийн байсан. Ямар нэг халтиргаа гулгаа эвдрэл гэмтэл байгаагүй. Би тухайн үед өөрөө машинаа жолоодож явсан. Ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн үнэмлэхтэй.....гэх мэдүүлэг /хх-ийн 193-194 /

Хохирогч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2023 оны 09 дүгээр сарын өглөө манайх гэрээ доод голоод нүүлгээд намаржаан дээрээ буулгасан юм. Тэгээд өөрийнхөө хонийг эргүүлэх гээд явах гэхэд гэр барилцсан хүн замаараа манай хонийг эргүүлчхээрэй гэхээр нь өөрийнхөө хонийг эргүүлчхээд айлынхаа хонийг эргүүлэх гээд “Алгын дөрөлж” рүү баруун зүүн тийшээ засмал замаар явж байгаад хойшоо буюу худгийн уулзвараар хойшоо эргэх гээд дохиогоо зүүн тийш нь өгөөд явж байхад миний ард 3 ширхэг приүс маркийн машин явж байсан. Би засмал замын урд хэсгийн хөвөөн дээр зогсоод эхний цагаан суудлын машиныг өнгөрөөчхөөд дохио өгсөн чигтээ хойшоо эргээд цагаан зураас даваад ороход саарал /ногоон/ өнгийн приүс 20 маркийн машин ирээд баруун урд талын гупер хэсгээр миний зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү мөргөсөн тэр хооронд ухаан алдсан нэг мэдэхэд газар унаад сэрсэн юм. Тэгээд босож ирээд 2 удаа алхаад газар унасан, тэр үед ууц, нуруу, толгой өвдөөд, хөл мэдээгүй оргиод байсан. Тэгж байтал мөргөсөн машинаас эмэгтэй хүн ирээд эгчийн дүү босчих гээд байсан,  цагдаа дуудах уу гэж байгаад миний мотоциклыг босгоод замын хойд талд гаргаж тавьсан. Тэр үед аав, ээжид машинд мөргүүлсэн талаараа хэлсэн, бие өвдөөд доошоо хараад хэвтэж байхад 1 эмэгтэй тохиролцъё гээд байсан. Мөн замын хажуу руу өргөж тавих гээд байхаар нь бие өвдөөд байсан өргөж тавиулаагүй тэгж байтал сумын цагдаа араас нь эмнэлэг ирээд намайг аваад шууд аймгийн эмнэлэгт ирж үзүүлэхэд нуруунд суулт өгсөн, ахар сүүл хугарсан, зүүн хөлийн шилбээр хугарсан гэсэн онош тавиад шууд Улаанбаатар хот руу яв гэхээр нь шууд Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын эмнэлэгт очиж үзүүлж, шинжилгээ өгсөн юм. Гэмтлийн эмнэлгээс миний гэмтлийг тогтоож өгсөн үүнд хамар С хэлбэрийн мурийлттай, зүүн хэлний шилбээр цууралт өгсөн гэж хэлсэн, өөр гэмтсэн яс байхгүй байна. Одоогоор миний зүүн хөлийн шилбэ өвдөж байна,  мөн нуруу, толгойгоор өвдөж байгаа юм. Улаанбаатар хотоос 2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой ирсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, өвчин намдаах эм болон бөөр, нурууны цистон гэх эм ууж байгаа юм. Унаж явсан мустанг 5 маркийн мотоциклийг 2022 оны 10 дугаар сард авсан , миний эзэмшлийнх улсын дугаар аваагүй байгаа. Би 2021 онд А ангиллаар жолооны үнэмлэх авсан, мөн В ангиллаар 2023 оны 08 сард жолоонд төгссөн,... Би тухайн үед замын урд хэсгийн хөвөө хэсэгт зогсоод хөдөлсөн болохоор 10 гаран км цагийн хурдтай явсан. Би ямар нэг согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, тухайн үед эрүүл байсан. Осол өдөр 12 цагийн орчим болсон, намайг мөргөсөн саарал өнгийн приүс 20 маркийн машин миний багцаагаар 60 гаран км цагийн хурдтай явсан байх, намайг замын урд хэсгийн хөвөө хэсгээс эргэхэд намайг мөргөсөн машин замын үерийн усны хоолойтой хэсгийг өнгөрөөд явж байсан. Миний харсан багцаагаар 50 орчим метр зайтай явж байсан юм. Гомдолтой байна, эмчилгээний зардал, эмчилгээнд явсан замын зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 16-18/,

Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгаас Архангай аймаг руу явж байгаа юм. Өнөөдөр 12 цаг 30 минутаас 13 цагийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрөөд явж байхад миний урд нэг мотоцикл, түүний араас цагаан өнгийн приүс, мөн түүний араас ногоон өнгийн приүс явж байсан.  Би хамгийн сүүлд явж байсан. Тэгтэл эхний цагаан приүс мотоциклын хажуугаар гүйцэж түрүүлээд өнгөрөөд явсан мотоцикл зүүн тийш нь дохиод эргэсэн, тэгтэл цагаан приүс автомашины ард явсан ногоон приүс машин мотоциклийг очоод баруун урд хэсгээрээ мөргөсөн. Тэгтэл мотоциклийн жолооч приүс 20 машины урд шилэн дээр явж байгаад замын дунд хэсэгт унасан машин зогссон юм. Мотоцикл, приүс 20 машин 2 багцаагаар 30-40 км цагийн хурдтай явсан. Би тухайн үед 40 орчим км цагийн хурдтай явсан. Миний урд мотоцикл болон машинууд явж байсан болохоор удаан явж байсан. Мөн бид нарын хувьд баруунаас зүүн тийш чиглэлтэй засмалын урд эгнээгээр цуварч явсан, мотоцикл, машинууд хоорондоо 30 орчим метрийн зайтай явсан байх, осол болох үед мотоцикл замын урд эгнээний хамгийн урд хэсгээр явж байсан. Тэр үед цагаан приүс машин гүйцэж түрүүлэнгүүт мотоцикл зүүн тийш дохио өгөөд, зүүн тийш дартал ногоон өнгийн приүс 20 маркийн машинтай мөргөлдсөн, миний ойлгосноор бол цагаан өнгийн приүс машиныг, ногоон приүс 20 машин дагаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх тэр үедээ мотоциклийн дохиог хараагүй байх тэгэхдээ мотоцикл дохио өгөөд эргэх үед би хажууд чинь машин байна гэж бодож байтал мөргөлдөөд осол болсон юм. Тухайн осол болсон замын хэсэгт өгсүүр зам байсан юм. Осол болсны дараа би хамгийн түрүүнд очсон, очих үед мотоциклийн жолооч болон приүс 20 машины жолоочоос ямар нэг согтууруулах ундаа үнэртэхгүй байсан юм. Мотоциклийн жолоочийн хувьд гайгүй ярьж байсан утсаараа ар гэр лүүгээ яриад цагдаа эмч дуудаарай гээд байсан, нуруу, хөл өвдөөд байгаа талаар ярьж байсан. Мөн приүс 20 жолооч цагдаа, эмнэлэг дуудах гэсэн боловч утас сүлжээгүй болдоггүй гэж хэлж байсан юм. Миний хувьд мотоцикл зүүн тийшээ эргэсэн гэх газар уулзвар, гарц болон ямар нэг замын тэмдэг тэмдэглэгээ байсныг хараагүй, мөн ямар нэг уулзвар, гарч, замын тэмдэг байгаагүй, харин осол болсны дараа бууж ирэхэд замын хойд хэсэгт хойшоо эргэсэн шороон зам байгааг харсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... өглөө Өлзийт сумын голоос нүүгээд Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг “Шар хадны хоолой” гэх газар намаржаан дээрээ буусан. Тэгээд 12 цагийн үед манай хүү ******* айлын хонь эргүүлэхээр явсан, 12 цаг 54 минутад хүү ******* залгаад би машинд мөргүүлчихлээ гэж хэлээд утас нь тасрахаар нь би сандраад засмал зам руу ордог уулзвар дээр ирэхэд манай хүү засмалын хойд урсгалын засмал замын хэсэгт түрүүлгээ хараад хэвтсэн, ёолоод байхаар нь очоод толгойг нь дарж үзэхэд зүгээр хөлөө өргөөд ёолоод орилоод байхаар нь хөлийг нь дарж үзэхэд хугарсан юм уу гэмээр байсан. Тэгээд сумын цагдаа ирээд араас нь сумын эмч ирээд хүүхдийг аваад явсан юм. Манай хүүгийн зүүн талд мөргөсөн гэх машин нь зогсож байсан, машины баруун урд дугуй хагарсан, баруун урд гупер хагарсан, урд салхины шил баруун талын хэсгээр цөмөрч хагарсан байсан юм, миний хүүгийн мотоциклын зүүн талын хойд талын гишгүүр салж алга болсон, мөн урд өвдөгний хамгаалалт мурийсан, хөгжим баруун талаараа салсан байсан, өөр гэмтэл байгааг хараагүй юм. Хүүгийн унаж явсан мотоциклийг 2022 оны 10 сард цэргээс ирэхэд нь авч өгсөн, улсын дугааргүй, манай хүү А ангиллын эрхийн үнэмлэхтэй, 2021 онд жолоо төгссөн, манай хүүгийн хувьд хүний гуйлгаар хүний хонь эргүүлчхээд явж байгаад осолд орсон юм, манай хүү согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Манай хүүгийн биеийн байдал дунд зэрэг байна, зүүн хөл нарийн шилбээр хугарсан, мөн нуруу нь гэмтсэн гэсэн, нуруу яаж гэмтсэнийг мэдэхгүй байна, аймгийн түргэн тусламж руу явсан тэндээс нь хот руу яв гээд хот руу явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,

 Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Тухайн ослыг би хараагүй болохоор мотоцикл дохио өгснийг хараагүй, тухайн үед унтах гээд зүүрмэглээд явж байсан, таг хийж дуугарахаар нь харахад машин, мотоцикльтой мөргөлдсөн байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаартай:

1.*******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 58-60 /

Шинжээч Р.Мөнхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202334 дугаартай:

1.2....Уг ослын бүдүүвч зургийн хэмжилтээс дүгнэлт хийхэд Мустанг-5 мотоциклийг эсрэг урсгалд мөргөсөн байна. Тэнхлэгийн тасархай тэмдэглэлээс 1,7 м зайтай мөргөсөн байна. Иймээс ******* улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино..." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мустанг-5 мотоциклийг жолоодон явсан жолооч ******* нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн нотлох баримт байхгүй байна.

3. Замын нөхцөлийг тодорхой болгох шаардлагатай. Зүүн талаас гарц нийлнэ гэсэн анхааруулах тэмдэг байсан бол жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг эргэх үйлдэл хийх талаар мэдээлэл авах боломжтой байсан гэж үзэж байна...гэх дүгнэлт /хх-ийн 95-96/,

“Автотээврийн Үндэсний төв”  ТӨҮГ Баянхонгор аймгийн автотээврийн төвийн  2024 оны 02 дугаар сарын 04- ний өдрийн 01 дугаартай:

1.Суудлын зориулалттай Тоёота приус-20 маркийн автомашин нь баруун урд том гэрэл буюу эргэх чиг заадаг гэрэл нь хагарсан, урд 2 оврын гэрэл нь асахгүй, улсын дугаарын өрөөсөн гэрэл нь асахгүй, зүүн хойд талын оврын гэрэл асахгүй байв. Бусад гэрэлтүүлэх хэрэгсэл болон шил арчигч, дуут дохио нь хэвийн ажиллаж байв. /Уг автомашин нь урд салхины шил нь их хэмжээгээр хагарсан, баруун урд талын крлан нь цөмөрсөн, урд буфер нь баруун талаараа хагарсан , баруун талын том их гэрэл нь хагарсан уг гэмтлүүд нь ослын улмаас үүдэлтэй гэмтлүүд байв.

2. Тоёота приус-20 маркийн ******* улсын дугаартай автомашиныг ЕWJ92200 Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг шалгагч суурин багажан дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтыг хэмжиж үзэхэд +6,5 мм буюу тэнхлэг тохиргоо нь бага зэргийн алдагдалтай байна. /заасан хэмжээ 5мм/ Уг автомашины урд тэнхлэг дахь дугуйнууд нь 205.65.Я15 гэсэн размерын дугуйтай байв. Хээний гун нь газарт тулах хэсгээрээ 2-3 мм замын хөдөлгөөний дүрэмд заасан 1.6 мм -с их буюу элэгдэл багатай, баруун урд талын дугуй осол болох үед хагарсан гэж жолооч мэдүүлсэн. Хойд тэнхлэг дахь дугуйнууд нь 205.70.К15 гэсэн размерын дугуйнуудтай байв.

Урд тэнхлэг дахь ажлын тоормосны хүч нь зүүн талдаа 1,8 кН баруун талдаа 1,7 кН зөрүү нь 4 хувь заасан хэмжээ 20 хувиас бага, хойд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 1 кН баруун талдаа 0,2 кН зөрүү нь 80 хувь заасан хэмжээнээс 30 хувиас их, баруун хойд талын тоормосны идэвхжил муу бүрэн гүйцэт зогсохгүй байв, бусад дугуйнуудад үйлчилж буй хүчний хэмжээ их, идэвхжил сайтай, тоормосны стенд дээр бүрэн зогсож байв. Зогсоолын тоормосны идэвхижил нь стандартад заасан 23 хувиас их тоормосны стенд дээр бүрэн зогсож байна. Тус төвд ашиглаж байгаа БНСУ-д үйлдвэрлэсэн МСЮ-ЗС загварын багажаар гэрлийн хүчийг шалгахад зүүн талын гэрлийн хүч нь 12000 люкс буюу стандартад заасан 10000 люксээс их буюу тусгал хэвийн байна. Баруун талын гэрлийн хүчийг шалгахад 12000 люкс буюу стандартад заасан 10000 люксээс их буюу хэвийн тусгалтай байна. Жолооны хүрдны сул явалт нь стандартад заасан 10 градусаас хэтрээгүй сул явалт багатай байв.

/Тоёота приус-20/ маркийн ******* улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр техникийн ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ мөн урд, хойд тоормос, зогсоолын тоормосны хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээг шалгасан....гэх дүгнэлт /хх-ийн 142-144/,

Монгол Улсын Дотоод Хэргийн их сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №202417 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын

1 .******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Мөн дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7.а/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй болно.

3. Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...гэх дүгнэлт /хх-ийн 168-170/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / 1 хх-ийн 180-186/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 4-13/, хохирлын баримтууд / 1 хх-ийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 109/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа / 1 хх-ийн 111/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /1 хх-ийн 155-163/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

 Мөн дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бичгийн цагаан” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн жолооч *******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын... миний урд явсан машин уг мотоциклыг гүйцэж түрүүлээд явчихаар нь би араас нь мөн тухайн мотоциклыг гүйцэж түрүүлэх гэхэд мотоцикл миний тээврийн хэрэгслийн баруун талын урд гупер хэсэг рүү /дугуй руу/ ирж мөргөсөн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг / хх-ийн 193-194/

Хохирогч *******ий ...Би засмал замын урд хэсгийн хөвөөн дээр зогсоод эхний цагаан суудлын машиныг өнгөрөөчхөөд дохио өгсөн чигтээ хойшоо эргээд цагаан зураас даваад ороход саарал /ногоон/ өнгийн приүс 20 маркийн машин ирээд баруун урд талын гупер хэсгээр миний зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү мөргөсөн тэр хооронд ухаан алдсан нэг мэдэхэд газар унаад сэрсэн, босож ирээд 2 удаа алхаад газар унасан, тэр үед ууц, нуруу, толгой өвдөөд, хөл мэдээгүй оргиод байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 16-18/,

Гэрч*******ын ....миний урд нэг мотоцикл, түүний араас цагаан өнгийн приүс, мөн түүний араас ногоон өнгийн приүс явж байсан.  Би хамгийн сүүлд явж байсан. Тэгтэл эхний цагаан приүс мотоциклын хажуугаар гүйцэж түрүүлээд өнгөрөөд явсан мотоцикл зүүн тийш нь дохиод эргэсэн, тэгтэл цагаан приүс автомашины ард явсан ногоон приүс машин мотоциклийг очоод баруун урд хэсгээрээ мөргөсөн,.... мотоциклийн жолооч приүс 20 машины урд шилэн дээр явж байгаад замын дунд хэсэгт унасан машин зогссон,.... ногоон өнгийн приүс 20 маркийн машинтай мөргөлдсөн, миний ойлгосноор бол цагаан өнгийн приүс машиныг, ногоон приүс 20 машин дагаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх тэр үедээ мотоциклийн дохиог хараагүй байх тэгэхдээ мотоцикл дохио өгөөд эргэх үед би хажууд чинь машин байна гэж бодож байтал мөргөлдөөд осол болсон юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Гэрч*******гийн....манай хүү засмалын хойд урсгалын засмал замын хэсэгт түрүүлгээ хараад хэвтсэн, ёолоод байхаар нь очоод толгойг нь дарж үзэхэд зүгээр хөлөө өргөөд ёолоод орилоод байхаар нь хөлийг нь дарж үзэхэд хугарсан юм уу гэмээр байсан,...манай хүүгийн зүүн талд мөргөсөн гэх машин нь зогсож байсан, машины баруун урд дугуй хагарсан, баруун урд гупер хагарсан, урд салхины шил баруун талын хэсгээр цөмөрч хагарсан байсан юм, миний хүүгийн мотоциклын зүүн талын хойд талын гишгүүр салж алга болсон, мөн урд өвдөгний хамгаалалт мурийсан, хөгжим баруун талаараа салсан байсан, өөр гэмтэл байгааг хараагүй,....манай хүү А ангиллын эрхийн үнэмлэхтэй, 2021 онд жолоо төгссөн,...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,

 Гэрч ы   ... тухайн үед унтах гээд зүүрмэглээд явж байсан, таг хийж дуугарахаар нь харахад машин, мотоцикльтой мөргөлдсөн байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /,

 Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаартай....1.*******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл тогтоогдлоо,....гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 58-60 /

Шинжээч Р.Мөнхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202334 дугаартай....жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино..." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна...гэх дүгнэлт /хх-ийн 95-96/,

“Автотээврийн Үндэсний төв”  ТӨҮГ Баянхонгор аймгийн автотээврийн төвийн  2024 оны 02 дугаар сарын 04- ний өдрийн 01 дугаартай....Суудлын зориулалттай Тоёота приус-20 маркийн автомашин нь баруун урд том гэрэл буюу эргэх чиг заадаг гэрэл нь хагарсан, урд 2 оврын гэрэл нь асахгүй, улсын дугаарын өрөөсөн гэрэл нь асахгүй, зүүн хойд талын оврын гэрэл асахгүй байв. Бусад гэрэлтүүлэх хэрэгсэл болон шил арчигч, дуут дохио нь хэвийн ажиллаж байв. /Уг автомашин нь урд салхины шил нь их хэмжээгээр хагарсан, баруун урд талын крлан нь цөмөрсөн, урд буфер нь баруун талаараа хагарсан , баруун талын том их гэрэл нь хагарсан уг гэмтлүүд нь ослын улмаас үүдэлтэй гэмтлүүд байв....гэх дүгнэлт /хх-ийн 142-144/,

Монгол Улсын Дотоод Хэргийн их сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №202417 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын.....жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно,....Мөн дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна,....3. Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...гэх дүгнэлт /хх-ийн 168-170/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бичгийн цагаан” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн жолооч *******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт  тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах   ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

 Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

  Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох ба тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******ын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас *******ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь шууд шалтгаант холбоотой юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Аймгийн прокурорын газраас 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс *******ын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх төрлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

 Иймд энэхүү гэмт хэргийг шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв

Хавтас хэрэгт авагдсан гэмт хэргийн улмаас хохиролд хохирогч *******ий нэхэмжлэлийн шаардлага болох  эм тариа, бензин шатахууны зардал, сэтгэл санааны хохиролд нийт 3000000 төгрөг / хх-ийн 43-44/  нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******оос нотлох баримтаар тогтоогдсон эм тариа, бензин шатахууны зардалд 970000 төгрөг,  сэтгэл санааны хохиролд 2000000 төгрөг нийт  2970000  төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь  цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 төгрөгөөр торгох ял  оногдуулах ....гэх дүгнэлтийг 

Шүүгдэгч  өмгөөлөгч Б.Дашдоржоос  ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж, уг оногдуулсан торгох ялаас чөлөөлж  өгнө үү...гэх дүгнэлтийг  тус тус гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т заасан.... гэм буруугүйгээр энэ хуульд  хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй... гэж заасан бөгөөд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй талаар дүгнэлт гаргасан боловч хохирогч *******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас  тухайн гэмт хэрэг гарсан болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг  гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг нь давагдашгүй хүчинд автагдсан, тохиолдлын хүчин зүйлийн нөлөөллөөр гэм хор учруулах буюу гадны бодит нөлөөлөл болох хүний үйл ажиллагаа, байгалийн гамшиг зэргийн үйлчлэлийн шууд үр дүнд хүргэхийг ойлгох бөгөөд энэ талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус хуульчилжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал / Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хороо хариуцсан цагдаа ажилтай /, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Е. *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд  төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА