Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2019/00035/И |
Дугаар | 132/ШШ2019/00160 |
Огноо | 2019-04-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 132/ШШ2019/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 6Б-10-11 тоотод оршин суух, -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган АЗЗА ТӨХК-д холбогдох,
Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай 132/2019/00035/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б*******, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1996 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Булган АЗЗА ТӨХК-ийн хуулийн зөвлөх ажилтай, Булган аймаг, Булган сум, 4 дүгээр баг, Домын дэвсэг 5-2 тоотод оршин суух, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Гэрч: 1983 онд төрсөн, эрэгтэй, Булган АЗЗА ТӨХК-нд ерөнхий инженер ажилтай, Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, 15-7 тоотод оршин суух,
Гэрч: 1964 онд төрсөн, эрэгтэй, Булган АЗЗА ТӨХК-нд индүүчин ажилтай, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 3Б-18 тоотод оршин суух,
Гэрч: 1974 онд төрсөн, эрэгтэй, Булган АЗЗА ТӨХК-нд хүнд механизмын жолооч ажилтай, Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Майдарын 5-3 тоотод оршин суух, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б******* миний бие 2018 оны 04 дүгээр сараас Булган АЗЗА ТӨХК-нд механик инженерээр томилогдон ажиллаж байна. Өмнө нь тус компанид сахиулын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад эзэмшсэн мэргэжил боловсролын дагуу механик инженерээр томилогдож ажиллах хугацаанд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Тус компанийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Б.У******* нь ажлаа авсан даруйдаа надад ажлын байрны дарамт шахалт үзүүлж ажлаа өг, өргөдөлөө өг гэж удаа дараа шаардаж хэл амаар доромжлон өөрөө өргөдөлөө өгч тохиролцож чадахгүй бол шат дараалсан арга хэмжээ авч чамайг нохой шиг өшиглөөд гаргачихаж чадна шүү гэх мэтээр дарамталсан. Энэ зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/149 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, машин механизмын засвар үйлчилгээний ажилд хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл кроун маркийн машины урд хойд гупер болон шилийг өөрийн цалингаараа зассангүй, үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэж арга хэмжээ авсан. Би тэр машиныг эвдэж гэмтээгээгүй тул хувийн зардлаараа засах ёсгүй гэж үзэж байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/159 дугаар тушаалаар сарын цалинг 20 хувиар бууруулах тушаал гарсан. Үйлчилгээний 78-49 БУЛ улсын дугаартай машины гупер шилийг засаагүй, үйлчилгээний 87-94 УБЭ улсын дугаартай бонго маркийн машинд дугуй тавьсангүй гэж арга хэмжэ авсан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүх машинд шаардлагатай сэлбэг захиалгыг хийж ерөнхий инженерт өгсөн. Захирал Б.У******* нь ажилд орсон цагаасаа хойш ажилтнуудаа ялгаварлан гадуурхаж сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтнуудад хариуцлага тооцохгүй өнгөрөөж байгаа мөртлөө хуучин захирлын хүн гэсэн байдлаар зарим ажилтнуудад ялихгүй шалтгаанаар хариуцлага тооцож цаашид ажлаас халах зорилготой ажиллаж ирсэн. Энэ зорилгоо гүйцэлдүүлж намайг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/164 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас халагдсан тушаалыг Б.Ундармаагаас хүлээн авахад надад мөн хариуцлага тооцож цалингийн хувь бууруулсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг өгсөн. Энэ тушаалыг өмнө нь надад албан ёсоор гардуулж өгөөгүй, тэр ч байтугай санхүүд өгөөгүй учир биелэгдээгүй. Надад дээрх тушаалуудаар арга хэмжээ авахдаа нэг үндэслэлээр арга хэмжээ авсан байна. Би байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргаагүй тул дээр тушаалуудыг хүчингүй болгуулж намайг ажилд минь эргүүлж тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Механик менежер ажилтай Э.Б*******д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай албан тоотоор сануулах арга хэмжээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/159 тоотоор 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлүүд дээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/164 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Кроун маркийн 79-49 БУЛ улсын дугаартай авто машины урд гүпер, салхины шилний техникийн комиссын акт гаргаагүй, гаргаад өмч хамгаалах комиссыг хуралдуулаад актаа танилцуул гэсэн боловч танилцуулаагүй тул Хөдөлмөрийн хуульд заасны дагуу байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын тус тус арга хэмжээг авсан. Мөн тус компаний механик инженерээр ажиллаж байсан Эрдэнэбилэгийн Б******* нь ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан тул байгууллагын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/164 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн бөгөөд Э.Б*******д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/149, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх тушаалуудад Э.Б******* нь гомдол гаргаагүй бөгөөд байгууллагын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/164 тушаал хууль зүйн үндэслэлтэй учир Э.Б*******ын шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэв.
Гэрч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б******* нь Булган АЗЗА ТӨХКнд сахиулаар ажиллаж байгаад 2018 оноос механик инженер хийх болсон. Манай инженер техникийн албанд ажилладаг байсан. Ажил үүргийн хувьд Булган АЗЗА ТӨХКийн техник, машин механизмыг удирдаж ажилладаг байсан. 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл манай 5 техникийн мотор цохиж эвдэрсэн. Үүнийг механик инженер Б*******аас болсон гэж жолооч нар үзэж байгаа. Жолооч нар хэд хэдэн удаа масло солъё гэх шаардлага хэлж байсан боловч техникийн хувийн хэрэг дээр бүртгэл хийгээгүй байсан учир масло солих болсон эсэхийг мэдэхгүй болохоор өгөх боломжгүй байсан. Ганц нэг мотор цохисон тохи************** жолооч нарын буруу гэж үздэг боловч олон машин эвдэрсэн тул механик инженер буруутай гэж үзсэн. Би Б******* ахад үндсэн ажлаа хий гэж сануулж хэлж байсан. Шинэ захирал солигдож ирэхэд машин техник эвдрэлтэй байсан учир хамгийн түрүүнд механик инженер ажлаа хийхгүй байна гэж үзсэн. Засвар хий гэж үүрэг өгч ажиллаж байсан. Захирал бид хоёр 2,3 удаа уулзаж таныг даамлаар тавьмаар байна гэж хэлж байсан гэв.
Гэрч Д.Б******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хутаг-Өндөр сум руу замын ажил хийхээр индүүгээ аваад явсан. Тос масло нэмж хийгээд ардаас өгч явуулна гэсэн боловч явуулаагүй. Үүнээс шалтгаалаад мотор цохисон гэв.
Гэрч Д.И******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б*******тай 2018 оноос эхэлж ажилласан. Хаврын засвар үйлчилгээг бид нар өөрсдийн хүрээнд бэлтгэл хангадаг. Механик инженерийн хувьд цаг тухайд нь хийх үйлчилгээг анхаардаггүй байсан. Масло, тос солино гэхээр тийм зүйл байхгүй яв гэдэг ингэж байгаад эвдэрэл үүсдэг. 2018 оны 08 дугаар сард эвдэрэл гараад сэлбэг авъя гэхэд мөнгө байхгүй гэдэг байсан. Би өөрөө хот руу явж сэлбэгээ авчирсан. Техникийн тал дээр ямар ч мэдлэг байдаггүй байсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б******* нь Булган АЗЗА ТӨХК-д холбогдуулан захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/159 тоот Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Булган АЗЗА ТӨХК ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/164 тоот тушаалаар Э.Б*******ыг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. /хх-10/
Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохи************** шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгаж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.
Хариуцагч Булган АЗЗА ТӨХК ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн өдрийн Б/164 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.3.6-д заасныг баримтласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас халсан үндэслэлийг нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан. Дээрх байдал нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь ажилтны сахилгын зөрчилд хамаарна гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн дээрх үндэслэлийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлд хамаарч болох бөгөөд Э.Б*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах байжээ.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг ойлгох ба эдгээр зөрчил тус, тусдаа баримтаар нотлогдсон байвал зохино. Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа ажлын байрны тодорхойлолт болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн адлаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна. Гэтэл ажлаас чөлөөлөх үндэслэл болсон сахилгын зөрчил удаа дарааллан гаргасан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь Э.Б*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул түүнийг Булган АЗЗА ТӨХК-ийн механик инженерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд
нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Э.Б*******ын ажилгүй байсан хугацааны ажлын 61 өдрийн /2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2337387: 3 сар = 779129 төгрөг, 779129 төгрөг : 21.5 ажлын өдөр= 36238 төгрөг, 36238 төгрөг х 61 өдөр = 2210518 төгрөг/ 2210518 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Э.Б******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан тохи************** улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлдэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2210518 төгрөгт ногдох 50318 төгрөг гаргуулан Төрийн санд оруулах нь хуульд нийцнэ.
Иймд нэхэмжлэгч Э.Б*******ыг Булган АЗЗА ТӨХК-ийн механик инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ
Нэхэмжлэгчийн Булган АЗЗА ТӨХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/159 тоот Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохи************** эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэх зохицуулалтад хамаарч байх тул энэхүү шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар ззүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан Булган АЗЗА ТӨХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/159 тоот Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Боржигон овогт Эрдэнэбилэгийн Б*******ыг Булган АЗЗА ТӨХК-ийн механик инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 2210518 /хоёр сая хоёр зуун арван мянга таван зуун арван найм/ төгрөгийг Булган АЗЗА ТӨХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Э.Б*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Э.Б*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Булган АЗЗА ТӨХК-ийн ерөнхий нягтланд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 50318 /тавин мянга гурван зуун арван найм/ төгрөгийг Булган АЗЗА ТӨХК-иас гаргуулж, Төрийн санд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ