Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2020/00470

 

 

 

 

 

 

 

 

2020 03 02 155/ШШ2020/00470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг ..........дугаар байр ....... тоотод оршин суух Хатгин овогт Төрбатын ******* /............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг....... дугаар байр ...... тоотод оршин суух Жамьян овогт Жавзангийн******* /...................../-д холбогдох

Зээл 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Э.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй Ж.Алтангэрэлд зээлийн гэрээ байгуулан зээлсэн юм.Тухайн үед Ж.Алтангэрэл нь мөнгө хэрэгтэй байна, туслаач гэсэн тул найзын сэтгэлээр дансанд байсан 5.000.000 төгрөгийг түүнд өгсөн юм. Зээлийн гэрээний хугацаа дуусаад мөнгөө авах гэтэл Ж.Алтангэрэл нь гэрээний хугацааг сунгах санал тавьсан ба тухайн үед мөнгөгүй байсан. Ингээд гэрээг амаар сунгаж 2015 оны 7 дугаар сар хүртэлх хүү хэмээн 100, 200, 300, 400 мянган төгрөгийг цувуулан өгч, нийт 1.300.000 төгрөг болсон. Мөн 2017-2018 оны хооронд 608.000 төгрөгийн гоо сайханы бараа авсан. Мөнгөө авъя гэхээр одоо боломжгүй байна гэдэг байсан ба арга ядахдаа би ажиллуулж байсан дэлгүүр дээр нь очиж бараа авч байсан юм. Дээрх бараа болон бэлэн мөнгийг зөвхөн хүүнд тооцон авч байсан ба үндсэн зээл 5.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй. Ж.Алтангэрэл нь 6.200.000 төгрөгийг надад өгсөн гэж байгаа нь худлаа юм. Иймд зээл 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ж.Алтангэрэл миний бие Г.*******гаас 2014 онд 5.000.000 төгрөгийг, 6 хувийн хүүтэй зээлж авсан. Мөнгийг хүүтэй нь цуг нийт 6.200.000 төгрөг болгож цувуулан төлсөн. Үүнээс Г.*******гийн Хаан банкан дахь дансанд 4 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгийг бэлнээр болон бараагаар өгсөн. 2-3 жилийн өмнөх асуудал учир бичиж тэмдэглэж байсан дэвтэр маань олдохгүй байна. Хамгийн сүүлд 2018 оны 2 дугаар сард дэвтэр дээрх тооцоогоо бодож үзэхэд 6.200.000 төгрөгийг өгсөн байсан. Иймд миний зүгээс Г.*******д өгөх мөнгөө бүгдийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ж.Алтангэрэлд холбогдуулан зээл 5.000.000 / таван сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.******* нь...гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дууссан ба тухайн өдөр Ж.Алтангэрэл нь гэрээ сунгах хүсэлт тавьж, хүү 300.000 төгрөг өгсөн бөгөөд 2018 оны 2 дугаар сар хүртэл бараа болон бэлэн мөнгөөр нийт 1.908.000 төгрөгийг хүүний мөнгөнд өгсөн. Иймд үндсэн зээл 5.000.000 төгрөгийг гаргуулж авна...,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ...2015-2018 оны хооронд бараа болон бэлэн мөнгөөр үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 1.200.000 төгрөг, нийт 6.200.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ...гэж маргасан.

Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Ж.Алтангэрэл нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр зээлдүүлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгчид 5.000.000 төгрөгийг,  01 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, зээлдэгч уг мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буцаан өгөх, хэрэв заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцжээ.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлдүүлэгч Т.******* нь зээлдэгч Ж.Алтангэрэлд 5.000.000 төгрөгийг өгсөн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь тайлбарласан ба зохигч зээлийн хэмжээ, зээл авсан талаар маргаагүй.

Гэрээнээс харвал талууд гэрээний гол нөхцөлийн талаар буюу буцаан төлөх хугацааг тохиролцсон, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Зээлдэгч гэрээгээр тохирсон үүргээ буюу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг буюу зээлсэн мөнгөө тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч Ж.Алтангэрэл нь энэ үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдлоо.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.. гэжээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж гэрээний хугацааг сунгасан гэх боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй тул 2015 оны 01 дүгээр сарын 23-наас хойш хүү авах эрхээ алдсан байна.

Түүнчлэн хариуцагч Ж.Алтангэрэл нь үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 1.200.000 төгрөг, нийт 6.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Харин хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл гэрээ байгуулснаас хойш буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 100.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгчээ.

Мөн нэхэмжлэгч нь 608.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы барааг хариуцагчаас авсан хэмээн тайлбар, мэдүүлэг өгч байх тул хариуцагчийн өгсөн, нэхэмжлэгчийн авсан гэх бэлэн мөнгө 1.300.000 төгрөг, гоо сайханы бараа 608.000 төгрөг, нийт 1.908.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 23-наас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай бичгээр байгуулсан зээлийн гэрээний хүүнд тооцож, үлдэх 1.608.000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болох 5.000.000 төгрөгөөс хасаж, 3.392.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.608.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хариуцагчтай хийсэн мөнгөний тооцоо бодсон тухай дэвтэр нь хаана, хэнд хандаж, хэзээ, юуны учир бичсэн нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс 3.392.000 /гурван сая гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.608.000/ нэг сая зургаан зуун найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.950 / наян дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 69.222 /жаран есөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ