| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0006/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004910364 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, , Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутагт бэлчиж байсан малыг туусан гэх шалтгаанаар иргэн *******тай маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт 4 удаа цохиж, хоолойг нь боож, биед доод хоёр дугаар шүд булгарал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би урьд гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон явдлын талаар дэлгэрэгүй ярьсан. Миний хувьд хурдан түргэн шийдүүлмээр байна. Хохирогчийн хохирлыг би бүрэн төлж барагдуулна гэж бодож байна. Хохирогчийн хохирол учруулсан гэх баримтыг үзэж харлаа Жинст сумаас Баянхонгор аймаг рүү нааш цаашаа явах зардал өндөр байна. Үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул би 450.300 төгрөгийн 250.0000 төгрөгийг нь өгнө гэж бодож байна. Үлдсэн эмчилгээ хийлгэсэн болон Улаанбаатар хот руу явсан гэх зардлыг төлнө гэж бодож байна...гэх мэдүүлэг / хх-ийн 78-79 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед нөхөр бид хоёр өвөлжөөгөөрөө дайраад Богд суманд байдаг давст нуурт орох гээд өвөлжөө дээрээ очоод уруудаад явж байхад замын урд хэсэгт хонь, ямаа нийлсэн 800 орчим мал байсан. Нөхөр бид хоёр хэний мал юм болоо өвөлжөөтэй ойрхон байна гэж яриад малын зүүн талд зүс таних санаатай очоод зогссон чинь мал нь үргээд жоохон доошоо уруудсан. Тэгсэн мотоциклтой хүн ирээд машиныг бүтэн тойроод зүүн тал руу мөргөөд зогссон. Тэгээд нөхөр бид хоёр машинаас буусан чинь манайхтай ойролцоо нутагладаг ******* байсан. Тэгээд мэнд ус ч байхгүй шууд манай нөхрийг цохиод унагасан. Тэгээд машин тойрч ирээд намайг толгой хэсэгт цохиод унагаасан. Тэгснээ буцаж яваад манай нөхрийг 2 удаа цохиод авах шиг болсон. Тэгээд буцаж машин тойрч ирээд намайг хүзүүнд 1 удаа, толгой хэсэгт дахиад 1 удаа цохиод унасан чинь хажууд зогсож байгаад хоолойноос боогоод одоо энд дуусгаад хая гээд орилоод байсан. Тэгээд хоолойноос боож байснаа тавихаар нь би нөхөр рүүгээ хоёулаа явъя гэж хэлээд машиндаа суугаад хөдлөх гээд байж байхад миний талын хаалгыг онгойлгоод салаавч гаргаад чам шиг муу юмыг газар дээр чинь дуусгая гээд орилж байснаа мотоцикл руугаа явсан хажууд нь очсоноо газраас чулуу аваад шидсэн чинь яг машины хажууд унасан. Тэгээд нөхөр бид хоёр хөдлөөд гэр рүүгээ явсан. Миний толгойны ар баруун хэсэг рүү 2 удаа, баруун талын шанаа хэсэг рүү 1 удаа, намайг нийт 3 удаа цохисон. Тэгээд хоолой боосон газар руу дух хэсгээр нэг удаа мөргүүлсэн..гэх мэдүүлэг / хх-ийн 17-19 /,
....Би Баянхонгор аймгийн Жинст сумын Булан 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Хандмалын өвөлжөө рүү нөхөр болох Баатарсүрэнгийн хамт явж байтал манай өвөлжөөний хажууд хонь, ямаа байхаар нь очиж хэний мал уу гэдгийг нь таних санаатай яваад очтол мал нь үргээд явсан юм. Тэгтэл нөхөр бид хоёр дээр мотоцикл унасан хүн хүрээд ирэхээр нь бид хоёр машинаасаа буугаад хартал манай багийн хүн ******* гэдэг залуу манай нөхөр бид хоёрыг мал хөөж туулаа гэж бид хоёр дээр ирж зодож цохисон. Би газарт унасан чинь дахиад манай нөхөр рүү явж очоод цохиж байсан. Буцаж ирээд намайг дахиад цохисон. Тэгээд манай нөхөр лүү дахиж очиж цохичхоод над дээр хүрч ирээд толгой руу цохиж газарт унагаачхаад миний шилэн хүзүүнээс барьж байгаад газ’ар луу мөргүүлээд, хоолой боогоод энд дуусгаад хаячихъя гээд орилоод байсан. Тэгээд над руу салаавч гаргаад чам шиг муу юмыг газар дээр чинь дуусгана шүү гэж орилж байснаа мотоцикл руугаа яваад газраас чулуу аваад машин руу шидсэн, Харин тэр шидсэн чулуу нь машин бол цохиогүй. Тэгээд нөхөр бид хоёр гэр рүүгээ явсан. Миний толгой руу 3 удаа гараараа цохиход нь газарт би 3 удаа унасан. Тэгээд баруун талын шанаа хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Миний хоолойг хоёр гараараа бариад газраас хөндийрүүлсэн. Дандаа гараараа цохисон. Би Улсын эмнэлэгт бол үзүүлээгүй. Хувиараа хувийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байгаа. Өвчин намдаах эмнүүд болон толгойн эм, дусал зэргийг авсан. Мөн 3 удаа бариа хийлгэсэн, Миний хүзүүний зүүн талын хэсэг их хөндүүр зовуурьтай байна. Мөн буйл хэсэг өвдөөд байгаа. Өөр өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Би гомдолтой байна. Би эм, тариа, бариа засал хийлгээд одоогоор 200.000 мянган төгрөг зарцуулаад байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
4. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед эхнэр бид хоёр өвөлжөөгөөрөө дайраад Богд сумд байдаг давст нуур рүү орох гээд өвөлжөө дээрээ очоод уруудаад явж байхад манайхан толгой ард хонь, ямаа нийлсэн 800 орчим мал байсан. Эхнэр бид 2 хэний мал юм болоо гэж ярилцаад өвөлжөөтэй ойрхон байхаар нь малыг жоохон өвөлжөөнөөсөө холдуулах санаатай машинаараа туугаад явж байтал мотоциклтой хүн ирээд машиныг бүтэн тойроод зүүн тал рүү мөргөөд зогссон харсан чинь манайхтай ойролцоо нутагладаг ******* байсан. Тэгээд би түрүүлж машинаас буусан чинь шууд намайг ирээд цээж хэсэг рүү цохисон. Би хойшоо унасан чинь манай эхнэр машинаас бууж ирсэн. Тэгсэн ******* миний хажуу талаар тойрч очоод манай эхнэрийн толгой хэсэгт цохиод унагаасан. Тэгснээ буцаж над дээр ирээд би босоод зогссон байсан чинь хоолой боогоод миний баруун талын шанаа хэсэг рүү 1 удаа цохиод намайг өргөөд шидсэн. Би толгойгоороо газар унасан. Намайг унагачхаад манай эхнэр дээр очоод толгойгоор нь газар мөргүүлж байх шиг харагдсан. Би босоод эхнэр рүү гээ харсан чинь хоёулаа явъя гэж хэлээд машиндаа суугаад хөдлөх гээд байж байхад эхнэрийн талын хаалгыг онгойлгоод салаавч гаргаад чам шиг муу юмыг газар дээр чинь дуусгая гээд орилж байснаас мотоцикл руугаа явсан. Хажууд нь очсон газраас чулуу аваад шидсэн чинь яг машины хажууд унасан. Тэгээд бид хоёр гэр рүүгээ явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 89,100 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан байсан, ...эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдсан 89,100 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 42 /,
6. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн:......1. *******ын биед баруун доод хоёр дугаар шүд булгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 58-59/
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн2024 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 461 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед хүзүү,хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Учир гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй гэх дүгнэлт / хх-ийн 64-65 /, гэх дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлүүлэхээс хүсэлтээсээ татгалзаж байгаа талаар илэрхийлсэн байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар аль ч шатанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр татгалзсан улсын яллагч өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч хэргийг Баянхонгор аймгийн Прокурор буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлүүлэхээр захирамжийг гаргаж шүүх хуралдааныг даруй буюу үргэлжлүүлэн явуулахаар товлоож хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутагт бэлчиж байсан малыг туусан гэх шалтгаанаар иргэн эмэгтэй *******тай маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт 4 удаа цохиж, хоолойг нь боож, биед доод хоёр дугаар шүд булгарал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан, мөн хохирогч *******г хохирол учруулахгүй зодсон нь хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 460 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нар нь малын бэлчээр булаацалдаж улмаар маргалдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд газар түүний хэвлий дэх баялаг нь ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх бөгөөд бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно гэж Монгол улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 3-д заасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон буюу хохирогч *******гийн биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь 1.167.200 төгрөг нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллага 86.100 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 1.850.000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж ирүүлсэн , мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 89.000 төгрөг тушаасан баримтыг гаргаж тус тус ирүүлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ