Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2020/00479

 

 

2020 03 03 155/ШШ2020/00479

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/00145/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар .............., Тайжууд овогт Энхтайваны Чанцалдуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар ................... Ач хариад овогт Эрдэнэчулууны Цэнд-Аюушид холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Э.Чанцалдулам, хариуцагч Э.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Чанцалдулам нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Чанцалдулам нь Э.Цэнд-Аюуштай 2014 онд танилцан, үерхэж байгаад 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү Тэмүүлэнг төрүүлсэн. Хамт байх хугацаандаа үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдаж хэрэлдэх болсон . Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамт байх боломжгүй боллоо. Би хүү Тэмүүлэнгийнхээ эцэг нь Э.Цэнд-Аюуш мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байгаа ба бидний хооронд эд хөрөнийн талаар ямарч маргаан байхгүй болно. гэжээ.

Хариуцагч Э.Цэнд-Аюуш нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Чанцалдулам нь хариуцагч Э.Цэнд-Аюушид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү Ч.Тэмүүлэнг төрүүлсэн болох нь Ч.Тэмүүлэнгийн төрсний бүртгэлийн лавлгаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбаруудаар нэхэмжлэгч Э.Чанцалдулам, хариуцагч Э.Цэнд-Аюуш нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас хүү Ч.Тэмүүлэн төрсөн болох тогтоогдож, зохигчид хүү Ч.Тэмүүлэнгийн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23 .1 дэх хэсэгт: Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. гэж заасан байх тул 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, регистрийн дугаар РУ17251717, Чанцалдуламын Тэмүүлэнгийн төрсөн эцэг нь Ач хариад овогт Эрдэнэчулууны Цэнд-Аюуш мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., мөн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж заасан байх тул 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Ч.Тэмүүлэнд эцэг Э.Цэнд-Аюушаас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг: Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг; гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Э.Чанцалдуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цэнд-Аюушаас 102.729 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Цэнд-Аюушид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, регистрийн дугаар РУ17251717, Чанцалдуламын Тэмүүлэнгийн төрсөн эцэг нь Ач хариад овогт Эрдэнэчулууны Цэнд-Аюуш мөн болохыг тогтоосугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, регистрийн дугаар РУ17251717, хүү Чанцалдуламын Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Цэнд-Аюушаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цэнд-Аюушаас 102.729 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Чанцалдуламд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА