| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 151 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох 2407000000183 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ДШМ/1356 дугаартай магадлалаар дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2025 оны 0******* сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Налайх дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
овогт *******ы ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Налайх дүүргийн ******* хороо, задгай тоот, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******тай маргаж, толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/, хохирогч Д. мэдүүлгүүд /хх 14-15, 83-84/, гэрч М. мэдүүлэг /хх 27-28/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33-34/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 77-80/, хохирогч Д.*******ас гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хх 96-102/, хохирогч Д. сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх 87-89/
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэмтлийг харуулсан фото зураг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав
шүүгдэгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажилд явах гэж гараад хорооны тэнд 2 таньдаг ахтай таараад бид нэг шил архи хувааж уусан. Дахиад архи авч уух гээд карт уншуулах гэтэл эхнэр маань миний картаас мөнгө татаад авчихсан байсан. Тэгээд ээж намайг гэрт хүргэж ирээд эхнэр лүү залгасан чинь манай эхнэр “би өнөөдөртөө очихгүй, та өнөөдөртөө манай нөхөртэй цуг хоночих” гэж хэлсэн. Ээж бид 2 гэртээ амрах гэж байтал арын хашаанд хүн орилоод байхаар нь очтол эхнэрийн нүүр нь шалбарчихсан, хөл нүцгэн цамц нь урагдчихсан, левчик нь ил гарчихсан байсан. Би эхнэрээ гэртээ өргөж оруулж ирсэн. Тэгээд эхнэр маань ээжийг элдвээр хэлээд байхаар нь би цагдаа дуудсан. Эхнэр маргааш өглөө нь ирчхээд буцаад гарч яваад 3 хоногийн дараа ирсэн. Би гэрээсээ бие засах гээд гарч иртэл бетоны ард юм хөдлөөд байхаар нь гайхаад очоод хартал эхнэр хөнжил нөмөрчихсөн унтаж байсан. Тэгэхээр нь би “миний хөгшин яаж байгаа юм, гэртээ ор” гээд гэртээ оруулаад хоол хийж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь ахаасаа очиж цалингийн үлдэгдэл 100,000 төгрөгийг аваад эхнэр лүүгээ залгатал “1 шил архи” аваад ирээч гэсэн. Би хэлэхдээ “архиар яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “зүгээрээ зүгээр” гэхээр 1 шил архи аваад, дараа нь дахиад 1 шил архи авч бид хувааж уусан. Бид архиа уугаад дуусаж байтал манай эхнэр “танай ээж чинь дандаа бидний асуудалд оролцож, намайг цагдаа дуудаж өгдөг” гээд байсан. Би хэлэхдээ “чи өөрөө гадуур хэд хоног явж ирчхээд яагаад ээжийг буруутгаад байгаа юм бэ, чиний буруу шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би согтуурсан үедээ гар хүрсэн байна лээ миний буруу. Би эхнэртэйгээ хамт амьдарч байх хугацаанд миний амьдрал нэлээн доошоо орсон. Одоо би тогтмол цалинтай ажил хийж байгаа. Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байх тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Гэмт хэргийн улмаас Мөнхтулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан Мөнхтулга нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох 821,993 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь уг төлбөрийг төлсөн, Хүний сэтгэцэд учирсан хор хохирол олгох тухай журмын дагуу Мөнхтулгын сэтгэцэд 3 дугаар зэрэглэл учирсан байна. Харин эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 124,762 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн ******* хорооны задгайд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д. “хардалтын” улмаас толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж биед хамар ясны бяцарсан хугарал, зүүн, баруун дээд, доод зовхи, баруун хацар, зулай, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун хөхлөг сэртэнд шарх, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Д. толгой, нүүр хэсэгт нь гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 328 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 841,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан ба хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 124,762 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагч: “...Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үлдээх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруу дээрээ маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг татгалзах зүйл байхгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 841,000 төгрөгийг хохирогчид хүлээлгэж өгсөн, хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Өнөөдрийн шүүх хуралд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд мэдэгдэхдээ “хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ шүүхэд илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүгдэгчид хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул торгох шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ