Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/119

 

                                                    Г.Б-д холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/902 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2011 00000 0964 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Халх овгийн Г.Б, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 953 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УХ94112322/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй,

Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 953Б тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.И-тай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг 3 удаа хутгалж эрүүл мэндэд нь нуруу, зүүн шилбэний гадна хажуу, баруун гуяны гадна хажуу хэсэгт хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Г.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 178 цагийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Г.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус журамлан Г.Б-г 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 902 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж ялыг нэмж нэгтгэх ойлголтын тухай зохицуулсан байхад шүүх Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ болох 720 цагаар тогтоож өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд багтааж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/902 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 953Б тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.И-тай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг 3 удаа хутгалж эрүүл мэндэд нь нуруу, зүүн шилбэний гадна хажуу, баруун гуяны гадна хажуу хэсэгт хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.И-ын “...Би согтоод Г.Б-г хардаад хэдэн үг хэлчихсэн. Тэгтэл Г.Б сандал дээр байсан хутга аваад миний баруун гуя руу хатгасан. Тэгэхээр нь босож ирээд ганц хоёр удаа яаж байна гээд цохитол дахиж зүүн шилбэ рүү хутгалсан. Намайг зугтаатал араас ирээд нурууны голд хутгалсан. ... Миний гуя, нуруу, шилбэ рүү нийт 3 удаа хутгалсан. ...” /хх 11-12/,

гэрч Б.О-ын “... Хөрш айл маань архи уугаад маргалдаад байсан. Би гэрээс гарч ирээд харж байтал охин нь нөхрийгөө бололтой нэг залууг шар иштэй хутгаар хутгалсан. Тэгээд залуу нь хашаа налаад явлаа гээд босоод явтал ахин араас нь гүйж очоод хутгалсан. ...” /хх 13-14/,

гэрч Ж.Н-ийн “... И согтоод Г.Б-г “чи муу янхан биз дээ” гээд хардаад байсан. Тэгсэн чинь худалдаж авсан шинэ хутгаа аваад И-ын нуруу, хөл рүү хутгалсан. ...” /хх 20/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... О.И-ын биед нуруу, зүүн шилбэний гадна хажуу, баруун гуяны гадна хажуу хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 1143 дугаартай дүгнэлт /хх 22-24/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ын гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.И-г 3 удаа хутгалж, эрүүл мэндэд нь нуруу, зүүн шилбэний гадна хажуу, баруун гуяны гадна хажуу хэсэгт хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хохирогчийн эсрэг үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг болон гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс түүнд 720 цагийг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Г.Б-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Прокурор А.Нямсүрэнгээс “... Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ болох 720 цагаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд багтааж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Б нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байхдаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Б-д сүүлийн шийтгэх тогтоолоор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 178 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоосныг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ оногдуулсан ялуудын нийлбэрийг тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээнд нийцүүлэн ял оногдуулах бус харин сүүлийн үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд нийцүүлэн ял оногдуулсны дараа ялуудыг нэмж нэгтгэхдээ тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ялын хэмжээг тогтоох хуулийн зохицуулалт гэж ойлгоно.

Иймд прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/902 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР  

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР