Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 146/ШТ2017/00023

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга А.Батцог

Улсын яллагч Д.Алимаа

Хохирогч Ч.А,

Шүүгдэгч Б.Д  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мядагмаа

Иргэдийн төлөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар  

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогтой Б-н Дд холбогдох эрүүгийн 201715010009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн  байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн  19......... оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн,  28 настай,  ............й,  бага боловсролтой,  мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ............. хамт Өвөрхангай аймгийн ....... сумын 2 дугаар багт оршин суух гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г овогтой Б-н Д  /РД:............/ 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Д нь Өвөрхангай аймгийн ....... суманд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Ч.Аыг байнга зодсон,

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ....... сум 2 дугаар баг 7-10 тоотод оршин суух иргэн С.Чулуунбаатарын гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Б.Ц, Б.Л нарт хүч хэрэглэхээр заналхийлж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай эхнэрийн төрсөн өдөр болсон. Тэр өдөр манайд манай найзууд ирээд архи уусан. Би тэр өдөр эрт тасраад унтсан байсан. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гадуур явж хоёр, гурван найзтайгаа хамт архи уусан гэртээ ирсэн. Гэртээ ирээд эхнэртээ чи яахаараа орой үдэш гараад хүмүүстэй пиво уугаад байдаг юм бэ. Би тэр хүмүүстэй чинь очиж уулзана гэхэд манай эхнэр тийм хүн байхгүй. Танай хоёр найз чинь тэгж хэлсэн үү гээд маргалдсан. Би газ асаасан үнэн. Гэхдээ шатаана гэж дайраагүй. Манай эхнэр чи намайг ингэж гүтгэж байгаа бол би амиа хорлоно гээд байхаар би  айсандаа хоёр гарыг нь тэлээгээр хүлсэн. Миний буруу. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэг найзтайгаа архи уугаад би их согтсон байсан. Хийсэн үйлдлээ заримыг нь санахгүй байгаа. Хадмын гэрт нь ороход манай хүүхэд ааваа гээд гүйгээд ирэхээр нь хүүхдээ цааш нь түлхсэн. Ч.А намайг хараад гараад зугтаасан. Тэгээд Цэцэгмаа надтай хэрэлдэж байгаад гараад явахаар нь зуухных нь хажууд байсан заазуурыг авч шидсэн. Айлын гэр оронд тийм зүйл хийсэн нь миний буруу. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хүүхдээ дагуулаад гадуур явсан байсан. Тэгээд шөнө гэртээ ирээд хаалгаа тогштол хаалга онгойлгож өгөхгүй удаад байсан. Би хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор улам чанга нүдтэл хаалга онгойлгож өгсөн. Гэрт ороод юун хүмүүс унтаж байгаан гэхэд Бат-Эрдэнэ найз охинтойгоо манайд хонож байсан. Би гэрт ороод Ч.А руу дайраад түлхэж унагаад газар унасан байсан униар Ч.Аыг хоёр, гурван удаа бүлсэн. Тэгтэл бид хоёрын дундуур Бат-Эрдэнэ орж ирээд миний хоёр гарыг барьчихаад байсан. Би ийм зүйл хийсэндээ их харамсаж байна Миний буруу гэв...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.А мэдүүлэхдээ:

“...Б.Д 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр намайг өшиглөж, зодож хавирга хугалсан нь үнэн. Миний төрсөн өдрийн орой янз бүрийн хэрүүл маргаан бид хоёрын дунд болоогүй. Чи миний хавиргыг хугалчихлаа гэж Б.Дд хэлж байсан. Би хонины гэдэс арилгаж чадахгүй хавирга өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн. Намайг 4 удаа цохиж зодсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүний хөгшин ээж, хоёр хүүхдээ бодсон ч тэр энэ хүний ялыг хөнгөлж өгөөч гэж хүсэж байна...” гэжээ.

Хохирогч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой намайг өөрийн гэрт бэр Цэцэгмаа, охин Анхжаргал болон ач, зээ нарын хамт байтал охин Анхжаргалын нөхөр Доржпалам согтуу ирсэн. Тэгээд манай охин Анхжаргалыг үсдэж аваад зодсон. Тэгээд бэр бид 2 салгах гэтэл Доржпалам надруу дайрч давшлаад байсан...” гэжээ. /хх-ийн 39-41 дүгээр хуудас/

Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн өдөр би хадам аав Чулуунбаатарын гэрт хадам ээж Лхам, нөхрийн эгч Анхжаргал болон түүний 2 хүүхэд мөн хадам аавын 7 настай нэг хүүхэд, манай 4 настай охин нартай хамт байж байхад Анхжаргалын нөхөр Доржпалам архи ууж хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд байшингийн хаалгыг нүдсэн онгойлгох гэж байтал хаалганы цоожыг эвдэж орж ирсэн. Орж ирээд Анхжаргалаас хэрүүл гуйж өмсөж явсан малгайгаараа Анхжаргалыг цохиод байсан. Анхжаргал босоод явсан чинь үснээс нь татаж газар унагааж өшиглөж эхэлсэн. Тэр үед манай хадам ээж Лхам салгах гэж байхад би өөрийнхөө Самсунг маркийн гар утсаар бичлэг хийсэн. Тэрний дараа би өөрөө Анхжаргал, Доржпалам хоёрын дундуур орж Анхжаргалыг гэрээс нүцгэн гаргаж зугтаалгасан. Тэгтэл Доржпалам байшин дотор зуухний хажуу талд байсан заазуурыг авч хадам ээж Лхам руу дайрч эхэлсэн. Гэрт байсан эд зүйлсийг хагалж эвдэж сүйтгэсэн. Тэгээд хадам ээж гэрээс гарч зугтаасан би гэрт 4 хүүхдийн хамт үлдсэн. Тэгтэл Доржпалам миний өмсөж явсан цамцны захнаас татаж намайг боож унагааж одоо чамайг ална гэж сүрдүүлсэн. Хэсэг хугацааны дараа Доржпаламыг өөрөөсөө холдуулж байгаад 4 хүүхдийг гэрт үлдээж өөрөө зугтааж гэрээс гарсан. Намайг байшингийн гадаа байхад Доржпалам өөрийнхөө  хоёр хүүхдийг, манай охины хамт хөөгөөд гэрээс гаргасан. Хүүхдүүд бүгд гэрээс гарахдаа уйлсан байсан. Гэрийн орон доогуур орж нуугдсан манай хадамын нэг хүүхэд гарч ирээгүй үлдсэн. Хүүхдүүдийг гэрээс гарч ирэхээр би тосож аваад хашааны хаалгаар гарч гудамж уруудаж явж байтал хадам ээж Лхам ирсэн. Бид нар хадам ээжтэй цуг Батболд гэх айлын хашааны үүдэнд очсон тэнд хадам ээжийг 3-н хүүхдийн хамт үлдээсэн. Тэрнийхээ дараа би хадам аавын дүү Батсайханы гэрт очиж Батсайхан ахтай цуг ирэхэд хадам аавын байшингийн цонх хагарсан Доржпалам байхгүй байсан. Гэрт очиж хадамын 7 настай хүүхдийг орон доороос гаргаж авсан. Тэрнийхээ дараа Цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Гэрч Б.Мөнхзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Анхжаргалтай танилцаад 3-4 жил болж байна. Бид 2 нэг нутгийн хүмүүс байгаа юм. Анхжаргалыг нөхөр нь байнгийн зодож нүдэж биед нь гэмтэл учруулдаг. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Анхжаргалын төрсөн өдрөөр нь уулзахад надад манай нөхөр Доржпалам намайг зодож улмаар хавирга гэмтсэн юм шиг байна гэж ярьж байсан. Доржпаламын талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 42 дугаар хуудас/

Гэрч Ж.Сүхээгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Доржпалам миний охины хүүхэд байгаа юм. Эх нь түүнийг бага байхад надад үлдээгээд явсан юм. Тэр цагаас хойш манай нөхөр Будь гэж хүнээр овоглож явах болсон. Доржпалам нь Өвөрхангай аймгийн ....... сумын Ерөнхий боловсролын сургуульд 3 дугаар анги хүртэл суралцсан. Тэгээд сургуульд суралцаж байхдаа Доржпалам нь гараа хугалсан тэрнээс хойш сургуульд суралцаагүй сургуулиас гаргасан. Цэргийн дүйцүүлэх албыг хаасан. Манайд өсөж том болсон хүн байгаа юм. Одоо эхнэр Анхжаргал болон 2 хүүхдийн хамт 4-үүлээ амьдардаг. Би Анхжаргал, Доржпалам нарын хоорондын харилцааг мэдэхгүй. Хаа нэг гэрт нь ороход Анхжаргал, Доржпалам нар хоорондоо хэрэлдсэн байдалтай байдаг...” гэжээ. /хх-ийн 43 дугаар хуудас/

Гэрч Д.Аръяабалийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай 2 хамар хашаа болоод 4 сар болж байна. Энэ хугацаанд бараг 20 удаа хэрүүл маргаан хийсэн байх. Орой болгон л хүүхэд эхнэр нь уйлалдаад, хашгиралдаад байдаг. 2016 оны 12 дугаар сарын 29-ний шөнө тэдний хүүхэд нь аав ээжийг зодоод байна туслаарай гэж хашгираад байсан. Би яг зодож, цохиж байгааг нь хараагүй. Хэл амаар хоорондоо хэрэлдэж байгаа нь манай гэрт сонсогдоод байдаг...” гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/

Гэрч С.Батсайханы 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Доржпалам архи ууж эхнэртэйгээ маргалдсаныхаа дараа хадам аав Чулуунбаатарынхаа гэрт нь ирж агсам тавьж, эхнэр Анхжаргалыг зодож цохихоор нь манай бэр эгч Лхам надад хэлдэг. Ийм нөхцөл байдал гарсан үед нь 1 удаа очиж байсан. Үе үе бол намайг утсаар дууддаг. Би тэр болгон очоод байдаггүй...” гэжээ. /хх-ийн 46 дугаар хуудас/

Гэрч С.Чулуунбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай охин Анхжаргал нь нөхөр Доржпаламд 2013 оноос хойш одоог хүртэл дарамтлуулж, үг хэл амаар доромжлуулж, зодуулж, цохиулж байна. Миний мэдэхээр 2016 оны 11, 12 дугаар сард тус тус зодуулсан. Зодуулсаны улмаас манай охин Анхжаргалын хавирга хугарсан, цээжин хэсгийн өвчүү нь цаашаа чихэгдсэн, бие зарим нэг газар хөхөрч няцарсан байсан. Зарим нэг зүйлийг нь сайн санахгүй байна. Миний мэдэхгүй олон удаа зодуулсан байх. Доржпалам манай охиныг зодохдоо хүнгүй, гэрчгүй газар зодож, цохьдог юм билээ...” гэжээ. /хх-ийн 47 дугаар хуудас/

Гэрч Ч.Ганчимэгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Анхжаргалын аав Чулуунбаатар манай аавтай ах дүү хоёрын хүүхэд. Харин Доржпаламтай 2015 онд анх танилцаж байсан. Анхжаргал бид 2 хамаатан садан болохоор бие биенээ мэддэг байсан. Юунаас болж хэрүүл маргаан хийдэг талаар сайн мэдэхгүй байна. 2-3 удаа надад утсаар Доржпаламтай хэрүүл маргаан хийгээд намайг зодоод гээд ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 48 дугаар хуудас/

Гэрч Д.Даваасүрэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.Д нь миний хариуцдаг 2 дугаар багийн иргэн. Эхнэр 2 хүүхдийн хамт сумын төвийн Рамын дэнж гэх газар амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйл миний мэдэхээр нээх их хэрэглээд байдаггүй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг өөрийн гэсэн мал байхгүй. Ээжийнхээ ээж дээрээ өссөн хүүхэд байгаа юм. Дуу цөөтэй томоотой хүний үгээр л тийм хүүхэд. Гэр орондоо ямар ааш зан гаргадаг талаар би сайн мэдэхгүй байна. Айлын ганц эрэгтэй хүүхэд болохоор жоохон эрх дураараа өссөн байх...” гэжээ. /хх-ийн 49 дүгээр хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Халтархүүгийн дүгнэлт

  1. Ч.Аын биед баруун 1 ш хавирганы хугарал, зүүн буйл, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож байна.
  2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Буйлны гэмтэл нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, хавирганы хугарал нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4, 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Буйлны гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/

2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн дүгнэлт

  1. Ч.Аын биед, эрүү, зүүн гарын тохой, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 121 дүгээр хуудас/

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол  /хх-ийн 2 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 4 дүгээр хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88, 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Д нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Ч.Аыг байнга зодон тарчлаах гэмт хэргийг,

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Чулуунбаатарын гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Б.Ц, Б.Л нарт хүч хэрэглэхээр заналхийлж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Аын шүүх хуралдааныг шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-40/, хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-38/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр хуудас/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №45 тоот дүгнэлтийн Ч.Аын биед баруун 1 ширхэг хавирганы хугарал, зүүн буйл, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Буйлны гэмтэл нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, хавирганы хугарал нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой.

Хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Буйлны гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 .6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Өвөрхангай аймгийн ШША-ны шинжилгээний хэсгийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан №45 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ч.Аын биед, эрүү, зүүн гарын тохой, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт хх-ийн 121 дүгээр хуудас, гэрч Б.Мөнхзаяа, Ж.Сүхээ, Д.Аръяабал, С.Батсайхан, С.Чулуунбаатар, Ч.Ганчимэг, Д.Даваасүрэн нарын мэдүүлэг хх-ийн 42, 43, 45, 46, 47, 48, 49 дүгээр хуудас зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мядагмаа шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 сарын 01-ны өдөр мөрдөгдсөнтэй холбогдуулж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж 1201 дугаар зүйл хэсэг нэмэгдсэн. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3-т зааснаар мөрдөн байцаалтад буцаалгах саналыг гаргажээ.

Гэтэл шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэрэг нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд “нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” “ Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно” гэж заасан байдаг тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч Б.Дыг тарчлаах гэмт хэргийг, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна.

Шүүгдэгч Б.Д нь 68 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 секундын бичлэг бүхий CD-ийг хэрэгт үлдээж, улаан өнгийн сандал, эмэгтэй хүний үс, иш нь хугарсан заазуур, унь, шилэн аяга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Шүүгдэгч Г овогтой Б-н Дыг тарчлаах гэмт хэргийг, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч Г овогтой Б-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 2 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 5 жил 8 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Д нь 68 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 секундын бичлэг бүхий CD-ийг хэрэгт үлдээж, улаан өнгийн сандал, эмэгтэй хүний үс, иш нь хугарсан заазуур, унь, шилэн аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шүүгдэгч Б.Дд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж  шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гарсан  эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Э.ДУЛМАА 

                                       ШҮҮГЧ                                 Б.САРАНТУЯА

                                                                                          Ц.ДАГИЙМАА