Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/01768

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/01768

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, 0595 тоотод оршин суух Боржигон овогт Бат-Эрдэнийн Намууцэцэгт холбогдох,

 

Гэм хор учруулсаны хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 07 сарын 29-ны өдөр Хан-уул дүүргийн 3-р хороо, Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд уулзвар замд Honda СRV маркийн 25-88 УНУ улсын дугаартай тээврийн хэргслийг Б.Намуунцэцэг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндөлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Баярмаа миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Ослын улмаас эрүүл мэндийн хувьд хохирол амсаад байна. Иймд гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Энэ нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөг нь өмнө гарсан зардлыг хасаад гарсан дүн болно гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Батэрдэнэ овогтой Намууцэцэг миний бие 2016 оны 7 сарын 29-ны өдөр хүний машин унаж яваад баруун эргэх ногоон гэрлээр иргэсэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу бутны араас огцом хүн гарч ирсэн ба хөдөлгөөнд дөнгөж орж байсан учир хүч аваагүй зөөлөн явж байгаад Баярмаа гэх эмэгтэйг мөргөсөн. Ослын газар цагдаа болон 103 руу тэр даруй дуудлага өгч цаг алдалгүй ирж үзлэг хийсэн. Уг эмэгтэй зуны богино плаж өмссөн байсан ба сөхөрч өвдөглөн суугаа байдалтай унасан. 103 аас эмч үзлэг хийгээд ноцтой гэмтэл байхгүй гээд тэмдэглэл хийгээд явсан. Үүний дараа өөрийн унаж явсан машинаар Баярмаа гэх эмэгтэйг түүний ээж болон эрэгтэй дүү гэх залуугийн хамтаар суулган Гэмтэлийн эмнэлэгт очиж үзүүлсэн болно. Дотор эхо хэвийн, үе мөч ясны зураг хэвийн шаардлагатай гэсэн үзлэгийг эмч хийж дууссаны дараа хөлийн зөөлөн эдийн няцрал буюу арьс зулгаралт гэсэн онош тавьж эм бичиж өгсөн. Тэр даруй бичсэн эмийг 8700 төгрөгөөр авч өгсөн (хавсралтаар оруулав). Мөн уг эмэгтэйн хүссэнээр Интермэд эмнэлэгт толгойн томограф зургийг 160,000 төгрөгөөр авхуулсан ба хэвийн гэсэн хариу гарсан (хариуг хавсралтаар оруулав). Эмнэлэг болон цагдаа орох бүрт таксины мөнгө гэж нийт 30,00 төгрөг бэлнээр өгсөн.

Нийт 198,700 төгрөг болсон.

Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр баруун хөлийн шагай , тавхай, өвдөгний гадна дээд хэсэгт зулгаралт. цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо гэсэн бөгөөд цаашид эрүүл мэнд хөдөлмөрмйн чадварт нөлөөлөхгүй гэжээ. Нэхэмжлэлд хавсрагасан байсан.

Баярмаа гэх эмэгтэй нь тухайн үед ямарч үндэслэлгүй 2 сая төгрөг нэхсэн ба түүний нөхөр гэх эрэгтэй осол болсон газар согтуу ирж намайг хэл амаар доромжилж дайрч байсан. Миний хувьд ч хэлсэн мөнгийг өгөх ямарч боломжгүй юм. Миний бие 5 сартай жирэмсэн байсан бөгөөд тонус их эмчийн хяналтанд байсан. Мөн энэ хэрэгээс үүдэн сэтгэл санааны дарамтанд орж биеийн байдал эрс муудсан.

2016 оны 8 сарын 4-нд Баярмаа гэх эмэгтэй 697,500 төгрөг нэхэмжилсэн бичиг надад өгсөн. Уг бичигт Манал оточ эмнэлэгт 10 хоног хэвтэх ор хоногийн мөнгө 650,000, биохими болон цусны шинжилгээ 47,500 гэсэн байсан (нэхэмжлэлийн хавсралтанд байсан),

Уг бичигт ямар оношоор эмнэлэгт хэвтэх болсон мөн ямар эмчилгээ хийгдсэн нь тодорхойгүй байсан учир миний бие тухайн эмнэлэг дээр очиж эмч болон Баярмаа гэх эмэгтэйтэй уулзаж, өвчтөний түүхийн дэвтэр онош зэргийг харж, канондуулан баталгаажуулж авах гэсэн боловч надад өгөөгүй. Тус эмнэлэгийн эмчийн хэлсэнээр тархи толгойн хаван бууруулах эмчилгээ хийж байгаа гэсэн нь ослын дараа интермэд эмнэлэгт авхуулсан томограф зурагны хариу болон шүүх эмнэлэгийн дүгнэлттэй таарахгүй байсан учир мөн биохими цусны шинжилгээ нь осолтой холбоогүй учир тухайн нэхэмжилсэн мөнгөн дүнг өгөхөөс татгалзсан болно.

Үүний хажуугаар миний бие сэтгэл зүйн хувьд маш их стресстэй, дарамттай нөхцөлд байсанаас үүдэн мөн тонус ихтэй аль болох хэвтэрийн дэглэм барих ёстой байсан атал эмчийн заалтыг мөрдөж чадаагүйгээс болж төрөх явцад хүндрэл үүсэх, төрөх хугацаандаа хүрэлгүй дутуу төрөх эрсдэлтэй байсан учир тайван байж хэвтэрийн дэглэм барих шаардлагатай болсон. Тиймээс Баярмаа гэх эмэгтэйтэй ахиж холбогдоогүй юм.

Одоогийн байдлаар миний бие нялх хүүхэдтэй, ажилгүй хүүхдээ харан гэртэй суудаг ямар ч орлогогүй болно.

Мөн эмчийн заалтаар хүүхдийг цэвэр агаарт байлгах шаардлагатай бөгөөд Архангай аймагт түр оршин сууж байгаа. Зуны дэлгэр цагт агаарт байлгаж чадаагүйн улмаас үүсэх эрсдэлийг бодолцон үзнэ үү. Тухайн машин бол ахын машин байсан. Зөвшөөрөл авч унаад явж байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Баярмаагаас хариуцагч Б.Намууцэцэгт холбогдуулан ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ гэм хорын хохиролд нийт 198.700 төгрөг төлсөн бөгөөд тархи толгойн хаван бууруулах эмчилгээ хийж байгаа гэсэн нь ослын дараа интермэд эмнэлэгт авхуулсан томограф зурагны хариу болон шүүх эмнэлгийн дүгнэлттэй таарахгүй байсан учир мөн биохими цусны шинжилгээ нь осолтой холбоогүй учир хохирол нэхэмжлэх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Манал оточ эмнэлэгт шинжилгээ өгсөн 47,500 төгрөг, тус эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн 650,000 төгрөг, өвчтэй байх хугацаанд цалин хасагдсан буюу 1 сарын цалин 570,000 төгрөг, түүний 50 хувиар бодож 285,000 төгрөг, эм 1500, нотариат 13,800 төгрөг, баримт хуулбарласан 2200 төгрөгний зардал гаргуулах гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн*******ны нутаг, Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын хойд уулзвар замд Ноnda CRV маркийн 25-88 УНУ улсын дугаартай, П.Батчимэгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Х.Баярмааг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.

 

Хариуцагч нь 25-88 УНУ улсын дугаартай Ноnda CRV маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид... зам тавьж өгнө гэж заасныг зөрчиж, явган зоригч Х.Баярмааг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.Баярмаа нь Манал оточ эмнэлэгт шинжилгээ өгсөн /Биохими, цусны шинжилгээ/ 47.500 төгрөг, эмнэлэгт хэвтсэн /10 хоног өдрийн 65.000 төгрөг/ 650.000 төгрөг, нийт 697.500 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 8,18 дах тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын ., эрүүл мэнд, ..... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ....эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсантай холбогдон гарсан зардал болох шинжилгээний зардал 47,500, эмнэлэгт хэвтсэн 650,000 төгрөг, нийт 697,500 төгрөгийн хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин Х.Баярмаа нь эмний зардал 1500 төгрөг болон цалин 285,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Х.Баярмаагийн цалингийн тодорхойлолт хэрэгт авагдсан байх боловч Х.Баярмаа Сарнай ХХК-д ажилдаг, мөн тодорхойлолтод заасан 570.000 төгрөгний цалин хөлс авдаг болохыг нотлохгүй. Мөн эмний зардал 1500 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь баримтыг нотариатаар гэрчлүүлсэн, баримт хуулбарлан авсан зардал төлсөн болох нь мөнгөний тасалбар /хх-ийн 20 талд/-аар тус тус нотлогдож байгаа боловч нотариатаар гэрчлүүлсэн баримт нь ямар бичиг баримт гэрчлүүлсэн, ямар үйлчилгээ нотариатаас авсан, мөн ямар баримт, юунд зориулж хуулбарлан авсан зэрэг нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэний зардал болон баримт хуулбарахад гарсан зардалыг хохиролд тооцон хариуцагчаар төлүүлэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.Баярмаа нь хариуцагчийн буруугаас зам тээврийн ослын улмаас эмнэлэгт шинжилгээ өгсөн 47,500 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 650,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх цалин 285,000 төгрөг, эм 1500 төгрөг, нотариатын төлбөр 13800 төгрөг, баримт хуулбарласан 2200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас хуульд заасны дагуу хариуцах хэмжээгээр хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг баримтлан ээс 697,500 төгрөгийг гаргуулж олгож, Х.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 302,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х.Баярмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ээс улсын тэмдэгтийн хураамжид 21,290 төгрөг гаргуулж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.НАРАНЦОГТ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ж.БАЙГАЛМАА