Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2020/00518

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар баг ............ тоотод оршин суух Хиргэс овогтой Мижиддоржийн Алтансүх/................/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.Алтансүх,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-нд няраваар ажиллаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад үргэлжүүлэн Улаанбаатар хот явсан. Тухайн үед би гүйцэтгэх захирал Ч.Цогоод учир байдлаа хэлж утсаар ярьсан. Мөн манай гэр бүлийн хүн актыг маань захиралд аваачиж өгсөн. Гэтэл намайг 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр ажил тасласан гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын тушаал гарч ажлаас халсан байсан. Би үүнийг мэдээд захирлаас тушаалаа авхаар уулзахад чамайг буруу халсан байна гээд өөр ажил санал болгосон. Тухайн ажил нь жирэмсний амралттай байгаа хүний ажлын байр байсан тул би зөвшөөрөөгүй. Ингээд ажлаас халсан тушаалыг маань надад өгөхгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Уг тушаалыг миний бие зөвшөөрөхгүй байна. Үүнээс өмнө надад сахилгын сануулах болон цалингийн 20 хувь бууруулах шийтгэл ногдуулж байсан нь үнэн.Гэхдээ дээрх тушаал миний бие мөн гомдолтой явдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг сайн санахгүй байна.Уг нь нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан санагдах юм. Тэр нь эд хөрөнгийг хариуцлагын гэрээ байсан бил үү, үгүй ч бил үү санахгүй байна.

Шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарсан боловч нөхөн олговор гаргуулах шаардлагатай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул дээрх шаардлагаа дараа баримтаа бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргахаар татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус компанид няраваар ажиллаж байсан М.Алтансүх нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх заалт Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн ажлын 1-2 өдрийн чөлөөг албаны дарга, 3 ба түүнээс дээш хоногийн чөлөөг захиралын тушаал гаргаж чөлөө олгоно, 8.3.10 дахь заалт Компаний захирлын тушаалаар цалингүй чөлөө олгох дээд хязгаар 30 хоног байна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж чөлөө болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа албан ёсоор Захиргаа удирдлагын албанд мэдэгдээгүй байна.

Мөн Хөвсөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт Хөдөлмөрийн сахилга бат, байгууллагын дотоод журмыг чанд сахин ажиллах, 5.2.4 дэх заалт Хөдөлмөрийн хууль, компаний хөдөлмөрийн дотоод журам, цаг ашиглалтын журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах зэрэг зөрчлүүдийг гаргасан. М.Алтансүх нь няраваар ажиллаж байхдаа 2019 онд 2 удаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл ногдуулж байсан ба энэ нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг А/97 дугаартай тушаалаар батлагдсан Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12 дахь заалтанд заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх тухай заасан. М.Алтансүх нь дээрх хууль, дүрэмд заасан ноцтой зөрчлийг удаа дараа давтан гаргасан бөгөөд энэ байдалдаа дүгнэлт хийж засаагүй. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилдаа ирэхгүй алга болсон.Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гэдэг ба гэрт нь очихоор хүн байхгүй байсан. Мөн эхнэртэй нь утсаар ярихад би өөрөө ч холбоо барьж чадахгүй байна гэсэн хариуг өгч байсан байдаг. Тухайн үед халаалт эхлэх гээд байгууллага дээр ажил ихтэй байсан ба нярав байхгүй болохоор складнаас бараа материал авах боломжгүй байдал үүссэн тул захирлын зөвлөл хуралдаж 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр М.Алтансүхийг ажлаас чөлөөлсөн.М.Алтансүхийн хувийн хэрэгт түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаагүй.Иймд ажил олгогчоос М.Алтансүхтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ойлгож болно. Ажлаас чөлөөлсөн тушаалыг миний бие төлөвлөсөн.Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж бодоод хөдөлмөрийн гэрээний заалт бичсэн нь буруу болсон байна. Тушаал гарснаас хойш М.Алтансүх болон ах Ганболд нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Цогоотой биечлэн уулзаж утсаар ярьж ажилд оруулах талаар яриа хийхэд манай зүгээс Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мөнгөн хөрөнгийн кассаар түр ажилд авъя гэхэд М.Алтансүх би ийм ажил хийхгүй гээд гараад явсан.Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Алтансүх нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц ТӨХК-нд холбогдуулан урьд ажиллаж байсан няравын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн заалттай бөгөөд М.Алтансүх нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн Б/100 тоот тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэгчийн...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг ажил олгогчоос авахаар хандахад гүйцэтгэх захирал би чамайг буруу халчихсан байна, түр хүлээж бай гэсэн. Ингээд 2019 оны 11 дүгээр сард надад өөр ажил санал болгосон.Тухайн ажил нь жирэмсэн хүний оронд байсан тул би зөвшөөрөөгүй ба 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надад тушаалын хувийг өгсөн...гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн....М.Алтансүхийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн ба түүнд өөр ажлын байр санал болгоход тэрээр зөвшөөрөөгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түүнд гардуулсан...гэх тайлбаруудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь...М.Алтансүх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн ба ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн маргалаа.

М.Алтансүх Хөвсгөл Дулааны станц ТӨХК-нд няраваар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн М.Алтансүхийг ажилд түр томилох тухай Б/02, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн М.Алтансүхийг ажилд жинхлэн томилох тухай Б/41, 2019 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн М.Алтансүхийн хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлөх тухай Б/100 тоот тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Ажил олгогчоос М.Алтансүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, компаний хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1.1, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2, 2.2.3 дахь заалтыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 25ы өдрийн Б/43 тоот тушаалаар сануулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12.2, 11 дүгээр зүйлийн 11.1.1.2, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.2 дахь заалтыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 09ы өдрийн Б/78 тоот тушаалаар 1 сарын үндсэн цалинг 20%-иар хасах арга хэмжээг тус тус авч байсан ба тэрээр тухайн тушаалуудад гомдол гаргаагүй тул сахилгын шийтгэлийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

М.Алтансүхийг ажил олгогч байгууллага үүрэгт ажлаас нь чөлөөлдөө Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.5.2, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12.2 дахь заалтыг тус тус баримталжээ.

Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д захирал дараах эрхтэй,...20 дугаар зүйлийн 20.1.4-д үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх...,

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл, 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах...40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус заасан.

Мөн тус байгуулллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12-д Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил-д дараах тохиолдлуудыг тооцож, захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:

...6.12.2-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан. Ажлаа орхисон, чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаа хамаарна... гэсэн байх ба хэрэгт цугларсан нотлох баримтанд тухайн албан тушаалд М.Алтансүхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй тул ажлаас чөлөөлсөн Б/100 тоот тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 4.5.2-д хэрхэн заасан эсэх, мөн ямар зөрчлийг сахилгын зөрчил, ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан эсэх талаар дүгнэх боломжгүй байна.

Хэдийгээр тус тушаалд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.12.2 дэх заалтыг баримтласан байх боловч ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй ба харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтан үзэж болно.

Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь...хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг сайн санахгүй байна...,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь...М.Алтансүхтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй...гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн.

Дээрхээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгнө гэж заасныг ажил олгогч байгууллага зөрчиж М.Алтансүхийг бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгүйгээр няравын ажил үүргийг гүйцэтгүүлж байсан, М.Алтансүх нь ажил олгогч байгууллагатай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь түүний буруугаас болсон болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байхад энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй.Нэгэнт ажил олгогч байгууллага М.Алтансүхэд няравын цалин олгож, ажлыг гүйцэтгүүлж байсан байдал нь тухайн маргаанд хамааралгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн М.Алтансүхийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/100 тоот тушаалаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ямар зөрчлийг гаргасан нь тодорхойгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Алтансүхийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний няравын ажилд эгүүлэн тогтоов.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Алтансүхийг Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ниас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ