Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2020/00584

 

 

 

2020 03 16 155/ШШ2020/00584

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ..........дугаар гудамжны ..... тоотод оршин суух Боржигин овогтой Самбуугийн ******* /................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......... дугаар багийн .... дүгээр байрны ..... тоотод оршин суух Ач хариад овогтой Дашдаваагийн Дуламсүрэн /......................./-д холбогдох,

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Д.Дуламсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж иргэдийн төлөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

...Миний бие Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүний нөөц, дотоод хяналт хариуцсан ажилтнаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр томилогдсоноос хойш 5 дахь жилдээ ажиллаж байна. Намайг ажилд ороход л манай байгууллагын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Дуламсүрэн нь байгууллагын даргыг гудамжны авгай ажилд авлаа гэсэн гэнэ лээ гэсэн яриа гарч байсан боловч би олны ам дамжсан хов гэж бодоод тоогоогүй. Миний хариуцсан албан тушаал бол байгууллагынхаа хүний нөөцтэй холбоотой асуудал, ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтад хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хяналтын ажил явуулахад Д.Дуламсүрэн нь чамаар ажлаа хянуулахгүй, чам шиг авгай гэх мэтээр хэл амаар доромжилж ажил хийх боломжгүй болгодог. Энэ байдал нь удаа дараа болж байгаа бөгөөд хамт олны дунд гутаалган доромжлуулснаас болж сэтгэл зүйн дарамтад орж байна. Мөн ингэж намайг элдвээр хэлснийхээ дараа өөрийн цахим хаягаар Хувь, хувьсгалын ямар ч албан газар заавал нэг бууны нохой байдаг тээ. Яджээхад тэр нь түй ч чадваргүй зөвхөн хов дамжуулагч гэсэн фост тавьсан байсан бөгөөд түүнийх нь доор хүмүүс сэтгэгдлүүд бичиж өөртэй нь харилцсан байсан. Үүнийг манай ажлынхан харсан байсан бөгөөд таныг хэлээд байгаа юм биш үү гэж хэлж байсан. Урд нь 2019 онд ажлыг нь шалгах гэхэд намайг янз бүрээр хэлээд ажлаа шалгуулаагүй тул би даргад энэ асуудлаар өргөдөл өгсөн. Ингэхэд Д.Дуламсүрэн дахиж ийм асуудал гаргахгүй гээд надаас уучлалт гуйж байсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард өмнөх байдал мөн л давтагдсан. Энэ үйлдэл нь байнгын шинжтэй болж байгаа. Иймд Д.Дуламсүрэнгээр өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

...С.******* нь тус шүүхэд нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг эс зөвшөөрч байна. Учир нь би С.******* эгчтэй энгийн харилцаатай байдаг. Бидний хооронд ямар нэгэн өш хонзон өр авлагын асуудал байхгүй. Түүнийг дарамтлаад байсан зүйл ч байхгүй. Урьд нь Д.Дуламсүрэнгээс уучлалт гуйж байсан гэдэг бол худлаа. С.******* яагаад ийм нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна.Өөрийн цахим хаяг дээр Хувь хувьсгалын ямар ч албан газар заавал нэг бууны нохой байдаг тэ. Яджээхад тэр нь түй ч чадваргүй зөвхөн хов дамжуулагч гэх фостыг би хэн нэг хүнээс л шейрлэж тавьсан. Үүн дээр С.*******ийн нэр байхгүй ба түүнийг хэлээгүй. Миний бие нэхэмжлэгчийн нэр төр,алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.Дуламсүрэнд холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч...С.*******ийн нэр орсон аливаа мэдээ мэдээллийг сошилд огт тавьж, бичиж байгаагүй. Мөн ажил дээр энэ хүний нэр, төр болон ажил хэргийн нэр хүндийг унагааж, доромжилсон асуудал огт байхгүй. Бид хамтран ажилладаг, энгийн харилцаатай хүмүүс. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Эдийн бус гэм хорыг арилгах талаар зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ., мөн зүйлийн 511.2.-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно. гэж заасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Д.Дуламсүрэн нь миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг ажлын хамт олны дунд болон өөрийн цахим хуудсаар гутаан доромжилсон ба түүнээс болж надад тодорхой хэмжээний дарамт ирж сэтгэл санааны хувьд хохирсон...хэмээн тайлбарласан.

Нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж бөгөөд түүнийг хэн ч өөрчлөх, хүчингүй болгох эрхгүйгээс гадна бусдад шилжүүлж болдоггүй.

Ажил хэргийн нэр хүнд гэж иргэн, хуулийн этгээдийн тухайн эрхэлж буй үйл ажиллагааг бусдаас үнэлэх үнэлэмжийг хэлнэ.

Харин Гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсныг ойлгох бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хариуцагч Д.Дуламсүрэн нь нэхэмжлэгч С.*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд нь хэрхэн ямар байдлаар гутаагдсан болох, тухайн мэдээлэл тархсан хүрээ, уг мэдээллийг мэдсэн хүний тоо болон нэхэмжлэгчийн сэтгэл санаанд ямар хохирол учирсан, түүний улмаас үүссэн үр дагавар зэрэг нь баримтаар нотлогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйл заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй юм.

Гэвч нэхэмжлэгч С.******* нь нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдсан гэх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь;

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дуламсүрэнд холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Р.САРАНТУЯА