Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/46

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

      Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.б овогт Б-ын М-т холбогдох эрүүгийн 2413003080004 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 2.... оны .... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эх нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр /Их булан/ багийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.б овогт Б-ын М-, регистрийн дугаар: БЮ...........;

    

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Б.М- нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Ө-ийг зодож, түүний эрүүл мэндэд хамрын нурууны таславч мурийлттай, хамрын яс баруун талд бага цөмөрсөн хугаралтай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокуророос шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө хохирогчийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эмчилгээний зардалд 445,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирогчийн хамрын ясны мурийлттай, хамрын баруун талд цөмөрсөн хугаралттай гэмтлүүд учирсан.  Цаашид эмчлүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэсний дагуу хохирогч нь цаашид гарах эмчилгээнд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж өгөхөө илэрхийлсэн. Иймд шүүгдэгчээс 2,000,000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх санал гаргаагүй ба хуульд заасан хугацаанд төлөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналыг гаргаж байна. Битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Эд мөрийн баримт байхгүй. Битүүмжилсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.

           

            2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 450,000 төгрөгөөс гадна 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж өгнө. Та бүхнээс уучлалт гуйж байна. Цаашид ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

           

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хохирогчид 2,000,000 төгрөг төлж өгөхөө илэрхийлсэн. Гэм буруугийн маргаангүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурортой эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохиролцсон” гэв.

 

            4. Хохирогчоос шүүх хуралдаанд: “Эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна” гэв.

           

            5. Шүүгдэгч Б.М- нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Ө-ийг зодож, түүний эрүүл мэндэд хамрын нурууны таславч мурийлттай, хамрын яс баруун талд бага цөмөрсөн хугаралтай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн С.Ө-ээс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, хохирогч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 841 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, яллагдагч Б.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, яллагдагч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           

            6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           

            7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           

            8. Шүүгдэгч Б.М- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            9. Шүүгдэгч Б.М- нь хохирогч С.Ө- гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 445,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд хохирогч С.Ө- нь шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.М- нь төлж өгөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ээс 2,000,000 төгрөг гаргуулан хохирогч С.Ө-т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

10. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 500 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Иймд шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Шүүгдэгч Б.М- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

14. Шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Ш.б овогт Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ээс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч С.Ө-т олгосугай.

 

5. Шүүгдэгч Б.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК