Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/161

 

                                      М.Б-д холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор М.Оюунбат,

хохирогч М.Т, Ө.Э,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Г,

шүүгдэгч М.Б,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч А.О, хохирогч, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Я.М, түүний өмгөөлөгч Т.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Б-д холбогдох эрүүгийн 1806 09850 0367 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жаргалант овгийн М.Б, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамжны 150 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ВК87062532/

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

 

            1. М.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Бат Ундрах Мандах” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээ байгуулж, 8.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан 61-45 УНР улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Ө.Э-т 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, түүнээс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 9.500.000 төгрөгийг авч залилсан,

            2. Н.Б-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Танкю” ББСБ-д 8.700.000 төгрөгийн барьцаанд тавьсан 59-66 УНБ улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Б.Э-д 12.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, урьдчилгаа болох 2.470.000 төгрөгийг авч залилсан, /Н.Б 6.000.000 төгрөгийг авсан/,

            3. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Н” ХХК-д барьцаанд тавьсан “Тоёота Приус-30” загварын, 60-58 УБР улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Т.Н-д худалдаж 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү төвийн гадна “Амар лизинг" ХХК-д барьцаанд тавьсан “Тоёота Приус-30” загварын, 43-82 УБН улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн М.Б-д 16.100.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8.100.000 төгрөгийг авсан, зээлийн эргэн төлөлтийн 6.000.000 төгрөгийг төлүүлж, 14.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2018 оны 6 дугаар сараас хойш иргэн М.Т-ийн борлуулж буй автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан худалдан авдаг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр С\А/8204-0014120 арлын дугаартай “Тоёота кроун-204” загварын автомашиныг 23.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, худалдах худалдан авах гэрээ байгуулан, өмчлөх эрхийг нь “Авто сайн” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж, 10.500.000 төгрөгийг хүлээн авсан боловч иргэн М.Т-д “зээлийн мөнгө бүтсэнгүй” гэж худал хэлж тээврийн хэрэгслийг гэрчилгээнийх нь хамт буцаан өгч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 23 сая төгрөгийн үнэтэй “Тоёота кроун-204” загварын автомашины өмчлөх эрхийг залилсан,

            6. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жи Эс Би капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан “Тоёота приус-20” загварын, 76-91 УБЯ улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Б.М-д 12.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа болох 6.500.000 төгрөгийг авч залилсан,

7. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-иас иргэн Э-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 11.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан 79-81 УББ улсын дугаартай, “Тоёота приус-30” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Ж.Т-д зарж борлуулсан,

            8. 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Н” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Приус-30” загварын, 94-80 УБД улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн А.Г-д 13.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа 8.500.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 1.248.000 төгрөг нийт 9.748.000 төгрөгийг авч залилсан,

            9. А.У-той хамтран 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-иас иргэн Ч.З-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.050.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 11.650.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 96-02 УНА улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, бусдад зарж борлуулж “Н” ХХК-д 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан, 12.200.000 төгрөгөөр бусдад зарж, А.У-гийн данс руу мөнгийг шилжүүлж М.Б 3.000.000 төгрөг авсан,

            10. Н.Б-тэй хамтран 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-иас иргэн Д.Ц-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.717.330 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 10.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 24-66 УБС улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж бусдад зарж борлуулж “Н” ХХК-д 7.782.670 төгрөгийн хохирол учруулсан. /12.700.000 төгрөгөөр бусдад зарж Б-ийн данс руу мөнгийг шилжүүлсэн/,

            11. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юу Би Дрим Гхо” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 72-42 УБУ улсын дугаартай, “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 10.600.000 төгрөгийг зээлж аваад эргэн төлөлт хийхгүйгээр залилсан,

            12. М.Б нь Н.Б-тэй хамтран 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Н” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдсэн,

13. Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Н” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж “Н” ХХК-ийн эзэмшилд байсан 24-66 УБС улсын дугаартай, “Тоёота приус-30” загварын автомашиныг бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жаргалант овогт М.Б-г /бүлэглэн/ залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, М.Б-д оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, М.Б-ын цагдан хоригдсон 21 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 65-69 СҮЭ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч Г.С-д, 96-02 УНА улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч Ж.Б-д, 79-81 УББ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч Т.О-д, 99-42 УБЭ улсын дугаартай “Тоёота кроун-204” загварын автомашиныг хохирогч М.Т-д тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б-с нийт 74.912.388 төгрөг гаргуулж хохирогч Ө.Э-д 4.000.000 төгрөг,  Б.Э-д 2.740.000 төгрөг, Т.Н-д 7.000.000 төгрөг, М.Б-д 14.100.000 төгрөгийг, Б.М-д 1.962.388 төгрөг, А.Г-д 9.748.000 төгрөг, “Н” ХХК-д  14.500.000 төгрөг, “А” ХХК-д 10.500.000 төгрөг, “Ю” ХХК-д 10.600.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч А.О тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоол  нь бодит байдалд нийцээгүй хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг.

Улсын дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх ойлголтод “Харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зэрэг ашиг олох зорилготой тогтвортой үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгож үйлдсэн байх” талаар тусгажээ. Шүүгдэгчийн үйлдлүүд нь харьцангуй удаан үйлдэгдээгүй ба идэвхитэй үйлдэл нь 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжилсэн байдаг ба шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь харьцангуй удаан гэх ойлголтод хамаарахгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь, нэг төрлийн гэмт хэргийг багадаа нэг жил ба түүнээс дээш жилийн хугацаанд тогтвортой үйлдсэн байх юм бол харьцангуй удаан гэх ойлголтод хамаарах ойлголт гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн идэвхитэй үйлдэл нэг жил ч хүрэхгүй хугацаа байгаа нь шүүгдэгчийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх ойлголтын хугацааны хувьд дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа юм.

Нөгөөтэйгүүр, тус гэмт хэргийг байнга үйлдэж гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон байх шинжийг мөн л хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоосон зүйл байхгүй ба шүүгдэгчийн эхнэр нь өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэг, аав, ээж, ах, дүү нар нь хөдөө аж ахуй эрхэлж амьдардаг эх үүсвэртэй хүмүүс байдаг. Түүнчлэн залилах гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогоосоо аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлдэг талаар тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй ба ганцхан нэг гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа гэх шинжээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн үзэж байгаа нь дутагдалтай юм. Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхэлдэггүй, санхүүгийн эх үүсвэргүй байх тул байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан тайлбар ба хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч нь хувиараа авто машин худалдан борлуулдаг, амжилттай худалдан борлуулсан зөндөө авто машин байгаа талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад яригдсан мөн хохирогчоор тогтоогдсон Банк бус санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрч, баталсан мэдүүлэг өгсөн байдаг.

Шийтгэх тогтоолд тусгагдсан дээрх үйлдлүүд нь шүүгдэгчийн нэг дор хэт ихээр, авто машиныг олноор нь нэгэн зэрэг худалдаалж ашиг, орлого олох гэж байгаад бүтэлгүйтэж зээлийн хугацаа дууссан асуудал юм.

Иймээс өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Шийтгэх тогтоол бодит байдалд нийцээгүйн хувьд:

1. Шүүгдэгч нь би ганцаараа дээрх үйлдлүүдийг хийх боломжгүй ба Н банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Х.С-той хамтран дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийсэн хэмээн анхнаасаа мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч М.Б нь энэ талаараа удаа дараа хүсэлт тавьж байсан ба шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг гэрч Ц.М давхар нотолдог бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.С гэх хүн манай “Жи Эс Би капитал” ББСБ-д 79-61 УБЯ улсын дугаартай авто машиныг барьцаанд тавьж, 9.300.000 төгрөгийг авсан. Тэгээд гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байхаар нь Х.С-той холбогдоход наад асуудлаа М.Б-тай яриарай гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдлыг харахад уг гэмт хэрэгт Х.С нь хамтран оролцсон нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч Ц.М-ийн мэдүүлэг /4 хх 91-92/ зэргээр тогтоогдож байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулан шийдвэрлэсэн байдаг.

2. Мөн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт 72-42 УБУ дугаартай тээврийн хэрэгслийг “Ю” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 10.600.000 төгрөгийг зээлж залилсан хэмээн үзсэн байдаг. Шүүгдэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны “Ю” ХХК-тай зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн хурал, мөн өнөөдрийг хүртэл тус зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн гэрээ үргэлжилж байгаа болно. Зээлийн гэрээ 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дуусна. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ өнөөдөр хүртэл хүчинтэй байгаа ба шүүх шүүгдэгчийг тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгаа юм уу, аль эсвэл шүүгдэгчийг тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй хэмээн үзэж байгаа эсэх нь тодорхойгүйгээр шүүгдэгчийг “Ю” ХХК-ийг залилсан гэм буруутай хэмээн үзэж шийдвэрээ гаргасан нь туйлын харамсалтай юм.

Тус зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох хуулийн заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл юм.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй хэмээн хуульчилсан байдаг ба шүүгдэгчийг тухайн гэрээний хугацаа дуусаагүй байхад хэзээ ч төлж чадахгүй, төлөхгүй юм байна хэмээн урьдчилан үзэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэмээн өмгөөлөгч миний зүгээс үзэж байна.

3. Хохирогч Б.Э нь 59-66 УНЗ дугаартай автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сансарын колонк дээр Б-с худалдаж авсан хэмээн мэдүүлдэг ба шүүгдэгч М.Б нь би тус хохирогчид авто машин худалдаагүй гэдэг. М.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод байхгүй байсан, тус өдөр Баянхонгор аймагт явж байгаад цагдаад торгуулсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд өмгөөлөгч миний зүгээс хохирогч Б.Э-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг бичгээр шүүх хурал болохоос өмнө гаргасан бөгөөд шүүх хурал болох өдөр хохирогч ирээгүй байсан ба шүүхээс мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж, шүүх хурлыг үргэлжлүүлэн хуралдуулан хийсэн байдаг. Харилцан зөрүүтэй дээрх нөхцөл байдлыг арилгах арга нь зөвхөн хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар хэргийн бодит байдлыг тогтоох л боломжтой байсан хэмээн өмгөөлөгч миний зүгээс үзэж байсан. Хэрвээ хохирогч үнэхээр худал мэдүүлэг өгсөн бол энэ нь өөрөө тусдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Шүүгдэгчийг цагдаагийн байгууллагад шалгагдах явцад М.Б энэ нөхөр бүхнийг хийсэн залилан мэхлэгч, бүхнийг л энэ этгээд зохион байгуулсан гэх байдлаар мөрдөн байцаалтыг хэт яллах талыг баримтлан явуулсан, шүүгдэгчийг өөр газар хөдөө орон нутагт зорчиж байхад хүртэл хотод байсан би Б гэгчийг танихгүй, М.Б-с л 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авто машиныг авсан хэмээн мэдүүлж, шүүх хуралдаанд оролцохгүй, ирэхгүй байгаа нь тус хэргийн бодит байдлыг мөрдөн байцаалтын явцад хэрхэн тогтоосон нь харагдаж байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн мөрдөн байцаалтын явцад “Н” ББСБ нь битүүмжилсэн авто машинуудыг дураараа аашлан бусдад худалдан борлуулж, хэнд, хэрхэн, хэдэн төгрөгөөр борлуулсан нь тодорхойгүй бүх хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа нь шударга бус юм.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн тус зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хууль тогтоогч шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх, эрх зүйн үр дагавар үүсгэхээр хуульчилсан байдаг.

Дээр дурдсан ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийж байж хэргийн бодит байдлыг тогтоох ба, аль ч шатны шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг үндэслэн, давж заалдах шатны шүүхээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хохироосон шийдвэр гаргасан тул хохирогч-иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар “...иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт...” давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч М.Б-д холбогдох хэрэгт “Н” ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй, фидуцийн гэрээний зүйл болох 79-81 УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл, “Н” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан хуурамч баримт бичгээр өмчлөгч өөрчлөгдсөн, фидуцийн гэрээний зүйл болох 96-02 УНА улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл, 65-69 СҮЭ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслүүдийг Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн байдаг.

Шүүхээс эдгээр тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг чөлөөлж шийдвэрлэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Учир нь, шүүх хохирогч-иргэний нэхэмжлэгч “Н” ХХК, иргэний нэхэмжлэгч Т.О, Г.С, Ж.Б-ын өмчлөл, эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг сахин хангаагүйг дурдаж байна.

Иргэний нэхэмжлэгч Т.О-ын эзэмшилд байгаа гэх 79-81 УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК билээ. Гэтэл шүүх иргэний нэхэмжлэгч Т.О-г уг тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч гэж үзэж, тээврийн хэрэгслийг түүнд олгохоор шийдвэрлэж буй нь Монгол Улсын иргэний хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан. Гэтэл иргэний нэхэмжлэгч Т.О нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, 79-81 УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийг хууль ёсоор эзэмшилдээ олж аваагүй.

Өөрөөр хэлбэл, түүнд хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр үүсээгүй, харин иргэн Ж.Т гэх этгээдээс эрхийн зөрчилтэй /уг хөрөнгийн өмчлөгч биш этгээдээс/ хөрөнгө болох авто машиныг худалдан авсан. Харин 79-81 УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийг “Н” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 18/1173 дугаартай фидуцийн гэрээгээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар өмчлөх эрхийг нь хуульд заасан үндэслэлээр олж авсан. Фидуцийн гэрээний үүрэг хангагдаагүй тул өмчлөх эрх мөн хуулийн 235.1 дэх хэсэгт зааснаар хэвээр байгаа. Гэтэл уг гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг Т.О хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авч эзэмшиж байгаа нь хууль бус. Харин Т.О өөрт учирсан хохирлоо хуулийн дагуу Ж.Т гэх этгээдээс шаардаж, хохирлоо барагдуулах ёстой. Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйл явдалд хууль хэрэглээний хувьд эрх зүйн дүгнэлтийг буруу хийж эрүүгийн 1806098500367 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн “Н” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох 79-81 УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Т.О-д олгож шийдвэрлэсэн үндэслэлгүй болсон.

Мөн “Н” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд байсан 96-02 УНА улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл, 24-66 УБС /одоо 65-69 СҮЭ улсын дугаартай болсон/ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслүүдийг шүүгдэгч М.Б нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу “Н” ХХК-ийн зөвшөөрөлгүй түүнд мэдэгдэхгүйгээр хуурамч баримт бичиг үйлдэх тээврийн хэрэгслийн өмчлөгчийн бусдад буюу Ж.Б, Г.С нарт шилжүүлж “Н” ХХК-ний өмчлөх эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдсон боловч тээврийн хэрэгслүүдийн иргэний нэхэмжлэгч Ж.Б, Г.С нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн үндэслэлгүй болсон тул шүүхийн шийтгэх тогтоол нэмэлт, өөрчлөлт оруулж 79-81 УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл, 96-02 УНА улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл, 65-69 СҮЭ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслүүдийг хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож өгөхөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолоор “М.Т-ийн “Тоёота кроун-204” загварын, 99-42 УБЭ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг “А” ХХК-д шилжүүлэн тус байгууллагаас 10.500.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 14800344 дугаартай зээл болон фидуцийн гэрээг байгуулсан гээд М.Б нь хохирогч М.Т-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилан мэхэлсэн байх тул “Тоёота кроун-204” загварын, 99-42 УБЭ улсын дугаартай автомашиныг хохирогч М.Т-д олгох нь зүйтэй” гэж хэргийг шийдвэрлэж, хууль ёсны гэрээний дагуу хохирогчид шилжүүлсэн автомашиныг М.Т-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч М.Б нь өөрөө “А” ХХК-тай гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүний шүүхийн хэлэлцүүлэгт “М.Т-ийн авто машиныг залилсан гэж бодохгүй байна” гэх байдлаар мэдүүлсэн байхаас үзвэл хохирогч М.Т болон шүүгдэгч М.Б нар нь харилцан тохиролцож тус “Тоёота кроун-204” автомашиныг М.Б-д шилжүүлэн өгсөн нь иргэд хооронд байгуулсан энгийн хэлцлийн хэлбэр байгаа нь тогтоогдож байна.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан М.Б-ын гомдлыг үзвэл дээрх 2 этгээд харилцан тохиролцож, “Тоёота кроун-204” загварын автомашиныг “А” ХХК-д анхнаасаа худалдахаар тохиролцсон бөгөөд М.Б нь машиныг зээлийн барьцаанд тавьж мөнгөө авсан гэдгээ М.Т-т хэлээгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болохыг харж болно. Эндээс үзвэл М.Т нь анхнаасаа тус автомашиныг зарж, борлуулах хүсэл зорилготой байсан бөгөөд тэр ч үүднээсээ шүүгдэгч М.Б-д машинаа өгч явуулсан байдаг. Иймд эдгээр иргэдийн хооронд хийсэн аливаа хэлцэл нь шууд гэмт хэргийн шинжтэй буюу залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохгүй.

Нөгөө талаараа нэгэнт М.Б-д тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрх бий болсон бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд “А” ХХК-тай гэрээ байгуулсан Иргэний хуулийн 195.1, 40.1-д зааснаар хэлцлийн шинжийг хангаж байгаа буюу хүчин төгөлдөр хэлцэл юм. Харин шүүгдэгч М.Б-ын хувьд тухайн автомашиныг барьцаалан зээл хүлээн авсан боловч тухайн мөнгөнөөс тодорхой хэсгийг шилжүүлэх М.Т-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хууль ёсны дагуу “А” ХХК болон М.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ буюу фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус, хууль бус гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүх дээрх иргэд хоорондын хэлцлийн шинжтэй харилцааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа нь илт үндэслэлгүй байна.

2. Шүүхээс бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын талаар дүгнэхдээ “Н” ХХК-ийн барьцаанд байсан 24-66 УБС улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын автомашин /одоо 65-69 СЭҮ улсын дугаартай/, 96-02 УНА улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын автомашин, 79-81 УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын автомашинуудыг иргэний нэхэмжлэгч Г.С, Ж.Б, Г.О нар гэмт хэрэг үйлдэж, хүч хэрэглэж аваагүй бөгөөд тус тусын худалдаж авсан автомашинуудыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар бичиг баримт хуурамчаар үйлдэгдэн зарагдаж байгааг огт мэдээгүй шударга эзэмшигчид” гэж дүгнэжээ. Гэтэл яг ижил үндэслэл шалтгаанаар уг машины өмчлөх эрхийг олж авсан “А” ХХК-ийг шударга эзэмшигч гэж үзээгүй бөгөөд “Тоёота кроун-204” загварын, 99-42 УБЭ улсын дугаартай автомашиныг М.Т-т шилжүүлэн өгсөн нь огт үндэслэлгүй байх бөгөөд бодит байдалд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь хувь хүн байгаа тохиолдолд тэдгээр иргэдэд автомашиныг шилжүүлэн өгөх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа хохирогч нь хуулийн этгээд байгаа үед түүнд автомашиныг шилжүүлэхгүй түүнчлэн шударга эзэмшигч гэж дүгнээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэл бий болсон байна. Мөн хэрэв “А” ХХК-ийг бусад бусад хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй адил “Шударга эзэмшигч” гэж дүгнэсэн тохиолдолд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу бусад иргэний нэхэмжлэгчидтэй адил автомашиныг шаардах эрх бүхий этгээд болно.

3. Шүүхээс хэрэв М.Т болон шүүгдэгч М.Б нарын хоорондын автомашиныг худалдах, худалдан авахаар тохиролцсон тохиролцоог гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасныг баримталж шийдвэрлэх ёстой боловч тус заалтыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийг шийдвэрлэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй.

Учир нь, хохирогч, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ний хувьд тус автомашиныг М.Б хууль бус аргаар олж авсан болохыг мэдэх боломжтой нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй. Харин ч хохирогч гэх М.Т гэх иргэнтэй урьд ирж автомашиныг үзүүлж, зээлийг судлуулж байсан болох нь бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд М.Т болон М.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр автомашиныг барьцаалж зээлийг олгосон байдаг.

Дээрх үндэслэлийн дагуу иргэд хоорондын бичгээр хийсэн гэрээний адгуу автомашиныг барьцаалан зээл олгосон нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна. Түүнчлэн нэгэнт хөдлөх хөрөнгө бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ хийж, гэрээний нэг тал нь гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй дээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зөрчиж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь эргэлзээтэй юм. Хэрэв тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа бол гэмт хэргийн улмаас эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж авсан гэдгийг мэдээгүй хэлцэл хийсэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шударга өмчлөгчид тооцох эрх зүйн зохицуулалт Иргэний хууль, Эрүүгийн хуульд бий.  Иймд эдгээр үндэслэл журмыг харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлд тус тус заасныг зөрчсөн байх тул иргэний нэхэмжлэгч “А” ХХК-нд 99-42 УБЭ улсын дугаартай автомашиныг үлдээж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Я.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх М.Б-д холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүйгээр манай өмчлөлийн 99-42 УБЭ улсын дугаартай, “Тоёота кроун” загварын автомашиныг хохирогч М.Т гэх хүнд олгож, гэм буруутай этгээд болох М.Б-с учирсан 10.500.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсон. Гэтэл хохирогч М.Т нь М.Б-д тухайн машиныг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж, худалдан борлуулсан байдаг бөгөөд уг гэрээгээ М.Т, М.Б нар нь манай “А” ХХК-ийн “С” ломбардад үзүүлж, автомашиныг фидуцийн гэрээ байгуулж, зээл авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд худалдагч, худалдан авагч талуудын өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу автомашины эрхийн зөрчилтэй эсэх, маргаантай эсэхийг лавлан тодруулсны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсан этгээдэд зээлийн мөнгийг өгсөн.

Тус эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 99-42 УБЭ улсын дугаартай, “Тоёота кроун” загварын автомашин нь “А” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь Авто тээврийн үндэсний төвөөс гарган өгсөн нотлох баримтууд болон “А” ХХК, М.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээгээр нотлогддог. Мөн тус тээврийн хэрэгслийн өмчлөгчтэй хууль ёсны дагуу гэрээ байгуулсан болох нь М.Б, М.Т нарын хооронд байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах” гэрээгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл хохирогч М.Т гэгч иргэн өөрийн эд хөрөнгөө М.Б-д худалдаж, төлбөрийг бүрэн хүлээж авсан тухайгаа нотариатаар гэрчлүүлэн, Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийг сайн дураар шилжүүлэн өгсөн бөгөөд тэдний хооронд төлбөр тооцоо дууссан, эсхүл зарим хэсгийг авсан эсэхээс үл хамааран М.Б гэдэг хүн уг өдрөөс тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэй болсон хүн юм. Захиран зарцуулахыг нь ч хохирогч М.Т хүлээн зөвшөөрч байсан болох нь нотлогддог. Манай байгууллага нь М.Б, М.Т нарын хооронд өр төлбөр байгаа эсэхийг мэдэх ямар ч боломжгүй, харин нотариатаар гэрчлүүлсэн баримт, Авто тээврийн үндэсний төвийн бичиг зэргээр автомашиныг М.Т худалдан борлуулсан болохыг мэдсэн. Ингээд М.Б нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө Үндсэн хуульд заасны дагуу захиран зарцуулж, “А” ХХК-ийн Сайн ломбардаас зээл авч, тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж өгсөн нь Монгол Улсын хуулийг зөрчсөн үйлдэл биш юм. Ингээд тус гэрээний хугацаа дуусч, үүргийн гүйцэтгэлийг машинаар хангуулсан болно.

Гэтэл өнөөдрийн байдлаар М.Т гэх иргэн тухайн автомашиныг М.Б-д худалдан борлуулчихаад мөнгөө авч, нэрээ шилжүүлчихээд дараа нь хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрчихөөд одоо харин М.Б автомашины мөнгөө өгөөгүй байна гээд манай өмчлөлийн эд хөрөнгийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Манай байгууллага албан ёсны гэрээ хэлцэл, баримтыг үндэслэж автомашины өмчлөгчтэй гэрээ байгуулж, зээл олгосон бөгөөд зээл авсан М.Б нь тэрхүү мөнгөө хэрхэн яаж зарцуулсан нь манай байгууллагад хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл М.Б, М.Т нарын хоорондын автомашины худалдах хэлцэл, тэрхүү автомашиныг цааш нь барьцаалж зээл авсан хэлцэл зэрэг нь гэмт хэргийн шинжтэй бус бөгөөд харин М.Б нь М.Т-т автомашиныг барьцаалаад зээл аваад өгнө гээд мөнгийг нь өгөөгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “А” ХХК нь тус 99-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр үлдэх хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг анхаарч үзэлгүй орхигдуулж, М.Б-д холбогдох хэргийн ижил нөхцөл байдалтай бусад иргэний нэхэмжлэгч нарыг шударга эзэмшигч гэж үзсэн атлаа манай байгууллагад тэгш бус хандаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7, 8 дугаар заалтад өөрчлөлт оруулж, “А” ХХК-ийн өмчлөлийн 99-42 УБЭ улсын дугаартай, “Тоёота кроун” загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д олгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч М.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогч Ө.Э тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Би М.Б-д 11.500.000 төгрөг өгсөн, урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд, үлдэгдэл 6.500.000 төгрөгийг сар болгон 500.000 төгрөгийг төлсөн. ...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлын тооцоо буруу хийгдсэн байна. Хохирогч Ө.Э-т 9.500.000 төгрөг учруулсан гэж прокурор дүгнэсэн. Уг хохирлоос 7.500.000 төгрөг өгөөд 2.000.000 төгрөг үлдсэн байтал 4.000.000 төгрөг гэж орж ирсэн. Анх 11.500.000 төгрөгөөр зарахаар тохирсон төлбөрийг өөрчлөлгүй шууд оруулсан байна. Б.Э-г Н.Б залилсан. Эргэн төлөлтийн дагуу надад 2.470.000 төгрөг өгснөөс би буцаагаад 1.470.000 төгрөгийг Б.Э-гийн данс руу шилжүүлсэн. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Тухайн үед “Н” ХХК-н ажилтан С-той хамтран ажиллаж байсан. Хэрэг үүсгэх үед “Н” ХХК-н бүх машинаа хурааж авсан. Хурааж авчаад мөнгөө төлөөд авъя гэтэл “машиныг өгөхгүй, чи биднийг залилсан, авсан хүнээсээ мөнгөө аваарай” гэсэн. Тухайн үед байцаагч нар машиныг заруулаагүй. “Н” ХХК-ийн тээврийн хэрэгслийг зарснаас болоод Т.Н-т 7.000.000 төгрөгийн хохиролтой болоод байна. ... Г зөрүүгээ өгөөд машинаа авах ёстой байсан. Гэтэл машиныг өгөөгүй. Мөн энэ хүнд 9.700.000 төгрөгийн хохиролтой байна. Тухайн үед 9.700.000 төгрөгөөс Б, У нар 2.700.000 төгрөгийг авсан. ...  Иймд хохирлын хэмжээг үнэн зөв, бодитой тогтоож өгнө үү. Мөн “Ю” ХХК-ийг би залилаагүй. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны “Ю” ХХК-тай зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээ 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дуусах байтал “Ю” ХХК-ийг залилсан гэж үзэн шийдвэр гаргасан нь туйлын харамсалтай. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч-иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ний гомдолд тайлбар хэлэхэд тухайн асуудлыг шийтгэх тогтоолд нарийвчлан дурдаж шийдвэрлэсэн. “Н” ХХК-ийн 3 тээврийн хэрэгслийг авсан хүмүүс нь шударга эзэмшигч гэж шүүхээс шийтгэх тогтоолд дүгнэсэн байна. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ М.Т-ийн “Тоёота кроун-204” загварын 99-42 УБЭ улсын дугаартай автомашиныг М.Б нь 23.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг автомашины өмчлөх эрхийг “А” ХХК-д шилжүүлэн тус байгууллагаас 10.500.000 төгрөгийг 3.5% хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан авсан. Залилах гэмт хэргийн онцлог нь бусдын эд хөрөнгийн өөрийн өмчлөлдөө хууль бусаар олж авахын тулд үгээр болон үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Б нь хохирогч М.Т-г хуурч ердийн харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилан мэхэлсэн байх тул дээрх тээврийн хэрэгслийг хохирогч М.Т-т олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Улмаар уг автомашинтай холбоотой хохирогч иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д учирсан бодит хохирол буюу 10.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Б-с гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн үйлдэл нь амьдралын эх үүсвэрээ болгоогүй богино хугацаанд үргэлжилсэн гэж тайлбар өгсөн байна. Шүүгдэгч М.Б-ын гэмт хэргийн үйлдэл, арга нь амьдралын хэвшлийн шинжтэй болж тогтсон, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэргийн давтамж, шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу энэ байдлыг дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

Прокуророос М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт               “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина ...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимыг тодорхойлсоноос гадна мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ...” гэж заасан.

Ийнхүү хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгч, прокурорын шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдаг бөгөөд тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог.

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарыг зөв тогтоогоогүйн улмаас хохирол, хор уршгийн хэр хэмжээг буруу тогтоож, хэргийг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр  хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв олж тогтоосноор, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад онцгой ач холбогдолтой байдаг.

Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч нарын хохирлын хэмжээг буруу тооцсон байхад шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хохирлыг тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд                          Н.Б, А.У нарыг М.Б-тай бүлэглэн бусдыг хуурч мэхэлсэн гэж дүгнэсэн атлаа хэрэгт тэдгээрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эсэх, энэ хэргээс тусгаарласан эсэх талаарх шийдвэр огт авагдаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно ...”, мөн 7 дахь хэсэгт заасан “...Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана...” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан энэ хэрэгт М.Б-тай хамтран оролцсон байж болзошгүй бусад этгээдийг холбогдуулан шалгах ажиллагааг хийгээгүй бөгөөд улмаар тухайн гэмт хэрэгт хэрхэн, ямар байдлаар оролцсон оролцоо зэргийг зөв тогтоон шалгасны эцэст хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул М.Б-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тул шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч А.О, хохирогч, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Я.М, түүний өмгөөлөгч Т.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР