Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0809

 

 

  

 

 

     2022           11           04                                        128/ШШ2022/0809

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И* д****** и*****ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ц,

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн сайд,

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын хяналтын улсын байцаагч Ц.Б, Х.Э

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О.

нарын хооронд “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч И д иХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын хяналтын улсын байцаагч Ц.Б, Х.Э нарт холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах маргасан.

          2.Хариуцагч Зам тээврийн хөгжлийн сайд нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалаар мөн сайдын И д иХХК-д Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг олгосон 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалыг цуцалжээ.

          Мөн Зам тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замаар хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэсэн байна.

          3.Нэхэмжлэгч И д иХХК-иас Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан тус шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 6519 дугаар  захирамжаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын хяналтын улсын байцаагч Ц.Б, Х.Э нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

          4.Нэхэмжлэгч И д иХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд гаргасан тайлбартаа:

          “Манай компани Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг түр эзэмших эрхийг шилжүүлэн авсан билээ. Бид уг тушаал болон Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 23/19 дугаар Ажлын даалгаврын дагуу замын зураг төслийг А С Э СХХК-тай авто замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг боловсруулж гэрээ байгуулсан бөгөөд авто зам түр эзэмшигчийн хувьд өнөөдрийн байдлаар замын ажилд нийт 8,6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ажилласан.

          Энэ замыг эзэмших эрх олж авснаас хойш тус зам дээр тэмдэг, тэмдэглэгээг өөрийн хөрөнгөөр хийж эхэлсэн. Манай дээр анх маршрут тогтоогоод, байхгүй замыг эзэмшүүлээгүй. 1960 оноос хойш энэ замаар тээвэрлэлт хийдэг байсан. Бид нар энэ замыг эзэмших эрхийг олж аваад Зам, тээврийн хөгжлийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр тодорхой засваруудыг хийсэн. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухай бүрд нь хариуцаад, харилцагч талтай байнгын харилцаа холбоотой явж байсан. Гэтэл  тухайн зам дээр 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А/82 тушаал гаргаад зам эзэмших эрхийг цуцалсан. Үйл ажиллагаа явуулсан замын нөхцөл байдлыг доройтуулсан гэдэг үндэслэлээр цуцалсан. Энэ А/82 дээр дурдсан үндэслэлээ яг адилхан тэр хэвээр нь А/158 тушаал дээр дурдсан байдаг. Бид нар энэ зам дээр хатуу хучилттай авто зам тавина гээд Зам тээвэр хөгжлийн яамнаас гэрээ байгуулахыг хүсээд албан бичгийг хүргүүлж байсан. Улмаар манайхыг концессын жагсаалтад оруулсан. Үүний дагуу Үндэсний хөгжлийн газарт манайх бичиг баримтуудыг хүргүүлсэн.

          Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайд бидэнд мэдэгдэлгүй 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А/82 дугаар тушаалаар зам эзэмших эрхийг цуцалсан тул бид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0712 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон.

          Зам тээврийн хөгжлийн яам нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 6 сарын дотор дахин шинэ захиргааны акт гаргах ёстой байсан боловч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А/158 дугаар тушаалаар бидэнд мэдэгдэлгүй манай компанийн зам эзэмших эрхийг дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

          Манай компани тус авто замд нийт 8.6 тэрбум орчим төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хийж хуулийн дагуу авто зам эзэмшиж байсан бөгөөд бидэнд олгосон эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд 2 дахь удаагаа цуцлахдаа дахин бидэнд огт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан, уг тушаалын үндэслэх хэсэгт өмнөх тушаалын үндэслэл болсон хүчин төгөлдөр болоогүй Авто замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 38-07-002-067/66 дугаар дүгнэлтийг үндэслэсэн мөн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0712 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны Өдрийн 38-07-002-067/66 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа, уг дүгнэлтийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох бусад захиргааны байгууллагууд оролцсон ажлын хэсэг дахин хяналт шалгалт хийхээр болсон гэж дүгнэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус ажлын хэсгийн дүгнэлт албан ëcoop rapaaгүй тул улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38-07-002-067/66 дугаартай дүгнэлт хүчин төгөлдөр болоогүй хэвээр байгаа болно.

          Мөн биднийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалтай шүүхээр марган асуудлаа шийдвэрлүүлэх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яам Баянзам тээвэрчдийн холбоо ТББ-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан уг авто замд Эко жишиг тээвэр төслийг хэрэгжүүлэн тээвэрлэлт хийлгэж байгаа атал манай компани өөрийн хөрөнгө оруулсан замыг үргэлжлүүлэн эзэмшиж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах гэхээр болохгүй гэж хуулийн хүчин төгөлдөр болоогүй улсын байцаагчийн дүгнэлтүүдийг үндэслэн манай авто зам эзэмших эрхийг цуцалж тээвэр явахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан процессын ажиллагааг зөрчиж гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 тушаалыг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

          Улсын байцаагч дүгнэлт гаргахдаа ямар ч үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй, хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл зоригт нийцүүлэн дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь улсын байцаагч эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт, дүгнэлтийн үндэслэх хэсэгт дурдсан зүйлүүд нь нотлох баримтгүйн дээр бидэнд байгаа холбогдох нотлох баримтуудыг шалган үзэж, тайлбар аваагүй, мөн бидэнд мэдэгдэхгүйгээр дүгнэлт гаргасан байгаагаар тогтоогдож байгаа юм. Үүнд:

          Мөн Улсын байцаагч 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 38-07-067-004/120 дугаартай, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 38-07-067-004/120-01 дугаар дүгнэлтүүдийг гаргах үндэслэлгүй бөгөөд харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилсон ажлын хэсэг манай компанийн гаргасан гомдлын дагуу манайд компанид өгсөн хариу албан бичгийнхээ дагуу дахин шинэ дүгнэлт, акт гаргаж Захиргааны ерөнхий хуулийн дагуу буюу процессын ажиллагааны хүрээнд гаргасан шийдвэрийг гомдол гаргагчид мэдэгдэх ёстой. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны Улсын ахлах байцаагч 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 38-07-067-004/120 дугаар, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 38-07-067-004/120-01 дугаар дүгнэлтүүдийг гаргахдаа уг авто замыг эзэмшигч манай компанид өнөөдрийг болтол огт мэдэгдээгүй, уг дүгнэлтүүдийг бидэнд танилцуулаагүй, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх зөрчигдсөн этгээдийг оролцох боломжоор хангаагүй эрхийг нь хязгаарласан.

          Мөн дүгнэлтэд батлагдсан трассын гадна олон салаа зам гарган нүүрс тээвэрлэлт хийхээр тухайн орон нутгуудад мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор өнгөрөх, хонох, айлын хаяагаар өнгөрч, иргэдийн амь нас эрүүл мэндээр хохирох, хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн, гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй, дээрх нөхцөл байдлыг яаж нотолж байгаа нь тодорхойгүй, ямар ч нотлох баримтгүйгээр дүгнэлтэд тусгасан нь хууль бус байна.

          Иймд Улсын ахлах байцаагчийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 5.9.3, 5.10, 10.9.4, 10.9.7, Захиргааны ерөнхий хуулийн 4.2,  4.2.6, 4.2.8, 13.1, 13.3, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйл 24.1, 24.2, 25 дугаар зүйл  25.1.1, 25.1.3, 25.1.5, 25.1.6, 26 дугаар зүйл 26.1, 40 дүгээр зүйл 40.2, 40.2.5 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн хууль бус үндэслэлгүй акт байна.

          …Улсын байцаагчийн дүгнэлтийг акт биш гэж тайлбарлаад байдаг. Гэтэл энэ нь A/158 дугаар тушаалын гол үндэслэл болсон. Гэтэл улсын байцаагч нар нь энийгээ өөрсдөө акт гээд дүгнээд байхад хариуцагчаас захиргааны акт биш, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гаргаагүй гэдэг нь A/158 дугаар тушаал үндэслэлгүй болох нэг шинж юм.

          Энэ A/158 дугаар тушаалын үндэслэл дээр Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дурдсан байдаг. Юуг тусгахыг даалгасан бэ гэхээр нэгдүгээрт, И д иХХК-ийн тээвэрлэлтийг шалгах, хоёрдугаарт, автозамын тухай хуулийн 23.3 дахь хэсэгт заасан аль үүргийг зөрчсөн болохыг тодорхой заах, гуравдугаар, зардал тооцоолол шалгах, нотлох баримтжуулах гэсэн зүйлүүдийг дахин шинэ акт гаргахдаа тодорхой зааж өгөхийг дурдсан. Магадлалаар үүн дээр нэмээд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгүүдэд заасан нөхцөл байдлуудыг тогтоох, мөн зам дагуу мал, иргэд амьдарч байгааг нотлох баримт байхгүй, мал байсан тухай дурдсан нотлох баримтуудыг дахин шалгах гэсэн байдаг. Эдгээр зүйлүүдийг шалгаад нотлох баримтын хүрээнд авахуулаад дахин шинэ акт гаргаарай гэдгийг заасан. Гэтэл A/158 дугаар тушаал нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж гараагүй байгаа.” гэжээ.

           5.Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын машинаар тээвэрлэлт гvйцэтгэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа зам гарч, бэлчээр талхлах, хог хаягдал үүсэх, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж, мал өвчлөх зэрэг хүндрэлүүд үүсэж байгаа нөхцөлийг харгалзан Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол", 28.1.2-д "гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол", 28.1.3-д "иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд 28.1.5-д "захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол" гэж тус тус заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүйгээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалыг гаргах үндэслэлтэй байна.

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 128/Ш32020/5319 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан И д иХХК-ийн Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн улсын байцаагчдын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын тээвэрлэлтийн тухай 38-07-002-067/66 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь улсын байцаагчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр гэдгийг нотолж байна.

          Мөн нэхэмжлэлд дурдсан Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 38-07-002-067/66 дугаар дүгнэлт, үйл баримттай холбоотой захиргааны үйл ажиллагааны талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах шат болон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас хянан хэлэлцэж хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд И д иХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

          6.Хариуцагч Ц.Б, Х.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа:

          “Тус Улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн тухай" дүгнэлт гарах болсон шалтгаан нөхцөл нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 140 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгээс тухайн чиглэлийн авто замын болон тээвэрлэлтийн нөхцөл байдал Авто замын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулах үүрэгтэй байсан.

          Үүний дагуу тус ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шалгалтаар И д иХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замд 2020 оноос хойш авто замын барилгын болон засварын ажил хийгээгүй, Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д “Зураг төсөл зохиох зургийн даалгавар, хайгуул геологийн судалгааны дүгнэлт, геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу боловсруулсан байх", 19.2.4-д "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд хэрэглэх материалд тавигдах шаардлага, технологийн үе шатны үйл ажиллагааг нарийвчлан тусгасан техникийн шаардлагыг боловсруулсан байх", мөн хуулийн 20.4-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно" гэх заалтууд болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар баталсан "Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам"-ын 2.1-д заасныг зөрчин хатуу хучилттай авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг хэрэгжүүлээгүй, зураг төсөл батлагдаагүй байхад дур мэдэн ямар ч зөвшөөрөлгүй хайрган хучилттай авто зам барьсан, мөн Авто замын тухай хуульд заасан авто замын эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйн улмаас олон салаа зам гарч нүүрс тээвэрлэлт хийснээр тухайн орон нутгуудад мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороо, айлын хаяагаар өнгөрч иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн.

          Энэхүү Улсын байцаагчийн дүгнэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хандаж илтгэсэн байдлаар дүгнэлтээ танилцуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасантай нийцэхгүй төдийгүй захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул улсын байцаагчийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд И д иХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          7.Хариуцагч улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Авто зам барихад эзэмшигч зам барьдаггүй. Бүх замуудыг гэрээ байгуулах хүсэлтээ гаргаад, гэрээгээ байгуулаад л явчихдаг. Ялангуяа тусгай зориулалтын зам. Үүн дээр Засгийн газрын тогтоолоор баталсан журам байгаа. Эсвэл концессоор Засгийн газартай гэрээ байгуулаад өөрийнхөө хөрөнгийг баталгаажуулаад зам барьж болдог. Хатуу хучилттай зам барихын тулд ТЭЗҮ, зураг төслөө бэлдээд үүнийхээ дагуу зөвшөөрөл аваад явагддаг ажил. Нэхэмжлэгч тээвэрлэлт гүйцэтгээгүй гээд байгаа. Эдний компани тээвэрлээгүй байж болно. Гэхдээ өөр тусдаа компанитай гэрээ байгуулаад тээвэрлэлт хийлгэж байгаа эсэхийг бол мэдэхгүй. Тэр зам дээр зүгээр тээвэрлэлт явж байг, бид нар засвар арчилгааг нь л гүйцэтгээд явж байя гэсэн юм бол байхгүй. Манайд гомдол ирж байсан. Энэ компани манай компанийг явуулахгүй байна. зөвхөн өөрсдийнхөө хамаарал бүхий компанийг явуулаад байна, манайхаас илүү мөнгө нэхээд байна гэж байсан. Үүнээс үзэхэд гол сонирхол нь мөнгө байгаад байна. Дараа нь ч Б******* манайхтай гэрээ байгуулсны үндсэн дээр уул уурхай, арчлалт хийдэг хүмүүс, жолооч нараасаа мөнгийг нь аваад тийм үйл ажиллагааг явуулсан.

          Төлбөр хураамжийн хувьд эрх шилжүүлж авсан этгээд маань зам ашигласны төлбөрийг Засгийн газраас баталсан журмын дагуу хурааж аваад улсын санд төвлөрүүлэх ёстой. Ямар учраас эрхийг нь цуцлаад байна вэ гэхээр бид нар өөрсдөө явахад ч тэр тухайн машинуудыг зогсоогоод падааныг нь харангуут ачсан тн нь тодорхой байсан. Харин сүүлд уурхайгаас ачилт хийхэд машин болгон дээр даац хэтрүүлээд ачилт хийсэн байсан. Нийтийн хэрэгцээний зам дээр даацыг зааж өгсөн байдаг. Ямар ч зөрчлүүд нь баталгаажаагүй гээд байгаа. Энэ бүгд дүгнэлт дээр тодорхойлсон байгаа. Наад зах нь авто замын эзэмшигч бол тухайн авто замын стандартад нийцсэн тээврийн хэрэгслийг явуулах үүрэгтэй. Нийтийн хэрэгцээний зам дээр энэ стандартад нийцсэн тээврийн хэрэгслийг явуулах ёстой гэсэн байхад зориулалтын дагуу баригдаагүй зам дээр дандаа даац хэтрүүлсэн авто машинуудыг явуулсан байгаа юм. Дээрээс нь зам барилгын ажлыг гүйцэтгээгүй гээд байгаа. Тэгвэл гүйцэтгээгүй л болж таарахаас. Нэг бол тэдэн км зам барьсан гэж ирдэг, одоо болохоор зам бариагүй гэдэг. Мөн хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гээд байгаа ийм нөхцөл байдлууд тогтоогдож байна.

          Маргаан бүхий А158 дугаар тушаалын 120 дугаар дүгнэлтийг үндэслээд байгаа нь зөрчилтэй гэж үзээд байгаа юм уу? Эсвэл энэ 158 дугаар тушаалын 2 дахь заалтаар хатуу хучилттай зам барьж ашиглалтад орох хүртэл хориглосугай гэсэн тээвэрлэлт хийхийг хориглосон заалт нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байгаа юм уу? Өөрсдөө нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлохдоо эрх ашиг нь яаж хөндөгдөөд байгааг тайлбарлаж чадахгүй байна. Өөрсдийнх нь хөрөнгө оруулалт нь 8.6 тэрбум. Аж ахуй нэгж бол үүнийгээ өөр зүйлд ашиглаад өсгөөд явмаар байхад улсын замыг сайн дураараа эзэмшээд арчлалтыг нь хийгээд явъя гэдэг нь цаанаа маш том эрх ашиг байна. Яаж мэдэж байна вэ гэхээр И д иХХК-ийн эрхийг цуцлангуут Б*******ноос хүсэлт тавиад эхэлсэн. Энэ нь И д иХХК зүс царайгаа өөрчилсөн үү үгүй юу мэдэх боломжгүй. Гэтэл ажлын хэсэг хурал хийгээд эхэлсэн чинь нөгөө ерөнхий менежер нь ороод ирэх жишээний. Гэх мэтчилэн дотор нь ороод ажиллаад явангуут харагдаж эхэлсэн. Тухайн зам нь өөрөө экспортын буюу чиглэлийн хувьд тээвэрлэлт гүйцэтгэхэд ашиг орлого олох боломжтой гэж хараад байна л даа. Энэ зам дээр маш олон тээвэрлэлт гүйцэтгэж байгаа компаниуд гарч ирээд байсан. Тэгэхээр энэ замаар тээвэрлэлт хийх тоолонд мөнгө аваад байгаа байхгүй юу. Энэ чинь цаанаа ашиг сонирхлыг нь харуулаад байна.

          Маргаан бүхий актын 2 дахь заалтаар нэхэмжлэгчид хамаарал бүхий машин явж чадахгүй болсноор эрх ашиг сонирхол нь хохироод байна гээд байх шиг байна. Түүнээс биш A/158 дугаартай тушаал болон 120 дугаар дүгнэлт нь И д иХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Яагаад олон салаа зам гарсан бэ гэхээр нэг чиглэлд нь оруулаад замыг нь засчихвал нэг замаараа явмаар байна гэж хэлдэг. Гэтэл тэр замыг нь засахгүй онхойж донхойлгоод, хажуу тийшээ нурсан шороо овоолсон тохиолдолд дандаа зуугаас дээш тн-оор ачсан машин хоёр гурав яваад л эвдэрдэг. Ийм замын байнгын арчлалтыг хийхгүй байгаа учраас тэр замаар явахгүй байгаа байхгүй юу. Хэн дуртай нь зам гаргаж явж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм. Шүүхийн шийдвэрт нөхцөл байдлыг тогтоо гэсэн болохоос биш тэгээгүй байвал захиргааны акт гаргахгүй шүү, ийм бол гаргана шүү гэж заагаагүй. Эхлээд тогтоогоод тэгээд акт гарга гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамд даалгасан. Яг энэ асуудлын хүрээнд төрийн захиргааны төв байгууллагын ажилтан шийдвэр гүйцэтгэх үүрэгтэй. Хэрвээ бид нар акт гаргаагүй бол хариуцлагаа хүлээгээд явж байх ёстой. Мөн тусгай зөвшөөрлийг авахад тавигдах шаардлага байгаа. Тухайн шаардлагад нийцсэн бол зөвшөөрлөө аваад хатуу хучилттай бол хатуу хучилттай, хайрга бол хайрган хучилттай замаа бариад л явна. Энэ бол тусдаа асуудал. Түүнээс биш концессын эрх олгосон гээд зам бариад явна гэсэн үг биш. Энэ талаар бол зам барих эрх нь нээлттэй байсан. Маргаан бүхий акт нь өмнө гурван шатны шүүхээр орсон. A82 дугаартай актыг яриад байна. Гэтэл энэ чинь биелэлт нь хангагдаад гурван шатны шүүхээр ороод явчихсан. Ингэж биелэлт нь хангагдсан нь A/158 дугаар тушаалаар нотлогдож байгаа. Мөн 120 дугаар дүгнэлт нь захиргааны актад тавигдах шинжийг агуулаагүй буюу зөвхөн танилцуулах, илтгэх шинжийг агуулсан байхад мэдэгдээгүй, санал авсангүй гэдэг юм байхгүй. Үүнтэй холбоотой И д иХХК-ийн эрхийг цуцалсан, эрх олгосон, хориглосон заалт байхгүй байгаа учраас Захиргааны ерөнхий хуулиар нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж харж байна. Иймд маргаан бүхий актууд нь хуульд нийцэж байгаа учраас төрийн эрх ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.И д иХХК-ийн гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь манай компани тус авто замд нийт 8.6 тэрбум орчим төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хийж хуулийн дагуу авто зам эзэмшиж байсан бөгөөд бидэнд олгосон эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд 2 дахь удаагаа цуцлахдаа бидэнд мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан, уг тушаалын үндэслэх хэсэгт өмнөх тушаалын үндэслэл болсон хүчин төгөлдөр болоогүй Авто замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 38-07-002-067/66 дугаар дүгнэлтийг үндэслэсэн мөн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг оролцуулалгүй шийдвэрлэсэн гэх үндэслэлээр маргасан.

             3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

4. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          4.1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалаар /1-р хавтасны 29 дэх тал/ Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто зам түр хугацаагаар эзэмших эрхийг И д иХХК-д олгосон бөгөөд уг тушаалыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалаар цуцалсан.

И д иХХК-ийн гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0712 дугаар шийдвэрээр “Зам тээврийн хөгжлийн сайдаас дахин шинэ акт гарах хүртэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалыг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаар магадлалаар “6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” гэж өөрчлөн шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.

4.2.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас дахин шинэ акт гаргах шатанд  уг автозамтай холбоотой иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа замаас үүдэлтэй тоосжилт ихээр үүсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/18 дугаар албан бичиг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1-292 тоот албан бичиг, Цогтцэций сумын 13 иргэний гаргасан хүсэлт, санал, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/374 дүгээр албан бичгээр орон нутгийн иргэдийн гомдлыг ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

4.3.Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1015 дугаар албан бичгээр “... нүүрс угаах үйлдвэр болон тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар холбогдох яам, агентлагт өгсөн шаардлагын хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөнийг таслан зогсоох...” арга хэмжээ авахыг холбогдох яамдад үүрэг болгосны дагуу /2-р хавтасны 90 дэх тал/ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 140 дүгээр тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлт /1-р хавтасны 47 дахь тал, 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/268 дугаар тушаалаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, Таван толгойн нүүрсний ордоос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд газар дээр нь хяналт шалгалт хийж, тайланг /1-р хавтасны 98 дахь тал/ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4585 дугаар албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайдад хүргүүлжээ. /1-р хавтасны 80 дахь тал/

4.4.Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалаар нэхэмжлэгч И д иХХК-ийн авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхийн өмнө тус компанид зам тээврийн хөгжлийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10/4319 /1-р хавтасны 198 дахь тал/ дугаар албан бичгээр иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл гомдлын талаар дурдаж, 2019, 2020 онд тухайн авто замд хийсэн ажлын гүйцэтгэл ... ирүүлэхийг мэдэгджээ.

          4.5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын машинаар тээвэрлэлт гvйцэтгэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа зам гарч, бэлчээр талхлах, хог хаягдал үүсэх, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж, мал өвчлөх зэрэг хүндрэлүүд үүсэж байгаа нөхцөлийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалаар И д иХХК-д олгосон зөвшөөрлийг цуцалсан нь Авто замын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана.Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол" гэж тус тус заасантай нийцсэн байна.

          Иймд нэхэмжлэгч И д иХХК-ийн гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         5.Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

5.1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 140 дүгээр /1-р хавтасны 58 дахь тал/ тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн нөхцөл байдал Авто замын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар шалгалт явуулсан Зам, тээврийн хөгжлийн яамны Улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг  /1-р хавтасны 77 дахь тал/ хүчингүй болгох үндэслэлгүй байна.

          5.2.Улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтээр И д иХХК нь

          Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай автозамд 2020 оноос хойш авто замын барилгын болон засварын ажил хийгээгүй,

          Хатуу хучилттай авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг батлуулаагүй, дур мэдэн ... 40 км хайрган хучилттай авто зам барьсан,

          Батлагдсан трассын гадна олон салаа зам гарч нүүрс тээвэрлэлт хийснээр тухайн орон нутгуудад мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороо, айлын хаяагаар өнгөрч иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал,

          Тус авто замд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг зөрчлийг тогтоож,  тухайн чиглэлийн улсын чанартай авто замаар хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлтийн үй ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэжээ.

          5.3.Улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтээр эдгээр зөрчил нь Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д “Зураг төсөл зохиох зургийн даалгавар, хайгуул геологийн судалгааны дүгнэлт, геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу боловсруулсан байх", 19.2.4-д "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд хэрэглэх материалд тавигдах шаардлага, технологийн үе шатны үйл ажиллагааг нарийвчлан тусгасан техникийн шаардлагыг боловсруулсан байх", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно" гэх заалтууд болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар баталсан "Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам"-ын 2.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

          5.4.Иймд нэхэмжлэгч И д иХХК-ийн гаргасан 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

        6.Нэхэмжлэгч И д иХХК-ийн гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Автозамын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.4, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И д иХХК-ийн гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН