Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С,

шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2513000000042 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, К овогт Б-н Х-, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн У- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн У- сумын ... дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БК...........;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х- нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн өөрийн охин болох Х.А-г 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан байхад Х.А-г нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэхгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2021 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 3,100,000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 3,100,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн хохирол 3,100,000 төгрөгийг төлсөн.” гэв.

 

2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Б.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг саналыг гаргаж байна” гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Улсын яллагчтай санал нэг байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

4. Шүүгдэгч Б.Х- нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн өөрийн охин болох Х.А-г 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан байхад Х.А-г нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэхгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2021 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 3,100,000 төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Х-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/699 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5197/26 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, мөрдөгчөөс бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12/41дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/28 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, яллагдагч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, хохирол төлж барагдуулсан талаарх баримт /хавтаст хэргийн 107 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь бодит байдлыг нууж  нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

           

            7. Шүүгдэгч Б.Х- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            8. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Х- нь нийгмийн халамжийн санд 3,100,000 төгрөгийг төлж өгсөн тухай баримт хавтаст хэргийн 107 дахь талд авагдсан тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Х-ийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

12. Шүүгдэгч Б.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

 

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч К овогт Б-н Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАЛГАТ