Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2020/00088/И |
Дугаар | 155/ШШ2020/00620 |
Огноо | 2020-03-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2020/00620
2020 03 18 155/ШШ2020/00620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ............ тоотод оршин суух, Цамба овогт Дамбийгийн ******* / ........................./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.406.940 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга есөн зуун дөч /, ээлжийн амралтын 468.980/ дөрвөн зуун жаран найман мянга өсөн зуун ная/ төгрөг, нийт 1.875.920/ нэг сая найман зуун далан таван мянга есөн зуун хорь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Пагмасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс ажиллаж эхэлсэн ба ажиллаж байх хугацаандаа Увс аймгаас 11-57 УБВ улсын дугаартай фургон авто машинд засвар үйлчилгээ хийж Хөвсгөл аймагт авчирсан. Аймагт ирсэн цагаасаа хойш өөрөө засвар үйлчилгээ хийж ажил үйлчилгээнд оруулж байсан. Мөн өөрийн хувийн 91-90 УНД улсын дугаартай хувийн машинаар албанд үйлчилж байсан. Ажиллаж байх хугацаандаа захиргааны болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл миний бие 2019 оны 04 дүгээр сарын 23-29-ний өдрийн хооронд ар гэрийн гачигдал гарч /төрсөн ах Нанзаддорж таалал төгсч/ Орхон аймагт албан ёсны чөлөө авч буяны ажилтай яваад ирэхэд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халагдах мэдэгдэх хуудас үндэслэлгүйгээр өгч, өөрөө ажлаас халагдах хүсэлтээ өг, би өөрийн хүнээ авна хэмээн заналхийлж эхэлсэн. Мөн миний тухай үндэслэлгүйгээр элдэв хов жив ярьж, гүтгэн доромжилж ажилдаа ирэхэд шалтгаангүйгээр хөөж тууж, өөрөө хүсэлтээ өг, эсхүл эвдэрсэн машинаа өөрийн хөрөнгөөр засаж ажиллагаанд оруул гэх зэргээр маш их дарамталж гүтгэн доромжилж байсан. Мөн бусад харьяа байгууллага болон төрийн бусад байгууллагуудаар миний тухай худал гүтгэлэг гарган доромжилж, намайг ажлаа хүсэлтээрээ өгөхгүй бол өөр байгууллагад ажиллах боломжгүй болгоно гэх зэргээр олон хоног дарамталж байсан. Мөн машины түлхүүр, бичиг баримт өгөхгүй байж байгаад намайг цагдаад гомдол гаргахад буцаан өгсөн хирнээ дахин түлхүүр, бичиг баримт өг, хүсэлтээ өг хэмээн дарамталж 2 удаа буцаан авсан. Ингээд гэнэт ямар ч шалтгаангүйгээр 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б-08 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан. Энэ тухай ажлын байрны дарамт үзүүлж айлган сүрдүүлж байгаа үйлдлийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Цагдаагийн газар өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй байна. Гэтэл сүүлийн үед холбогдох байгууллагуудад хандсан гэж нэмж дарамталж байна. Ажлын байрандаа ажиллаж байхад ажлын байрны зарыг олон нийтэд зарласан, өөр хүн ажиллуулна гэж дуудаж авчиран тухайн хүнээр автомашин эд ангийг задлуулсан. Энэ үйлдэл нь үргэлжилсээр байгаад 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халах тухай Б-13 тоот тушаалыг үндэслэлгүйгээр өгсөн. Тус тушаал дээр намайг ажил тасалсан, ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн, даргын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Миний хувьд нэг ч удаа ажил таслалгүй, даргын үүрэг даалгаврыг биелүүлж байсан ба ёс зүйн алдаа дутагдал гаргаж ёс зүйн хороогоор орж байсан удаагүй юм.Тус хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар хэлэлцэж 852 дугаартай шийдвэрээр ажилд маань эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гарсны дараа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунцэцэг өрөөндөө дуудаж нягтлан Б.Гантуяа нар уулзалтын тэмдэглэл хөтөлж шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй үеийн цалинг гаргаж өгөх тухай ярилцсан. Тухайн уулзалтаар түр гэрээний тухай юу ч яригдаагүй. Гэтэл даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунцэцэг нь Хөдөлмөрийн тухай хуулийг санаатайгаар зөрчиж байнгын ажлын орон тоон дээр түр гэрээ байгуулан харилцан тохиролцсон гэж гүтгэн илт буруу тушаал гаргасан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны жолоочийн
ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.406.940 төгрөг, ээлжийн амралт 468.980 төгрөг, нийт 1.875.920 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичиг хэргийн алдаа гаргаж Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунцэцэгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-25 дугаартай тушаалыг хүчингүй болгох гэж буруу бичсэн байна. Мөн буруу хуулийн заалт бичсэн байна. Шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-26 дугаартай тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.406.940, ээлжийн амралт 468.980, нийт 1.875.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа өөрчлөн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нөхөн олговор гаргуулахаар багасгаж байна гэв.
Хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Миний бие Ц.Оюунцэцэг нь Хөвсгөл нуур,*******газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд тус сав газарт холбогдуулан нэхэмжлэгч Д.*******ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчиж, байнгын ажлын байранд түр гэрээ байгуулан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-25 тушаалыг харилцан тохиролцсон гэж гүтгэн илт буруу тушаал гаргасан нь Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэсэн утга бүхий зүйл бичжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус зүйл анги нь Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах гэм хэрэг байх бөгөөд хүнийг үндэслэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж буй үйлдэлд нь холбогдох байгууллагаар шалгуулж, зохих арга хэмжээг авахуулна. Харин хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор хуульчилсан бөгөөд Д.******* нь ажил олгогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах зохицуулалтад нийцсэн гэж үзэж байна.
2. Нэхэмжлэлд хөдөлмөрийн гэрээг танилцуулаагүй гарын үсэг зуруулсан гэж үндэслэлгүй худал зүйл бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.******* нь гэрээний заалт нэг бүртэй танилцаад хуудас бүрд гарын үсгээ зурсан ба энэ нь түүнийг гэрээтэй танилцсан гэдгийг баталж байгаа төдийгүй дээд сургууль төгссөн хүн уншиж, танилцаагүй зүйл дээрээ гарын үсэг зурсан гэдэг нь итгэл үнэмшилгүй тайлбар юм. Иймд бидний хооронд байгуулсан гэрээ Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн заалтад нийцэж байна.
3. Миний 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-26 дугаартай Д.*******ын ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид дахин сунгагдахгүй болсон явдал юм. Энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн асуудал нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ойлголтоос ангид бөгөөд гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон нөхцөлийг нотлох үүргийг ажил олгогчид хуулиар хүлээгээгүй тул дээрх тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна .
Д.******* нь Хөвсгөл нуур*******газрын захиргааны даргын 2019 оны 07 дугаарын 05-ны өдрийн Б-13 дугаартай тушаалаар ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, үндэслэлгүйгээр ажлаас халагдаж гэж маргаснаар шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн томилсон. Тухайн үед Д.******* нь ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байсан боловч ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тодорхойлж өгөөгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болж нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоогдсон байдаг. Жолоочийн ажил гэдэг олон хүний эрүүл мэнд, цаашлаад амь нас хариуцаж явдаг хариуцлагатай ажил учир өмнө гаргаж байсан алдаа, дутагдлаа дахин гарахгүй байх, цаашид ажилдаа хариуцлагатай байж чадах эсэхийг харъя гэж Д.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр би хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Гэвч гэрээний хугацаанд ахиц дэвшил гараагүй, нэгэнт гэрээний хугацаа дууссан учир ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан юм.
4. Д.******* нь жолоочийн ажилд хариуцлагатай байж чадахгүй байсан бөгөөд энд ганц хүний ажлын хариуцлагаас гадна олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэлтэй байдалд орж болзошгүй нөхцөл байдлууд давтагдаж байсан учир миний зүгээс цалин хөлс, албан тушаалын зэрэглэл ижил түвшний харуул хамгаалалтын ажилтнаар шилжүүлэн томилж ажиллуулах саналыг тавьсан боловч тухайн ажлын байр 2019 онд түр байсан учраас зөвшөөрөөгүй. Манай байгууллага нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 638 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон 967,653,186 төгрөгийн үнэ бүхий конторын барилгыг Хөвсгөл нуур*******газрын захиргааны үндсэн хөрөнгийн дансанд бүртгэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсны дагуу 2019 оны 06 дугаар сарын 03 өдрөөс санхүүгийн тайланд орлогод авч үндсэн хөрөнгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай болсон учраас 2020 оны төсөвт харуул хамгаалалтын ажилтны цалин суугдаж ирсэн. Энэ орон тоо цаашид ч байсаар байх болно. Хэрэв миний саналыг зөвшөөрвөл одоо ч харуул, хамгаалалтын ажилтнаар авч ажиллуулахад татгалзах зүйл байхгүй гэдгээ дахин илэрхийлж байна.
5. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын мөнгө нийт 1.875.920 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ нь хэзээнээс хэзээ хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох, ямар үндэслэлээр ээлжийн амралтын мөнгө нэхэмжилсэн зэрэг нь ойлгомжгүй байна. Урьд шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын тооцоог Д.*******тай бүрэн хийж дуусгасан. Түүнд төлбөр үлдээгүй тул ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.*******ын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн Б-26 тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.406.940 төгрөг, ээлжийн амралтын мөнгө болон 468.890 төгрөг, нийт 1.875.920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Пагмадулам шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Д.*******ыг ажлаас чөлөөлсөн. Уг гэрээг Д.*******тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр байгуулсан бөгөөд Д.******* нь гэрээтэй уншиж танилцаад хуудас бүр дээр гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл одоо тохиролцоогүй гэж байгаа нь үндэслэлгүй болно. Д.*******ыг урьд нь ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тодорхойлж өгөөгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болж ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр Д.*******ыг ажилд авахдаа өмнө гаргасан алдаа, дутагдлаа дахин гаргахгүй байх, цаашид ажилдаа хариуцлагатай байж чадах эсэхийг харъя гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Иймд дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно. Мөн Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр дурдагдсан хуулийн заалт нь ойлгомжгүй байгааг хэлмээр байна. Төмөр замтай холбоотой заалт байгаа юм. Дээр нь ямар үндэслэлээр цалин, ээлжийн амралтын мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Хөвсгөл нуур,*******газрын захиргаанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.406.940 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга есөн зуун дөч/, ээлжийн амралт 468.980/ дөрвөн зуун жаран найман мянга есөн зуун ная/ төгрөг, нийт 1.875.920/ нэг сая найман зуун далан таван мянга есөн зууг хорь/ төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Д.******* нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн гол сав газрын захиргаанд жолоочийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б-13 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 852 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон байх ба дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн гол сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунцэцэг шүүхийн шийдвэрийг үндэслэн 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн Б-25 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.*******ыг тус газрын жолоочоор томилж, мөн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-26 дугаартай тушаалаар Жолооч Д.*******ын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 6-8-р тал/, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур-Эгийн гол сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунцэцэгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай Д.*******ыг ажилд эгүүлэн томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-26 дугаартай Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Ажил олгогч нь 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн Б-25 дугаартай тушаалаар Д.*******ыг жолоочийн албан тушаалд томилж, түүнтэй 1 /нэг/ сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд...ажил олгогчоос надтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай би огт мэдээгүй байсан ба 2019 оны 12 дугаар сарын эхээр хөдөө яваад ирэхэд дарга надад таны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж хэлэхэд л мэдсэн. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон байхад надтай тохиролцохгүйгээр байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Иймд дээрх ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй...гэж,
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь... Д.*******ыг урд нь ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тодорхойлж өгөөгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болж ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр Д.*******ыг ажилд авахдаа өмнө гаргасан алдаа, дутагдлаа дахин гаргахгүй байх, цаашид ажилдаа хариуцлагатай байж чадах эсэхийг харъя гэж Д.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг ажилтан уншиж танилцаад хуудас бүрд гарын үсгээ зурсан ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул түүнийг ажлаас чөлөөлсөн...хэмээн тус тус тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болно. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна. Мөн хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох тухай заасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараас дүгнэвэл ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан болох нь тогтоогдохгүй байх ба ажил олгогч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан заалтыг зөрчиж нэхэмжлэгч Д.*******тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн түүнчлэн хариуцагч нь Д.*******ыг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-26 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх ба ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас халах үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна.
Учир нь Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан заалтыг баримталсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон, мөн хуулийн 37.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон зэрэг үндэслэлүүд нь тушаалд тусгагдаагүй.
Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цаашид сунгахгүй болсон үндэслэл, шалтгааныг тодорхой зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх тушаал гаргах нь зүйтэй байсан бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг хангалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.
Иймд Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б-26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Д.*******ыг Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргааны жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан.
Нэхэмжлэгч нь Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргааны жолоочийн ажлаас 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлөгдөж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эгүүлэн томилогдож, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөгдсөн байх ба түүний 2019 оны 07, 12 дугаар саруудад авсан цалинг бүтэн ажилласан сарын цалин гэж үзэх боломжгүй байна.
Харин 2019 оны 5, 6, 11 саруудад бүтэн ажиллаж, 2019 оны 05 дугаар сард 526.480 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 511.480 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 516.480 төгрөг авч байсан ба уг саруудын цалинг тооцон үзэхэд 3 сарын цалин 1.554.440 төгрөг, нэг сард 518.146 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 24.100 төгрөг.
Д.******* нь шүүх хуралдаанд ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулна гэсэн тул ажилгүй байсан хугацаа 20 хоногийн цалин 482.000 төгрөгийг Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргаанаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 482.000 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 15.110 төгрөг, нийт 85.310 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.*******ыг Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргааны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 482.000 /дөрвөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргаанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл нуур, Эгийн гол сав газрын захиргаанаас 85.310/ наян таван мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ