Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2020/00653

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2020/00653

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ................. тоотод оршин суух бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ................. тоотод оршин суух, Жонгоор овогт Чулуунбаатарын ******* /........................./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...................тоотод оршин суух, Цогнууд овогт Дашжаргалын Баяржаргал /................/ -д холбогдох,

37.500.000 / гучин долоон сая таван зуун мянга / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би хувийн хэдэн төгрөгөөрөө өөрийн аймаг болон Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудаар явж түүхий эд ноос ноолуур авч хувийн бизнес хийж амьдардаг бөгөөд намайг Баян-Өлгий аймагт уг ажпаараа явж байхад 2019 оны 5 дугаар сард миний фэйсбүүк хаяганд Д.Баяржаргал гэсэн хүнээс найзын хүсэлт ирсэн байхад нь би хүсэлтийг нь хүлээн авч улмаар найз болон танилцахад Баяржаргал нь надад чамд мөнгө байвал хүмүүст өндөр хүүтэй зээлэн ашиг олох боломжтой, жишээлэхэд 1.000.000 төгрөг зээлэхэд нэг сарын хугацаанд 1.200.000 төг болгох боломжтой, би гэрээг нь хийчихнэ, тэгээд мөнгө зээлэх хүнээ өөрөө олчихно, иргэдийн зээлийг чөлөөлж өгөөд эргүүлээд цөөхөн хоногийн хугацаанд хүүтэй нь буцаагаад авчихна, би ийм ажлыг тодорхой хугацаанд хийж ашигтай ажиллаж байна, би Батдорж гэдэг хүнтэй хамтарч ажилладаг чамд ч ашигтай, надад ч ашигтай гэж итгүүлээд энэхүү зээл чөлөөлөхдөө зориулан надаас 25.000.000 төгрөг зээлэн гэрээ хийсэн, ингэхдээ барьцааны гэрээ хийж нотариатаар батлуулж, улсын бүртгэлд барьцааны гэрээгээ батлуулсан тул би итгэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ хийсэн юм. Ингээд гэрээний гол нөхцөлд уг мөнгийг сарын 10 хувийн хүүтэй байх, хүүг сар бүрийн 15-ны дотор хийж байх, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар тусгасан. Гэтэл Баяржаргал нь чи надад өгөх мөнгөө зуун сая төгрөг болгосон ч болно, тэгвэл чамд ч ашигтай, надад ч ашигтай гээд, өмнөх гэрээнийхээ дагуу дахин 10.000.000 төгрөг нэмж зээлээч гэхээр нь би барьцаа шаардсан чинь би машинаа чиний нэр дээр шилжүүлчихье зээлээ дуусахаар буцааж авна гэхээр нь мөн итгээд 2019 оны 7 дугаар сарын 03-нд 5.000.000 төгрөгийг Баяржаргалын дансанд хийсэн, энэ үед хүний зээл чөлөөлж байгаа юм гэж ярьсан, тэгэнгүүт 7 сарын 16-нд миний дансанд 25.000.000 сая төгрөгний хүү гэж 2.500.000 төгрөг хийсэн, мөн 5.000.000 төгрөгний хүү гэж 250.000 төг хийсэн байсан. Гэрээнд заасны дагуу 8 дугаар сарын 15-нд надад 30.000.000 төгрөгний хүү 3.000.000 төгрөг өгөх ёстой байсан боловч би хүүгээ авахгүйгээр 2019 оны 8 сарын 16-нд 2.000.000 төгрөг нэмж өгч Баяржаргалд зээлсэн мөнгө нийт 35.000.000 төгрөг оолсон бөгөөд үүнийг ч өөрөө зөвшөөрч сарын хүүг 3.500.000 төгрөгөөр тооцож, 9, 10, 11 дүгээр саруудын хүүг 3.500.000 төгрөгөөр тооцон бодож өөрөө миний дансанд шилжүүлж байсан. Ингэхдээ сарын бүрийн 16-нд 3.500.000 төгрөгний хүү гэж миний дансанд хийх ёстой боловч увуулж, цувуулж хугацаанаасаа хоцорч хэл ам болж хийсэн. Би Баяржаргалыг хүүтэйгээ хамт сүүлд зээлсэн 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг эргүүлж өгөөч гэхэд өгөөгүй, 11 сард л 1.000.000 төгрөг л илүү хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 09-нд над руу Холбооноос ярьж байна таны нэр дээр бичиг ирсэн байна ирж ав гэхэд нь очиход Баяржаргал нь миний нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх тухай гэсэн хүсэлт ирүүлсэн байсан, эндээс үзэхэд энэ хүн 2019 оны 12 сарын 15-нд надад зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 25.000.000 төгрөг, дээр нь амаар гэрээнд заасан нөхцлөөр гэж тохирч 10.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгний үндсэн зээл, түүний 10 хувийн хүү 3.500.000 төгрөг, нийт 38.500.000 төлж дуусах ёстой боловч дээрх ирүүлсэн бичгээс үзэхэд төлөхгүй гэсэн санаагаа илэрхийлсэн байна гэж ойлгогдож байна. Гол нь зээлийн гэрээнд хүү болон хугацааг 2 тал харилцан тохиролцож, барьцааны гэрээг ч мөн харилцан тохирч хийж нотариатын баталгаа хийлгэсэн. Гэрээ хийх үед Баяржаргал мөнгийг 20 гаруй хувиар өсгөх боломжтой, гэрээн дээр 20 хувь гэе гэхэд нь би харин надад 10 хувь хангалттай гэж хэлээд 10 хувийн хүүтэй гэж гэрээ хийсэн тиймээс гэрээн дээр маргах зүйлгүй байх гэж бодож байна. Баяржаргал нь гэрээнд зааснаас гадна одоо гялс нэг хүний зээл чөлөөлөөд гаргачихий чи гялс тэдэн төгрөг миний данс руу шилжүүл гэх мэтээр 1- 2 сая төгрөг өгч бай гээд дундуур нь зөндөө л мөнгө надаас авч түүнийгээ буцаагаад хүүтэй нь 2-3 хоногийн дараа өгч байсан асуудал олон байсан, би ч Баяржаргалыг их ашигтай ажиллаж байна гэж ойлгож байсан. Баяржаргал нь 11 сарын хүү 3.500.000 төгрөг өгөх ёстой байтал 11 сарын 13-нд 100.000 төг, 11 сарын 15-нд 1.000.000 төг, 11 сарын 20-нд 3.400.000 төгрөг миний дансанд хийж, 1.000.000 төгрөг илүү өгсөн байгааг 12 сарын хүүгээс хасч тооцохоор байна.

Иймд Баяржаргалаас зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 2.500.000 төгрөг, нийт 37.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийнхээ шаардлагын дагуу мөнгөө нэхэмжилж байгаа. Хариуцагч Баяржаргал нь 2019 оны 5 дугаар сарын эхээр над руу удаа дараа найзын хүсэлт ирүүлж, улмаар танилцаж хамтарч мөнгөө өсгөх боломж байна гэж хэлсэн. Тэгээд энэ хүнд итгэж хөдөө явж ноос ноолуур авахаа болиод мөнгөө энэ оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс мөнгөө цувуулж хийж эхэлсэн байгаа. Нийт яг өөрийнх нь данс руу 38.500.000 төгрөг хийсэн. Мөн итгэж удаа дараа бэлнээр бас мөнгө өгч байсан. Энэ хүн зээлдэгчээ өөрөө олно гээд зээлийн гэрээгээ өөрөө хийгээд тэр хүмүүс нь зээлээ төлөхгүй байвал би өөрөө бүх хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн. Тэгээд баахан хүмүүст зээлээ өгч эхэлсэн. Тэр хүмүүстээ дандаа өдрийн зээлийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Өдөр болгон хүмүүст зээл гаргаж, хүмүүс өдөр болгон зээлээ буцааж хийхдээ миний дансруу хийж эхэлсэн. Тэр үед зээлсэн хүмүүс нь өөрсдөө хийхгүй өөр хүнээр хийлгээд хэн хэдэн төгрөг хийж байгаа нь мэдэгдэхгүй, зээлсэн мөнгөнөөсөө шалтгаалж хүү нь янз янз орж ирдэг байсан. Тэрийг нь би сайн ойлгохгүй байсан учраас чи үүнийгээ бүгдийг нь өөрөө хариуц хоёулаа зээлийн гэрээ хийе гээд гэрээ хийсэн юм. Тэр зээл авсан хүмүүсийн мөнгө нь эхний 10 хоногийн хугацаанд л миний данс руу орж байсан. Түүнээс хойш Баяржаргалын дансыг холбуулаад түүний данс руу зээлийн мөнгө нь хүүтэйгээ ордог болсон. Би Баяржаргалтай 10 хувийн хүүтэй гэрээ хийсэн. Сар болгоны 15-ны дотор хүүгээ авна, үндсэн мөнгөө 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12 сарынхаа хүүтэй авна гэсэн байдлаар зээлийн болон барьцааны гэрээ хийсэн байгаа. Тэгээд энэ хүн 7 дугаар сар, 8 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар саруудад мөнгөө нилээн хэл амтай өгсөн. Би энэ гэрээгээ цуцлаад одоо зээлээ болъё ч гэж зөндөө хэлж үзсэн. Тэгсэн чинь гэрээ хийсэн юм чинь заавал гэрээ дуусахаар би гүйцээгээд бүгдийг нь төлнө гээд больж болохгүй өдийг хүртэл явсан байгаа. Хүмүүс зээлээ хаагаад дахиад нэмж зээл авдаг юм байна. Надаас ийм зээл хаана гээд дунд нь 2.000.000, 3.000.000 төгрөг байна уу гээд зөндөө авч байсан. Тэрийгээ 2, 3 хоногийн дараа ярьсан хэлснээрээ буцаагаад хийж байсан гэв. Өөр хэлэх зүйлгүй. Тэр 10 хувийн хүүтэй зээлдэг гэж ярьж байна. Тэр нь өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд зээлсэн мөнгөө өдөртөө хүүтэй нь буцаагаад авдаг. Авсан мөнгөө тэр өдөртөө дахиад өөр хүнд зээлдэг учраас тэр мөнгө нь сарын эцсээр 20 гаруй хувь болчихдог юм байна лээ. Өөрөө үүнийг надад ойлгуулж тайлбарлаж өгсөн. Батдорж билүү Батмөнх гэдэг хүнтэй нийлж зээл олгодог гэж хэлж байсан. Сарын эцэст 20 хувийг ашигтай байдаг гэсэн болохоор нь би надад 10 хувь нь байхад болно гэж хэлээд сарын 10 хувийн хүүтэй гэрээ хийсэн байгаа. Машины хувьд би тэрийг авна гэж яриагүй. Энэ хэргийн шийдвэр гарсны дараа машиныг буцааж өгнө. Шинжээч гээд байгаа хүн нь машиныг үзэхгүйгээр орж ирсэн болон үйлдвэрлэсэн оныг нь хараад амаараа үнэлгээ тогтоочихсон. Энэ машин тийм үнэлгээтэй байхаар машин биш. Тэгээд авто тээврийн газарт би очоогүй. Миний пасспортыг авч очсон. Машиныг би худалдаж авсан асуудал ерөөсөө байхгүй. Бас энд 25.000.000 төгрөг байж байгаад 5.000.000 төгрөг хийгээд 30.000.000 төгрөг болсныг 5.000.000 төгрөгөнд нь машин худалдаж авсан гэж хэлээд байна. 8 дугаар сарын 15-ны өдөр би дахиад 5.000.000 төгрөгийг данс руу нь хийсэн байгаа. Тэгээд нийт 35.000.000 төгрөг болгосон байгаа. 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баяржаргалын данс руу 29.500.000 төгрөгийг хийсэн байгаа. Голомт банкны данснаас 4.500.000 төгрөг хийсэн. Д.Содномдорж өмгөөлөгч 24.000.000 төгрөг арай хүрэхгүй гэж ярьж байна. Энэ талаар миний дансны хуулганаас тодорхой харагдаж байгаа. Анхнаасаа энэ хүнд итгээд бэлнээр бас мөнгө өгч байсан боловч нотлох баримт байхгүй байгаа учраас тэр талаар маргахгүй байгаа. Зээлийн гэрээг харахад тодорхой харагдаж байгаа юм. Үүнд сар бүрийн 15-ны дотор хүүг төлөх бөгөөд үндсэн зээлээ 2019 оны 12 дугаар сарын 15-нд төлнө гэж заасан байгаа юм. Хэсэгчлэн төлж болно гэсэн ямар ч заалт байхгүй байгаа. Гэтэл сар бүр миний данс руу хүү гэж хийгээд байсан мөнгөө зээлсэн үндсэн мөнгөө хэсэгчлэн төлсөн гээд үндсэн мөнгөнөөсөө хасаад яриад байх юм. Надад 11 дүгээр сар хүртэл энэ хүн үндсэн мөнгөнийхөө хүүг л төлөөд явж байсан. Үндсэн мөнгөө 12 дугаар сарын 15-ны өдөр 12 сарын хүүтэйгээ хамт нэг дор өгнө гэж ярьж, тохиролцож энэ гэрээг хийсэн, гэрээнд ийм заалт байгаа. Тиймээс би гэрээнийхээ биелэлтээр мөнгөө шаардаж байна. Зээлийн гэрээний 3.1 дэх заалтад хэсэгчлэн төлж болно гэж байхгүй харин гэрээнд заагдсан бол хэсэгчлэн төлж болно гэсэн байгаа юм. Гэтэл энэ гэрээнд маань хэсэгчлэн төлж болно гэсэн заалт огт байхгүй.

6 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний хооронд 5.500.000 төгрөг өгсөн байгаа. Тэр болохоор гэрээ хийгдэхэд надад өгөгдөх ёстой мөнгө байсан. Гэрээ хийхэд надад нийт гучин хэдэн сая төгрөг өгөх ёстой байсан. Гэтэл тэрний 25.000.000 төгрөгний зээлийн гэрээ хийгээд үлдсэн мөнгөө маргааш өгнө гэсэн юм. Би бүх шилжүүлсэн мөнгөө хүүтэй нь нэхэмжилж байгаа. Д.Баяржаргал надад өгсөн бүх мөнгөө энд төлсөн гэж ярьж байна. Тэгвэл би ч гэсэн бүх мөнгөө нэхэмжилж байгаа. Сар бүр 10 хувийн хүү тооцож авна. Сүүлд шилжүүлсэн 3 сая төгрөгийг ч мөн нэхэмжилж байна. Авсан өгсөн мөнгөний дүнд маргах зүйлгүй... Сар болгоны 15-ны өдөр зөвхөн хүүгээ төлнө гэж тохирсон гэв. Зээл эргүүлж төлөх хугацаа хэтрүүлвэл иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцно гэсэн байна. 3 дугаарт нь бусад нөхцөл гэж байгаа. Энд зээлдэгч, зээлдүүлэгч гэрээнд заагдсан бол зээлсэн мөнгийг бүхлээр буюу хэсэгчлэн төлж болно гэж байгаа. Гэрээнд хэсэгчлэн төлж болно гэсэн заалт байхгүй. Сар сард төлөөд байгаа энэ мөнгө нь гэрээнд зааснаар үндсэн мөнгөний 10 хувийн хүүг надад сар болгон төлж байгаа юм. Үндсэн мөнгөнөөс хасагдахгүй. Тэгэхээр нөгөө талаас энэ хүүнд төлөөд байгаа мөнгөө үндсэн зээлнээс хасаад байгаа юм... Би энэ хүнээс авах ёстой мөнгөө аваагүй байгаа учраас чөлөөлж өгөхгүй гэсэн тайлбарыг хэлсэн байгаа. Энэ маргаан шийдвэрлэгдээд миний зээлийг төлвөл би чөлөөлж өгнө. Авто машин болон энэ үл хөдлөх хөрөнгийг буцааж өгнө гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.*******ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч байна. Учир нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 25.000.000 төгрөгийн зээл аваад 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Ч.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, холбогдох материалыг сөрөг нэхэмжлэлтэй хамт гаргаж өгнө гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Дашжаргал овогтой Баяржаргал би 2019 оны 5-р сарын 16-ны өдрөөс 2019 оны 6-р сарын 05-ны өдөр хүртэл нийт 25.000.000 төгрөг зээлж авснаа 2019 оны 6-р сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулан Л.Лхагвадоржийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг түүний зөвшөөрөлтэйгээр барьцаалсан. Ч.******* бид хоёр 2019 оны 6-р сарын 05-ны өдөр 25.000.000 төгрөгийг 6 сар 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, гэрээний 3.1-д зааснаар зээлийн мөнгийг бүхлээр буюу хэсэгчлэн төлөх нөхцөлтэй байгуулсан. Зээлдэгч Д.Баяржаргал би 2019 оны 12-р сарын 08-ны өдөр Ч.*******аас авсан зээлээ бүрэн төлж дуусгасан ба төлж дуусгасан тухайгаа түүнд бичгээр болоод баримтаар танилцуулсан. Гэтэл Ч.******* миний барьцаалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-28-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай*******, НТД-210706872,*******,*******, Ү- 1723007067 хувийн сууцыг одоо болтол улсын бүртгэлээс чөлөөлүүлж өгөөгүй байна.

Иймд 2019 оны 6-р сарын 05 ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тул Улсын бүртгэлд бүртгэгдсэн Л.Лхагвадорж, Ш.Даваахүү нарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-28-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай*******,*******,*******,*******,******* хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгөх хүсэлт гаргахыг Ч.*******т даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар сонслоо. Энэ 25.000.000 төгрөг яаж орж ирсэн талаар ярих нь зүйтэй байх гэж бодож байна. 25.000.000 төгрөг нь 2019 оны 5 дугаар 16-ны өдрөөс энэ оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл давтамжтайгаар 2.000.000, 1.200.000, 3.000.000 гэх мэтчлэн оруулсан байдаг. Түүнээс нэг дор 25.000.000 төгрөг дансны хуулганаас харахад орж ирсэн зүйл харагдахгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ хоёр хүн хоорондоо гэрээ байгуулсан байдаг. ******* өөрөө ярьсанчлан миний данс руу бага багаар мөнгө ороод байхаар зовлонтой байна гэж хоорондоо ярьсан байдаг. Тэгээд Баяржаргалын хувьд тэгвэл чи зээл өгөхөө болъё гэж байгаа юм бол одоо би чамаас авсан зээлээ бүрэн төлөөд явах боломжтой гээд 25.000.000 төгрөгний гэрээ байгуулсан. Энэ хүн өөрөө цааш нь хүнд зээлэхдээ 10 хувийн хүүтэй зээлдэг учраас *******ын хэлээд байгаагаар сар болгон *******т 10 хувийн хүү төлөөд явна гэвэл өөрөө ашиг олохгүй. Энэ байдлыг ******* бас өөрөө ойлгох хэрэгтэй. Тэгээд 6 сарын хугацаатай *******т 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулаад, тэр зээлээ 2019 оны 12 дугаар сары 09-ний өдөр төлж дуусгасан байгаа. Энэ юугаар нотлогдож байна вэ гэхээр *******ын дансанд 28.000.000 төгрөг шилжүүлж өгсөн дансны хуулгыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Мөн дээрээс нь 5.879.140 төгргийг бусдын даснаас *******ын данс руу шилжүүлсэн байдаг. Мөн *******ын нэхэмжлэлийн шаардлага нь их ойлгомжгүй байгаа юм. Яагаад гэвэл 25.000.000 төгрөгний зээлийг Баяржаргалд өгсөн мөн 7 дугаар сард шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг нэмээд 30.000.000 төгрөг болгож байгаа юм. Үүнд 30.000.000 төгрөгний хүү гээд 3.000.000 төгргийг мөн нэмж байгаа юм. Тэгээд 33.000.000 төгрөг дээрээ 8 дугаар сард би 2.000.000 төгрөг өгсөн гээд 35.000.000 төгрөг өгсөн гэж байгаа. 35.000.000 төгрөгнийхөө хүү гэж 2.500.000 төгрөгийг хүү гэж бодоод нийт 37.500.000 төгрөгийг Баяржаргалаас нэхэмжилж байна гээд байгаа юм. Иргэний хуульд зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү алданги тооцохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр нэхэмжлээд байгаа 25.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгд нь авто машин ******* худалдаж авсан. Баяржаргалаас өөрийн биеэр ирээд аваад явсан байгаа. Тиймээс үүнд 5.000.000 төгрөгийн тооцохгүй гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өнөөдөр маргаан үүсгэж ярих ёстой учраас *******т өгөх 5.000.000 төгрөг хасагдаж байна гэж тооцоход 25.000.000 төгрөг үлдэж байгаа юм. Энэ үлдсэн мөнгөндөө 2.500.000 төгрөгний хүү тооцохоор 27.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна гэсэн байдлаар ойлгож байгаа. Энэ үлдсэн 27.500.000 төгрөгийг бид нар баримтаар *******т төлөөд дуусгасан байгаа юм. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн дансны хуулга дээр тодорхой харагдаж байгаа. Харин *******аас сүүлд авсан 2.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, төлнө. Гэхдээ мөнгөн дүнгээрээ тооцохоор 5.800.000 төгрөг мөн ******* руу шилжүүлсэн 28.000.000 төгрөг нийт 34.000.000 төгрөг шилжүүлсэн байдлыг харахаар 2.000.000 төгрөгний асуудлыг мөн төлөөд дуусгасан байна гэж харж байгаа юм. Гэхдээ хоорондоо бас яриа хөөрөөтэй явсан хүмүүсийн хувьд 2.000.000 төгрөг дээр маргахгүйгээр энэ мөнгийг өгнө гэсэн байр суурьтай байгаа гэв. Энэ 2.000.000 төгрөг дээр хүү алданги тооцогдохгүй. 25.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар төлөөд дуссан. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Өөр маргаан байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө ойлгохгүй байгаа юм шиг байна. 25.000.000 төгрөг дээр 7 дугаар сард өгсөн мөнгөө нэмээд 30.000.000 төгрөг болгож байгаа юм. Үүн дээрээ 10 хувийн хүүгээ нэмээд 33.000.000 төгрөг болж байгаа юм. 33.000.000 төгрөг дээрээ 8 сард өгсөн 2.000.000 төгрөгийг нэмээд мөн энэ мөнгөнийхөө хүүг нэмээд нийт 37.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа юм. Нэхэмжлэгч уг зээлийн гэрээг 6 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэй юм байна гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр нэхэмжлэгч Баяржаргалд би 25.000.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөн дээр нэмээд байгаа 5.000.000 төгрөг бол хүү алданги тооцсон мөнгөн дүн биш, тэгэхлээр тэр 5.000.000 төгрөгөнд нь машиныг худалдаж авсан гэж ойлгож байгаа. Ийм учраас 5.000.000 төгрөг хасагдаж байгаа. Бас 3.000.000 төгрөгний хүү бодоод байгааг сайн ойлгохгүй байгаа. 2.000.000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрч байна. 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд ашигласны 10 хувийн хүү гэж тооцохоор нийт 27.500.000 төгрөг байна. Энэ мөнгийг бид нарын зүгээс төлж барагдуулсан. Үүнийг нотлох баримтаар банкны дансны хуулгуудыг гаргаж өгсөн байгаа. Эдгээр дансны хуулгууд дээр ******* руу шилжүүлсэн мөнгөн дүнгүүдийг тодруулсан байгаа. Тэгэхлээр *******ын нэхэмжлээд байгаа мөнгөнөөс 8 дугаар сард шилжүүлсэн 2.000.000 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас төлнө. 27.500.000 төгрөгийг бид нар төлсөн мөн дээрээс нь 5.800.000 төгрөгийг *******ын дансруу тусдаа данснаас шилжүүлсэн байгаа. Тэгэхээр *******ын хүү алданги бодоод байгаа зээл бүгд төлөгдсөн, бүр илүү төлөлт хийгдсэн байгаа. Тиймээс *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 35.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээ ярьж байгаа бол уг гэрээний 3.1 дэх заалтыг харах хэрэгтэй. Үүнд зээлдэгч, зээлдүүлэгч хоёр хэлэлцэн тохиролцсон тохиолдолд зээлсэн мөнгийг бүхлээр нь буюу хэсэгчлэн төлж болно, харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаж болно гэж заасан байна. Тэгэхээр зээлдэгч Баяржаргал зээлийг хэсэгчлэн төлөөд 12 дугаар сарын 09-ний байдлаар бүрэн төлж дуусгасан гэдгийг ******* уулзахгүй болохоор нь албан бичгээр явуулсан байгаа юм. Уг албан бичигт бид нар зээлээ бүрэн төлж дуусгалаа. Тиймээс барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн байдаг юм. Зээлийн гэрээнд 6 сар 10 хоногийн хугацатай 10 хувийн хүүтэй гэж байгаа. Хэрвээ сар болгон хүү авна гэж байсан бол нэхэмжлэгч тухайн үедээ зээлийн гэрээгээ солих боломжтой байсан. Зээлийн гэрээнийхээ хүүг өөрчлөөгүй байж ийм зүйл яриад байгааг би ойлгохгүй байна. Энэ гэрээний 3.1 дээр тодорхой зааж өгсөн байгаа. Энэ 6 сарын хугацаанд ашиглаад буцаагаад хийж байгаа юм. Банк арай өөрөөр зээлдэг байх. Хоёр иргэн хоорондоо харилцан тохиролцож 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн гэж байгаа юм. 25.000.000 төгрөгний 2.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. ******* нэг зүйлийг буруу яриад байна. Баяржаргал хүмүүст мөнгийг 10 хувийн хүүтэй зээлдэг гээд *******аас зээлсэн мөнгөө Баяржаргал хүнд 10 хувийн хүүтэй зээлээд байвал ямар ашигтай байхыг бодож үзэх. Тэр машиныг ******* 12 дугаар сарын 16-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа би энийг чинь авахгүй гээд хариуцагчид аваачиж өгсөн. Тэгээд цагаан сараас өмнө 02 дугаар сарын 14 юм уу 15-нд машинаа би авна гээд буцаагаад аваад явсан. Одоо сар гаруй энэ хүн хэрэглэж унаж байгаа учраас энэ хүний машин болсон тиймээс 5.000.000 төгрөг хасагдаж байна гэж ойлгож байна. Үлдсэн мөнгийг шүүхийн нэхэмжлэл дээр 10.000.000 төгрөг гэсэн байдаг гэтэл 10.000.000 төгрөгөөс хэтрээд 13.500.000 төгрөг болчихоод байна. Би одоо нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярьж байна. Энэ хүн 3.000.000 төгрөгөө нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Эндээс 13.500.000 төгрөгнөөс машины 5.000.000 төгрөг хасагдаад үлдсэн 8.500.000 төгрөгийг манай талаас хүлээн зөвшөөрч байгаа учраас төлнө гэсэн бодолтой байна.

Бидний зүгээс 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авсан зээлээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Үүнийгээ *******т мэдэгдэж энэ хүмүүсийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлье гэхэд ******* чөлөөлж өгөхгүй гэсэн учраас энэ маргаан үүссэн байгаа. Гэрээнд ******* энэ хөрөнгийг чөлөөлөхгүй гэсэн заалт байхгүй байгаа учраас *******аар барьцааны хөрөнгийг чөлөөлүүлж хүсэлт гаргахг Ч.*******т даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан юм. Үүнийгээ дэмжиж байна ... гэв.

Гуравдагч этгээд Ш.Даваахүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шаравпил овогтой******* /РЮ83013104/ миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 28 дугаар гурамжны 07 тоотод оршин суудаг. 2019 оны 6 дугаар сарын 15-нд Дашжаргал овогтой Баяржаргалд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ зээлийн барьцаанд тавих эрхтэйгээр 6 сарын хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэлийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 15-нд дууссан, мөн Баяржаргалын авсан зээлд хамаарахгүй, Баяржаргал өөрөө зээлээ бүрэн төлж чадах учир Үл хөдлөхийн гэрчилгээг минь барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт хариуцагч Д.Баяржаргалаас нийт 37.500.000 /гучин долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж нь 2019 оны 6-р сарын 05 ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тул Улсын бүртгэлд бүртгэгдсэн Л.Лхагвадорж, Ш.Даваахүү нарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-28-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай*******,*******,*******,*******,******* хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөх хүсэлт гаргахыг Ч.*******т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт нэхэмжлэгчээс 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.Баяржаргал нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ мөн өдөр байгуулсан Барьцааны гэрээ, Итгэмжлэл зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас, Үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх тухай гэх нэхэмжлэгч Д.Баяржаргалын гарын үсэг бүхий Хүсэлт 1 хуудас, нэхэмжлэгч Ч.*******ын Хаан банкин дахь 5150065800 дугаар харилцах дансны хуулга 16 хуудас,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн болон барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Ч.*******ын ХААН банкны харилцах данс руу бусад хүмүүсээс шилжүүлсэн мөнгөний тооцоолол гэх хүснэгт бүхий 10 хуудас баримт, Дунгармаагийн Сэлэнгэ, Дашжаргалын Баярцэцэг, Ринчингийн Дашжаргал, Цэрэндоржийн Батжав, Бүдрагчаагийн Эрдэнэчимэг, Батжаргалын Энхцэцэг, Ганхуягийн Балжий, Ганхуягийн Баяржаргал, Төмөрбаатарын Цэнд-Аюуш, Ганхуягийн Пүрэвцэрэн, Лувсан-Осорын Банзрагч, Пэрэнлэймаагийн Цэвэлмаа, Мижиддоржийн нандинцэцэг, Ренчиндоржийн Саруул, Ганболдын Одонтунгалаг нарын ХААН банкны харилцах дансны хуулбар баримтууд 26 хуудас, Уламбаяр гэж гарын үсэг зурсан Баталгаа гэх нотариатаар гэрчлүүлсэн баримт 1 хуудас, Дашжаргалын Баяржаргалын ХААН банкны 5007613946 дугаар харилцах дансны хуулга 7 хуудас, ХААН банкны 5700207708 дугаар харилцах дансны хуулга 16 хуудас, авто тээврийн үндэсний төвөөс гаргаж ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа албан бичгийн хамт 2 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тоёота ист 20-86 ХӨҮ улсын дугаартай суудлын машины гэрчилгээнд үзлэг хийлгэх, авто машинд үзлэг хийлгэх, Д.Баярцэцэгээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтүүдийг гаргасан ба шүүх хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.Баяржаргалд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд дансаар 29.500.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд мөн хугацаанд хариуцагч Д.Баяржаргал бусад хүмүүсийн дансаар нэхэмжлэгч Ч.*******ын данс руу 4.397.140 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд...хүмүүсээс бага хэмжээний мөнгө олон удаа орж ирээд байхаар надад хэцүү байсан учраас Д.Баянжаргалд би энэ байдлыг хэлээд 25.000.000 үлдсэн гэж тооцож түүн дээр Зээлийн гэрээг байгуулсан... гэх тайлбар, мэдүүлэг өгсөн ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ...Зээлийн хэмжээ: 25.000.000 төгрөг, Зээлийн хугацаа: 2019.06.05-2019.12.15, Зээлийн хүү: 10 хувийн хүү, Зээл олгох хугацаа: 6 сар 10 хоног, Эргэн төлөх нөхцөл: Сар бүрийн 15-нд хүүг төлөх бөгөөд үндсэн зээлээ 2019.12.15-нд бүрэн төлж барагдуулна...гэсэн нөхцөлтэйгээр Зээлийн гэрээ-г байгуулсан байх ба гэрээ байгуулснаас хойш хугацаанд нэхэмжлэгч Ч.******* нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нийт 5.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нийт 5.500.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 17, 21, 22-ны өдрүүдэд тус бүр 1.000.000 сая төгрөг нийт 3.000.000 төгрөгийг хариуцагч Д.Баяржаргалын ХААН банкны харилцах данс руу шилжүүлсэн,

харин хариуцагч Д.Баяржаргал нь нэхэмжлэгч Ч.*******ын ХААН банкны харилцах данс руу Зээлийн гэрээ-г байгуулснаас хойшхи хугацаанд 26.980.000 төгрөгийг шилжүүлж, иргэн Д.Уламбаяраас 1.500.000 төгрөг Ч.*******т өгч, нийтдээ 28.480.000 төгрөг хариуцагчаас нэхэмжлэгчид өгчээ.

Түүнчлэн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ-г талууд байгуулахдаа Л.Лхагвадорж, Ш.Даваахүү нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 80м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байршсан, Л.Лхагвадоржийн өмчлөлийн газар бүхий газартай Мөрөн сумын 7-28-7 тоот хаягийн байршил бүхий хөрөнгийг барьцаалсан Барьцааны гэрээ-г байгуулсан, мөн нэхэмжлэгч Ч.*******ын өмчлөлд хариуцагч Д.Баяржаргалын өмчлөлөөс Тоёота ист 20-86 ХӨҮ улсын дугаартай суудлын машиныг шилжүүлсэн зэрэг үйл баримтууд мөн тогтоогдож байна.

Зохигчид харилцан дансаар өгч авалцсан мөнгөний хэмжээнд хэн аль нь маргаагүй.

Ч.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлыг үндэслэлээ...би үндсэн зээл Д.Баяржаргалд 35.000.000 төгрөг шилжүүлсэн, мөн 2019 оны 8 дугаар сард нэмээд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээгүй шилжүүлсэн мөнгийг ч би бичгээр гэрээ хийсэнтэйгээ ижил нөхцөлтэйгээр сар бүр 10 хувийн хүү тооцож авахаар амаар тохиролцож шилжүүлсэн бөгөөд нийт хүүг тооцоход 19.500.000 төгрөг болж байгаа ба Д.Баяржаргалаас шилжүүлсэн мөнгийг хасаад одоо би Д.Баянжаргалаас 37.500.000 төгрөгийг авахаар нэхэмжилж байна, сүүлд надаас 2019 оны 7 дугаар сард 10.500.000 төгрөгийг авахдаа Д.Баяржаргал нь машинаа барьцаалсан бөгөөд одоо энэ машин нь манай хашаанд байгаа үүнийг бол би авахгүй, барьцаалсан хөрөнгө...гэж тодруулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд ...хариуцагч ер нь өгцөө авцааг тооцохоор 2 сая орчим төгрөгийг бол нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрч байгаа. Д.Баяржаргал маань өөрөө хүмүүст 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн бөгөөд нэхэмжлэгчээс сар бүрийн 10 хувийн хүүтэй мөнгө авах үндэслэлгүй юм, Зээлийн гэрээнээс харахад 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлхи нийт хугацаанд л 10 хувийн хүүтэй авсан зээл тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...гээд, хэлэлцүүлгийн явцад... Машины үнийг хасаад 8.500.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэж мэтгэлцсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь: Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд талууд агуулгыг өөрсдөө тохиролцож хийсэн байх бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.Баяржаргал нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан өд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.Баяржаргалаас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй юм.

Талууд гэрээний гол нөхцөл болох Зээлийн хүүгийн талаар нэг сард 10 хувь байх ёстой, нийт зээлийн хугацаанд 10 хувийг төлөхөөр тохиролцсон гэж маргасан.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т Гэрээний аль нэг нөхцлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэсэн ба зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ болон хариуцагчийн эргэн төлөлтийн хугацаа зэргээс дүгнэвэл зээлийн нийт хугацаанд 10 хувийн хүүг төлөхөөр талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ч.******* нь бичгээр гэрээ хийгээгүй шилжүүлсэн 13.500.000 төгрөгөнд өмнө хийсэн гэрээний нөхцлөөр хүү тооцно гэж маргаж байх боловч хуулинд хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулна гэж заасан тул нэхэмжлэгч нь 13.500.000 төгрөгөнд хүү төлөхийг шаардах эрхгүй болно.

Мөн хэргийн зохигч ... Тоёота ист 20-86 ХӨҮ улсын дугаартай суудлын машиныг нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сард зээлсэн 5.000.000 төгрөгөнд тооцож өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна хэмээн тайлбарласан.

Гэвч нэхэмжлэгч нь машиныг би зээлсэн мөнгөндөө тооцож аваагүй, харин 2019 оны 7 дугаар сард Д.Баяржаргал дахиад мөнгө зээлэхдээ угТоёота ист 20-86 ХӨҮ улсын дугаартай суудлын машиныг барьцаалсан ба машиныг би авахгүй, зээлээ төлсний дараа буцааж өгнө хэмээн мэтгэлцсэн.

Дээрхээс дүгнэж үзвэл хариуцагч нь Тоёота ист 20-86 ХӨҮ улсын дугаартай суудлын машиныг 5.000.000 төгрөгөнд тооцон өгсөн гэх боловч үүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүйгээс дээрхи үйл баримт нь нотлогдохгүй байна.

Иймд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 25.000.000, түүний хүү 2.500.000 төгрөг, гэрээгүйгээр зээлсэн 13.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэх эрхтэй гэж үзэн хариуцагч Д.Баяржаргалын нэхэмжлэгчид шилжүүлсэн 28.480.000 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцон хариуцагчаас 12.520.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 24.980.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 6-р сарын 05 ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тул Улсын бүртгэлд бүртгэгдсэн Л.Лхагвадорж, Ш.Даваахүү нарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-28-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай*******,*******,*******,*******,******* хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгөх хүсэлт гаргахыг Ч.*******т даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэж, хариуцагч нь зээлийн төлбөр дуусаагүй байгаа тул барьцаанаас барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэж тус тус маргасан байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь: Хэргийн үйл баримтаар хариуцагч Д.Баяржаргал 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг хангагдахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нь иргэн Л.Лхагвадорж, Ш.Даваахүү нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг, Л.Лхагвадоржийн өмчлөлийн газрын хамт барьцаалж Барьцааны гэрээ-г нэхэмжлэгч Ч.*******тай байгуулсан байх боловч хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Итгэмжлэл-ээр Л.Лхагвадорж нь хариуцагч Д.Баяржаргалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 28-07 тоотод байрлалтай 000196157 тоот гэрчилгээ бүхий Г-1723003677 улсын бүртгэлийн дугаартай 629 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг л барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцаанд бүртгүүлэх... үйлдэлд төлөөлөх эрхийг олгожээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан 64.1-д заасан Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан ба хэрэгт авагдсан Барьцааны гэрээний барьцаалсан эд хөрөнгийн өмчлөгч Л.Лхагвадорж, Ш.Даваахүү нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхийг хариуцагч Д.Баяржаргалд олгоогүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан байх тул маргааны зүйл болох зохигчдын хооронд байгуулсан Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаварыг арилгуулахаар сонирхогч этгээд шаардах эрхтэй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...үүргийн гүйцэтгэлийг хангасан учир барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтийг гаргахыг хариуцагчид даалгахаар сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлсноос биш хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагавар арилгах талаар нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үүргийн гүйцэтгэлийг хангасан тул барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх хүсэлт гаргахыг Ч.*******т даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Ш.Даваахүүд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасан байх ба шүүх гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ч.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 345.450 төгрөгийг төлсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 12.520.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 215.270 төгрөгийг хариуцагч Д.Баяржаргалаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар хариуцагч Д.Баяржаргалаас 12.520.000 /арван хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 24.980.000 /хорин дөрвөн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******т холбогдох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Улсын бүртгэлд бүртгэгдсэн Л.Лхагвадорж, Ш.Даваахүү нарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-28-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай*******,*******,*******,*******,******* хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгөх хүсэлт гаргахыг Ч.*******т даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345.450 /гурван зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баяржаргалаас 215.270 /хоёр зуун арван таван мянгө хоёр зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА