| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 131/2021/00349/И |
| Дугаар | 131/ШШ2021/00814 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 131/ШШ2021/00814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, Өлзийт паласе төвийн байрны 304 тоотод байрлах, 3124339 регистрийн дугаартай ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Сүхбаатарын гудамж Бодьцамхаг Бодь Интернэшнл ХХК-ийн байранд байрлах, 207577 регистрийн дугаартай Голомт банк ХХК,
Өлзийт паласе, 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 104 тоотод байрлах 30 м.кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр Голомт банк ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус хэсгээр банкны барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******ын нэр дээр гаргуулж өгөхийг ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь ХХК-аас Баянхонгор сумын Номгон 1-р баг Мэргэн-2 хүнсний дэлгүүрийн залгаа урд буюу аймгийн хуучин авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдаж байгаа 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1-р давхарт 104 тоотод 30 м.кв талбайтай 1 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. Тус барилга нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсон. Тухайн байрны төлбөр болох 36000000 /гучин зургаан сая/ төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусган гэрээ байгуулсан болно.
Уг гэрээний 4.7 дахь заалт /тус барилгыг барьж дуусч ашиглалтад оруулахад бэлэн болсноос хой 30 хоногийн дотор гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд дээрх дурдсан байрыг холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэн өгөх бөгөөд албан ёсоор захиалагч талын өмч болоход дэмжлэг үзүүлнэ/ гэж заасан байх боловч тус компани нь дээр дурдсан гэрээний заалтыг биелүүлээгүй өдийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй болно.
Ашиглалтад орсон хугацаанаас хойш удаа дараа олон удаа үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээгээ гаргуулж авахаар хандсан боловч тухайн барилга Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэсэн шалтгаан хэлж гэрчилгээ гаргаж өгөлгүй өдийг хүрч байгаа боловч манайх зээлийн барьцаанд байгаа болбол болохгүй байгаа юм байх гэж хойшлуулж хүлээсээр байсан. Гэтэл 2020 онд барилгын 1 давхарт байрлах манайхаас бусад объектуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн байснаас харахад манай гэрчилгээг л гаргаж өгөхгүй байгаа нь илт харагдаж байна. Барилга ашиглалт орсноос хойш өдийг хүртэл хугацаа өнгөрч байхад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөхгүй хохироож байгаад иргэн миний бие гомдолтой байна.
Иймд иргэн миний хүсэлтийг хүлээн авч ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Миний бие ХХК-аас Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг, Мэргэн 2 хүнсний дэлгүүрийн замын урд буюу аймгийн хуучин Авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдсан 6 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1 давхарт 104 тоотод 30 м.кв талбайтай 1 өрөө байрыг худалдаж авсан. Тухайн байрны төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 100 хувь төлж дуусгасан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй болно.
Тус компани нь анх 2766,75 мкв талбайтай үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авснаас хойш 2 удаа хэмжээнд өөрчлөлт оруулж уг барилгын 1 давхарт байрлах супермаркет, бичиг хэргийн дэлгүүр, цэцгийн дэлгүүр зэрэг объектуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 01 дүгээр сард гаргаж өгсөн байна. Мөн 3 давхарт байрлах шүдний эмнэлгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг энэ онд гаргаж өгсөн. Үүнээс харахад миний худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг л гаргаж өгөөгүй үлдээд байна.
Иймд: Иргэн миний худалдаж авсан 30 м.кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх болон тус хэсгээр Голомт банкны барьцаанаас чөлөөлүүлэх мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* миний бие иргэн *******аас Өлзий Палас төвийн 1-р давхарт 30 м.кв үйлчилгээний өрөөг захиалан бариулах гэрээ байгуулан ашиглалтад орсон үеэс ******* нь өөрийн эрхийн хүрээнд ашигласаар өдийг хүрсэн. Анхандаа л гэрчилгээ нь ойрын жилүүддээ гарах боломжгүй, бүхлээр нь Голомт банкинд зээлийн барьцаанд тавигдсан байгаа гэдгээ *******т хэлсэн байдаг. Тус зээлийн хугацаа нь 2025 онд дуусна. Энэ хугацаанд *******ын гэрчилгээг нь салгаад өгөөч гэж 2 удаа хүсэлт тавьж байсан боловч зээлийн дүн буураагүй нөхцөлд гэрчилгээ салгах боломжгүй гэдэг хариулт Голомт банк өгсөн.
Эцэст нь тус өрөөг манай тал буцааж худалдаж авах талаар хүсэлт тавьж иргэн ******* зөвшөөрч, миний бие мөнгийг нь өгөх шатандаа явж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Өлзийтийн Хийморь Өөдөө ХХК /РД:3124339/-н Голомт банкин дахь , тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож иргэн *******ын өмчлөлийн Ү-0320005274 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, Номгон Чандмань-1 гудамж 120 байр, 0 тоотод байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг , тоот Ипотекийн гэрээ байгуулан, барьцааны эрхийг бүртгүүлсэн байна.
2021 оны 12-р сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн төлөлтөд хугацаа хэтрэлт үүсч Өлзийтийн Хийморь Өөдөө ХХК нь Монгол банкны Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу чанаргүй зээлд ангилагдаж банкны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаатай холбоотой банкны зүгээс барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх боломжгүйг мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2018 онд ХХК-аас үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. 2018 оны 07 дугаар сард мөнгөө өгч дууссан. Үл хөдлөхийн гэрчилгээ хэзээ гарах бэ гэхэд 2018 оны 09 дүгээр сарын сүүлчээр 10 дугаар сарын эхээр гарчихна гэж хэлсэн. Үүнээс хойш гэрчилгээний талаар маргаантай байсаар өдий хүрч байна. 2020 оны эхээр манайд зарсан байраа худалдаж авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би 2 жил гэрчилгээ өгөөгүй байж танайд буцааж зарахгүй гэж хэлсэн. Сүүлд нь гэрчилгээ нь мөд гарах боломжгүй болсон байна. Буцаад худалдаж авъя гэхээр нь манай зүгээс метр квадратыг нь 1.500.000 бодоод худалдаж аваад мөнгийг нь бүрэн өгчих гэж ярьсан. Голомтоос зээл авах гэж байгаа тэгээд зээл гарахаар манай мөнгийг бүрэн өгнө гэж хэлсэн. Зээл нь гарангуут манайхтай уулзаагүй, утсаар яриагүй. Дараа нь утсаар залгаад дансаа явуулчих танайд 10.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Анхнаасаа мөнгө бүтэн өгнө гэж тохирсон байж 10.000.000 төгрөг өгнө гэхээр нь би зарахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн учир нь Голомтоос ирсэн материалаас харахад барьцаа хөрөнгө нь хангалттай учраас Голомт банкнаас гэрчилгээгээ авч болох юм шиг байсан гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олсон орлогоосоо байрыг буцаан худалдаж авах саналтай байна. Тухайн төлөх мөнгийг 2 жилийн дотор хэсэгчлэн төлнө. Гэрчилгээ гарахыг хүлээвэл цаг хугацаа алдах учраас метрийг квадратыг нь 1.500.000 төгрөгөөр бодоод буцааж худалдаж авмаар байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс хоёр хүний маргаан учраас тухайн хүмүүс эвлэрээд зээл нь хугацаа хэтрэлтгүй хэвийн байвал холбогдох хороодын хурлаар хэлэлцээд шийдвэрлэж болно гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******аас Өлзийт паласе, 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 104 тоотод байрлах 30 м.кв талбайд ногдох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгээр Голомт банк ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус хэсгээр банкны барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******ын нэр дээр гаргуулж өгөхийг ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******ын өмчлөлд шилжүүлэх үүргийн талаар маргахгүй ч ... банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байгаа, зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй байна ... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ХХК-тай худалдаа үйлчилгээний талбайтай барилгыг захиалан бариулах гэрээг байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Мэргэн-2 хүнсний дэлгүүрийн залгаа урд буюу аймгийн авто вокзалын баруун талд ХҮ-4 тоотод баригдаж байгаа 6 давхар худалдаа үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт 104 тоот хаягт 30 м.кв талбай бүхий 1 өрөө худалдаа үйлчилгээний зориулалттай байрыг бариулахаар тохирч, 1 м.кв талбайн үнийг 1,200,000 төгрөгөөр тооцон нийт 36,000,000 төгрөгийг төлөхөөр, хариуцагч ХХК нь 2018 оны 02 дугаар улиралд багтаан байрыг барьж дуусган ашиглалтад оруулж, ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн дотор захиалагчийн өмчлөлд байрыг шилжүүлэн өгөхөөр харилцан тохирчээ.
Ийнхүү нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 36,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, худалдаа үйлчилгээний байр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орж, нэхэмжлэгч тухайн 30 м.кв талбайтай байрыг хүлээн авч, ашиглах эрхээ хэрэгжүүлж байсан боловч ХХК-ийн барьж буй барилга бүхэлдээ ашиглалтад ороогүй мөн банкны барьцаанд байгаа гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгөөгүй, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Дээрх худалдаа үйлчилгээний талбайтай барилгыг захиалан бариулах гэрээнээс үзэхэд ХХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч ХХК гүйцэтгэсэн ажлынхаа үр дүн буюу гэрээнд заасан худалдаа үйлчилгээний зориулалттай байрыг захиалагч *******ын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Гэтэл хариуцагч ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Номгон худалдаа үйлчилгээний гудамжны 04 тоот хаягаар 2766,75 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй байхад нь тус компанийн бүх хувьцааг дангаар эзэмшдэг *******ын нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байх ба улмаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн 120 дугаар байрны 0 тоот хаягт 100 хувийн гүйцэтгэлтэй, 2492,28 м.кв талбайтайгаар, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2220,41 м.кв талбайтайгаар тус тус гэрчилгээг шинэчлэн гаргуулсан, үүнд нэхэмжлэгчийн маргаж буй 30 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө багтаж байгаа, талуудын байгуулсан гэрээнд заасан хаягаар буюу 1 давхрын 104 тоот хаягаар 1 өрөө худалдаа үйлчилгээний байрыг тусад нь салган бүртгүүлээгүй, тухайн барилгыг бүхлээр нь нэг хаягт бүртгүүлжээ[1].
Ийнхүү хариуцагч ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсны дараа 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Номгон худалдаа үйлчилгээний гудамжны 04 тоот хаягаар 2766,75 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ6105109332 тоот нэмэлт зээлийн гэрээгээр үргэлжлүүлэн барьцаалж, мөн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тоот зээлийн гэрээгээр тус үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Голомт банк ХХК-аас гаргуулсан зээлийн болон ипотекийн гэрээнүүдээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан, мөн талуудын хоорондын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Худалдаа үйлчилгээний талбайтай барилгыг захиалан бариулах гэрээ-ний 4.7-д Тус барилгыг барьж дуусган ашиглалтад оруулахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд дээр дурдсан байрыг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх бөгөөд албан ёсоор захиалагч талын өмч болоход зохих дэмжлэг үзүүлнэ гэж харилцан тохиролцсон, захиалагч нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан байх тул гүйцэтгэгчид өмчлөх эрхийг захиалагчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг үүссэн байна.
Харин хариуцагч ХХК нь барилгыг ашиглалтад оруулж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ маргаан бүхий 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг салган нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлэлгүй, Голомт банк ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх... гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн хэлцлийг Голомт банк ХХК-тай байгуулжээ.
Нөгөөтэйгүүр барьцаалагч Голомт банк ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт...-ыг бүрдүүлнэ, 23.4-т ...эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ гэсэн заалтыг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүй, зээлдүүлэгч нь барьцаалж байгаа эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг бодитоор шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол байгааг шалгаагүй буруутай байна.
Ийнхүү хариуцагч ХХК-ийн болон гуравдагч этгээд Голомт банк ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хамаарч нэхэмжлэгч *******ын өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах боломжгүй болсон буюу хариуцагч ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй, эрхийн доголдолтой хөрөнгийг *******т шилжүүлжээ.
Энэ тохиолдолд барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг шилжүүлэн авсан ******* нь дээрх хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулахаар нэхэмжлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг ХХК-аас шаардах эрхтэй байна.
Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн худалдаа үйлчилгээний талбайтай барилгыг захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгч *******т хадгалагдаж байгаа, хариуцагч ХХК нь доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгө буюу үр дүнг шилжүүлэх үүрэгтэй.
Гэрээгээр заасан үр дүнг зохих ёсоор шилжүүлэх нь гүйцэтгэгчийн үүрэг бөгөөд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь үүргийн эрх зүйн үндсэн зарчим юм. Гэтэл хариуцагчаас ...тухайн байрыг барьцаанд тавьчихсан учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах боломжгүй, зээлээ төлж чадахгүй байна... гэсэн тайлбар гаргаж, үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэхээс татгалзаж буйг шүүх хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
Иймд ХХК нь Голомт банк ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ6105109332 тоот, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тус тус барьцаалсан 2220,41 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 30 м.кв талбайд ногдох хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэх өгөх нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд Голомт банк ХХК-аас банкны дотоод журмаар барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх боломжгүй гэх боловч энэ нь нэхэмжлэгч *******, хариуцагч ХХК нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй төдийгүй анх барьцаалагдсан 2766,75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 546,34 м.кв талбайд хамаарах хэсгийг барьцаанаас чөлөөлсөн болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээгээр нотлогдсон, энэ талаар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
ХХК болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6105109332 тоот гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүгийн хэмжээг бууруулсан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6105109332-А тоот гэрээгээр зээл, зээлийн хүүгийн хамт 492,644,909.59 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6105118036 тоот гэрээгээр зээл, зээлийн хүүгийн хамт 358,272,093.61 төгрөгийг, нийт 850,917,003.2 төгрөгийн төлбөрийг ХХК гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн байх ба гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ...барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг тухайн орон нутгийн зах зээлийн ханшаар тооцоолон нэг м.кв талбайн үнийг тооцоолон бодож барьцаалдаг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа нэг м.кв талбайг 1250000 төгрөгөөр тооцоолон барьцаалсан... гэсэн тайлбараас дүгнэхэд 2220,41 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг м.кв талбайг 1250000 төгрөгөөр тооцон барьцаалсан гэж үзвэл 2,775,512,500 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан байна.
Иймд маргаан бүхий 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд ногдох хэсгээр ХХК зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гуравдагч этгээд Голомт банк ХХК барьцаанаас чөлөөлөх бүрэн боломжтой, үлдэх хэсгээр барьцааны хөрөнгө хангалттай гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д Тогтоох хэсэгт ... шийдвэр гүйцэтгэх арга, журмыг заана... гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмын тухайд, Голомт банк ХХК нь нэг м.кв талбайг 1250000 төгрөгөөр тооцоолон барьцаалсан тул ХХК нь 30 м.кв*1250000=37,500,000 төгрөгийн дүнгээр зээлийн гэрээний үүргээ нэн тэргүүнд гүйцэтгэх, ингэснээр Голомт банк ХХК барьцаалагдсан 2220,41 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс тус барилгын 1 давхрын 104 тоотоор хаяглагдсан маргаан бүхий 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэн өгөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, ХХК болон Голомт банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6105109332 тоот гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6105109332-А тоот мөн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6105118036 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянхонгор сумын 1 дүгээр багийн 120 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 2220,41 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс 30 м.кв талбайд ногдох хэсгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлж, тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан ХХК нь 37,500,000 төгрөгийн дүнгээр зээлийн гэрээний үүргээ нэн тэргүүнд гүйцэтгэж, ингэснээр Голомт банк ХХК нь барьцаалагдсан 2220,41 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс тус барилгын 1 давхрын 104 тоотоор хаяглагдсан маргаан бүхий 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх, барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэн өгөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 408150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ