| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/00042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Г.Б*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б*******од холбогдох эрүүгийн 2515000000024 дугаартай, 304/2025/00042/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г******* овогт Г******* Б*******, Булган аймгийн ******* суманд 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 6, ээж, ах, дүү нарын хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ................... тоотод оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, “........... ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн Булган амаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/936 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох” шийтгэл шийтгүүлсэн байх ба тээврийн жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Булган аймгийн ******* сумын Хялганат тосгоны төвд “Toyata.Ist-XP60” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, Г.Б*******ын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл, согтуурал хэмжих багажид үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3, 4-10 дахь тал/, гэрч Н.Д******* мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч Б.Н******* мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч С.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/936 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Лхагвадоржийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, яллагдагч Г.Б*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт цугларсан Г.Б*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 28 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн албан тоот /хавтаст хэргийн 33 дахь тал/, жолоочийн мэдээлэл /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгч Э.Цэнгүүний хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
3.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл шийтгүүлсэн байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул түүнийг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Г.Б*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Г.Б*******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршиг
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул Г.Б*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал
Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин “суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх санал тохиролцсон болно. Энэ саналаа дэмжиж байх тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Г.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Г.Б*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Б*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г******* овогт Г******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б*******од тэнссэн хугацаанд оршин “суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б*******од сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Г.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ