Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

шүүгдэгч С.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.н овогт С-ы С-д холбогдох эрүүгийн 2513000000057 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын .... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х.н овогт С-ы С-, регистрийн дугаартай: БЖ........;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С- нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт бусдын гээгдүүлсэн Самсунг Галакси А-15 загварын гар утсыг бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан завшсаны улмаас хохирогч Б.А-т бага хэмжээнээс дээш буюу 355,000 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

1. Прокурор шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан. Учирсан хохирол, хор уршгийг арилгасан ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж мөн хуульд зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж  мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй. Баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналтай байна. Битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэв.

2. Шүүгдэгч шүүх хуралдаанд: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд:  “Гэм буруугийн маргаангүй. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай тохиолцсон тул тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгөхийг хүсэж байн” гэв.

4. Шүүгдэгч С.С- нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт бусдын гээгдүүлсэн Самсунг Галакси А-15 загварын гар утсыг бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан завшсаны улмаас хохирогч Б.А-т бага хэмжээнээс дээш буюу 355,000 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэн Б.А-ийн аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дугаар хуудас/, иргэн Б.А-ээс эд зүйл хүлээн авсан тухай мердөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал), хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал), гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), эд зүйл хураан авч, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-14 дэх тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн БӨА- 24-0006 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-27 дахь тал), “Юнител” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12-01/433 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 31 дэх тал),  Ийгл-2 барьцаалан зээлдүүлэх газрын 02243 дугаартай зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), яллагдагч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал), иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал), хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

7. Шүүгдэгч С.С- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

8. Энэ хэргийн улмаас хохирогч Б.А-т учирсан 355,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч С.С-гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас түүнийг чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас түүнийг чөлөөлөх нь зүйтэй байна.

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Шүүгдэгч С.С- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.н овогт С-ы С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас түүнийг чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.С- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК