Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.П-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,

шүүгдэгч Ж.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.н овогт Ж-н Д-ад холбогдох эрүүгийн 2413002990379 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.н овогт Ж-н Д-, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн 20 дугаар гудамж, 15 а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж багаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БВ............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, “Түмэн” зочид буудалд байрлаж байсан иргэн Н.И-тай “...та нар дуулж шуугилдаж болохгүй, гарцгаа...” гэх шалтгаанаар хоорондоо маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Ж.Д- мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.И-т 3,500,000 төгрөгийг төлж өгсөн. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар хэлэх зүйл байхгүй” гэв.

 

2. Эрүүгийн 2413002990379 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Н.И-ын 2024 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 03 цагт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдлыг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч Н.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 66, 104-105 дахь тал/, гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 82-89 дүгээр хуудас/, гэрч С.М-ээс гаргаж өгсөн DVD бичлэг 1 ширхэгийг хүлээн авсан тэмдэглэл, түүнд хуулбарлагдсан яриаг монгол хэл дээр орчуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 90-102 дугаар хуудас/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч К.Х-ын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 815 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/, шүүгдэгч Ж.Д-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Д-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

 

4. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Ж.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, “Түмэн” зочид буудалд байрлаж байсан иргэн Н.И-тай “...та нар дуулж шуугилдаж болохгүй, гарцгаа...” гэх шалтгаанаар хоорондоо маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хохирогч Н.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө гэрээс гараад найз Н-, Ж-, түүний найз бид дөрөв Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Түмэн” зочид буудалд 2 хүний өрөө авч орсон. Тэгээд доод талын дэлгүүрээс 2 шил архи, 10-аад пиво аваад буудалд уусан. Хажууд байсан хүмүүс дуулаад эхлэхэд зочид буудлын эзэн ирж “...та нар дуулж, шуугилдаж болохгүй, гарцгаа...” гэсэн. Тэгээд Н- нөгөө 2 найзаа гаргаж өгөх гээд гадагшаа гарсан. Би хойно үлдсэн. Тэгээд 2 найзаа явуулчихаад орох гэхэд буудлын эзэн буудлын хаалгаа дотроосоо хааж цоожилсон. Би “...одоо хоёулаа орно...” гэхэд буудлын эзэн “...та нарыг оруулахгүй...” гэсэн. Би “...тэгвэл би буудлын төлбөрт төлсөн мөнгөө авья...” гэхэд буудлын эзэн “...за тэг...” гээд дээд давхар луу гарсан. Тэгээд “...мөнгөө өгөхгүй гарцгаа...” гээд байсан. Тэгээд би “...мөнгөө аваад гарна, тэгэхгүй бол гарахгүй...” гэхэд буудлын эзэн намайг “...гар...” гээд түлхээд хөөсөн. Би ч “...мөнгөө авч байж гарна...” гээд гүрийгээд зууралдаад байсан. Гэтэл гэнэт миний нүүр рүү нударгаараа 2 удаа цохисон. Миний хамарнаас цус гарч тэр үед манай найз Н- гаднаас ороод ирсэн. Тэгээд цагдаа дуудсан.

...би 2024 оны 10 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод очиж хамрын хагалгаанд орсон, мөн тухайн үед авсан эм, тариа, гарсан зардлын баримтыг бүрдүүлсэн байгаа.

 …тэгж байтал Д-ын гэрийн үүдний хаалга онгойгоод гэр дотроос нь түүний эхнэр нь гарч ирсэн бөгөөд би тухайн хүмүүсээс миний буудлын мөнгө өг, эсвэл найзыг оруулж өг гэж хэлээд хэрэлдээд зогсож байтал гэнэт Д- нь миний нүүр тус газар луу гараараа нэг удаа цохих үед миний нүд харанхуйлаад нүд, хамраа дарах үед ахиад миний цээж хэсэг рүү түлхэх шиг болоод цохисон юм. Тэр үед миний хамарнаас маш их цус гарч байсан бөгөөд хамраа дараад гуйж байгаад өндийгөөд харахад миний өмнө Д- нь ганцаараа хараад юм хэлээд зогсож байсан ба миний хамарнаас маш их цус гарч байсан болохоор би хамраа дараад доошоо шатаар буусан, тэр үед миний ухаан санаа орж гарч байсан, хэзээ 1 дүгээр давхарт буугаад ирснээс мэдэхгүй, нэг мэдэхэд тухайн зочид буудлын хаалга онгорхой, манай найз болох С.М- нь хаалганы хажууд зогссон “хамар чинь эвгүй болсон, цус гарч байгаа юм байна, юу болсон бэ” гэх зүйл асуугаад утсаар бичлэг хийж байсан ба хоёр давхрын шатаар миний хамарнаас гоожсон цусыг Д- нь эхнэртэйгээ нийлээд арчаад цэвэрлэж байсан. Миний эрүүл мэндэд хохрол учирч Улаанбаатар хотод очиж хамарны мэс засал хийлгүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт хохирлын 5,893,998 төгрөгийн баримт гарсан бөгөөд тухайн гарсан зардлыг нэхэмжилнэ, мөн сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 05, 66, 104-105 дугаар хуудас/,

4.2. Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цаг 40 минутын үед найз Н.И- ганцаараа таксигаар манай гэрийн гадна ирээд гараад ир гэж дуудсан тэгээд би гараад очиход тэрээр суучих хамт явья гэхээр нь гадуур хувцсаа өмсөөгүй байсан учраас хувцсаа өмсөөд гарсан ба таксигаар “Түмэн” дэлгүүрийн гадна очсон ба тухайн дэлгүүр дээрээ 2 дугаар давхартаа буудалтай учраас буудалд орсон ба бид хоёр орох үеэр мөн 2 залуу ирсэн ба тэдгээрийн нэгийг нь Н.И- дуудсан ба тэр дуудсан хүн нь нэг найзын хамт ирсэн. Тэгээд бид дөрвүүлээ уг буудалд орсон ба ганцхан том ортой байсан. Бид дөрвүүлээ ороод 2 шил 0,7 литрийн архи ууж дууссан үед сүүлд ирсэн 2 залуугийн нэг нь нэлээд согтсон ба эхнэр рүүгээ залгаад ирж аваарай гээд эхнэр нь ирэх үед нөгөө 2 залууг хамт өгөөд явуулсан. Тэгээд гадна байж байхад буудлын эзэн залуу эхнэрийнхээ хамт гарч ирээд хоновол хоноорой, хонохгүй бол яваарай гэхэд тэрээр хонох болно гэхэд оруулаад үүдний хаалгаа цоожлоод эхнэрийнхээ хамт дээшээ гарсан. Тэгээд би хаалгыг нь цохиод хаалгаа нээгээгүй, тэгээд гадна хүлээгээд байж байхад Н.И- өөрөө шатаар ганцаараа бууж ирсэн ба тэр үед хамраас нь цус гарчихсан байсан, тэгээд хаалгыг дотор талын түгжээг нь нээж онгойлгосон тэр үед би гар утсаараа бичлэг хийсэн, учир нь цагдаа ирж байгаа учраас бичлэг хийсэн нь зөв байх гэж бодоод бичлэг хийсэн, тэгээд цагдаа нар ирээд биднийг хэсгийн байцаагч нарын өрөөнд аваачсан, тэр үед болсон асуудлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

4.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтатс хэргийн 82-89 дэх тал/,

4.4. Гэрч С.М-ээс гаргаж өгсөн DVD бичлэг 1 ширхэгийг хүлээн авсан тэмдэглэл, түүнд хуулбарлагдсан яриаг монгол хэл дээр орчуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 90-102 дахь тал/,

4.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 815 дугаартай “1.Иргэн Н.И-ын биед хамрын яс цөмөрч хугарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын нурууны зүүн талд 2 ширхэг оёдол тавьсан шархтай, баруун нүдний дээд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний дээд ба доод хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. 3.Ерөнхий хөдөлмөрлөх чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Иргэн Н.И-ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

4.6. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн мэргэжилтнээр ажилладаг, танай байгууллагаас ирүүлсэн албан тоотын хүрээнд иргэн Н.И- нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,963,849 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушаах шаардлагатай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Ж.Д- “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн хувьд маргаангүй тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай прокурорын дүгнэлттэй холбоотой хэлэх зүйл байхгүй. Харин хохирол, хор уршигтай холбоотой иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэг дээр тайлбар хэлье. Хэргийн оролцогчид өчигдрийн байдлаар хооронд эвлэрлийн гэрээ байгуулаад, нийт нэхэмжлэгдсэн хохирлоос зарим хэсгийг нь нэхэмжлэхгүй байхаар буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохиролд 3,500,000 төгрөг авахаар болж нөгөө талаас нь төлөхөөр болж тохиролцоод өнөөдөр өглөө буюу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 09 цагийн байдлаар уг 3,500,000 төгрөгийг хохирогчийн Хаан банканд эзэмшдэг зохих данс руу нь тушаасан байгаа. Иргэний нэхэмжлэлийн тухайд гэвэл иргэний нэхэмжлэгч А.Асемгүлээс хэдийгээр 2,900,000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилж байгаа боловч миний түрүүн судлуулсан “Сайн сайхан медикал” компанийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаартай албан бичиг байна. Хавтаст хэргийн 63 дугаар тал мөрдөгч өөрөө бас үүнийг тодруулсан юм байна. Үүнд хохирогч 10 дугаар сарын 22-ны өдөр гаднын гэмтэлтэй ирж чих хамар, хоолойн, мэс заслын эмчийн үзлэгт орж, улмаар латинаар нэг онош тавьсан байна. Үүнд ийм оношоор мэс засалд орсон нь үнэн болно. Мэс заслын төлбөрт 2,458,560 төгрөг, урьдчилан сэргийлэх шинжилгээ 230,000 төгрөг, эмчилгээ ор, хоног 60,000 төгрөг, мэс заслын дараах стандартын стандарт чихээс 100,000 төгрөгийг тус тус тушаасан болно гэж байгаа. Энэ төлбөр ийнхүү төлөгдсөн байгаа шүү гэдгийг хэлж байгаа. Тиймээс иргэний иргэний нэхэмжлэлээс хасагдах ёстой. Мөн иргэний нэхэмжлэл дээр 10 дугаар сарын 10-ны өдөр хөнгөлөлттэй эм авч байсан байна. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт ямар ч хамааралгүй, хасагдах ёстой дүн гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн 71 дүгээр талын дугаарлагдаагүй 10 дугаар сарын 10-ны өдрийн эмийн 29,400 төгрөг гээд хасагдах ёстой. Яагаад гэвэл яллах дүгнэлтэд гэмт хэрэг 10 дугаар сарын 15-16-ны шилжих шөнө энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж байгаа. Тэгэхээр үүнээс 6 хоногийн өмнө буюу 7 хоногийн өмнө эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч төлбөр авсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоо байхгүй гэж хасагдах ёстой” гэх дүгнэлийг тус тус гаргасан болно.

 

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 

Эрх зүйн дүгнэлт.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

8. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

9. Шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Н.И-ын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж түүний эрүүл мэндэд “хамрын яс цөмөрч хугарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын нурууны зүүн талд 2 ширхэг оёдол тавьсан шархтай, баруун нүдний дээд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний дээд ба доод хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдар” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

10. Шүүгдэгч Ж.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Д-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Д-, хохирогч Н.И- нарын үл ойлголцсон байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

13. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.

14. Шүүгдэгч Ж.Д-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.И-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнээс үзэхэд гэмт хэргийн хор уршигт хохирогч Н.И- нь шүүгдэгч Ж.Д-аас нийтдээ 3,500,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ж.Д- нь уг 3,500,000 төгрөгийг бэлэн бусаар төлүүлж авсан тул шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Н.И-т энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй байна.

15. Харин эрүүгийн хавтаст хэргийн 69-71 дэх талд авагдсан, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 08/40 дугаартай албан бичгээр ирүүлсэн даатгуулагч Нургайвын Иванышын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний цахим мэдээллээс үзэхэд түүний эмчилгээнд зориулж дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

16. Үүнд, 2024 оны 10 дугаар 16-ны өдөр яаралтай тусламжинд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 116,303 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцад Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 73,128 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцад “Н-А” эмнэлгээс 45,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амбулаторийн үзлэгт Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс  20,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэс засалд “С” эмнэлгээс  2,458,560 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс амбулаторийн хяналтын үзлэгт 26,628 төгрөг, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багцад 102,837 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амбулаториор хийгдэх мэс ажилбарт Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 47,295 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс амбулаторийн үзлэгт 31,049 төгрөг 2 удаа, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Ж” өрхийн эмнэлгээс оношилгоо, шинжилгээнд 12,000 төгрөг тус тус төлөгдсөн ба иргэний нэхэмжлэгчээс хохирогч Н.И-ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тод фарм” эмийн сангаас авсан эмийн үнэ 29,400 төгрөгийг иргэний нэхэмжлэлдээ нэмж нэхэмжлээгүй байна.   

17. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм бурууугийн шүүх хуралдаанд гаргасан хохирогч Н.И-ын “С” эмнэлэгт мэс засал хийлгэхэд мэс заслын төлбөрт гарсан 2,458,560 төгрөгийг хохирогч Н.И- нь хувиасаа төлөөгүй, уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн болох нь цахим бүртгэлээр тогтоогдож байх тул уг төлбөрийн мөнгийг иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хасаж тооцох тухай дүгнэлтийн хэсгийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

18. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Д-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,963,849 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Н.И-т төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

19. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож ял оногдуулах нь зүйтэй байна. Уг ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоохгүйгээр хуулийн хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг,

20. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг агуулгаараа дэмжиж байгаа. Ингэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаад 500,000 төгрөгөөр торгох боломжтой. Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд хэлэхэд өөрөө ч гэсэн хэлсэн 44 настай юм байна. Өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагын хаалгыг татаж байгаагүй гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд 500,000 төгрөгийн ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

22. Шүүгдэгч Ж.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

23. Шүүгдэгч Ж.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2 дахь заалтад зааснаар “... учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.   

24. Шүүгдэгч Ж.Д- нь хувийн байдлын хувьд 1981 онд төрсөн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

25. Шүүгдэгч Ж.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Ж.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

27. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн DVD 1 ширхэгийг эрүүгийн 2413002990379 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалав.   

28. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.н овогт Ж-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Д-аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,963,849 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Н.И-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн DVD 1 ширхэгийг эрүүгийн 2413002990379 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАЛГАТ